“Үндэсний Үсэглэлийн Аварга-2021” нэвтрүүлгийн анхны дугаар өчигдөр "Боловсрол" телевизээр гарч монгол хэлний зөв бичгийн дүрмийн асуудал эргэн сөхөгдөв. “Монгол хэлний дүрмийг өөрчилж, үгсийг зориудаар эвдэж байна” гэсэн олон нийтийн шүүмжлэл цахим орчинд тархаж байгаа энэ үед эрдэмтэн, судлаачид мэргэжлийн тайлбар өгч байна. Тухайлбал, цоморлог гэдэг үгийг 1983 онд хэвлэгдсэн “Монгол үсгийн дүрмийн тайлбар толь”-д ЦОМОРЛОГ гэдгээр нь бичиж нийтэлжээ. Ямар ч үгийг зөв бичих суурь нь үгийн язгуур, үндсийг зөв бичих явдал юм. 1983 оны Үсгийн дүрмийн тольд, 2018 оны Журамласан тольд ч ИДЭВХ гэж оруулсан бөгөөд дээрх үгийг жишээ болгон дүрмийн дагуу тайлбарлая.
Идэвх гэх үгэнд хоёр залгавар залгасан байна.
1. идэвх + ж = идэвхэж
Заримдаг гийгүүлэгч (х) -ээр төгссөн үгэнд дан гийгүүлэгч (-ж) -ээс бүтсэн залгавар залгахад эгшиг (э) жийрэглэдэг.
2. идэвхэж + жээ = идэвхэжжээ
Монгол хэлний зөв бичгийн дүрмүүд 1983 онд байснаараа одоо ч ашиглагдаж байгаа бөгөөд өөрчилж, сольсон зүйл байхгүй гэдгийг албаныхан хэлж байна.
Харин идэвхэж гэх заримдаг гийгүүлэгч (ж) -ээр төгссөн үйл үгэнд -жээ нөхцөлийг шууд залгаж бичдэг.