Хянан шалгах түр хорооны дарга Б.Энхбаяр:-Түүхэн дэх хамгийн өндөр дүнтэй гэрээ, төсөл хэрэгжилт, шинжээчийн дүгнэлтэд гарсанчлан нүүрс борлуулах үнийн хөнгөлөлт дээр 204 сая ам.долларын давуу байдлыг Бодь группт олгож, нөгөө талаар Эрдэнэс Тавантолгой ХК-д 204 сая ам.долларын алдагдал хүлээсэн байна. Шинжээчийн дүгнэлтийн араас нь эхэлье. Нүүрсний оффтейк гэрээгээр 204 сая ам.долларын буюу 18 хувийн хөнгөлөлттэй үнээр Бодь групптэй гэрээ байгуулсан байна. Энэ төслийг хэрэгжүүлэхдээ Бодь групп гаднаас ямар хөрөнгө босгосон бэ. Гэрээнд олон улсаас санхүүжилт босгосон бол үнийн хөнгөлөлт эдэлнэ гэж заасан байна вэ?
Бодь группын ТУЗ-ийн дарга Б.Баясгалан:-Энэ бол Монголын эдийн засагт хамгийн чухал үүрэгтэй төслийн нэг. Бүх асуудалд хариулахад бэлэн. Тавантолгойг тойрсон олон төслийн талаар цэгцтэй ойлголт өгье гэж бодож байна. Хүссэн асуултаа асуугаарай. Миний хариултыг битгий таслаарай. Манайх санхүүжилтээ нэг хэсгийг бэлнээр, нэг хэсгийг нүүрсээр авсан. Нүүрстэй холбоотой цогц асуудлын талаар нэгдсэн ойлголт өгье гэж бодож байна. Сонсголд хянан шалгагч нар мэдээллээ дутуу авсан, буруу ойлгосон зэргээс гаргасан дүгнэлт нь буруу ойлголт өгч байх шиг байна. Эхний өдрийн сонсгол дээр 5.2 тонн нүүрс Монгол Улсын хилээр ямар ч бүртгэлгүй гарсан талаар танилцуулсан. Нийтдээ 5 тэрбум ам.долларын нүүрс алга болсон мэт ойлголт хүмүүст өгсөн. Тэр миний асуудал биш. Гэхдээ нүүрсний хөнгөлөлт, худалдан авалт яаж явдаг талаар хэлж өгье. Ойлголтын зөрүү гарч байгаа тул тооны зөрүү гарч байна. 204 сая ам.долларын хөнгөлөлт үзүүлсэн гэж ярьж байна. Нэгдүгээрт манайх нүүрс борлуулдаггүй. Та нарын ойлгосноор манайх хөнгөлөлттэй нүүрс худалдаж аваад түүнийгээ зах зээлийн үнээр зараад дундаас нь ашиг олдог гэж гаргажээ. Манайх анхнаасаа нүүрсээр гэрээ хийх саналтай байгаагүй. Манайх Тавантолгойн орд газартай холбоотой асуудалд оролцдоггүй байсан. Үнэ яаж тогтдог вэ. 2008 оны сонгуулийн өмнө хоёр нам бүх иргэддээ мөнгө тараах амлалтаас үүдэж, Эрдэнэс Тавантолгой ХК 300 сая ам.долларын хөрөнгө босгох шаардлагатай болсон. Тэр дагуу Чалко компанитай гэрээ байгуулсан. Тэр гэрээг Монгол Улсад ашигтай гэж шинжээч нар тайлбарлаж байна лээ. Тэр гэрээнд 127 ам.доллар байсан нүүрсний үнийг 75 ам.доллар болгон хямдруулж Монгол Улс зээл аваад, авсан мөнгөндөө хүү тооцоод дээрээс нь зүүн цанхийн дөрөвдүгээр давхарга буюу Тавантолгойн хамгийн чанартай нүүрсийг өгөх 10 жилийн гэрээ байгуулаад 350 сая ам.долларыг авсан. Энэ бол хугацаа нь шахагдсан ашиггүй гэрээ байсан. 2012 онд Засгийн газар хатуу тогтоосон 75 ам.долларыг индексээр тогтоодог болгосон. Тэр үед нүүрсний үнэ 30 ам.доллар болсон. 3-4 жилийн дотор Чалкогийн мөнгийг төлөх ёстой байтал 10 жил үргэлжлээд 2019 онд дөнгөж төлж дууссан. Нүүрсний хөнгөлөлт гэдгийг Чалко л тогтоодог. Нэрлэсэн худалдан авагч гээд. ЭТТ бүгд мэднэ. ЭТТ-оос төмөр замын бүтээн байгуулалтад зориулсан гэх тодотголтойгоор нүүрс аваад түүнийгээ өдөрт нь нэрлэсэн худалдан авагчид өгчихдөг. Тэр мөнгө нь төмөр замын бүтээн байгуулалтад ороод ЭТТ-оос Тавантолгой төмөр замд оруулсан дуусаагүй хөрөнгө оруулалтад ороод дундын гүйцэтгэл батлагдсаны дараа дууссан бүртгэл гэж бүртгэгдээд явдаг. Хэрвээ бид хөнгөлөлтгүй үнээр нүүрс зарсан бол нэг ч БНХАУ-ын худалдан авагч нүүрс худалдаж авахгүй. Төмөр замд зориулсан худалдан авагч гэж байхгүй. Төмөр замын бүтээн байгуулалтад хөрөнгө оруулсан компаниудын жагсаалт сая гарсан. Тэд бүгд ЭТТ компанийн худалдан авагч нар. Төмөр замд зориулсан худалдан авагч гэж байхгүй. Эрдэнэс Тавантолгойн хамгийн гол худалдан авагч нь Чалко, И-ком, Вухан, Өвөрмонголын компаниуд байдаг. Энэ бүх компаниуд ЭТТ-аас, орон нутгийн Тавантолгой, Энержи ресурсаас ч авч байгаа. Бид тэр хэдэн компанитай л ажиллаад төмөр замд зориулсан нүүрс аваач, мөнгөөр нь бид төмөр зам барих юм гэж л явж байсан. Хөнгөлөлт эдлэсэн бол тэд эдлэсэн. Бид нэг ам.доллар, нэг центыг ч өөрийнхөө компанид авч байгаагүй. Үүнийгээ хаана ч, бүх тайлан тооцоогоор гарч ирнэ.