alim.mn | 2024.10.19
Жеффри Фольт: Оюунаад гэрлэх санал тавихдаа өвдөг сөхөрч гуйсан

Та  МУ-ын ССАЖЯ-ны Сайд Ц.Оюунгэрэлийн гэр бүлийн хүн. Таны гэр бүлийн талаар асууж болох уу?  Та Ц.Оюунгэрэл сайдтай анх хэзээ, хаана танилцсан бэ? 

-Би 2000 оны 10 сард түүнтэй Улаанбаатарт танилцсан. Би хуульч хүн, Хүний эрхийн хуульч. Ази, Африк, Латин Америкийн орнуудад хуулийн шинэчлэлээр ажилладаг. Анх Азийн сан надад Монголд ажиллах санал тавьсан байсан. Шүүхийн системийг боловсронгуй болгох тал дээр зөвлөх хүсэлт тавьсан учраас Монголд ирсэн. Би улс төр судлаач, шүүгчидтэй биш, хүний эрхийн хуульчтай ажиллах саналтай байгаагаа хэлсэн. Надад Оюунгэрэлтэй ажиллахыг зөвлөсөн. Тэр үед Оюунгэрэл “Эрх чөлөө” төвийн тэргүүнээр ажилладаг байсан л даа. Гэхдээ түүнээс өмнө санамсаргүй тааралдаж Оюунгэрэлтэй танилцсан. Азийн сангийн Малкольм бид хоёр франц ресторанд хооллоод гарч явахад Оюунгэрэл Азийн сангийн нэг ажилтантай орж ирсэн. Тэр “Оюунгэрэл ээ чи  Жеффтэй танилцах хэрэгтэй. Жефф бас хүний эрхийн талаар судалдаг” гээд биднийг танилцуулсан.

-Оюунгэрэл сайд хувийнхаа амьдралын талаар ярьж байсан, зурхайчаас хэзээ гэрлэхээ асуусан, зурхайчийн хэлсэн яг тэр өдөр та гэрлэх  санал тавьж байсан гэдэг? 

-Бид танилцсанаас хойш ажил хэргээр  харилцдаг, санал солилцдог байсан. 2003 онд миний эхнэр нас барсан. Би гэртээ суухыг хүсээгүй. Камбож руу ажиллахаар явсан. Оюунгэрэл бид хоёр 2003-2004 онуудад емэйлээр  харилцаж байсан. Эцэст нь тэр  надад таалагдсан, бид хоёулаа гэр бүлгүй байсан учраас гэрлэх санал тавихаар шийдсэн. 6 сарын 8-нд, зурхайгаар их чухал өдөр байсан гэсэн, тэр үед би мэдээгүй. Би Оюунгэрэлд гэрлэх санал тавихаар сүйн бөгж Камбожоос худалдаж авлаа. Их гоё бадмаараг шигтгээтэй бөгж. Тэгээд Стэнфорд руу очиж уулзсан, тэр үед Оюунаа Стэнфордийн их сургуульд сурч төгсч байсан. Би очоод мэндлээд “надад асуух юм байна” гэсэн. Тэр “ямар асуулт” гэхээр нь өвдөг дээрээ суугаад хуучны маягаар  “Энэ бөгж ...” гэсэн. Тэр “Гоё бөгж байна” гээд авангуутаа эгч рүүгээ емэйлээр  “Жефф надад бөгж өглөө” гэж бичсэн. Түүний хүү Идэрээ “Ээж та Жеффийн юу хэлэхийг сонссонгүй” гэхэд  тэр “Өө тиймүү, юу асуусан  бэ?” гэхэд би “Надтай гэрлээч” гэсэн. Тэр өмнөхөн нь франц зурхайчаас асуусан байсан. “Зургаадугаар сарын найманд хэн нэгэн чамд санал тавибал гэрлээрэй. Хэрэв тэр өдөр гэрлэхгүй бол дараагийн тавин жил хүртэл тохирох хүнтэй таарахгүй” гэж гарсан гэнэ лээ. Тэгээд “Надаас бөгжөө хэзээ худалдаж авсан бэ?” гэхэд нь “6 сарын 8-нд байх аа” гэхэд “Надад тооцооны хуудсаа үзүүл” гэсэн. Хуудсыг хараад 6 сарын 8-нд бөгж худалдаж авсныг мэдээд “Тэгье, би гэрлэе” гэсэн, ингээд л гэрлэсэн. 

 -“Ногоон нүдэн лам” номыг та гэргийтэйгээ хамтарч бичсэн. Та өмнө нь зохиол бичиж байсан уу, “Ногоон нүдэн лам” номоос өмнө? 

-Арга зүйн номууд, улс төрийн, сэтгүүлийн өгүүлэл бичиж байсан. Роман бичиж байгаагүй. Тиймээс их том ажил байсан, Оюунгэрэл бид хоёр 2004-2007 он хүртэл дөрвөн жилийг ном бичихэд зориулсан. Бичээд, бодоод, засварлаад, бид зохиолчдын хуралд оролцож тэндээс ихийг сурч авсан. Хэлэх гэснээ шууд битгий үзүүл, Хэрэв Сэндмаа уурлав гэхийн оронд тэр хаалга саваад гэрээс  гарав гэх мэт дүрсэлнэ. Тэр номоо англиас монгол руу орчуулж монгол хэлээр эхлэн гаргана гэсэн. Удалгүй хэвлэлтэд өгөөд 2008 онд  хэвлэгдсэн, одоог хүртэл борлуулалтаар тэргүүлж байна. Энэ бол Монголын түүх. Үүнийг яаж бусад улсад таниулах вэ. Монголын талаар мэдээлэл элбэг болсон. Аялал жуулчлал, уул уурхай, динозаврын тухай мэдээлэл их гарч байна. Би Оюунааг Монгол руу буцахад ачаагаа Монгол руу явуулах гээд DHL д очоод Монгол руу ачаа явуулъя гэхэд Монголыг мэдэхгүй байсан. Бид Монгол руу ачаа явуулж байгаагүй. Мозамбек, Монако, Монгол гээд цагаан толгойн дарааллаар хайж байсан. Одоо бол Монголыг мэдэх хүмүүс нэмэгдсээр байгаа. Жил ирэх бүр аялал жуулчлал илүү хөгжиж, мэдээлэл илүү их тарж, Монголыг сонирхох хүмүүс  олширч байна. Магадгүй Монгол романыг  баруунд  сонирхох цаг ирж магадгүй . -“Ногоон нүдэн лам” номын тань баатруудаас таны дуртай дүр аль нь вэ? Баасан, Сэндмаа, Чулуунжий, Болд гээд хэн нь таны хувьд сонирхолтой дүр вэ? -Агваан. Лам хөвгүүн, хамгийн анх Дотоодыг хамгаалахад баригдаж тэдэнтэй нийлдэг хүү. Би тэр дүрд хайртай. Тэр сайн, муу аль аль тал түүнд байгаа. Амьд гарахын тулд Дотоодыг хамгаалах яаманд элсч ажилладаг. Гэвч дотроо бол тэр дургүй. Хэрэв тэнд ажиллахгүй бол алагдана, тэр их зөрчилтэй дүр. Баасан бол үргэлж сайн хүн. Сэндмаа бас дандаа сайн хүн боловч Болд уу, Баасан уу, алийг сонгох вэ гэдэг сонголтоос бусдаар эерэг дүр. Номын хоёрдугаар дэвтэрт энэ тухай гарна. Гэхдээ одоо би энэ тухай хэлэхгүй.(инээв) Бид энэ тухай аль хэдийнэ шийдсэн байгаа. Агваан, Сэндмаа хоёулаа зөрчилтэй дүр. Агваан тэр дэглэмд дургүй боловч тэнд ажилладаг. Түүнд боломж гарах бүрт  тэр хүмүүсийг шоронгоос гаргаж аврахыг хүсдэг. Баасанг аварсан боловч тэр энэ тухай мэдээгүй. Тэд бол бодит дүр, жинхэнэ хүмүүс.  Агваан, Баасан хоёр дараа нь олон удаа уулзана. Энэ тухай хоёрдугаар дэвтэрт гарна.

 -Таны эхнэр Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн туслах, зөвлөхөөр олон жил ажилласан. Та ерөнхийлөгчтэй уулздаг уу, хүний хувьд та түүнийг хэр сайн мэдэх вэ? Та Монголын улс төрийн талаар сайн мэдэх үү?

 -Мэдээж Оюунаатай хамт би түүнтэй уулзаж, ярилцаж байсан. Оюунаагийн аавтай бас уулздаг, хамт хооллож байсан. Тэд хамт хооллож, инээд наргиан болдог байсан. Ерөнхийлөгч надад таалагддаг. Шударга, ажил хэрэгч, архи биш сүү өргөж амьдаръя, цаазаар авах ялыг хориглоё, хууль санаачлахад иргэдийн оролцоог нэмэгдүүлье гэх мэт чухал өөрчлөлтүүдийг хийсэн. Улс төрийн талаар их сайн мэдэхгүй. Би Монголоор уншихдаа жаахан тааруу. Уншаад ихэнх үгийг мэдэхгүй. Би Оюунаад номоо дуусгаад монгол хэл сурна гэж амласан. Багш хөлсөлж аваад монгол хэл үзнэ.  Манай гэрийнхэн бүгд англиар ярьдаг болохоор надад амар байдаг. Гэхдээ илүү их хичээж сурахыг хүсч байгаа. Гэхдээ л Монголоор бараг ярьж, бичиж чадахгүй. Урьд нь би зургаан хэл сурч байсан, амархан ч сурч байсан санагддаг. Монгол хэл сурахдаа жаахан муу байна. Миний тархи одоо бараг дүүрсэн байх. (Инээв). Гэхдээ л би Монгол хэл сурахыг их хүсч байгаа. Залуу хүмүүс хэл сурахад их амар байдаг. Оюунгэрэл Иелийн их сургуульд сурахаар явахад бид охиноо авч явсан. Охин 11 настай байсан, америк сургуульд сураад зургаан сарын дотор Cartoon network  сувгийг үздэг, англиар чөлөөтэй ярьдаг болсон. Би одоо сайн сурахгүй байна. Манай гэр бүлийнхэн монголоор ярихад юу гэнээ, юу гэсэн бэ гээд би ойлгодоггүй. Оюунаагийн Монголоор ярьж байгаа яриаг л  хамгийн сайн ойлгодог. Хэрэв ганц хоёр мэддэг монгол үг сонсвол аан энэ тухай ярьж байна гэж мэддэг. Харин өөр хэн нэг хүн монголоор яривал сайн ойлгохгүй. Монгол хэл бол их өөр хэл. Англи хэлэнд хэлний урдуур ихэнхдээ үгнүүд хэлэгддэг бол монгол хэлэнд хэлний угаар, хоолойгоор  хэлэгддэг авиа их байдаг. Х гэх мэт. Тиймээс үүнийг яаж хэлэхийг мэддэггүй, сайн чаддаггүй. 

-Та монгол хоол иддэг байх. Таны хамгийн дуртай монгол хоол юу вэ? 

-Манай эхнэр хэлдэг. “Улс төрчид ихэнхдээ дуртай хоолоо манай гэргийн хийдэг лапша” гэж хэлдэг” гэж. Монгол хүмүүс ийм хариулт хүлээж байдаг болохоор тэгж хэлдэг гэдэг. Миний дуртай хоол  хуушуур. Хуушуур бол оюутны хотхон, түргэн хоолны газруудад маш тохиромжтой хоол. Богино хугацаанд хурдан хийж болно. Гурван зүйлийг хийж чаддаг байхад болно. Мах татах, гурил зуурах, чимхэх. Үүнийг чанах юм бол банш, жигнээд бууз, шараад хуушуур болно.

 -Та энэ хоолнуудыг бүгдийг нь хийж чадах уу?

 -Үгүй ээ, бараг чадахгүй. Гэхдээ магадгүй хийх байх, би мэдэхгүй байна. Бид зөвхөн охинтойгоо биш бас хамаатныхаа оюутнуудтай цуг амьдардаг. Хөдөө амьдардаг, Оюунаагийн хамаатнууд хүүхдээ сургуульд орохоор манайд байлгая гэдэг. Бидэнтэй хамт байхыг зөвшөөрдөг. “Байж болно, үнэгүй, харин хааяа хоол хийж өгч байгаарай” гэдэг. Манайд одоо хоёр оюутан байна. Оюунаагийн үеэл дүү нар. 

-Монголын өвөл их хүйтэн байна уу? Та хэр дасч байна?

 -Хэрэв би Америкийн Миннесота, Канад, Алъяскт  төрсөн  бол надад тийм ч их хүйтэн санагдахгүй байсан байх. Би Калифорнийх. Тэнд 15  жилд  нэг  удаа тав орчим минут цас ордог. Тэгэхэд хүмүүс зураг аваад байдаг. Тэгэхдээ Калифорнийн ууланд цас ордог, тэнд өвлийн олимп хүртэл болж байсан. Би далайн эргийн Сан Францискод төрсөн.  Хэрэв уул руу явъя гэвэл машинаар 3 цаг орчим явах газар. Ууланд тийм их хүйтэн биш. Урт ханцуйтай цамцтай байхад даарахгүй. Энд өвөл их урт. 11 сарын дундаас 3 сарын дунд хүртэл үргэлжилж хүйтэн байдаг. 

-Та Цонжин болдогт Тэмээн поло үзээд гэр бүлээрээ хамт явж байсан. Тэнд сонирхолтой байсан уу?

 -Бид тэнд байсан, Чингисийн хөшөөний тэнд очсон. Коллеж төгссөн ангийнхан маань вэбсайттай л даа. Тэнд заримдаа зургуудаа оруулдаг. Манай найзууд “Энэ үнэхээр жинхэнээсээ ийм зүйл болж байна уу?” гэж гайхдаг. Тэд энэ зун ирж, наадам үзнэ гэсэн. Тэнд бас анчин бүргэдтэй казах залуу сүрлэг сайхан байсан. Тэмээ унаж зургаа авахуулсан. Монголд онцгой сонин содон харууштай  зүйл их байдаг. Өөрийн таних мэдэх бүх хүмүүстээ Монголын талаар сурталчилдаг. Их ялгаатай онцлог зүйл ч их байна, бас Калифорнитой зарим талаар төстэй ч юм бий. Калифорни бол элсэрхэг, цөлөрхөг газар, өндөр уул нуруутай, далайтай, Монголд том том нууруудтай, гэхдээ Монгол шиг хүйтэн биш. 

-Монгол, Америк хүмүүсийн ялгаа юунд байна, хэр зэрэг ялгаатай санагддаг вэ?

 -Тийм ч их ялгаагүй. Ялангуяа манай гэр бүлийн хувьд. Би морь унаж өссөн. Хөдөө амьдардаг фермерүүд монголчуудтай адилхан. Би монгол америк хүмүүсийн зан чанар их  адил байгааг мэднэ. Америк хүмүүс их бие даасан, өөртөө итгэлтэй, ямар ч сорилтыг давж гарах чадвартай гээд их олон талаар адилхан. Тийм болохоор надад “соёлын шок” ямар нэг талаар байгаагүй. Монгол миний төрж өссөн газрын ахуйтай их төстэй. Би дэлхийн олон улсад очиж үзсэн, 15 улсад амьдарч байсан. Америктай хамгийн их төстэй нь Монгол байдаг. 

  • Та Монголд ирснээс хойш “соёлын шок”-онд орж байгаагүй гэж үү?
  •  -Үгүй. Намайг шоконд оруулсан ганц зүйл нь өвлийн утаа. Гэхдээ үүнийг засч болно. Утаа бага гаргадаг зуух хэрэглэж, өөр төрлийн нүүрс түлэх гээд олон аргаар үүнийг өөрчилж болно.
  •  -Монголд ирж амьдрах шийдвэрийг та хэрхэн гаргасан бэ, гэнэт л ийм шийд гаргасан уу, хэр удаан бодсон бэ?

-Оюунаа гаргасан. Би гэрлэе гэсэн, бид гэрлэсэн. Олон жил хамт ажилласан дарга Элбэгдорж нь Ерөнхий сайд болсон. Зөвлөх болооч гэсэн хүсэлт тавиад Оюунаа “Монгол руу явъя” гэхэд нь “тэгье” гээд Камбожид байгаа ажлаа өгөөд, Монголд хамт ирж байр худалдаж аваад амьдарсан. Эхнэр маань “нэг ном бичмээр байна, гэр бүлийн маань нэг түүх байна” гэж хэлэхэд нь “тэгье” гээд бичиж эхэлсэн. Хоёр хүн хамтарч ном бичихэд төвөгтэй гэж хүмүүс хэлдэг. Өөр өөр санаа, өөр өөр үзэл бодол гарч ирдэг. Бидний хувьд хамтарч ажиллахад харин ч хөгжилтэй байдаг. Өөр санаа гарах тохиолдолд  одоо ингэх тэгэх үү гээд саналаа хэлээд солилцоод хамтарч шийддэг, ном цаашаа үргэлжлэх тусам илүү хялбар болж байсан. Бичих явцдаа мухардалд ороод зогсоход хоёулаа санаагаа нэмэрлэж ярилцаад үргэлжлүүлээд явдаг. Оюунгэрэл маш хурдан бичдэг, тачигнуулаад л найман хуудас тасралтгүй бичээд дуусгана. Тэр маш түргэн сэтгэж, үйл явдлыг өрнүүлдэг. Маш их засвар хийгддэг. Ном маань улам л зузаан болоод байсан. Харин би хэлсэн. “Бид номынхоо хоёрдугаарыг бичих үү?” гэж. Түүний гэр бүлийн түүх, тэр бүх түүхээ мэднэ.  Хамтарч ном бичихэд хөгжилтэй байсан. Бидний гэрлэлт аз жаргалтай, бид хамтдаа их эвтэй найртай сайхан амьдардаг. Бид хоёулаа өмнө нь гэрлэж байсан. Бидний анхны хань  хоёулаа бурхан болсон. Түүний  нөхөр онгоцны ослоор үрэгдсэн. Бид хайр гэж юу болохыг мэднэ, ханиа алдах ямар байдгийг мэднэ. Бид нэгийгээ олсонд би их баярладаг.

-Та динозаврын тухай сайн мэдэж байгаа байх, тринозаурус Батаарын талаар ярьж өгөхгүй юу? Энэ асуудлыг Монголд Оюунгэрэл сайд гаргаж тавьсан, одоо ч хөөцөлдөж байгаа хүний нэг. 

-Бид хэдэн жилийн өмнө Сайншандад очоод удирдах хүмүүстэй нь уулзаж байхад Засаг дарга нь “бид аялал жуулчлалыг хөгжүүлмээр байна, бидэнд байгаа боломж динозавр байна” гэж ярьсан. Оюунаа тэгэхэд “динозаврын аялал зохион байгуулж болно шүү дээ” гэж ярьж байсан. Энэ юу гэсэн үг гэхээр Монголын палентологичид, гадаадын палентологичид хамтраад жишээ нь тавь хүртэл тооны мэргэжилтнүүд хамтраад аялал зохион байгуулж болно. Тусгай хяналтан доор малтлага хийгээд динозавр олж болно, авч болохгүй, харин музейд өгнө, хамгаалалтад өгнө, олсон хүн жишээ нь тэр гээд өөрийнхөө нэрийг өгөөд миний нэртэй динозавр гээд бахархана. Ингэснийхээ төлөө мөнгө төлнө гэж ярилцсан. Дэлхий даяар үүнийг хийдэг. Энэ мэт сайхан санаа гарсан. Тэгээд энэ талаар судлах хэрэгтэй гээд их уншдаг байсан. Нэг сайн найз Болор нь америкийн музейн түүхийн маш хэрэгтэй ном өгсөн. Бүх хөвгүүд динозавр сонирхдог шиг би ч бас хүүхэд байхдаа динозавр сонирхдог байсан. Тэр өнгөрсөн жил Эйзенхаурийн хөтөлбөрт хамрагдсан юм. Бид тэнд байхдаа Юта мужид байдаг динозаврын музей үзлээ. Тэнд олдворыг яаж хамгаалдаг талаар ярилцсан, олон палентологичидтой уулзаж танилцсан. Хэрхэн хадгалж хамгаалах бодлого энэ тэр гээд. Монголд яагаад энэ бүгдийг хийж болохгүй гэж. Хэд хэчнээн олдворууд алга болсныг хэн ч мэдэхгүй. Олонд мэдэгдсэн алдартай нь Тринозаурус-Батаар. Тэдгээр залуус ухаж аваад авч гарсан. Би гүүглээр хайлт хийгээд динозаврын тухай уншиж байхад говиос олдсон гүрвэл дуудлага худалдаанд зарах гэж байгаа мэдээлэл  байсан. Хаанаас олдсоныг нь бичээгүй, говиос олдсон гэсэн. Хаанаас ч олдсон бай хууль бус. Оюунаа ерөнхийлөгчид утасдаж хэлсэн. Америкт Болор бас уншсан, илүү их мэдээлэлтэй байсан. Ерөнхийлөгч өмгөөлөгч ав гэсэн.  Үүнийг гаргахад оролцсон хүмүүсийг олж тогтоох хэрэгтэй. Гэхдээ динозаврийг буцааж авчрах ёстой. Хэзээ гэдгийг мэдэхгүй. Монгол улс энэ талаар анхаарал тавих хэрэгтэй. Хэн гаргасан хил гаалийн ажилтан гаргасан уу, контрбандчид хийсэн үү  хэн ч мэдэхгүй.  Хэрэг хийсэн эзэд нь олдох байх.

 -Та олон оронд ажиллаж амьдарч байсан гэсэн. Тэдэн дунд дайнтай, халуун бүс нутгууд байсан, тэдгээр улсад амьдарч байхдаа аюулын ирмэгт тулж очсон үеэсээ  дурсвал ?

 -Либери,  Непал, Шри Ланка, Зүүн Тимор, Камбожи эдгээр улсад хууль шүүхийг  бэхжүүлэх, ядуус, нийгмийн цөөнх, ажилчдад хууль зүйн туслалцаа үзүүлж  аюултай бүс нутгуудад ажиллаж байсан. Харин энд маш тайван амгалан улсад байна. Либерит нэг удаа элчингийн машинтай явж байхад жолооч нь “Тэнд нутгийн эртний, үндэсний  хөгжим барьсан залуу явж байна, буугаад зургийг нь авах уу?” гээд өмнөөс нь очсон чинь гэнэт өөдөөс буу гаргаад буудаад эхэлсэн. Би машин руугаа гүйж ороод давхисан. Буудаад сум нэвтрэхгүй л дээ.  Тэгэхэд нэлээд аюултай байсан. Шри Ланкд олон жилийн өмнө тамилийн дайн удаан үргэлжилсэн, тэнд байсан. Сонгуулийн үед тамилийн нутагт очсон. Би НҮБ-ын хувцас, дуулгатай очсон зүв зүгээр. Тэр бас аюултай нөхцөл байсан. Катмандуд уулархаг газар их явдаг, аюултай, эдгээр бүх газруудад явсан ч надад аз таарсан, муу юм тохиолдоогүй. Америкт хүмүүс “муур есөн голтой” гэж ярьдаг. Би тэр муур. Би аль хэдийнэ найман удаагаа авсан. Тиймээс одоо ийм тайван газар амьдарч байгаадаа баяртай байна.

 -Таны амьдралдаа бахархдаг зүйлс юу вэ? 

-Би хүүхдүүд, тэдний хүүхдүүдээрээ бахархдаг. Бас Оюунгэрэлийн Монголдоо хийсэн болон хийх гэж байгаа ажлуудаар бахархдаг. Тэр эх орондоо хайртай. Яг одоо бол мэдээж би бас Ногоон нүдэн лам номыг бичсэнээрээ бахархаж байна.

 -Та хэдэн хүүхэдтэй вэ? Тэднийгээ танилцуулахгүй юу?

 -Хоёр охинтой. Хоёулаа гэрлэсэн. Миний анхны эхнэрээс гарсан хүүхдүүд л дээ. Эхнэр минь Дани хүн байсан. Тэр өндөр, хүрэн үстэй эмэгтэй байсан. Оюунаа бас өндөр нуруутай. Миний гэрлэсэн хоёр эмэгтэй хоёулаа  үзэсгэлэнтэй бүсгүйчүүд. Яагаад ийм сонголт хийснээ би мэдэхгүй. Миний нэг охин Нью Иоркийн томоохон хуулийн фирмд ажилладаг. Нөгөө охин маань жүжигчин, драмын багш мэргэжилтэй. Тэр алслагдмал нутгийн хүүхдүүдэд хичээл заадаг. Эскимо, индиан, уугуул америкийн хүүхдүүдтэй ажилладаг. 

-Таны охидууд хүмүүнлэгийн ажил хийдэг, үүнд таны нөлөө байсан байх нь ээ?

 - Магадгүй. Гэхдээ манай эхнэр ч бас их нөлөөлсөн.

 -Таны охидын ээж ямар мэргэжилтэй хүн байсан бэ?

 -Тэр цаг үед эмэгтэй хүнд сонгох асар олон боломж байсан. Үсчин болж болно, загвар өмсөгч болж болно, онгоцны үйлчлэгч болж болно, нарийн бичиг арай илүү ухаантай бол багш болж болно. Тэр Калифорнийн Их сургуулийг багш мэргэжлээр төгссөн. Калифорнид сайн багш гэдгээрээ танигдсан. Өвдсөн үедээ ч хийдэг  тэр ажлаа орхиод надтай хамт Шри Ланк руу явсан. Хууль зүйн туслалцаа хэрэгтэй байгаа улсад Хууль зүйн яамны тусламжийн хөтөлбөрт ажиллаж байсан. Бидний анхны охин тэнд төрсөн. 

-Та амьдралдаа тавьсан зорилгодоо хүрсэн болов уу? -Калифорний амбан захирагч Жерри хэдэн жилийн өмнө хуульчдын тухай хэлсэн байдаг. Хэрэв чи хуульч бол хоёр төрлийн мөнгө олно. Жинхэнэ доллар, “жинхэнэ биш оюун санааны“ доллар. Хэрэв чи хууль зүйн туслалцаа үзүүлдэг хуульч бол маш цөөн боловч жинхэнэ доллар олдог. Гэхдээ хүмүүст тусалж “оюуны” доллар” илүү олно. Хэрэв та татварын хуульч бол жинхэнэ доллар олно. Би “оюуны доллар”-ыг олсон.  Гэхдээ би хэзээ ч ном бичих тухай бодож байгаагүй. Энэ бол Оюунаагийн гэр бүлийн түүх. Ногоон нүдэн лам. Гэнэт ном бичих шинэ зорилготой болсон. Амьдралд маань гэнэт шинэ карьер гарч ирсэн. Би тэгэхэд Өмнөд Африк, Америк гээд хуулийн зөвлөгөө өгөхөөр явахгүй болсон. Гэр бүлээсээ хол байхыг хүсээгүй. Тиймээс ном бичээд гэр бүлтэйгээ хамт хийх ажилтай байна.

 -Таны анхны эхнэр сайдтай адил өндөр эмэгтэй байсан гэж хэлсэн.  Зан чанарын хувьд адил төстэй тал байдаг болов уу? 

-Адилхан хүн гэж огт байхгүй л дээ. Хоёулаа ёс суртахуунтай эмэгтэй. Ёс суртахуун тал дээр адилхан. Буруу зүйл хийж мөнгө олох бол хэн нь ч хийхгүй. Амьдрал юуны тулд байдаг вэ? Нэг нэгэндээ тусалж амьдрахад байдаг. Тэд хоёулаа үүний төлөө амьдралаа зориулдаг.  Бас хоёр эмэгтэй хоёулаа маш сайн хошин шогийн  мэдрэмжтэй. Амьдралд хөгжиж баясч чаддаг. Хошин шогийг ойлгодог бол энэ маш чухал. Энэ нь бусад маш олон асуудлыг эмчилдэг. Хэрэв хүн инээж чаддаг бол амьдрал улам илүү аз жаргалтай болдог. 

-Оюунгэрэл сайдын хоёр хүүхдийн талаар яриач, бүгдээрээ хамт амьдарч байна уу? 

- Хамт амьдарч байсан. Том хүү Идэрээ насанд хүрсэн. Тэр Нисэхийн инженер  болмоор байна гэдэг байсан.  Америкт сурмаар байна гэсэн. Ямар сургуульд сурах вэ? Канзасын  их сургууль. Тэр бол Боингийн ерөнхийлөгчийн сургууль. Болж байна. Өргөдөл гаргая. Тэр өргөдлөө явуулж шалгалтаа өгсөн. Мэдээж бид заавар зөвлөгөө өгсөн.  Түүнд хариу ирсэн, та тэтгэлэгтэй суралцах боломж хүлээн авлаа гэж. Тэр баярлаад хэн нэгэн надаар тоглоогүй биз, үнэн үү гээд. Бид их баярлаад сургуульд орсныг нь тэмдэглэж баяр хүргэсэн. Идэрээ таван жил суралцаж төгсөөд МИАТ-д ажилд орсон. Одоо тэр Германд мэргэжил дээшлүүлэхээр сурч байгаа. Найз охин нь бас тэнд сурдаг. Бага охин Одмаа бидэнтэй хамт гэртээ амьдардаг. Тэр Монголдоо их сургуульд сурдаг. Тэр гадагшаа явж сурч болох байсан. Австрали, Англи гээд англиар ярьдаг орнуудын нэгэнд сурч болно. Тэр сургуулиа судалж, ямар мэргэжлээр сурах вэ гэдгээ шийдэж байсан. Ээж шигээ улстөрч болох уу гээд. Чи улстөрч болно гэдгийг төлөвлөдөггүй. Улстөрч гэдэг бол карьер, ажил биш. Заримдаа гарч болно. Тэр ахлах сургуулиа Америкт төгсөхийг хүссэн. Оюунаа Стэнфордыг  төгссөн. Тэр Америкт сурах боломжийн талаар зөндөө ном бичсэн. Идэрээ бас тэтгэлгээр сурсан.  Харин тэр юу судлахаа өөрөө шийднэ. Энэ түүний сонголт. 

-Танай охид Монголд ирдэг үү? 

-Хоёулаа ирж байсан. Бид Америкт гэрлэсний дараа энд Монголд дахин хурим хийсэн, хуримын ордонд хийсэн. Нэг охин маань Монголд хийсэн хуримын үеэр ирсэн. 2006 онд бид Иель их сургуульд сурахын өмнө, нөгөө  нь 2008 онд нөхөртэйгээ хамт ирсэн. Нарны бүтэн хиртэлт үзэхээр ирсэн. Оюунгэрэл бидний аяллыг төлөвлөсөн боловч Оюунаа морь унаж байгаад бэртсэн учир явж чадаагүй, бид гурвуул  орос жийптэй Баян-Өлгий, Ховд аймгаар явсан. Ховд бол их олон ястны нутаг. Олон бага ястнууд байдаг. Тэнд соёлын өдрүүд болж байсан. Тэнд их гайхалтай үзвэрүүд хадны сүг зураг, агуй үзсэн. Нарны бүтэн хиртэлт үзсэн. Камбожид бас нар хиртэх үеэр байсан. Тэд их сүсэгтэй хүмүүс. Камбожийн баруун хойд хэсэг эртний Буддын шашны төв байдаг.  Нарыг залгилаа гээд буудаад нар гараад ирэнгүүт  бид нарыг аварч чадлаа гээд баярладаг. Харин энд бол тийм биш. Маш тайван, тийм болохоор Монголд ирсэн. Би жилд нэг удаа америк явна. Хэрэв Оюунаа явбал бид цугтаа гэр бүлээрээ уулздаг. Би дөрвөн ач охинтой. Хамгийн бага нь нэг ойтой. Том нь 25 хүрсэн. Бүгд өвөөтэйгээ уулзах дуртай. 

-Оюунгэрэл сайд эмээ болсон юм байна? 

-Тийм. Албан ёсоор бол эмээ болсон. Гэхдээ тэд Оюунаа гэж дуудах дуртай. Тэдэнд их таалагддаг. Оюунаа хүүхдэд их хайртай. Гэр бүлээрээ цуглахаараа тоглоод сайхан байдаг. Оюунаагийн ах Дорж  бас тэнд байдаг. 

-Оюунгэрэл сайдын аав та хоёр хэр сайн харилцаатай байсан бэ?

 -Тэр өнгөрсөн жилийн 10 дугаар сард бурхан болсон. Наян нас хүрсэн байсан. Биднийг гэрлэх тухай Оюунаа хэлэхэд тэр “Охин маань сонгосон бол зөв хүн байгаа. Гэрлээ” гэж хэлсэн. Би түүнтэй ярилцахад сэтгэл дүүрэн байдаг байсан. Аав нь Оюунааг парламентын гишүүн болоход өөрөө гишүүн болсон шиг баярлаж байсан. Ногоон нүдэн ламыг хэвлэгдсэний дараа гэр бүлээрээ цугласан. Тэр баярласандаа уйлж байсан. Би үнэхээр баярлаж байгаа. Бас Оюунаагийн аав нь охиноо УИХ-ын гишүүн болохыг нь харсан, сайд болохыг нь харсан.

 -Монголчууд эхнэрийнхээ аавыг аав гэж дууддаг. Америк хүмүүсийн хувьд өөр байдаг, нэрээр нь дууддаг. Та хадам аавыгаа хэн гэж дууддаг байсан бэ?

 -Надад энэ тухай хэн ч хэлээгүй. Тэр ч надад хэлээгүй.  Би түүний төрсөн хүү биш учраас аав гэж дууддаггүй байсан. Түүнийг Цэдэвдамба Лувсан гэдэг. Таныг хэн гэж дуудах вэ?  Дамба , Ок?, би Жефф гээд дууддаг байсан. Тэр ингэж дуудахад дуртай байсан. Аав нь Оюунгэрэлийн гаргасан шийдвэрийг үргэлж дэмждэг. Оюунаад хайртай бол надад  хангалттай гэдэг.  Бусад хүмүүсийн хооронд гардаг бэрхшээл бидний дунд огт байгаагүй.

 - Та түүнтэй ганц нэг хундага  уудаг байв уу? 

-Заримдаа. Ерөнхийлөгч эхний жилдээ архи биш сүү өргөе гэсэн компанит ажил эхлүүлсэн. Цагаан сар гурав түүнээс олон хоног үргэлжилдэг байсан бол архи биш сүү өргөж тэмдэглэж байхад хугацаа арай богино болсон байх. Тэр гурван өдөрт би бараг бүтэн жил уух архиныхаа 80 хувийг уудаг. Ууж болно, гэхдээ би архи уудаггүй. Намайг бага 4-5 настай байхад өвөө бие нь өвдөөд аав эмнэлэгт хүргэсэн. Юу болсон бэ гэж асуухад архи ууснаас болоод элэг гэмтэж өвчилсөн гэж эмч хэлсэн. Тэр үед архи өвөөг минь алсан гэсэн хүүхдийн бодол надад суусан. Тэр үед архи уухгүй гэж би шийдсэн. Би том болоод харьцангуй өөрчлөгдсөн. Яагаад гэвэл Калифорни бол дарсны үйлдвэрлэл ихтэй.  Оройд хоолон дээр  ганц хундага дарс уух бол байдаг.

 -Монгол Улсын сонгуулийн тухай хуулиар УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид гадаад хүнээс сурталчилгааны зардалд хандив авах хориотой байдаг. Таны хувьд эхнэрээ сонгуульд оролцоход хэр дэмжсэн бэ? 

-Би сонгуульд оролцоход мөнгө өгөөгүй. Тэр сонгуульд хэрэгцээтэй мөнгөө өөрөө босгосон. Тэр бусад хүмүүс шиг их баян мөнгөтэй хүн биш. Түүний хувьд хүндрэлтэй байсан. Тэр бичсэн номуудаасаа мөнгө олж байсан. “Ногоон нүдэн лам” номыг бид хамтран бичсэн боловч энд Монголд зарагдсан номын мөнгө бол чиний мөнгө, хэрэв гадаад өөр улсад борлуулагдвал тавь тавин хувиар орлогоо хуваана гэсэн. Нөгөө талаар энэ зүгээр тоглож хэлсэн үг. Чинээлэг биш хүмүүст  бол хэцүү л дээ. Харин Америкт намууд нь нэр дэвшигчдээ тусалж дэмждэг. Нам мөнгөө босгоно. Иргэд дэмжиж байгаа нэр дэвшигчдээ сурталчилгааны  мөнгө өгч болно. Өмнөх сонгуулиар бол нэр дэвшигчид надад саналаа өгөөрэй гээд сонгогчид мөнгө өгдөг байсан. Энэ бол хууль бус

-Та эхнэрийнхээ ямар зан чанарт нь илүү дуртай вэ?

 -Тэр юунаас ч айдаггүй, зоригтой тэр занд нь дуртай даа. Хэдэн жилийн өмнө нэг ядуу гэр бүлийн охин нь алга болсон. Түүнийг хулгайлсан болох нь удахгүй мэдэгдсэн л дээ. Макао руу бэлгийн мөлжлөг хийх зорилгоор авч явсан байсан. Тэр оргоод хүний наймааны золиос болсон гэдгээ олон нийтэд зарлахыг хүссэн. Цагдаагийнхан биеэ үнэлэгч гээд итгэхгүй байсан. Тэр дөнгөж арван зургаан настай, яаж биеэ үнэлэгч байх юм бэ. Харин тэр охин их маш хатуу байсан. Оюунаа тэр охинд туслахыг  хичээсэн. Эцэст нь тусгайгийн ажилтнууд тэдгээр хүмүүсийг барьсан. Бяцхан охидыг хятадад аваачиж хүчээр  биеийг нь үнэлүүлдэг бүлэг байсан. Ийм хэрэг Гонконг Сингапур хаа сайгүй гарч байна. Охидыг ийм байдлаас сэрэмжлүүлж анхааруулах хэрэгтэй. Оюунаа ерөөсөө айдаггүй. Хэрэв ямар нэг зүйл буруу байх юм бол заавал хэлдэг. Тэр мэдээж эелдэг, ухаантай, үзэсгэлэнтэй, бүтээлч олон сайн тал байгаа. Тийм болохоор эхнэрээ хайрлаж хүндэлдэг, хамт амьдардаг. 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зочин
4 жилийн өмнө
202.9.40.108
Монголчуудыг Агваан хүү шиг өөрийнхөө тагнуулын сүлжээнд нэгдээ гээд байгаа юмуу
Төстэй мэдээ