alim.mn | 2024.12.24
КОРОНАВИРУС БА ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЭЛ ХҮЧИРХИЙЛЭГЧИЙГ ХЭРХЭН ТАНИХ ВЭ?
Гэр бүлийн хүчирхийлэл нь үеэс үед байсаар л ирсэн маш нарийн төвөгтэй асуудал бөгөөд түүний үр дагавар нь бүхэлдээ хувь хүмүүс болон нийгэмд ноцтой үр дагавар авчирдаг.
Энэ асуудлыг шийдвэрлэх нь юуны өмнө хүчирхийллийн мөн чанарыг гүнзгий ойлгохоос гадна гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүмүүст цаг тухайд нь тусламж дэмжлэг үзүүлэх арга хэлбэрийг тодорхойлох явдал. Бас мэдээж, төр засгаас нийгмийн бодлогын хүрээнд авч хэлэлцэх ёстой асуудлын нэгд зүй ёсоор орох ёстой зүйл.
Гэр бүлийн хүчирхийллийн нэг гол онцлог бол бие махбодийн, бэлгийн, сэтгэл зүйн, эдийн засгийн гэсэн олон төрлийн хүчирхийлэл олон удаагийн давтамжтайгаар үйлдэгддэгт оршдог.
“COVID-19” коронавирусын халдвартай тэмцэх чиглэлээр дэлхийн өнцөг булан бүрт улс орнууд хөл хорио, хязгаарлалтын арга хэмжээнүүд авч, халдварын тархалтаас урьдчилан сэргийлж байгаа хэдий ч энэ нь гэр бүлийн хүчирхийлэл үүсэх эрсдлийг нэмэгдүүлж байгаа талаар НҮБ-ын эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэлтэй тэмцэх байгууллагаас сануулсаар байна.
Цар тахлын тусгаарлалт, нийтийн хорио цээрийн дэглэм тогтоож зөвхөн гэртээ байхыг анхааруулах болсон. Тэгвэл олон тооны охид эмэгтэйчүүд, хүүхдүүдийн хувьд гэр орон нь айдас хүйдэстэй, хүчирхийлэл үйлдэх гол газар болж байгааг онцолж байгаа юм.
Тухайлбал, Хятадад хорио цээрийн дэглэм тогтоох үеэр гэр бүлийн хүчирхийлэлд өртөгсдийн тоо өнгөрсөн жилийн мөн үеийнхтэй харьцуулахад даруй 3 дахин өсчээ.
Хүчирхийлэлд өртөгсдийн дунд, битүү орчинд буюу дөрвөн ханын дунд хүчирхийлэгчтэй хамт байх нь аймшигт цар тахлаас ч “илүү аймшигтай” байдаг гэсэн яриа ч тархах болсон.
“Санхүү эдийн засгийн байдал муудаж, үл мэдэгдэх вирусаас үүдэлтэй айдас түгшүүр нь нь сэтгэл хөдлөлийн хурцадмал байдал, гэр бүлийн зөрчилдөөний түвшинг улам нэмэгдүүлдэг” – гэж мэргэжилтнүүд ярьж байгаа юм.
Хүчирхийллийн шинжтэй үйлдэл нь зөвхөн нэг хүнд чиглэсэн байсан ч гэр бүлийн бусад бүх гишүүд “хоёрдогч хохирогч” болдог аж. Учир нь, хүчирхийллийн “бай” болоогүй ч хүчирхийллийг харсан, мэдэрсэн хүмүүс шууд хүчирхийлэлд өртсөн хүмүүстэй нэгэн адил сэтгэл зүйн гүн цочролд ордог.
Тухайлбал, аав нь ээжийг нь дарамталж, зоддог айлд өссөн хүүхдийн сэтгэл зүй насанд хүрсэн хойно нь ч ой санамжаас нь арилдаггүй, “хар толбо” болон үлддэг.
Тиймээс, ихэнхи тохиолдолд гэр бүлийн хүчирхийлэл дунд өсч хүмүүжсэн хүүхдийн сэтгэцэд өөрчлөлт орж, улмаар цуврал алуурчин болох, хүний санаанд оромгүй харгислал үйлдэх гэх мэт гэмт хэрэгтэн болж буруу “төлөвшдөг” ажээ.
Гэр бүлийн хүчирхийлэл бол тахалтай адилхан. Учир нь, нийгмийн болон угсаатны тодорхой бүлгийн хохирогчид руу чиглэдэггүй бөгөөд хүн амын янз бүрийн хэсгийг хамардаг тул тахалтай зүйрлэж болно.
Гэр бүлийн хүчирхийлэлд бараг дөрвөн гэр бүл тутмын нэг нь өртдөг нийгмийн хөнөөлт үйл явц болжээ. Онц хүнд хүчирхийллийн гэмт хэргийн 40 гаруй хүртэлхи хувь нь гэр бүлийн орчинд үйлдэгддэг, харин санаатай аллагын гуравны хоёр хувь нь мөн л гэр бүлийн хүчирхийллээс үүдэлтэй гэсэн тооцоолол бий.
Гэр бүлийн хүчирхийллийн хохирогчид нь ихэвчлэн эмэгтэйчүүд, хүүхдүүд, өндөр настангууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд байдаг. НҮБ-ын Эмэгтэйчүүдийн Байгууллага болон Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын мэдээлснээр дэлхий дээр гурван эмэгтэй тутмын нэг нь ямар нэгэн байдлаар хүчирхийлэлд өртдөг гэжээ.
ХҮЧИРХИЙЛЭГЧИЙГ ХЭРХЭН ТАНИХ ВЭ?
Эрчүүдийн зан авир, бусдад хандах хандлагаар нь хүчирхийлэгч мөн эсэхийг таних боломжтой. Хэрэв таны нөхөр, найз залуу эсхүл танил чинь дор дурьдсан зан ааш, үйлдэл гаргаж байвал хүчирхийллийн шинж тэмдэг гэдгийг санаарай.
- Хэрэв таныг найз нөхөдтэйгөө эсхүл хамаатан садангуудтайгаа уулзахыг чинь хязгаарлахыг оролдож байвал;
- Хэрэв найз нөхөдтэйгөө, гэр бүлийнхэнтэйгээ утсаар ярих, мессеж бичих нь гэр бүлийнх нь харилцаанд сэв суулгаж байна гээд хяналт тавьж байвал;
- Хэрэв өнгөрсөнд гаргасан таны алдаа дутагдлыг дахин дахин сануулж, хардаж, сэрдэж байвал;
- Хэрэв таны хийх дургүй, таалагддаггүй зүйлийг чинь хийлгэхийг байнга гуйж эсхүл хүчээр тулгаж байвал;
- Хэрэв өөрийн хийсэн үйлдлийнхээ бурууг байнга бусдад тохоодог бол;
- Хэрэв хүүхэд болон ан амьтдад хэрцгий ханддаг бол;
- Хэрэв тантай бүдүүлэг, түрэмгий ханддаг бол;
- Хэрэв сэтгэл хөдлөлийн хувьд хувьсамтгай буюу уурлаж уцаарлахдаа амархан байвал;
- Хэрэв биеийн хүчирхийлэл үйлддэг бол (алгадах, зодох, үсдэх гэх мэт);
- Хэрэв таны хүсэл зоригийг үл харгалзан бэлгийн дур хүслээ хангаж байвал;
- Хэрэв хүүхдийг чинь өгөхгүй өөр дээрээ авна сүрдүүлдэг бол;
- Хэрэв салаад явбал чинь амиа хорлоно гэж айлган сүрдүүлдэг бол;
- Хэрэв хүүхэд ахуй цагтаа өөрөө гэр бүлийн хүчирхийллийн гэрч болж байсан, эсхүл өмнөх эхнэр/найз бүсгүйгээ дээрэлхэж, бүдүүлгээр харьцдаг байсан бол;
Хэрэв таны нөхөр, найз залуу, танилд чинь дээр дурьдсан эдгээр шинж тэмдгүүд илэрдэг бол ирээдүйн харилцаа чинь хүчирхийлэлд өртөх магадлал өндөр гэдгийг мэргэжилтнүүд сануулж байгаа юм.
 
Боловсруулсан О.Анар
11 дүгээр сарын 16

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ