alim.mn | 2024.12.22
Оросоос орогнол хүссэн уйгарчуудад татгалзсан хариу өгсөөр байна

Швед сэтгүүлч Анна Лаурен Оросын нэгэн БНУ болох Татаарстанд нуугдаж байгаа хоёр уйгар ах дүүтэй уулзжээ. Шахризат болон Шандияр Шавкат нар нь Оросоос орогнол хүсэж байгаа анхны уйгар цагаачид юм. Тэд Хятадын Шинжиан-Уйгарын автономит районоос оюутан солилцоогоор Казаньд ирсэн анхны суралцагчид юм. Нийтдээ 250 уйгар оюутан ирсэн ч эргүүлэн дуудагдсаар одоо зургаахан үлдээд байна. Ах дүү хоёр швед сэтгүүлчтэй уулзахаас эхлээд татгалзжээ. Өмгөөлөгч Зухра Хамроевагийн хэлсэнээр гадны сэтгүүлчид ярилцлага өгсөнийг нь хятадууд мэдвэл өдгөө Шинжианд хоригдож байгаа эцэг эхийх нь байдал улам муудна гэж эмээсэн аж.

-Аав ээж чинь сурч байгаа-

Алга болсон эцэг эхийгээ сураглахад Хятадын засаг захиргаанаас өгсөн хариулт ганц энэ гэнэ. Ах дүү хоёр Шинжиан-Уйгарын автономит районы нийслэл Урумчигээс ирсэн. Эмээ нь Оросын татаар хүн байсан, татаар хэл мэддэг зэрэг нь өдгөө тэдэнд Казаньд түр ч гэсэн орогнох боломж өгчээ. 2014 онд оюутан солицоогоор орос, англи хэл сурахаар бусад уйгар залуусын хамт иржээ.  Харин эцэг эхээ баривчлагдсан гэдгийг 2018 онд мэдсэн аж. Аав нь уйгарын язгуур урлаг судлаач, ээж нь дүүргийн шүүгч хийдэг боловсолтой хүмүүс хэдий ч баригдсан.

-Эцэг эх маань яагаад баривчлагдсаныг мэдэхгүй. Гэхдээ уйгаруудыг барихад том шалтгаан хэрэггүй байдаг. Гар утсанд чинь гадаад хүмүүсийн утасны дугаар эсвэл зураг байхад л шууд баригдана-

Ах дүү хоёр одоо Хятадад буцах ямар ч бодолгүй болжээ. Тэд уйгарууд дундаас анх удаа Оросоос албан ёсоор орогнол хүссэн. Гэсэн ч Бээжинтэй бүхий л талаар хамтран ажилладаг эрх баригчид хүсэлтийг нь хангах эсэх нь найдвар муутай байна. Өнгөрсөн 6-р сард Оросын цагаачлалын алба татгазсан хариу өгсөн. Үүний дараа шүүхэд хандсан боловч 10-р сард ахин татгалзсан хариу авчээ. Одоо ах дүү хоёр өмгөөлөгчөөрөө дамжуулан Оросын Дээд шүүхэд хандаад байна. Хэрвээ татгалзвал Страссбург хотод дахь Европын Хүний эрхийн шүүхэд гомдол гаргахаар төлөвлөсөн ч хэзээ мөдгүй Хятад руу албадан гаргагдах аюул дор байгаа аж.  Орогнол хүсэх өргөдөл гаргасан даруйд нь сурч байсан их сургуулиас нь хасаж тэтгэлэгийг нь зогсоосон. Одоо бол бараг хууль бусаар оршин суугч болоод байгаа тухай өмгөөлөгч нь зовнин ярьжээ. 2000 оноос Хятадын эрх баригчид лалын шажинт үндэсний цөөнхөд тавих хяналтыг чангатгаж эхэлсэн. Уйгар хэл дээр сургалт явагддаг бүх сургуулиудыг хаасан. Үүнээс үүдэлтэй үндэстэн хоорондын мөргөлдөөн 2007 оноос эхлэн гарах болсон. Шинжианд зөвхөн уйгарчудыг төдийгүй казак, киргиз, дунгаануудыг нь мөрдөн мөшгиж хавчих болжээ.

-Бид хоёрыг хамгийн сүүлд Урумчид очиход гудамж бүр хятад цагдаа зогсож хүмүүсийн бичиг баримтыг шалгаж байсан. Гэхдээ хятадуудаа зүгээр явуулаад зөвхөн уйгаруудыг л алхам тутамд нь шалгадаг-

Олон улсын хүний эрхийн хорооноос гаргасан тайлангаар одоогийн байдлаар Хятадын эрх баригчдын олноор нь байгуулсан засан хүмүүжүүлэх лагерьт хоёр сая гаруй хүн хоригдож байгаа гэнэ.

 ”Alla uigurer som återvänder till Kina försvinner”


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ