Социализмын үеийн материал техникийн баазыг бүрдүүлсэн хур баян газар болох МҮЭХ-ны эзэмшлийн газар нутаг үрэгдээд дуусаж, тал дүүрэн бэлчдэг мал сүрэг нь хорогдсоор байхад удирдлагууд нь баян эцэг үлдээсэн өвөөр наадсан эрх хөвгүүд шиг санаа зовохгүй байна. 100 гаруй жилийн түүхтэй МҮЭХ хоёр мянга орчим малтай байсан гэдэг. 2000 оны дунд үеэс илэрхий хорогдсоор, одоо 160 орчим толгой хонь, ямаа үлдсэн гэнэ. Энэ эрчээрээ уруудсаар байвал удахгүй туу гэх нохойгүй, чаа гэх ямаагүй үлдэнэ гэх юм билээ. Яах вэ, сүүлийн хэдэн жилд “Альфа” зочид буудлыг барьсан. Гэтэл муу дээр муухай гэгч болж, ажиллахгүй сэрүүцүүлэх төхөөрөмж суулгаж, хий дэмий мөнгө үржээ. Учир нь 2013 онд МҮЭХ, нэгэн компанитай 271 сая төгрөгийн үнэ бүхий сэрүүцүүлэх төхөөрөмж худалдан авах гэрээ байгуулжээ. Тэгээд МҮЭХ өөрийнхөө санхүүжилтаар барьсан “Альфа” зочид буудлаа баригдаад дуусаж байхад барилгын хэв хийцийг эвдэж, 2015 он хүртэл төхөөрөмж суулгасан ч ажиллаагүй гэнэ. МҮЭХ-ны газрын асуудал гарсаар. Шар хадны ойролцоо МҮЭ-ийн ногооны талбай байсан ч “жилээс жилд жижгэрсээр” одоо ор мөргүй болжээ. Энэ газрыг зарчихсан гэдэг ч зарсан мөнгө нь хэний дансанд орсон нь мэдэгддэггүй. Хотын төвийн А бүс Зуун айлын ойролцоо МҮЭ-ийн ажилчдын хашаа гэж байсан. Бас л багассаар багассаар, арай гэж үлдсэн 1.4 квадрат метр газрыг МҮЭХ-ноос хашаалаад авчээ. Гэтэл энэ газрыг МҮЭХ-ны удирдлагууд Хотын даргатай зөвшилцсөн нэрээр “Бэрэн” компанид хоёр өрөө байраар зарсан гэлцдэг. Монголын Үйлдвэрчний Эвлэлээс “Үйлдвэрчин” хотхон барьсан. Ингээд 180 айлын орон сууцанд ажилтнууд, ахмадуудаа 1-2 өрөө байранд оруулсан нь сайн хэрэг. Метр квадратыг 800 мянган төгрөгөөр үнэлэн заржээ. Гэтэл тэр байрнаас 40 ширхэг байрны мөнгө сох дутсан байгаа юм. 40 ширхэг байр хэнд өгсөн ч тодорхойгүй, МҮЭХ-ны удирдлагууд ч тоохгүй байна. Социализмын үеийн хур хөрөнгө ийнхүү барагдсаар байхад удирдлагууд нь сэтгэл зовохгүй МҮЭХ-ны Ерөнхийлөгч, дэд Ерөнхийлөгч нь автомашин сэлгэн унасан шиг явна. Ийнхүү 100 жилийн түүхтэй МҮЭХ-ны эд хөрөнгө зугуухан дутсаар, газар үгүй, таван хошуу мал ч үгүй, тариа ногооны талбай ч үгүй, хотын төв дэх шар байшиндаа чихцэлдэн үлдлээ.