alim.mn | 2024.12.22
Г.Ганболд: Энэ төмөр замаар сайжруулсан түлшний мидлинг л зөөж байгаа

УИХ-ын гишүүн Г.Ганболд: -Алтанбулаг-Замын-Үүд чиглэлийн босоо төмөр зам нь 100 хувийн ачаалалтай байхад хөндлөнгөөс нь төмөр зам барьсан. Энэ төмөр замаар зөвхөн сайжруулсан түлшний мидлинг л зөөж байгаа. Вагон, зүтгүүр байхгүй. Бичигт, Влодовосток чиглэл баригдсаны дараа л ашиглах төмөр зам хийсэн. Зэвсэгт хүчний анги нэгтгэл хямд өртгөөр барьж байгаа гэх мэдээллийг анх өгч байсан. Гэтэл 11.8 хувийг л хийсэн байна. Энд 60 тэрбумын техник байгаа юу. Хийсэн ажлынхаа 50 хувьтай тэнцэх мөнгөөр шууд худалдан авалт хийсэн. Баталгаатай бүтээн байгуулалт болсон гэдэг баталгааг хэн гаргах вэ. Хэн хяналт тавьсан бэ. Төмөр зам тавьж байсан туршлагатай ажилтан хэдэн хувийг эзэлж байсан бэ. Туслан гүйцэтгэгчээр ажиллаж байсан компаниуд дотор тухайн үед тусгай зөвшөөрөлтэй нэг ч компани байгаагүй. Энэ замыг хэн хүлээж авсан бэ. 11.8 км дотор шууд худалдан авсан 60 тэрбумын техник байгаа юу. Үүнийг яаж ашиглах юм бэ?

Барилга инженерийн цэргийн удирдах газрын дарга Д.Жаргалсайхан: -Зэвсэгт хүчин өөрөө энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцдог, аюулгүй байдлыг хангах маш том айл. Өмнө нь ч маш олон бүтээн байгуулалтын ажлыг хийж байсан. Тэр ч үүднээс мэргэжилтэй боловсон хүчин ажиллах бололцоо байдаг. Төслөө цаг хугацаанд нь чанарын өндөр төвшинд гүйцэтгэн хүлээлгэн өгсөн. Техникийг шууд худалдан авалт хийсэн гэж ярьж байна. Засгийн газраас ажлын хэсэг гарсан. ЗГХЭГ-аас дэд ажлын хэсэг гарсан. Дэд ажлын хэсэгт ЗХЖШ-ын дарга, хууль хяналтын байгууллагын удирдлагууд, мэргэжлийн байгууллагууд орсон. Энэ ажлын хэсгийн хүрээнд сонгон шалгаруулалт явуулж, худалдан авсан байдаг. Хараа хяналтгүй гэрээ байгуулсан асуудал байхгүй. Нэг ширхэг хадаасыг ч ажлын хэсгээр оруулж байсан. Энэ ажилд орсноор ААН-үүдийн чадвар сайжирсан. Төмөрзам барьж чаддаг болсон. Ханги чиглэлийн төмөр замыг богино хугацаанд монголчууд өөрсдөө барьсан. Нэг ч гадаад хүн ажиллаагүй. Гүйцэтгэлээ 100 хувь хийсэн. Бид бахархдаг. Тэр ч үүднээс Дархан чиглэлийн автозам, Ханги чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажилд зэвсэгт хүчин оролцож байгаа. Зэвсэгт хүчин 2021 онд өөрсдөө нүүрс зөөсөн. Улсын чухал ажилд зэвсэгт хүчин оролцсоор байна.

Хянан шалгах түр хорооны дарга Б.Энхбаяр:-Та Хөдөлмөрийн баатар. Ямар мэргэжилтэй хүн билээ. Өмнө нь хаана ажиллаж байсан бэ?

Д.Жаргалсайхан:-Би эдийн засагч мэргэжилтэй. Баянхонгор аймгийн Засаг даргаар ажиллаж байсан. Төмөр зам барьж байсан уу

Барилга инженерийн цэргийн удирдах газрын дарга Д.Жаргалсайхан

-Үгүй. Би менежмент хийж байсан.

Хянан шалгах түр хорооны дарга Б.Энхбаяр:-Таны хамаарал бүхий компани туслан гүйцэтгэгчээр орж ажиллаж байсан уу?

-Байхгүй.

УИХ-ын гишүүн Г.Ганболд: -Зүүнбаянгийн төмөр замд 100 орчим тэрбумын өр, авлага үүсчихсэн. ААН нь Монголын төмөр замаас мөнгө нэхсэн байдалтай байгаа. Монголын төмөр замд  хуваарилагдсан 359.2-оос Зэвсэгт хүчин техник авчихсан. Энэ асуудлыг яаж шийдэж байна вэ?

МТЗ ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Б.Отгонсүх: -Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416.1 км замыг 2023 оны наймдугаар сард улсын комисс хүлээн авсан. Улсын комиссын бүрэлдэхүүнд БХБЯ, ЗТЯ, Улаанбаатар Төмөр зам ХНН гэх ажлын хэсэг 100 хувийн саналаар хүлээж авсан. Өнөөдрийн байдлаар 1.8 сая тонн ачааг тээвэрлэсэн. 2024 оны зорилтот төвшинд 3.5 тонн ачааг зөөвөрлөнө гэж төлөвлөсөн. Өнөөдрийн байдлаар 100 гаруй тэрбум төгрөгийн өртэй. 416.1 км зам дээр 200 гаруй ААН, мөн зэвсэгт хүчний жанжин штаб оролцсон. Үүнээс 120 гаруй ААН-ийн өр төлбөрийн асуудлыг өнөөдрийн байдлаар шийдэж чадаагүй. Таван хувийн баталгаанаас эхлээд хийсэн ААН-үүд мөнгөө авч чадаагүй. Анх төсөл эхлэхэд төслийн мөнгөнөөс ЗХЖШ 67 тэрбум төгрөгөөр техник авснаас уг мөнгө дутсан асуудал байдаг.

 

 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ