alim.mn | 2024.12.23
Фронтын дайчин эмэгтэйчүүдийн тухай ярьж болдоггүй ҮНЭН ...

Оросын Интересно и Весело сайтад зохиолч Светлана Алексиевичийн “Женщины на войне: правда, о которой не принято говорить” хэмээх номноос товчлон оруулжээ. Энэ ном нь тулалдаж явсан эмэгтэйчүүдийн дурдатгал дурсамжуудаас бүтсэн. Эх орныхоо төлөө эрчүүдтэй мөр зэрэгцэн дайтаж явсан эмэгтэйчүүдийн амьдралд дайны дараагаар санаанд оромгүй  хүндрэл бэрхшээлүүд гарч зарим нь бүр фронтын дайчин гэдгээ ч нуухад хүрч байжээ.

-Тэр шөнө би жижүүртэй байсан юм. Хүнд шархдагсадын өрөөнд орж эмч нарын өглөө болтол тэсэхгүй гэж захисан ахмадын хажууд очиж “Таны бие яаж байна” гэж асуулаа. Үхлүүд шархадсан ахмад над руу харж хүчлэн байж инээмсэглэснээ “Энгэрээ задгайлж цээжээ харуулаач, би эмэгтэй хүнтэй учралгүй тун их удсан” гэв  Энэ гуйлт маш хачин санагдаж би ичсэндээ гараад гүйчихсэн. Харин цагийн дараа эргэж ирэхэд ахмад үхсэн байлаа. Нүүрэнд нь нөгөө л инээмсэглэл хэвээрээ
-Шархтаныг тулааны салбараас хувийн зэвсэгтэй нь хамт авчрах журамтай байсан. Эмнэлгийн батальон/ медсанбат/-д шархтанаа авчрахад зэвсэг нь хаана байна гэж хамгийн түрүүнд асуудаг.  Винтов, автомат, пулёмет ... Гэтэл тэр нь сум исгэрч бөмбөг дэлбэрч байгаа тулаанаас шархтанаа арай ядан чирч байгаа 20 ч хүрээгүй бүсгүйчүүдэд тун хэцүү даваа байлаа. 1941 оны 281-р тушаалаар шархтаныг зөвхөн зэвсэгтэй нь авчирсан тохиолдолд л одон өгдөг байсан. 15 хүнд шархтанг зэвсгийн хамт авчирвал “Цэргийн гавьяаны одон”, 25 бол “Улаан таван хошуу”, 40-д “Улаан тугийн одон”, харин 80 хүнд шархтанг зэвсгийн хамт авчирвал “Лениний одон” өгдөг байв
-Бид өөрөөсөө 2-3 дахин хүнд эрчүүдийг тулааны талбараас чирч гаргадаг байлаа. Шархадсан бол бие нь бүр ч хүндрэнэ. 80 кг шархтангаас гадна бууг нь шинелийг нь гутлыг нь хүртэл авах хэрэгтэй болдог. Нэг удаагийн дайралтанд доод тал нь 5-6 хүнд шархтанг чирч гаргадаг. Тэгэхэд би ердөө 48-хан кг жинтэй байсан юм. Яаж чирч байснаа одоо ч гайхдаг-

-Харин би огт өөр зүйл яримаар байна. Дайны хамгийн аймшигтай нь эр хүний дотуур өмд өмсөх байсан. Энэ л жинхэнэ аймшиг.  Халхгар урт, маш муухай харагдуулдаг. Эх орныхоо төлөө үхэж чадах ч эр хүний дотуур өмд өмссөн чигээрээ үхнэ гэхээр л эвгүй санагддагсан. Мөн эрэгтэй майк, 41 размерийн хүнд бахиал гээд л ... Би дайны эхний жилээс фронтод явж дөрвөн жил тулалдсан. 1944 онд Польшид ороод байхад л нэгэн тосгоны дэргэд эмэгтэй цэргүүдэд анх удаа эмэгтэй хүний дотуур өмд, хөхөвч өгсөн. Дөрвөн жилийн л дараа шүү дээ
-Би бүх л дайны турш дотроо хөлөндөө шархдахаас л их айдаг байлаа. Охид намайг сайхан хөлтэй гэдэг, би ч хөлөөрөө бахархдаг байсан. Харин эрчүүд бол ондоо. Тэд хөлөө алдсан ч тоохгүй. Хөлгүй бол бүр баатар гэгдэнэ. Харин эмэгтэйчүүд бид чинь хэцүү шүү дээ. Дайнаас тахир дутуу болоод ирвэл хэн надтай суух билээ
-Миний биений юм тагнуулд явж байхад ирсэн юм. Өмднөөс цус нэвтэрч байхыг хараад “би шархадлаа” хэмээн байдгаараа орилсон. Бидэнтэй хамт хөгшин фельдшер ах явж байсан.
-Хаана шархдсан бэ ?
-Мэдэхгүй, гэхдээ эндээс цус гараад
Харин тэр ах хараад инээснээ эцэг минь л аятай бүхнийг тайлбарлаж өгсөн
-Эрчүүд буудаллах бүрт түүдэг гал асаан тойрч суугаад хувцасныхаа бөөсийг алдаг. Харин бид тэгж чаддаггүй. Мод бутны цаана орж байж л хувцсаа тайчдаг. Бид эрчүүдийн адил л бөөстөж явсан. Ялангуяа умдагны намилзгана биднийг их зовоодог байсан

-Донбасст Макеевка тосгоны дэргэд би шархадсан.  Бөмбөгний хэлтэрхий өгзөг руу орчихсон юм. Цус гарч эхлэхээр нь өөрөө боосон болсон ч өөрийнхөө өгзөгний цусыг яаж тогтоох билээ. Харин 20 хүрээгүй надад эрчүүдэд өгзгөндөө шархадсан гэж хэлэх зориг зүрх байгаагүй. Ичээд байсан юм. Ингээд цус алдаад л яваад байсан. Сүүлдээ ухаан алдаад унасан. Манай ротынхон дараа нь гутлын түрийд  тултал цус асгарсан байсан гэсэн
-Бид үсээ угаах хувин ус олдвол их баярладаг байлаа. Биеэ өвсөөр арчдаг. Эмэгтэй хүний хувьд бидэнд хувийн хэрэглэл байх ёстой, ганц хоёр зүйл байдаг байлаа. Хэрвээ аз таарч амьдрал мэддэг настай түрүүч таарвал харсан ч хараагүй дүр үзүүлээд явдаг.  Харин залуухан нь хөхөвч, эмэгтэй дотуур өмдийг маань олж үзэнгүүтээ дүрмийн бус хувцас гээд гаргаад шидчихдэг байсан. Биений юм ирэх үед их сандардагсан. Аргагүйдсэн үедээ дотуур цамцныхаа хоёр ханцуйг хайчилж хэрэглэнэ. Гэтэл заримдаа өдөрт 2-3 удаа солих хэрэгтэй болж бүр ч бачимдуулдаг байв-
-Манай ангийг хувцсаа тайлаад гол гаталж байхад Германы онгоц бөмбөгдөж гарсан. Эмэгтэй цэргүүд арай холхон гаталж байсан юм. Эрчүүд нүцгэн шалдан чигээрээ уснаас гарч мод бут руу гүйсэн. Харин эрэгтэй хүний майк, дотуур өмдтэй бид голоос гарч чадалгүй үлдсэн. Эрэг дээрээс тэд бидэн лүү хашгирч гараараа зогсоо зайгүй даллаж байхад бид дотуур хувцаснаасаа ичээд гарч чадахгүй байсан юм даа. Хэд хэдэн охид маань голд алагдсан...

-Эмэгтэйчүүд бид байдгаараа хичээж тулалдаж зүтгэж байсан ч хэн ч биднийг үнэлдэггүй байлаа. Дарга нар цэргүүд ч хүүхнүүдийн байлдана гэж юу байсан юм хэмээн илт дорд үзсэн байдлаар дээрэлхүү ханддаг. Дайн дуусан дуустал ийм л байсан даа
-Ингээд тушаал гарч би шинэ анги руугаа явлаа. Очиход цэргүүд намайг хараад инээлдэж бие биенээ нударч байна. Батальоны дарга “танай батарейн шинэ дарга” гэж намайг танилцуулахад тэд исгэрч хашгиралдлаа. Зарим нь ярвайж зарим нь бүр “түй” хэмээн нулимж байсан. Жилийн дараа намайг Улаан таван хошуу одонгоор шагнуулахад батарейн цэргүүд маань гар дээрээ өргөн газар гэрт оруулж өгсөн юм
-Би саперийн салааны дарга байсан. Манай салаа их буучдын байрлалын хажуугаар явж байтал нэг цэрэг биднийг харсанаа “Агаар Рама” гэж хашгирлаа. Би сандарч дээшээ харсан ч фашистын нэг ч онгоц харагдсангүй. Гэтэл манай нэг цэрэг жагсаалаас гарах зөвшөөрөл авангуутаа түгшүүр зарласан их буучин дээр гүйж очин хамар руу нударгалж орхисон. Ингээд их буучид саперчид зодолдож эхлэв. Зодоон юунаас болсоныг ойлгоогүй би тэднийг салгах гээд чадсангүй. Эцэст нь гар буугаар дээшээ буудаж буун дуугаар их буучдын дарга дэслэгч ч газар гэрээсээ гарч ирлээ. Зодооныг зогсоосны дараа дэслэгч юу болсоныг асуухад надад хэлэх зүйл олдсонгүй. Харин миний туслах болсон явдлыг илтгэсэн. Ингэж л би фронтод ирээд “Рама” буюу өлөгчин гэсэн утгатай цэргийн үгийг мэддэг болсон юм-

-Фронтын дурлалын тухай ярь гэж үү... Надад ярихаас айж зовоод байх юм алга. Би чинь ППЖ буюу «походно-полевая жена» байсан юм. Албан ёсны бус, фронтын эхнэр нь гэсэн үг. Батальоны даргынхаа пэпэже нь болсон. Сайн хүн ч би түүнд хайртай байгаагүй. Биеэ хамгаалах гэж гурван сар үйлээ үзсэний эцэст даргын ППЖ болохоор шийдсэн. Өөр арга байгаагүй. Эргэн тойрон баахан эрчүүд. Бүгдийнх нь дор орж хэвтэхгүйн тулд  хамгийн хүчтэй нэгнийх нь хамгаалалтанд орсон. Надад тулалдаан биш харин тулалдаангүй үе л аймшигтай байсан. Тал бүрээс өлөн нүднүүд ширтэж “сувилагчаа нааш ир” гэнэ. Бүгд л нуувчны хаа нэгтээ дараад авах санаатай. Шөнө газар гэрээсээ ганцаараа гарах юм бол шууд л шүүрүүлдэг байсан-
-ППЖ-гийн тухай хэн ч ярьдаггүй. ППЖ байсан хүүхнүүд ч, ППЖ-тэй байсан офицерүүд ч ам нээдэггүй юм. Ерөөсөө энэ тухай хэн ч ярьдаггүй. Би л гэхэд батальондоо ганцаараа эмэгтэй нь байсан. 6м2 хэмжээтэй ганцхан газар гэрт бүгдээрээ унтана. Надад тусдаа өрөө гаргаж өгнө гэж байхгүй тул эрчүүдтэй хамт л унтдаг. Шөнө ч харин унтуулахгүй шүү дээ. Нэг нь хөх рүү гараа явуулна, нөгөөдөх нь өмд тайлах гэнэ. Оролдсон болгоныг нь цохиж өшиглөж хараал тавьсаар үүр цайлгадаг байлаа-

-Дайны дараа биднийг яаж угтсан бэ гэж үү. Уйлахад ч багадна. Эрчүүд юм хэлдэггүй, харин эмэгтэйчүүд ч харааж зүхэж их доромжилсон. “Та нарыг фронтод дөрвөн жил юу хийснийг чинь бид мэднэ. Дарга цэрэггүй бүгдтэй нь заваарсан. Фронтын өлөгчингүүд, нуувчний жингэрүүд” гээд л...
-Би Берлин хүртэл тулалдсан. Гэртээ хоёр ч одонтой ирсэн. Гурав хоносны дараа өглөө эрт ээж маань сэрээгээд “Охин минь би чиний юмыг бэлдчихсэн. Явж үз. Хоёр дүү охин чинь удахгүй нас биед хүрлээ. Гэтэл чи дөрвөн жил фронтод эрчүүдтэй хамт байсан шүү дээ. Үүнийг чинь тосгоноороо мэднэ. Чамайг энд байгаад байвал дүү нартай чинь суух хүн гарахгүй, Дүү нараа бод” гэсэндээ. Тэгээд л би гэрээсээ явсан-

-Энэ бол миний найзад тохиолдсон явдал. Цэргийн сувилагч байсан юм. Гурван ч удаа шархадсан, одонгоор шагнуулсан.  Дайны дараа анагаахын их сургуульд элссэн. Гэрийнхэн нь бүгд алагдсан тул туслах дэмжих хүнгүй болж амиа тэжээхийн тулд шөнө эмнэлгийн өрөө угаадаг байсан. Байлдаж явсан, шархадсаны улмаас тахир дутуу болж тэтгэмж авдаг гэдгээ их нуудаг, хэнд ч хэлдэггүй. Нэг шөнө надад дайтаж явсан үеийн болон тахир дутуугаа тогтоолгосон акт, тэтгэмжийн дэвтэр гээд бүх бичиг баримтаа устгасан гэдгээ хэлээд учиргүй уйллаа.
-Тэнэгхэн минь яагаад урж байгаа юм бэ, одоо яаж тэтгэмж авах билээ
-Өөр арга байгаагүй, намайг байлдаж явсан гээд эрчүүд дөлөөд нөхөрт гарч чадахгүй болоод л урчихсан
Ингэж хэлээд улам ч чанга уйллаа.
-Одоо миний шарх сэдэрч эхэлсэн. Эмчлүүлэх хэрэгтэй. Гэтэл урж хаясан бичиг баримт маань хэрэг болоод байна-


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зочин
4 жилийн өмнө
202.126.89.228
баатарууд байж дээ
Зочин
4 жилийн өмнө
202.126.89.228
баатарууд байж дээ
Төстэй мэдээ