alim.mn | 2024.12.22
“Тавантолгой түлш”-ийн 19 тэрбумын шуудайны тендерийн ард Т.Бадамжунай “нуугдсан” уу?

Ардын намын бүх томилгоог хөшигний цаанаас хийж, хэнийг ямар албан тушаалд томилохыг шийддэг байсан “акул” бол Т.Бадамжунай. Хүнс хөдөө аж ахуйн сайд гэдгээсээ илүүтэй МАН-ын бялуу хуваагч гэдгээрээ нэр нөлөөгөө тогтоосон энэ хүнийг өнгөрөгч  дөрөвдүгээр сарын 05-ны өдөр Филиппин улсаас Засгийн газрын “Шувуу” ажиллагааны хүрээнд албадан авчирсан. 2018 онд эх орноосоо 69 машинд сууна хилээр зугтан гарснаас хойш нүүдлийн шувуу шиг хаа сайгүй тэнүүлчлэн явж байсан эрхэм ийнхүү үнэнд гүйцэгдэн өөрийн хүсэлтээр шахуу эх орондоо ирсэн.

Түүнийг Эрүүгийн хуулийн 22.10.2 буюу “Улс төрд нөлөө бүхий этгээд үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн”, 18.6-2.3-ын Албан тушаалтан албаны чиг үүрэг, бүрэн эрх нөлөөг урвуулан ашиглаж мөнгө угаасан гэх үндэслэлээр яллагдагчаар татсан. Мөн зохион байгуулалттай гэмт бүлэглэл байгуулсан гэх зүйл анги ч түүнтэй хамт яригдаж байлаа. Угтаа Т.Бадамжунайгийн үлдээсэн улс мөр нүүрс, Хөгжлийн банк, ЖДҮ, хотын газрын наймаа гэх мэтээр үргэлжилнэ. Өмнө хэлсэнчлэн, албан тушаалын наймаа болгоны ард түүний нэр дуулддаг. Товчхондоо тэр юм бүхний загалмайлсан эцэг.

ЖДҮ дээр Ё.Баатарбилэгээр, нүүрсний хэрэгт гишүүн асан Ж.Мөнхбатаар сэжим холбогдож байсан бол өнөөдрийн сонсголоор сайжруулсан түлшний салбарт хүртэл түүний гар хөл оролцсон гэх баримт гарч ирэв. Түүний дүү нар бүх салбарт холбоо хамааралтай байсан баримтууд цагаан дээр хараар бичигдсэн байх юм. Тодруулбал, өнөөдөр болсон Нотлох баримтыг шинжлэн судлах түр хорооны сонсголын үеэр Тавантолгой түлш ХХК-д 19.6 тэрбумын шуудай нийлүүлэх тендерт ялсан “СБМ Хангай” компанийн холбоо хамаарлыг шалгав. Гэтэл тус компанийн ТУЗ-д сууж өөртөө 124 сая төгрөгийн урамшуулал цалин авч байсан Л.Одхүү гэгчийн эхнэр Б.Оюунзулын үүсгэн байгуулсан компани байх нь тэр.

Өөрөө ТУЗ сууж цалин авч, эхнэр нь харин шуудай “шахаж” тендер авч байсан энэ гэр бүлийн хоёр “Алтанхот” ББСБ-ыг үүсгэн байгуулагч байжээ. Хамгийн сонирхолтой нь тэрхүү ББСБ-д нь алдарт Т.Бадамжунайгийн охин Б.Оюунбилэг, Тавантолгой түлш ХХК-ийн ТУЗ-ын гишүүнээр ажилласан хэмээн өөртөө 61 сая төгрөгийн урамшуулал авсан НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан нар идэвхтэй болон идэвхгүй хувьцаа эзэмшигчээр бүртгэлтэй байгаа баримтыг Түр хорооны дарга Б.Энхбаяр нийтэд танилцууллаа.

Эндээс харвал, өнөөх зохион байгуулалттай гэмт бүлэглэл гэгч нь энэ мэтээр төрийн өмчийн компаниудад шургалж, тэндээс шүүрсэн, олсон мөнгөө ББСБ-аараа дамжуулан угаасан байх магадлал ч өндөр болж байна. Тиймээс Т.Бадамжунай хийгээд түүний тойрон хүрээлэгчдийн үлдээсэн энэ улс мөрийг мөшгиж гэмээн мөнгө угаасан гэх хэргийн уг үндэс ч илрэн гарч ирэх магадлал өндөр болов. “Бадарчин явсан газар балагтай” гэгчээр Бадамжунайгийн гар хөл хүрсэн газар бүхэнд мөнгө мөрөө үлдээж байсныг энэ мэт баримтууд ар, араасаа нотолсоор байх ажээ.

 

 

 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Irgen
1 жилийн өмнө
139.5.216.32
Ur huuhde bodooch ee Junai hulgaich aa, ur huuhdiig chin haraal idej bna shu udam iin mod iig chin gargah bh
Irgen
1 жилийн өмнө
139.5.216.32
Ur huuhde bodooch ee Junai hulgaich aa, ur huuhdiig chin haraal idej bna shu udam iin mod iig chin gargah bh
Төстэй мэдээ