-Батхүү сайд анх Батсайхан бизнес хийж эхэлсэн, дараа нь “уруу татагдаж” бизнэс хийх болсон гэж дурссан байдаг л даа? Батхүү сайд тэр үед бас ганзага хийдэг байсан уу? -Анхны үед бид бүгдээрээ л цуг явж байсан. Гэхдээ цүнхийг хоёр талаас нь дамжлаад явж байсан уу гэвэл үгүй.
-Чехэд сурч байсан нь наймааны ухаан суухад нөлөөлсөн үү? -Чехэд сурснаар наймааны ухаан сууна гэж байхгүй л дээ. Тухайн үеийн Чехийн оюутанууд хичээлийнхээ завсраар Польш явж амжиргааныхаа хэдэн төгрөгийг олдог байсан нь нөлөөлсөн байх. Польшууд гайхалтай наймаачин хүмүүс. Хөгшин залуугүй наймаачин, худлаа ярих үедээ сайхан худлаа ярина, архи уувал ууна, зах дээрээ зогсоно, яг монголчуудын ах баймаар хүмүүс ш дээ. /инээв/
-Хойно төгсөж ирсэн оюутнуудгэрийнхээ тавилгатай ирдэг байсан гэдэг. Та Чехээс юу авчирсан бэ?
-1990 онд ирэхдээ 5000 доллартай ирсэн. Тухайн үедээ их мөнгө байлаа. Мөнгөнөөс гадна хоёр Москвичтэй, нэг Вольгатай ирж байсан. Анх 1986 онд 15000 төгрөгөөр оруулж ирээд 30000 төгрөгөөр зардаг. Тэр үед Улаанбаатарт машин ховор байсан. Гэхдээ машин авах чадалтай хүн байсан.
-Оюутнуудыг наймаа хийвэл сургуулиас нь хөөдөг байсан гэдэг. Чехэд байдал ямар байсан бэ?
-Тэр үед Чехэд сурч байсан оюутнууд бүгдээрээ л наймаа хийдэг байсан. Өмнө нь ямар байсныг мэдэхгүй, бидний үед оюутнуудыг наймаа хийлээ гэж утга учиргүй сургуулиас хөөж байгаагүй ээ. Оюутнуудын хувьд ч тэгтлээ наймаанд ороод хичээл сургуулиа орхиж хаячихсан хүн бидний үед байгаагүй дээ. Харин эдийн засгийн хориг арга хэмжээнүүд авдаг болсон. Бид зуныхаа амралтаар Монгол явах гээд Элчин дээрээ очиж замын зардал визээ авдаг байлаа. Визээ авах гээд очихоор пасспорт үзээд Польш явсан бол торгодог. Нэг удаа явбал 1000 кроноор торгоно.1000 крон гэдэг нь Монгол руу ирж очих зардал байхгүй юу. Би нэг зун визээ авах гэж очоод 8000 кроноор торгуулсан. Тэр хичээлийн жилд найман удаа Польш явж, Польш ах дүүтэйгээ уулзсан байхгүй юу. /инээв/ Ерөнхийдөө оюутан байхдаа Польшийн ард түмэнтэй их ойр байсан, тэднээс их юм сурсан юм байна шүү.
-“Шунхлай” компаниа хэдийд байгуулсан бэ?
-Намайг ганзагын наймаа хийж явах үед Батхүү ах 1993 онд “Шунхлай”компанийг байгуулсан. Компани байгуулж ажиллаж эхэлсэн нь бидний хувьд нэг онгоцнос буугаад нөгөө онгоцонд шилжиж суугаад, нэгээс нөгөө галт тэрэг рүү дамжиж суугаад наймаа хийдэг байснаас арай өөр байсан. Тэр үед эхний компаниуд байгуулагдаж, яг юу хийхээ ч мэдэхгүй бүгдээрээ нэг нэг тамга хармаалчихсан, тамгаараа шатар тоглох нь холгүй нөхдүүд, арван хүн уулзвал даам тоглочихож болохоор л үе байсан. Өдөрт олон компаниуд байгууллагддаг байсан. Миний хувьд “Шунхлай”-д 1995 оноос ажиллаж эхэлсэн л дээ.
- Та анх “Шунхлай”-д хэдий хэмжээний хувь оруулсан бэ?
-Батхүү ах бид хоёр компаниа 50, 50 хувиар эзэмшдэг. Тухайн үед хэдэн төгрөг өгснөө санахгүй байна. Бид хоёрын хооронд мөнгөний нарийн тооцоо байдаггүй.
-“АПУ”-тай хэзээнээс холбогдох болсон юм бэ?
-1998 оноос. Тэр жил “АПУ”-г хувьчилна гэж байсан. Тэр үед “АПУ”-г нэлээд судлаад, хувьчлалд оролцохоор шийдсэн. “АПУ”-гийн хувьчлалд дан ганц монголчууд ороод хөрөнгө оруулалт, мөнгө төгрөг олох хүнд юм байна гэж бодоод, “Монсоник”-ийн Баярхүү бид хоёр Малайз явж, Малайзын “Карлсберг”-ийнхэнтэй уулзаад, худалдаж авъя, хөрөнгө оруулъя гэж уулзсан. “Карлсберг”-ийнхэн бидэнтэй цуг ирээд “АПУ”-г үзээд, төлөвлөгөө хийж хувьчлалд бэлдэж байтал, “АПУ”-г хувьчлахгүй гэдэг шийдвэр гараад нөгөө “Карлсберг”-ийнхэн маань хүлээж чадахгүй буцсан л даа. Бизнест цаг хугацаа чухал байдаг. Хожим 2001 оны 11 дүгээр сард болсон хувьчлалд оролцсоноор бүр мөсөн холбогдлоо.
- “Шунхлай” АПУ-ийн хэдэн хувийг эзэмшдэг юм бэ?
-“АПУ”-ийн хяналтын багц байгаа. Тиймээс ч “АПУ”-гийн менежментийг хийж байна.
-Танд “АПУ” ХК, “Шунхлай” ХХК хоёрын аль илүү ашиг өгдөг вэ?
-“Шунхлай” бол гэр бүлийн компани, “АПУ” хувьцаат компани. “АПУ”-гийн мянга мянган хувьцаа эзэмшигчдийн өмнө би хариуцлага хүлээгээд ажиллаж байгаа. Аж ахуйн байгуулага, компаниуд ашгийн төлөө ажилладаг. Аль алиныг нь ашигтай, үр бүтээлтэй ажиллуулах гэж мэрийж байна даа.
- Та яагаад гүйцэтгэх захирал болсон юм бэ? -Нэгэнт “АПУ” ХК-тай хувь заяагаа “Шунхлай” компани гэдгээрээ холбогдсон. Бид үйлдвэрлэлд их хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн, гадаадын хөрөнгө оруулалтыг татаж ирсэн, шинэчлэл хийлээ. Энэ үйлдвэрийг Батхүү ах удирдаж байх хугацаандаа хөл дээр нь босгосон. Ах УИХ-ын гишүүн болсноор захирал солигдох болж хувьцаа эзэмшигчид хуралдаад, ТУЗ-өөс намайг захирлаар нь томилсон. ТУЗ-ийнхөө томилолтоор ажиллаж байна.
-“АПУ”-гийн гүйцэтгэх захирал болсноос хойш юу хийв? -“АПУ”-тай хувь заяагаа холбосон хугацаандаа ямар хөрөнгө оруулалт хийх, технологио яаж сайжруулах, зах зээлийнхээ хувь хэмжээг нэмэгдүүлэх зэрэгт анхаарлаа хандуулж ажиллалаа. Одоо шинэ бүтээгдэхүүн гаргах, гадаад зах зээлд гарах зэрэг компаний маркетингийн үйл ажиллагаанд гол анхаарлаа хандуулан ажиллаж байна. Мөн компаниа удирдлагын автоматчилагдсан системд оруулахаар ажиллаж байна. -Батхүү сайд сайн уяач. Алтны дэргэдэх гууль шарладаг гэдэг. Гэтэл танд яагаад морь байдаггүй юм бэ? - Морийг сонирхдоггүй монгол хүн цөөн. Моринд хайртай гэхдээ фанат биш. Манай нэг найз “Морьтойгоо хонолоо. Өнөөдөр морин дээрээ очиж хононо” гээд явчихдаг./инээв / Миний хувьд морио уралдахыг л үзэх дуртай. Морь байгаа.Морин дээрээ очиж өвөртөлж унтдаггүй л болохоос би морьтой, улсад морио айрагдуулсан уяач шүү дээ. “Их хурд”-ад дээгүүр давхисан азарга бий.
-Таныг машинд дуртай гэлцдэг юм байна лээ.
-Нэг хэсэг машинд үнэхээр дуртай байсан. Энэ жил ямар машин үйлдвэрлэв, хаана ямар машин шинээр ирэв, юу нь өөр болж вэ гэдгийг эрж хайж уншдаг байлаа. Одоо ажил ихтэй болсон, машины зураг интернэтэд ухаж байхын оронд арай өөр зүйлд цагаа зориулсан нь дээр.
-Г.Батхүү гишүүн хурдан морь худалдаж авч цуглуулдаг. “Монгол газар”-ын Мянганбаяр, “Буян”-гийн Жаргалсайханд ч гоё машин байдаг. Та машин цуглуулаг уу?
-Ах маань анх угшил сайтай хэдэн адуу худалдаж авч байсан. Гэхдээ цуглуулга хийх гэж биш. Харин одоо тэдгээр адууны үр төл өсч үржин, өөрийн “Шунхлай” угшлын адуун сүрэгтэй болсон. Машин цуглуулдаг коллекционерууд огт өөр байдаг. Тэд дээр үеийн, хуучны, үнэтэй эсвэл Маршал Чойбалсангийн, Цэдэнбал даргын унаж байсан машин гэх зэргээр үнэлж цуглуулдаг. Харин бидний машин цуглуулна гэж юу байхав. Өнөөдөр манай “АПУ” компани 60 гаруй машинтай. “Шунхлай” 30 гаруй машинтай. Авто машины парк бий. Энэ цуглуулга биш. Гэхдээ өөрийн хэрэгцээнд унадаг гурван машин бий.
-Та ямар маркийн машинууд унадаг юм бэ?
-Мерседес бензийг хүний тав тух, сэтгэл хангалуун машинаа бариад явж байх бүхий л нөхцөлийг бодолцож, яг л хүнд зориулж хийсэн машин гэж ойлгодог. Нэг суудлын бензтэй, нэг бенз жийптэй. Харин бенз жийпийг хүнд зориулсан машин хийлээ гэж бодсон Германуудыг арай л буруу тооцоолж гэж бодоод байгаа. /инээв/ Харин Lexus жийп үнэхээр сайн машин. Хоёуланг нь захиалж авсан юм л даа.
-Архи хийсэн хүн өөдөлдөггүй гэж Жаргалсайхан гишүүн шүүмжилдэг. Архи үйлдвэрлэж байгаадаа гэмших сэтгэл төрдөг үү?
-Ноолууран цамц хийгээд өөдөлдөг гэдгийг хэн тогтоочихсон юм бэ. Бүхэл бүтэн гутлын үйлдвэрээ хүртэл бид дампууруулчихсан явж байгаа. Архи үйлдвэрлэх нь нүгэл гэдэг өрөөсгөл ойлголт. Үнэхээр болдоггүй юм бол хориглох ёстой биз. Би ганцаараа архи хийгээгүй. Ганцхан Монголд архины үйлдвэр байдаг гэж бодоогүй биз дээ. “Jonnie walker”, “Baccardi”, “Absolut” юу байна, тэдний л нэгэн адил архины үйлдвэр. Харин ванндаа ус дүүргэж нууцаар спирт найруулж, акцийг хулгайгаар хэвлүүлж наагаад зарах гэж айж ичин, харанхуй гудамжаар гүйх буруу. Тэгж амьдрах хэцүү. Бид татвараа төлдөг, хүмүүсийг ажилтай байлгаж байна, хүмүүсийг хордуулах зүйл хийгээгүй, баталгаатай бүтээгдэхүүн гаргаж байна. Хүмүүс тааруулж хэрэглэх ёстой. Би архи үнэгүй тараагаагүй, өөрсдөө мөнгөөрөө худалдаж авч байгаа шүү дээ.
-Та 220 мянгатад таван өрөө байранд амьдардаг. Хувийн байртай болох уу?
-Тэр таван өрөөний чинь нэг нь гал тогоо, нэг нь коридор шүү. Хүүхдүүд маань сургуульд явчихсан, одоо эхнэртэйгээ хоёулхнаа амьдардаг болохоор хоёр, гурван давхар хувийн байшингийн хэрэгцээ алга.
-Таны бодлоор мөнгө гэж юу вэ? -Мөнгө бол төлбөрийн хэрэгсэл. Харин хөрөнгө гэвэл өөр. Хөрөнгө хүнд байнга таашаал авчирдаг эд ч бас биш. Заримдаа толгойны өвчин болох нь ч бий. Хөрөнгө бол хариуцлага.
-Та монгол дээл өмсөж хөөрөг даалингаар гоёдог уу?
-Нэг хэсэг монголчуудын үндэсний үзэл сэргэж туйлшраад морь дээл мөнгөн аяга, хэт хутга, хөөрөг боллоо шүү дээ. Бас буруу биш л дээ. Тэр үед мөнгөн аяга цуглуулж үзсэн. Эрж сураад цуглуулсан юм байхгүй. Хүмүүс ирээд авах уу гэхээр нь худалдаад авчихдаг. Овоо хэдэн аягатай болсон. Дараа нь манай ээж бүгдийг нь хүмүүст бэлэглэчихсэн. Мөнгөн аяа үнэтэй капитал биш гэдгийг ойлгосон. Нэг хоёр байхад л болно. Хадгалах гэж стенк худалдаж авах хэрэг гарна./инээв / Ээжийн бэлэглэсэн аяга байгаа. Хэрэв хэрэгцээ гарвал худалдаад авч болно биз. Мөнгөн аяга нэг их үнэтэй биш шүү дээ. Цагаан сар, наадамаар дээл өмсөж, хөөрөг өвөртөлдөг. Тэр үед монгол хүн гэдгээ мэдэрдэг.
-“АПУ”-гийн захирал муу хөөрөг барьж болохгүй байх. Та ямар хөөрөг барьдаг вэ?
-Бриллиантан хөөрөг барих ёстой гээд байна уу. Надад хоёр гурван сайхан хөөрөг бий. Ихэвчлэн шүрэн хөөргөө л барьдаг. -Тэр “цайны” шүрэн хөөргөө хэр үнэтэй авсан бэ? -Би хөөрөг хийдэг дархан инжаан хүн биш. Зарах гэж байгаа юм шиг үнийг нь хэлээд яах юм бэ. Харин Болор, ЭКС, Ерөөлийнхөө үнийг сайн мэднэ шүү.
-Тэгвэл хэдэн “Ерөөл”-ийн үнээр худалдаж авсан бэ?
-/Бодов/ Арав гаруй мянган шил “Ерөөл” архины үнэ хүрэх байх шүү.
-Залуучууд бизнес хийх орчин нөхцөл алга гээд мөнгө олохоор гадаадад гардаг. Монголд шинээр бизнес эрхлэх орон зай бий юу?
-Өндөр боловсролтой залуучууд маань гадаадад ажиллаж, пицца зөөж байна. Тэд монголдоо ирвэл их баялаг бүтээж чадна. Гадаадад амьдарч байгаа залуус очихоор бизнес хийх орон зай алга гэж айгаад байдаг. Тийм биш. Хүн толгойгоо ажлуулж байнга эрэл хайгуул хийвэл бизнес эрхлэх орон зай байна. Бизнесийн орчин дуусдаг бол Америкт аль хэдийн дууссан байна биз дээ. Өдрөөс өдөрт шинэ бизнес эхэлж, шинэ саятан, тэрбумтан төрж байна. Заавал нойлоос ”дикий запад” гэдгээс эхлэх ёстой биш. Хоцроогүй бүх юм эхэлж байна гэж бодох хэрэгтэй. Хэн ч юунаас ч хоцроогүй. Хүн зах зээлээ мэдэрч, бодож сэтгэж ажиллах хэрэгтэй. Ер нь ажиллахдаа юуны төлөө, хаана хүрэх гэж байна гэдгээ мэдрэх ёстой л доо. Хүн хийж буй ажлынхаа боол болж болохгүй. -
Та одоо 100 000 төгрөгтэй үлдвэл яах вэ? -Яаж өсгөх вэ гэдгээ л бодно доо. 100 мянган төгрөгийг 200, 500 мянга, сая төгрөг болгох тийм ч хэцүү зүйл биш. 100 мянган төгрөгийг сая төгрөг болго гээд өгвөл би чадна.
-Тэгвэл танд 100 мянган долларыг сая доллар болгох амархан уу?
-Хэцүү. Хугацаа хэрэгтэй болно. Нэг сая төгрөгийн биш сая долларын ажил хийх хэрэгтэй болно гэсэн үг л дээ.
-Батсайхан захиралын баримталж ажилладаг зарчим юу вэ? -Хийж байгаа ажилдаа үнэнч хандах хэрэгтэй. өөрийгөө хэзээ ч хуурч болохгүй. Хоёрт бусдыг хуурч болохгүй. Өөрийгөө, бусдыг хуураад байвал хол явахгүй.
-Ярилцсанд баярлалаа. Ч.ӨЛЗИЙДЭЛГЭР