Өнгөрсөн 2022 оны 2-р сард нийслэлийн Засаг дарга асан Д.Сумьяабазар өөрийн хэвлэлийн алба буюу Нийслэлийн Сургалт судалгаа, олон нийттэй харилцах газрын дарга Г.Хонгорзулдаа хоёр тэрбум төгрөг төсөвлөж өгсөн нь шуугиан дэгдэж байсан. Тэгвэл энэ байгууллагаас өнгөрсөн онд 481 сая төгрөгийн санхүүгийн зөрчил илэрчээ. Гэрээт байгууллагууд нь ажлаа эхлээгүй байхад ажлын хөлсний 50-70 хувийг шууд шилжүүлдэг байжээ. Мөн экс дарга бүсгүй тендер зарлалгүйгээр 135 сая төгрөгийн үндсэн хөрөнгийг шууд гэрээлэн худалдаж авсан байна. Үүнийг нь одоо шалгах гэнэ. Түүнээс гадна энэ газар тун “нууцлаг” ажиллаж байсны жишээ нь Шилэн дансны хуулийг уландаа гишгэж ирсэнээс нь харагдсан. Нууцлах юм байсан болоод тэр биз. Хоёр тэрбумын төсвийнхөө 1.9 тэрбум төгрөгийн 135 зардлын гүйлгээ, газрын даргын хөрөнгө зарцуулсан 143 сая төгрөгийн тушаалыг шилэн дансанд огт байрлуулалгүйгээр “нуусан” аж. Одоо энэ бүхэн нь сөхөгдөх цаг иржээ.