Саяхан Францын баруун өмнөдөд орших Белабре хотод эхнэр нөхөр хоёр нэгэн байшин худалдаж авчээ. Нүүж ирсэний дараа сайтар үзэж танилцах үедээ хаалгыг нь тоосгоор битүүлсэн нэгэн өрөөг олсон байна. Тоосгон ханыг нурааж ороход өмнө нь 125 жилийн өмнөх франц айлын унтлагын өрөө тэр хэвээрээ нүднээ тусжээ. Ингээд байшингийн өмнөх эздийн түүхийг хөөсөөр өрөөний учрыг олсон байна. Уг өрөө нь морин цэргийн дэслэгч Юбер Рошерийнх аж. Тэрээр дэлхийн 1-р дайнд дайтаж яваад 1918 оны 4-р сарын 26-нд Бельгид алагджээ. Цогцсыг эхлээд Британид оршуулсан ч эцэг эх нь хөөцөлдсөөр 1922 онд төрөлх хотод нь авчирч нутаглуулсан. Мөн цэргийн “Croix de Guerre” буюу “Эр зоригийн одон”-гоор нэхэн шагнасан. Дэслэгч нь чинээлэг айлын ганц хүү байсан тул уй гашууд автсан эцэг эх нь дурсан санаж явахын тулд өрөөг тэр хэвээр нь хадгалахаар шийджээ. Ингээд хүү нь дайнд мордохдоо орхисон чигээр нь байлгасаар иржээ. Нэг ч эд зүйлийг нь өөрчилөх эсвэл байрыг нь хөдөлгөөгүй байна. Мөн энэ хугацаанд эцэг эхийн хэн нь ч өрөөнд ороогүй гэнэ. 13 жилийн дараа буюу 1935 онд тэд Белабрегоос нүүхдээ хүүгийнхээ өрөөг байгаа байдлаар нь 500 жил хадгална гэсэн гол нөхцлөөр генерал Эжен Бридуд худалдсан. Генерал цэргийн хүний хувьд амлалтандаа биелүүлж байсан агаад хэрвээ өөр хүнд худалдахад хүртвэл дэслэгчийн эцэг эхийн хүсэлтийг ханган биелүүлэх үүрэг мөн хүлээсэн. 1940 онд нацистын Герман Францыг эзлэхэд генерал тэдэнтэй хамтран ажиллажээ. Харин дайны дараа дайсны талд ажиллаж байсан тул ял шийтгэлээс зугтан Испанид гарсан байна. Гэсэн ч 1955 онд Францад шилжүүлэгдэн ирж урвасан хэмээн цаазлуулжээ. Шүүхийн шийдвэрээр бүх өмч хөрөнгийг нь хураасан тул Беларбре хотын байшин нь улсын өмчид ирсэн. Азаар уг байшинг цаазлуулсан генералын ач охин Брид нөхрийн хамтын хотын захиргаанаас худалдан авчээ. Хүүхэд насаа өвөөгийндөө өнгөрөөсөн ач охин дэслэгчийн өрөөний тухай мэдэж байсан тул гар хүрээгүй байна. Цаг хугацаа явсаар 1980 онд хотын захиргааныхан урвагч генералын ач охины байшингийн нууцлаг нэгэн өрөөний тухай сонсож мэджээ. Гэсэн ч Брид хотын даргын бие төлөөлөгчид дэслэгчийн өрөөг үзүүлэхээс эрс татгалзаж эх орныхоо төлөө тулалдаж яваад амь үрэгдсэн цэргийн дусгалыг хүндэтгэхийг шаардсанд тэд бууж өгчээ. Энэ явдлын дараа болгоомжлох үүднээс өрөөнийх нь хаалгыг тоосгоор битүүлсэн. Удалгүй ач охин нас барсан агаад нөхөр нь 2014 онд мөн бурхан болсоноор нууцлаг өрөөний тухай мэдэх хүн үлдсэнгүй. Байшин 2020 он хүртэл эзэнгүй байсан агаад саяхан худалдаж авсан хос өмнөх түүхийг огт сонсоогүй тул өрөөг хүчээр нээж орсоноор энэ хэрэг задарсан. Шинэ эзэд нь 105 жилийн өмнөх байдлаараа байгаа өрөөг дэслэгч Юбер Рошерийн музей болгон нээхээр шийджээ. Хотын захиргаа өрөөг хотын соёлын өвд бүртгэж авсан байна.
https://www.thesun.co.uk/news/11425773/soldiers-bedroom-has-remained-untouched-for-102-years/
Эх сурвалж :