1939 онд тухайн үеийн Германы удирдагч Адольф Хитлерийг дэлхийн дайныг өдөөгч хэмээн үзэж хөнөөхөөр шийдсэн нэгэн эр гарсан нь Иоганн Георг Эльзер байлаа. Түүний төлөвлөгөө бараг бүтэхэд ердөө 13-хан минут дутсан билээ. Германчууд бүх нийтээрээ удирдагчийнхөө төлөө “Хайл Хитлер” хэмээн хашгирч байхад ганцаараа шахуу Иоганн л түүнийг Германы, Европын, цаашлаад дэлхийн энх тайвны гол аюул хэмээн үзэж байжээ. Мангасыг хөнөөхөөр нэгэнт шулуудсан тэрээр хэзээ хаана гэдгээ шийдэх болсон. Хитлерийн байнга оролцдог цуглаан дээр нь ойроос буудчихаж болох ч энэ нь хамгаалалт сайтай тул бараг бүтэшгүй зүйл байлаа. Тэгээд ч Иоганн өөрөө үхэх бодолгүй байсан. Ингээд жил бүрийн уламжлалт арга хэмжээн дээр нь хөнөөхөөр шийджээ. Хитлер 1923 оны 11-р сарын 8-нд Мюнхенд төр эргүүлэх гэж бүтэлгүй оролдсон нь хожмоо “Шар айрагны үймээн” гэж нэрлэгдсэн. Үүнд зориулсан нацистуудын цуглаан жил бүрийн тухайн өдөр "Бюргербройкеллер" шар айрагны мухлагт болдог байв. 1938 оны 11-р сарын эхээр Иоганн Мюнхенд очиж уг мухлагтай сайтар танилцаад ирэх жилийн арга хэмжээний үеэр бөмбөг дэлбэлэхээр хатуу шийджээ. Жирийн мужааны хувьд тэсэрч дэлбэрэх бодисын талаар мэдэх зүйлгүй тул номын сангаас холбогдолтой ном авч судалж гарчээ. Тэрээр маш их уншиж судалж бас бичиж тэмдэглэж авч байлаа. Ингээд шургуу хөдөлмөрлөсний үр дүнд жил өнгөрөхөд тэсэрч дэлбэрэх бодисын онолын мундаг мэдлэгтэй болжээ. Дэлбэрэх бодис хийх материалын тухайд эрж хайгаад байх хэрэг гарсангүй. Эрчимтэй цэрэгжиж байсан Германд цэргийн үйлдвэр олноороо нээгдсэн тул Иоганн даруйхан нэгэнд нь ажилд оржээ. Улмаар үйлдвэрээсээ дарь хулгайлах болов. Материлаа бүрдүүлсэний дараа анхны бөмбөгөө хийгээд нагац ахынхаа зуслан дээр туршжээ. Гэтэл хүсэн хүлээсэн хүчтэй дэлбэрэлтийн оронд бяцхан “пүн” гэж дуугарсан. Анхны туршилт бүтэлгүйдсэн ч сэтгэл санаагаар унасангүй. Ингээд илүү хүчтэй тэсрэх бодис ашигладаг чулуу бутлах цехэд орохын тулд үйлдвэр дээрээ шуугиан дэгдээж удирдлагатайгаа ам мурийсаар хүссэндээ хүрчээ. Уг цехийн агуулахаар тэсрэх бодис, дарь, өдөөгч дүүрэн байсан тул бага багаар гэр лүүгээ зөөсөөр овоо юмтай болсон. Ингээд 1939 оны зуны сүүлч гэхэд сайн материалаар сайн тэсрэх бодис хийж авчээ. Одоо бөмбөгөө мэдэгдэлгүй байрлуулах л үлдсэн. Цуглааны өмнө шар айрагны мухлагийг Гестапо нарийн чанд шалгадагийг Иоганн мэдэж байсан тул бөмбөгөө цагаар ажилладаг болгоод урьдчилан тавихаар шийджээ. Нэлээд хөдөлмөр гаргасны эцэст бөмбөгтөө алдаагүй ажилладаг цагийн механизм суурилуулж чадсан байна. 10-р сарын дундуур тэрээр бөмбөгөө цүнхлэн Мюнхенд иржээ. Эхний хэдэн өдөр орой бүр “Бюргерброй”-д орж шар айраг уунгаа баахан ажигласан. Дараа нь тохиромжтой мөч гарангуут хаахыг нь дөхүүлээд жорлонд орж нуугджээ. Эхний шөнө нь заалны индрийн доод талын модон шалыг үүр цайтал хуулжээ. Мухлагийн ажилчдад мэдэгдэхгүйн тулд маш цэвэрхэн хийх ёстой. Иоганн тас харанхуйд хэдэн цагаар өвдөглөн сууж шалыг хөрөөдөж хуулж аваад цэвэрхэн гэгч нь буцааж тавьжээ. Нар гарахад жорлондоо орж нуугдаад ажилчид ирэнгүүт сэмхэн арын хаалгаар гарчээ. Өдөр нь унтаад орой ахин ирж мөн л жорлонд нуугдсан. Мухлаг хаагдахад хуулсан шалаа авч доодох хөрсийг нь ухжээ. Энэ ажлыг хэдэн шөнө хийсэн гэнэ. Эцэст нь бөмбөг хийх нүх бэлэн болжээ. Цуглаан болохын өмнөх буюу 7-ны өдрийн шөнө цагийн механизмаа 8-ны өдрийн оройн 21 цаг 20 минутанд дэлбэрэхээр тааруулжээ. Цагийн цохилох дууг дарахын тусгай хайрцаганд хийсэн. Ингээд бөмбөгөө цагийн механизмтай хамт нүхэнд булж дээр нь шалны модоо буцаан тавьсан. 8-ны өдрийн 10 цагт Иоганн шар айрагны мухлагнаас гарч зочид буудлаас чемоданаа аваад шуудхан Швейцарийн хил явжээ. Өдөр нь гестапогийнхан ирж “Бюргерброй”-г сайтар шалгаад сэжигтэй зүйл олсонгүй. Бүх зүйл урьдын адил л хэвийн байсан. Оройн 19 цаг гэхэд шар айрагны мухлагт 2000 гаруй нацист цугларчээ. 20 цаг 00 минутанд Хитлер ирсэн байна. Уг нь 20 цаг 30 минутанд ирж үг хэлэх ёстой ч хагас цагийн өмнө ирсэн нь цаг агаараас болжээ. Тэр орой тэнгэр бүүдгэр, манан бүрхэж эхэлжээ. Фюрер Берлин лүү бушуухан нисэхийн тулд ийнхүү хагас цагийн өмнө ирж шууд үгээ хэлжээ. Тэрээр цаг гаруй яриад 21 цаг дөхүүлээд дуусгасан. 10 минутанд цуглаанд ирэгчидтэй салах ёс хийгэд яг 21 цаг 07 минутанд шар айрагны мухлагнаас гарчээ. Түүнийг гарсаны дараа 21 цаг 20 минутанд маш хүчтэй дэлбэрэлт болов. Дэлбэрэлтийн хүч шар айрагны мухлагы бүрэн сүйдэлж дээвэр нуран унасан. Нацист намын найман гишүүн үхэж 16 хүнд шархдав. Ийнхүү дайныг эсэгүүцэгчийн дайн өдөөгчийг хороох төлөвлөгөөнд ердөө 13-хан минут л дутсан аж. Яг энэ үед Иоганн чемоданаа барьсаар Мюнхенээс 400 км зайд Герман-Швейцарийн хилийн боомтод ирээд байлаа. Бүгд төлөвлөсний дагуу болж дайныг өдөөгч хэнээтэн аль хэдийн үхсэн гэдэгт бүрэн итгэлтэй явсан. Хил нэвтрэх үед гэнэт түүнийг шалгажээ. Биенээс “Улаан фронт” буюу Германы Коммунист намын идэвхтэний үнэмлэх гарсан тул бүр саатуулжээ. Гэтэл чемоданаас нь нөөцөнд үлдээсэн тэсрэх бодис гарч ирсэн байна. Сүүлийн нэг сарын турш Хитлерийг хөнөөх санаандаа бүрэн автаж өөр зүйл бодох сэхээгүй явсан Иоганн пиджакны халаасан дахь намын үнэмлэх, чемоданд байгаа тэсрэх бодисын тухай таг мартчихсан байжээ. Ингээд тэр дороо баривчлагджээ. Тэр шөнөдөө Хитлерийн амь насанд халдах гэсэн бүтэлгүй оролдлогын тухай мэдээ тарж өглөө нь тэсрэх бодистой хил давах гэсэн Иоганныг гестапод шилжүүлжээ. Тэнд шууд л бүх үнэнээ хүлээсэн. Гайхалтай нь түүнийг буудаагүй агаад бүх насаар нь хорих ял оноосон. 1944 онд Дахаугийн хорих лагерьт шилжүүлээд 1945 оны 4-р сарын 9-нд буюу дайн дуусахаас сарын өмнө буудан хороожээ. Тэрээр гестапогийн анхны байцаалт дээр Хитлерийг хороох гэсэн зорилгоо “би ердөө дайныг зайлуулах гэсэн юм” гэж хариулсан гэдэг.