alim.mn | 2024.12.22
Баянхошууны 280 өрх инженерийн шугам сүлжээнд холбогдлоо

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн долоодугаар хороо буюу  Баянхошууны Хөтөл орчимд гэр хорооллын дундын бүсэд хэсэгчилсэн инженерийн  хангамжийг нэвтрүүлэх  дэд бүтцийн төвийг ашиглалтанд хүлээн авах ёслолд УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн М.Оюунчимэг,  Хотын дарга С.Амарсайхан нар оролцов. Улаанбаатар хотын хувьд ихээхэн ач холбогдолтой энэ төвийг ашиглаланд оруулсанаар 280 гаруй өрх  инженерийн шугам сүлжээнд холбогдож, халаалт дулаан, цэвэр бохир усны шугаманд холбогдож байна.  УИХ-ын дарга энэ төвийг “Нэг том эхлэл,  гэр хорооллын иргэдийн амьдралд гарч байгаа том дэвшил” хэмээн тодорхойлно билээ. Улаанбаатарын утааг бууруулах, амьдралын чанарыг дээшлүүлэхэд  хүн бүрийн хүчин зүтгэл, оролцоо чухал гэдгийг тэрбээр  энэ үеэр сануулсан юм.  Дурдсан цэвэрлэх байгууламж нь нийт гурван гудамжны 285 айл өрхийг цахилгаан, дулааны болон бохирын шугамд холбож байгаа бөгөөд эдгээр айлын хэрэглээний бохир усыг хамгийн өндөр хэмжээнд цэвэршүүлэх хүчин чадалтай Герман улсын технологиор барьж байгуулжээ. Хоногт 530 шоо метр ус цэвэрлэх хүчин чадалтай, бохир усыг 99.9 хувь цэвэршүүлж, зүлэг ногоо услах зэргээр ашиглах төдийгүй цаашид хүчин чадлыг нь өргөтгөх боломжтой аж. Нээлтийн дараа оролцогчид төсөлд хамрагдсан айл өрхөөр орсон юм. Хувьсгалчдын 13-р гудамжинд оршин суудаг Н.Отгоныд зочлоход “Халаалтын паар, ариун цэврийн өрөөний суултуур, угаалтуур зэргээ өөрсдөө базаасан. Үлдсэн бүх зардлыг улсаас гаргасан. Хашаандаа орон сууцанд байгаагаас дутахгүй, цахилгаан, дулаан, цэвэр, бохир устай, засмал замтай орчинд амьдрах болсон нь үнэхээр таатай байна” гэж байлаа. 

 

 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ