
УИХ-ын гишүүн асан Ц.Цогзолмаагийн охин С.Баясгалан нь БОАЖЯ-ны Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын даргаар ажиллаж байхдаа 27 сая төгрөгний төсөвт өртөгтэй “Хурдан морины бооцоот уралдааны тухай хуулийн төслийг эцэслэн боловсруулах” ажлын гүйцэтгэгчийг хууль зөрчин сонгож, иргэн Х.Сүрэнхоролд давуу байдал олгосон хэрэгт холбогдсон. Түүнээс гадна БОАЖЯ-ны мэргэжилтэн Д.Дуламжавтай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, дээр дурдсан хуулийн төсөлтэй холбоотой бусад улс, орны холбогдох журмыг орчуулуулж, 1.7 сая төгрөг шилжүүлжээ. Түүнчлэн БОАЖЯ-ны харьяа Аялал жуулчлалын хөгжлийн төвтэй “Хурдан морины бооцоот уралдааны тухай хууль”-ийн төсөлтэй ижил төстэй бусад улс орны хуулийн судалгаа хийж дүгнэлт гаргах хэд хэдэн ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, мөнгийг нь шилжүүлсэн ч тухайн ажлуудыг нь хийлгүйгээр гадаад улсад явах зардалд оруулан авч, өөрөө явсан хэрэгт яллагдагчаар татагдсан. Тэгвэл энэ хэрэг өдгөө хүрээгээ тэлжээ. С.Баясгалангийн энэ хэргийн үндэс суурийг тухайн үед яамны ТНБД-аар ажиллаж байсан, англи хэлээрээ “алдаршсан” Ц.Цэнгэл тавьсан болж таарчээ. Тээрээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг мэдсээр байж илт зөрчин 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдөр А/377 дугаартай тушаал гаргаж “Хурдан морины бооцоот уралдааны тухай хуулийн төслийг эцэслэн боловсруулах” ажлын гүйцэтгэгчийг бага үнийн аргаар шалгаруулах нээлттэй тендер шалгаруулалтын журмыг хэрэглэлгүй нийт төсөвт өртгийг таван хэсэгт хуваах шийдвэр гаргасан байна. Ингээд олон хуваагдсан мөнгөн дээр баахан “ялаа” шавжээ. А.Сүрэнхор нь 2013- 2014 онд боловсруулсан “Хурдан морины бооцоот уралдааны тухай” хуулийн төслийн холбогдох материалыг С.Баясгалангийн удирдлагад ажилладаг мэргэжилтэн Б.Жавхлангаас авч “Ажил гүйцэтгэх гэрээ”-г байгуулж хуулийн төслийг эцэслэн боловсруулсан мэтээр материал бүрдүүлэн санхүүжилт болох 10 сая төгрөгийг гадаад худалдаа, аялал жуулчлал, нийтийн хоол үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Атаршим трейд” ХХК-ийн дансаар дамжуулан өөрөө авсан гэнэ. Өдгөө Ц.Цэнгэлийн үйлдлийг өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэх ажлыг зохион байгуулж, явц, биелэлтэд хяналт тавих үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, шаардлагатай арга хэмжээ аваагүй нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “Хайнга хандах” гэмт хэргийн шинжийг агуулж байна гэж үзжээ. Хэдийгээр мөрдөгчийн Ц.Цэнгэлд холбогдуулан яллагдагчаар татах саналыг прокуророос татгалзаж шийдвэрлэсэн ч одоо ахин шалгахаар болжээ.
