alim.mn | 2025.01.09
Дэлхийн хамгийн өндөр хосын гэрлэлтийн гунигт түүх ...

Манай дэлхий дээр амьдарч байсан, амьдарч байгаа болон цаашид амьдрах хүмүүсийн 95 хувь нь 150-185 см өндөр байсан, байгаа бас байх ч болно гэсэн судалгаа байдаг. Харин олонхиос хамаагүй өндөр буюу хоёр метрээс дээш хүмүүсийн хувьд хайр сэтгэлтэйгээ учрах, гэр бүл зохиох, үр хүүхэдтэй болох нь маш хүнд байдаг гэнэ. Тэдний хоёр нь болох 19-р зууны эцсээр амьдарч байсан 242 см өндөр Мартин ван Бюрен Бейтс болон 243 см өндөр Анна Хейнинг Свон нарын гэрлэлт тун гунигтайгаар төгссөн.

                                                                                Аварга охин

Анна нь гэрийнхээ гуравдахь охин байжээ.  Ээж нь төрөхийн хүндрэлээр бараг л амиа алдах шахсан гэдэг. Эцэг эх хоёр нь дундаж өндөртэй атал энэ охин бараг долоон кг жинтэй төржээ. Дөрвөн настайдаа 137 см, зургаан насандаа ээжтэйгээ нуруугаараа энэ зэрэгцэв. 11 насандаа 188 см өндөр 90кг жинтэй байжээ. 15 насандаа хоёр метрийн заагийг давав. Гэсэн ч өссөөр 20 насандаа 243 см хүрчээ.

                                                                                Циркийн тайзнаа ...

Анна боловсролтой эмэгтэй байлаа. Сурах мэдэх дуртай, утга зохиол хөгжим сонирхдог.  Түүнийг 16 настайд нь ах дүү Барнумын циркийг үндэслэгч Тейлор Барнум олж харжээ. Ингээд охиныг циркдээ урьж, 1862 онд Анна Нью-Йоркод иржээ. Тэрээр сарын 50 долларын цалинтайгаар циркэд ажиллаж тоглохын хажуугаар үргэлжүүлэн сурав. Тоглолтынхаа зай завсараар фортепиана хөгжим сурч, дууны болон жүжиглэх урлагийн хичээл заалгаж байв. Бүр нэгэнтээ “Леди  Макбет” жүжгийн голд дүрд тоглосон гэдэг. Циркийн тоглолтондоо дуртай, сэтгэлээсээ ханддаг, үзэгчидтэй сайн харьцдаг, өөртөө татаж чаддаг байжээ. Аннагийн нэг үзүүлбэр нь бэлхүүсний хэмжээгээ үзэгч эмэгтэйгээр хэмжүүлэх байв.  Хэмжилтээр түүний бэлхүүс, тааз нь дундаж өндөр, биетэй эмэгтэйнхээсээ даруй гурав дахин өргөн гарч үзэгчдийг дуу алдуулдаг. Циркийн тоглолтод  аварга бие нь огт саад болдоггүй ч гэсэн аюул тохиолдоход амийг нь авч магадгүйг 1865 оны 6-р сарын 3-нд циркийн байранд гарсан түймэр харуулжээ. Бүх хаалга, гарц, шат агшин зуур галд автагдсан тул жүжигчид цонхоор үсэрч эхэлсэн. Харин Анна багтах цонх нэг ч байгаагүй тул гал дүрэлзсэн байшинд ганцаар хоцорчээ. Азаар байшингийн хажууд барилгад ашигладаг том кран байсныг авчираад гурван давхрын ханыг маш хурдан ннүхэлж гарц гаргасан. Ингээд Аннаг дүүжлүүрээр буулгасан агаад олсны нөгөө  талаас  18 булиа эр арайхийн татаж тогтоож байж газарт буулгасан. Энэ аймшигт явдлын дараа цочролд орсон бүсгүй циркээс гарч нутаг буцжээ. Гэсэн ч удалгүй буцан ирж аялан тоглолтоор явахдаа хайр сэтгэлтэйгээ учирсан.

                                                                             Кентуккийн аварга биет

Мартин ван Бюрен Бейтс нь ирээдүйн эхнэрээсээ ялгаатай нь бусад хүүхдүүдийн адил жин өндөртэй төржээ. Харин 10 наснаасаа гэнэт хурдацтай өсөж эхэлсэн. Кентукки мужийн хүү 14 насандаа 210 см, 140 кг жинтэй болов. Өдгөө зарим судлаачид түүний өндрийг 235 см байсан гэж баталдаг агаад Аннагаас намхан болохгүйн тулд өндрөө бага зэрэг нэмсэн гэдэг.  Мартин нь багшилж байгаад цэрэгт татагджээ. Армид “тавин хүнтэй тэнцэх чадалтай” хэмээн гайхагдаж түрүүч цол хүртэв. Иргэний дайнд дайтаж явжээ. Дайны дараа багшийн ажлаа орхиж аварга биеэрээ хоолоо олж идэхээр шийдэн нүүдлийн циркэд оржээ.

                                                                            Циркийн манеж дэх дурлал

Үнэндээ Аннагийн менежер л тэр хоёрыг учруулжээ. Менежер нь Кентуккийн аварга биетийн тоглолтыг хараад бөөн баяр болж бүсгүй дээр гүйн ирж дуулгав. Гэхдээ өөрт нь таарах өндөртэй нөхөр болох хүнийг оллоо гэсэнгүй. Харин хамтарч тоглох жүжигчинтэй нь таарлаа гэжээ. Ингээд хоёр аварга биетнээ хамтарч тоглуулахаар хоёр циркийн менежерүүд уулзжээ. Энэ уулзалтанд ирсэн Анна, Мартин нар нь анхны харцаар бие биендээ дурлажээ. Хамтын тоглолт нь нэрд гарахын хэрээр хайр сэтгэл нь ч улам дүрэлзэж 1871 оны 7-р сарын 17-нд Англид гэрлэж Лондонгийн Гэгээн Мартины сүмд гэрлэлтээ батлуулсан. Менежер нь Лондонгийн хамгийн өндөр ламтанг хайсаар байж олж авчирсан нь 191 см байв. Гэсэн ч ламтан Америкийн аварга биет хосын дэргэд хүүхэд шиг жижигхэн харагдаж байлаа. Ер бусын гэрлэлт Лондонг шуугиулсан. Английн хатан хаан Виктория хуриманд өөрийн биеэр залран ирж сүйт бүсгүйд очир эрдэнийн шигтгээт бөгж, хархүүд алтан цаг бэлэглэжээ.  Англид нижгэр хуурим хийсний дараа нутагтаа буцаж ирсэн. Хоёр жилийн дараа өөрсдийн гэх газартай болж өөрсөддөө таарсан аварга байшин бариулав. Гол хаалга нь 4,3 м өндөр, 2,6 м өргөнтэй. Сандал ширээ, ор хувцасны шүүгээгээ хэмжээндээ тааруулан захиалсан. Зөвхөн зочдын өрөөгөө л дундаж өндөртэй  хүмүүсд зориулан авсаархан хийлгэж тохижуулжээ.  

                                                                              Дараалсан золгүй явдал

Аварга хос 17 жилийн турш гэр бүлийн сайхан амьдралд умбажээ. Тэд хүүхэдтэй болох эсэх нь тухайн үеийн Америкийн олон нийтийн маш их хүсэн хүлээсэн мэдээллийн нэг байв. Гарах хүүхдийг нь нэг бол жирийн эсвэл эцэг, эх шигээ аварга биетэн байна хэмээн цэц булаацалдаж байсан. 1871 онд Анна жирэмсэлсэн нь энэ шуугианыг улам ч дэвэргэв. Дараа жилийн 5-р сарын 19-нд нярайлж 8,2 кг жинтэй, 68,6 см өндөртэй охин төрүүлсэн. Гэтэл аймшигт золгүй явдал болж охин амьгүй төржээ.  Он жил өнгөрч уй гашуу бараг мартагдсаны дараа аварга хос ахин хүүхэдтэй болохоор шийджээ. 1878 оны зуны аялан тоглолтын үеэр Анна хүүхэд олж жилийн дараа төрсөн. Энэ төрөлт 36 цг үргэлжилж өвдөж зовсоныг нь зүйрлэн хэлэх аргагүй гэдэг. Эх баригчидийн бүхэл бүтэн баг ажилласан. Нярайн толгойг хавчуураар татаж гаргах гэсэн ч дэндүү том байсанд гуран эмч нэгдэн хүзүүнийг нь марлиар ороогоод татаж гаргажээ. Бас л аварга хүүхэд төрсөн. Хүү 76 см урт, 10,5 кг жинтэй, зөвхөн тавхай нь гэхэд 152 мм урт байжээ. Харамсалтай нь хүү төрөөд 11 цагийн дараа амьсгал хураасан. Тэрээр хамгийн том нярай гэдгээрээ өдгөө Гиннесийн номны тэргүүн байранд бичигдсэн хэвээрэ байна.  Хоёрдахь хүүхэд нь бүтээгүй, дээр нь Анна амиа алдах шахсан тул аварга хос ахиж хүүхдийн тухай ярихаа байжээ.

                                                                            Ферм дэх нам гүмхэн амьдрал

Хоёр ч хүүхдээ алдсаны дараа тэд циркдээ бүх анхаарлаа тавьсан. Гэсэн ч аялан тоглолтоос залхаж гэрээгээ цуцлаад эдлэндээ ирж фермийн аж ахуй оролдох болов. Ерөнхийдөө хүмүүсээс зай барьж,нам гүмхэн амьдарсан. Өөрсөдөд нь зориулан аварга сандал хийсэн сүмд сардаа нэг удаа ирдэг. 1888 онд Анна 42 насандаа сүрьеэ өвчнөөр нас баржээ. Нөхөр нь эхнэрийнхээ нурууны хэмжээгээр авс захиалахад буяны компанийхан итгэж чадалгүйгээр жирийн хэмжээтэй хийж явуулсан гэдэг. Бухимдсан Мартин өөрийн биеэр очин алдааг залруулаад харж байж авс хийлгэжээ. Үүнээс болж оршуулга гурав хоногоор хойшилсон. Удалгүй Мартин ахин гэрлэсэн. Хоёрдахь эхнэр нь жирийн өндөртэй эмэгтэй байсан. Тэд хүүтэй болоогүй. Кентуккийн аварга биет нь аварга биетэй хүмүүсд баймгүй урт насалж 82 насандаа 1919 онд бурхан болжээ.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ
Close menu