Мао Цзэдун-ы "үзэл санааг тайлбарлагч", ХКН-ын ТХ-ны улс төрийн товчооны гишүүн, БНХАУ-ын Батлан хамгаалах яамны сайд, маршал Пэн Дэхуай хувьсгалын эсэргүү, урван тэрслэгч нэр зүүн хятадын хатуу чанга дэглэмтэй шоронд насаараа хоригдох ял эдлээд сууж байхад түүний дараа Батлан хамгаалах яамны сайдаар томилогдсон маршал Линь Бяо-гийн үхэлтэй холбоотой, хожим нь дэлхийн сонин хэвлэл, сэтгүүлчдийн чухам л "шарыг нь хөдөлгөсөөр байх" тавилантай учир битүүлэг үйл явдал Монгол улсын газар нутаг Хэнтий аймгийн Өндөрхааны талд болсон юм.
Учир нь үл тайлагдах "Өндөрхааны хэрэг". Би энэхүү тэмдэглэлдээ нууц нь тайлагдаагүй бөгөөд учир утгаа одоо ч алдаагүй байгаа нэгэн үйл явдлын тухай өгүүлэхийг хүсч байна. Хүний амьдрал гэдэг он цагийн тохуурхал мэт. Нэгэн цагт Мао Цзэдун-ы албан ёсны “залгамжлагч" хэмээгдэж асан маршал Линь Бяо хаана амь үрэгдэж, хаана ясаа тавьсан нь одоо хүртэл тодорхойгүй байна. Линь Бяо-гийн сүнс, хүсэл бодол хаагуур тэнэж явна вэ?
Энэ оны V сард Ройтер агентлагийн сурвалжлагч Петер Ханнам надад хандаж, Линь Бяо-гийн үхлийн тухай кино зураг Монголд байдаг тухай бас тэр киног олж үзэх хүсэлтэй явдагаа ярьсан юм. Бид энэ киног олж үзэхээх хөөцөлдсөн боловч ёстой л "санаа байвч сачий хүрэхгүй" гэдгийн үлгэр болж төгссөн. Дараа нь Японы Эн Эйч Кей (NНК) киног худалдаж авах хүсэлтээ манай улсын Гадаад явдлын яаманд тавьсан боловч "улсын нууц" 5-6 жилдээ задруулахгүй гэсэн хариу өгөөд буцаажээ. Миний хувьд киноны хойноос багагүй хөөцөлдөж нөлөө бүхий олон хүнтэй уулзсан боловч Гадаад явдлын яам, Монгол киноны архивт байхгүй байна гэсэн хариу авсан билээ. Ингээд Линь Бяо-гийн үхлийн тухай үнэнийг өгүүлэх "цорын ганц баримтат кино" мөн л Линь Бяо-гийн хувь тавиланг давтах нь тэр. Чухам эндээс л та бүхэндээ өгүүлэх түүх эхэлж байна.
...1971 оны 9 дүгээр сарын 12. Бээжингээс холгүй зүүн урагш орших тэр үед Хятадын "томчуудын" зуслан байсан Чин хуан До арлаас нэгэн онгоц хойд зүгийг чиглэн хөөрч шөнийн харанхуйг зусэн оджээ. Онгоц Өвөр Монголын Авга хошууны Баянтух сумын нутаг Хан уулын орчмоор Монгол улсын хилийг нэвтэрч ниссээр 1971 оны IX сарын 13-ны шөнө 02 цагийн орчим тодорхойгүй шалтгаанаар Хэнтий аймгийн Өндөрхааны тал Суварга хэмээх тэгш газар осолджээ. Энэ онгоцны тухай Хятадын тал мэдэж байсан эсэх нь тодорхойгүй. Сүйрсэн онгоц “Трайдэнт” №256. Ослын газар Монголын талаас урьдчилсан үзлэг хийхэд танигдахын аргагүй болтлоо түлэгдсэн есөн хүний цогцос олдсон байна. Маргааш өдрийн өглөө нь БНХАУ-ын Элчин сайд Сүй Вэн-ийг манай Гадаад явдлын яамнаа ирүүлж Монголын газар нутагт хятадын онгоц сүйрсэн тухай мэдэгджээ. Элчин Сүй Вэнь Монголын талд чирэгдэл учруулж байгаадаа өршөөл хүсч энэ өдөртөө багтан хэргийн газар очих зөвшөөрөл авсан байна. Тэр оройдоо Хятадын элчингийн хариуцлагатай ажилтнууд болон манай улсын шинжээчид Хэнтий рүү нисэх ёстой байсан боловч Элчин Сүй Взнь Бээжингээс заавар авсан уу? Эсвэл манай тал арга зохиосон уу? Ямар ч байсан тэд 14-нд ослын газар очиж чадсангүй. Харин энэ өдрийн орой Зөвлөлтийн цэргийн шинжээчид хэргийн газар очиж үзлэг хийн "Трайдент" онгоцны нэг хөдөлгүүрийг нисдэг тэргэнд ачаад авч явсан тухай сэтгуулч-эмч Г.Зуунай гуай “Ил Товчоо” сонинд хэвлүүлсэн дурсамжиндаа бичсэн байна..
Хятадын элчин сайдын яамны хүмүүс болон Монголын шинжээчид IX сарын 15-нд үдээс хойш Хэнтий рүү нисч гурван цагийн дараа ослын газар очжээ. Монголын шинжээчдийн бүрэлдэхүүнд ГЯЯ-ны консулын хэсгийн дарга байсан Готов, орчуулагч Гүрсэд, хурандаа Санжаа, шинжээч эмч Зуунай, хурандаа Дамдин, нисэгч Ёндон, кино оператор Балжинням нар оролцжээ. Хятадын элчин сайд Сүй болон манай мэргэжлийн шинжээчид ослын газар ирж танилцаад протокол хөтөлж, ослын үеэр ихэд шатаж дараа нь бүтэн хоёр өдрийн наранд хөөж бээн танигдахын аргагүй болсон 9 хүний цогцсыг цуглуулж дугаарлан тэнд нь оршуулсан байна. Энэ үед тэдгээр 9 хүний цогцсыг Сүй Вэнь ч, манай шинжээчид ч таньж чадаагүй бөгөөд сонирхолтой нь онгоцны сэгэн дотроос 1 эмэгтэй, 8 эрэгтэй хүний гэрэл зураг олджээ...
"1971 оны IX сарын 13-нд маршал Линь Бяо нам эх орноосоо урван хань хамсаатнуудынхаа хамт яаравчлан зугтан гарсан боловч сууж явсан онгоц нь Өндөрхааны уулыг мөргөн сүйрчээ"
(1971 оны IX сарын 20-ны орчим ХКН-ын ТХ-ноос намын гишүүддээ зориулан тараасан тусгай албан мэдэгдэл).
"1971 оны IX сарын 1З-ны шөнө 2 цагийн орчим БНМАУ-ын нутаг дэвсгэр Өндөрхааны талд маршал Линь бяо-гийн сууж явсан “Трайдент” 256 дугаартай онгоц сүйрчээ. Онгоцонд сууж явсан Линь Бяо болон түүний эхнэр Е Цюнь болон нийт есөн хүн ослын үеэр амь үрэгдсэн байна".
(Монголын албан ёсны мэдээ. 1971 оны IX сарын 30).
Энэ бол Өндөрхаанд осол болсноос хойш бараг хагас сарын дараа тараасан "албан мэдээнүүд". Энэ үеэс эхлэн "Өндөрхааны хэрэгт" Линь Бяо-гийн нэр холбогдож эхзлсэн бөгөөд аль есдүгээр сарын 15-нд Монголын талд хөдөөлүүлсэн танигдахын аргагүй 9 цогцосноос хэн, хэзээ, хэрхэн Линь Бяо-г таньсан нь сонин. Хятадын талаас тараасан албан мэдээнд Өндөрхааны талыг Өндөрхааны уул хэмээн бичсэн байдаг.
Тэр үед Хятадын жирийн иргэд Линь Бяо-гийн тухай юу ч мэдээгүй байжээ. Харин нисэх онгоц маш доогуур нисч өнгөрөхөд хэвтсэн хонь үргэн хуйларсан хэмээн ярьсан өвөр монгол малчин, онгоцыг мэдэлгүй хил давуулсан хятадын Хан уулын заставынхан, хожим нь Өндөрхаан чинь уул биш тал гэж ярьсан хүмүүс бүгд "үлсын нууц задруулсан" хаяг зүүн хувь заяа нь шийдэгджээ. Чухам энэ үеэс Линь Бяо эх орноосоо урван гадаадад зугтааж яваад Монголын талд осолдсоныг батлах "кампанит" ажлыг ХКН-ын зүгээс эрчимтэй хийж эхэлсэн байна. 1973 оны VIII сарын 24-28-нд хуралдсан ХКН-ын X их хурлын хэлэлцсэн гол асуудал "Линь Бяо-гийн хэрэг" байлаа. Хуралд тэр үед Хятадын ерөнхий сайд байсан Жоу Эньлай-н тавьсан улс төрийн илтгэлд "Линь Бяо пролетарийн диктатурын хувьсгалыг- үргэлжлүүлэхийг эсэргүүцсэн, ХКН-ын IX хурлын дараах зорилт бол үйлдвэрийг хөгжүүлэх явдал хэмзэн төөрөлдсөн, 1970 оны VIII сард ХКН-ын ТХ-ны 9 дэх удаагийн сонгуулийн II бүгд хурал дээр эсэргүү хэрэг сэдсэн, 1971 оны III сард "571 дүгээр төсөл" хэмээх хувьсгалын эсэргүү бослогын төлөвлөгөө зохиосон, 1971 оны IX сарын 8-нд хувьсгалын эсэргүү хэрэг өдүүлж аугаа их удирдагч Маогийн амь насыг хороохыг завдаж өөр төв хороо байгуулахыг оролдсон..." хэмээн тодорхойлжээ.
Сонин юм шүү, "Соёлын хувьсгал" эхэлж байхад Мао-гийн суртал нэвтрүүлэг "Линь Бяо бол Мао дарга, Мао Цзэдун-ы үзэл санаанд хамгийн үнэнч хүн", "Линь Бяо бол Мао Цзэдун-ы албан ёсны залгамжлагч" хэмээн зогсоо зайгүй сурталчилж, 1969 онд хуралдсан ХКН-ын IX их хурлаас "Линь Бяо бол Мао Цзэдун-ы залгамжлагч мөн" гэсэн нэмэлтийг ХКН-ын дүрэмд хуульчлан оруулж байсан юм.
Мао Цзэдун, Линь Бяо хоёрын харилцааг судлахад Мао 1933 оноос Линь Бяо-г ХАЧА-ийн нэгдүгээр фронтын командлагч байх үеэс нь өөрийн талд дотночлон татахыг хичээж байсан нь харагддаг. Харамсалтай нь тэр хоёр ямагт зөрчилддөг байлаа. Эл зөрчил 1959 онд Лушань-ий бүгд хурал дээр Пэн Дэхуай-г батлан хамгаалах яамны сайдын тушаалаас огцруулж Линь Бяо-г уг тушаалд томилсноос хойш улам хурцаджээ. Улмаар ХКН-ын IX их хуралд хэлэлцэх улс төрийн илтгэлийг бэлтгэх үеэр Мао Цзэдун, Линь Бяо хоёрын хооронд хамгийн ноцтой зөрчил үүсчээ. Энэ үед Мао Цзэдун "соёлын хувьсгал"-ын үргэлжлүүлэхийг хүсч байсан бол Линь Бяо зогсоохыг шаардаж байжээ.
Магадгүй Линь Бяо-гийн энэ алхам Мао Цзэдун-ы зүгээс 1962 онд эхлүүлсэн "ревизионистуудын эсрэг" тэмцлийн аймшигт "галд шидүүлэх" учир шалтгаан болсон байж болох юм. Тэр галд 1940-өөд оноос Мао-гийн итгэлийг хүлээж шадар нөхед нь болсон Лю Шаоци,Чэнь Бода, Пэн Дэхуай, Линь Бяо нар 50, 60, 70-аад оны үед ар араасаа- "шидүүлсэн" юм.
1971 оны II сарын 2-нд “Жэнминь Жибао" сонин "Линь Бяо болон Күнз-ийг шүүмжлэх тэмцлийг гүйцээе" өгүүлэл нийтлэв. Мао Цзэдун Линь бяо-г “дахин сэхэхгүй болтол" нь нам дарахыг хичээж байгаа юм шиг санагдаж байсан үе...
1988 онд Хятадын "Дэлхийн мэдлэг" сэтгүүлд Монголд элчин сайд байсан мөнөөх Сүй Вэн-ий бичсэн "Надад өгсөн онцгой даалгавар" дурсамж өгүүлэл нийтлэгдсэн юм. Сүй Вэнь дурсамжиндаа Өндөрхааны талаас олдсон 9 цогцосны тав дахь нь Линь Бяо байсан гэзд бусад найман цогцсыг нэг бүрчлэн тодорхойлон бичжээ. Үүнд Линь Бяогийн эхнэр Е Цинь, хүү Линь Лигуэ, Батлан хамгаалах яамны орлогч сайд, жанжин штабын дарга Хуан Юншэн, АЦХ-ний командлагч У Фасянь, ТЦХ-ний улс төрийн комиссар Ли Зопэн, ХАЧА-ийн арын албаны дарга Цю Хуэйзо гэж тогтоосон байна. Энд нэг асуулт гарна. 16 жилийн дараа Сүй Вэнь яагаад ийнхүү дур мэдэн тогтоох болов оо? Түүний чихэнд ямар "чөтгөр" нь энэ бол Линь Бяо гэж шивнэсэн юм бол?
1971 оны IX сарын 15-нд Сүй Вэнь "Трайдент"-ыг цэргийн онгоц байсаар атал "манай иргэний агаарын тээврийн онгоц үл мэдэгдэх шалтгаанаао осолдсон байна" гэхзэс өөр юу ч хэлж мэдэхгүй зогсож байсан хүн шүү дээ.
“Өндөрхааны хэрэг" явдлын дараа гзнэт алга болсон ХКН-ьн үлс гөрийн товчооны гишүүн асан Ли Сюэфэн, ХКН-ын ТХ-ын улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн байсан Чэнь Бода нарыг Линь Бяо-той хамт үрэгдсэн гэж Ван Мин "ХКН хагас зуун жил" дурсамж номынхоо 233 дугаар талд бичсэн. Гэтэл Чэнь Бода 1989 онд өөд болсон. Тэгвэл эрхэм Сүй Вэнь 9 цогцсыг үнэн зөв таньсан гэдэгт итгэж болох уу?
Линь Бяо-гийн өмнө батлан хамгаалах яамны сайд байсан Пэн Дэхуай-г олон хүн шоронд хоригдож байгаа хэмээн бодож байлаа. Гэтэл Пэн Дэхуай-г 1974 оны XI сарын 29-нд нас барж цогцсыг нь чандарлан бумбанд хийж 327 гэж дугаарлаад нууцаар Сычуань-д авчирч овог нэрийг нь солиод "Ван Чуань" нэрээр оршуулсныг нь хожим олж тогтоосон, Магадгүй Линь Бяо ч гэсэн өөр хэн нэгний овог нэрийг зээлдээд Хятадын хаа нэгтээ мөнх нойрсож байж болох шүү дээ.
1990 онд Английн 'Файнэншл таймс" ("Financial Times") сонин "Өндөрхааны талд сүйрсэн хятадын онгоцонд Линь Бяо байгаагүй" гэсэн шуугианыг дэгдээв. Сонинд ярилцлага өгсөн Д.Нямбаяр (тэр үед Монголын ардын армийн улс төрийн удирдагч хурандаа байсан хүн гэж бичжээ) "Осол гарах үед Линь Бяо Хятадад байсан юм. Хятадын хариуцлагатай албаны хүмүүс ослын газар очиж үзсэн. Линь Бяо-г онгоцонд байсан гэх ямар ч ул мөр байгаагүй. Магадгүй Хятадын талд Линь Бяо-г онгоцны бүхээгт байсан гэж батлах ямар нэг шалтгаан байсан биз" гэжээ.
Бас нэг яриа байдаг. Линь Бяо 1969 оноос Бээжинд амьдарч байгаа тухай мэдээг хятадын ард түмэн зөвхөн хэвлэл мэдээллээс л олж үзэж байжээ. Гэтэл тэдний "маршал" 1969-1971 оны хооронд хатуу харуул хамгаалалттай Чин Хуан До арал дээр амьдарч байсан нь хожим илэрсэн юм.
Тэмдэглэл минь дуусч байна. Би яаран дүгнэлт хийхийг хүссэнгүй. Магадгүй хэзээ нэгэн цагт бид "Өндөрхааны хэрэг" явдлын тухай жинхэнэ үнэнийг олж мэдэх бизээ. Эцэст нь тэмдэглэхэд "Ил товчоо" сонины 1991 оны X сарын 11- 20-ны дугаарт Анагаах ухааны дэд эрдэмтэн сэтгүүлч Г.Зуунай гуайн бичсэн "Онгоцонд хэн байсан бэ?" өгүүлэлд "есөн хүний насыг тогтоохоор гадна үзлэг хийж, биеийн ерөнхий байдал, мах булчингийн тулэгдээгүй хэсэг... зэргийг харьцуулан үзээд 50 гарсан настай. хүн яавч алга гэсэн дүгнэлттэй буцсан билээ" хэмээн бичсэнийг дүгнэлт болгон хавчуулъя. Линь Бяо тэгзхэд 64 настай байлаа...
Дагвасамбуугийн Алтангэрэл.
"Алтан Босго" сонин. 1993 оны 8 дугаар сарын 26.