alim.mn | 2024.12.25
Сая төгрөг тараасан ч сэтгэл нь ханахгүй халамжийнхан

Covid-19 цар тахлаас болж, ажил эрхлэх боломжгүй болсон иргэд Засгийн газраас хөдөлмөрлөх боломж олгохыг шаардаж ирсэн бол халамжаар амьдралаа залгуулагсад нь “Хүнсгүй өлбөрч үхлээ. Түлшгүй хөлдөж үхлээ” гэж дарамт үзүүлэх.

Уг нь дотоодод цар тахал дэгдэнгүүт хамгийн тэргүүнд төрийн тэтгэлэг хүртсэн нь халамжлуулагчид байв. Зөвхөн хөл хорионы хугацаанд энэ бүлгийнхэн рүү төрөөс “цацсан” тэтгэмжийг задалбал:

  • 13.8 мянган иргэнд 33.6 тэрбум төгрөгийг халамжийн сангаас,
  • 44.3 мянган өрхийн 242 мянган иргэнд 4.8 тэрбум төгрөгийн хүнсний талон,
  • Зорилтот бүлгийн 32.6 мянган өрхөд хүнсний дэмжлэг, 11.2 мянган өрхөд хүнсний бус дэмжлэг,
  • Нийслэлийн 10 мянган өрх тус бүрд хоёр сарын хэрэглээг нь хангах сайжруулсан түлш үнэгүй нийлүүлэв,
  • Гэр оронгүй 420 иргэнийг тусгай төвүүдэд байрлуулан, амьдруулж байна.

Мөн гэр хорооллын иргэдийг дулаан өвөлжүүлэхийн тулд сайжруулсан түлшний үнийг 50 хувиар хямдруулж, нэг шуудай нь 1750, нэг тонныг нь 75 мянган төгрөгөөр худалдан авч хэрэглэх боломж олгосон.

Дээрх арга хэмжээнээс өмнө Засгийн газар 0-18 насны хүүхэд бүрт сар бүр 100 мянган төгрөг,

Хүнсний хангамж зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүдэд олгодог хүнсний талоны мөнгөн дүнг хоёр дахин нэмэгдүүлж, насанд хүрсэн 122 мянган хүнд 32 мянга, 118.2 мянган хүүхдэд сар бүр 16 мянган төгрөгийн хүнсний талон олгох шийдвэр гаргаж, хэрэгжүүлж ирсэн.

Нийгмийн халамжийн сангаас сар бүр олгодог 188 мянган төгрөгийн тэтгэвэр, тэтгэмжийг 100 мянган төгрөгөөр нэмэгдүүлсэн юм.

Харамсалтай нь, халамжийнханд бэлнээр сая төгрөг олгосон ч сэтгэл нь ханахгүй гэдэг үнэн бололтой. Ерөнхийлөгч Х.Баттулгын өрх бүрт 1 сая төгрөгийн тэтгэмж олгох саналыг Засгийн газар хэрэгжүүлэх ёстой гээд давшилцгааж байна.

Зарим халамжлуулагч ам бүлийнхээ тоогоор хүнсний хангамжаа авсан ч нэг сар болоогүй байхад хэрэглээд дууссан гэж уурлах. Хөл хорионд орсноор ажлын байргүй болж, хэзээ ажилдаа орох эсэхээ мэдэхгүй сууж буй мянга мянган хөдөлмөр эрхлэгч энэ хугацаанд юугаараа хүнсээ залгуулж ирсэн нь тэдэнд огт хамаагүй аж. Зөвхөн өөрсдийг нь л төр тасралтгүй харж үзэж байх ёстой гэнэ.

Эрх барьж буй нам бүр сонгуульд зориулж, халамжийн бодлогыг тэлэн, хавтгайруулан хэрэгжүүлсний уршиг цар тахал дэгдэн, улсаараа хүнд байдалд орсон үед улам тодорч, төр нь эргээд халамжлуулагсдадаа барьж идүүлж мэдэх нөхцөл байдалд орж байна.

Улс бүр хөдөлмөрлөх чадваргүй иргэд, халамж зайлшгүй шаардлагатай хүүхэд, ахмад настанд төрийн халамж хүртээдэг.

Гэхдээ Монгол шиг хавтгайруулж хэрэгжүүлдэггүй. Жишээ татвал, Япон улс хөдөлмөр эрхлээгүй өрх бүлд хүнсний хангамж хүртээсэн бол гурван сараас дээш хугацаагаар олгохгүй. Энэхүү гурван сарын хугацаанд хөдөлмөр эрхлэх чадвартай иргэнд ажлын байр санал болгоно. Тухайн иргэн ажилд орвол өрх бүлээ тэжээгээд явна, харин ажлын байрыг нь хүлээн аваагүй бол гурван сар нь дуусахад хүнсний хангамж авах эрхгүй болно.

Харин Монголд эсрэгээрээ, ажил хөдөлмөр эрхлэх чадвартай ч танил тал, хамаатан саднаараа дамжуулаад, аль эсвэл авлига өгч байгаад групп тогтоолгоно, халамжийн мөнгө авна.

Эцэг, эхийнхээ тэтгэврийн мөнгөөр амьдралаа залгуулан, үр хүүхдүүдтэйгээ хамт тэжээлгэдэг залуу гэр бүл ч олон.

Зарим тохиолдолд халамж авдаг гэр бүл ажил эрхэлдэг хүнээс ч өндөр орлоготой амьдарч буй жишээ цөөнгүй бий. Ажил эрхэлдэг иргэн сарын 600 мянган төгрөгийн цалин авч, өрх гэрээ тэжээхээр зүтгэж байгаа бол зарим халамжлуулагч гэртээ зүгээрийг хийж суугаад, сарын 1.2 сая төгрөгийн орлоготой амьдарч байна.

Өөрөөр хэлбэл, халамжийг зорилтот бүлэгт хүргэх, хөдөлмөр эрхлэх боломжтой хэсгийг хариуцлагатай болгож, ажлын байраар хангах бодлого хэрэгжүүлэхгүй бол улсын эдийн засаг хүндрэхэд халамжлуулагчид улам их ачаа болж байгааг дараах зарцуулалтаас харж болохоор буй.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны мэдээгээр давхардсан тоогоор 2.3 сая иргэн халамж хүртдэг. Нийт 72 төрлийн үйлчилгээг хүргэхэд төсвөөс 2020 оны аравдугаар сарын байдлаар 2 их наяд шахам төгрөг зарцуулсан мэдээлэл бий. Хэрвээ энэ байдлаар халамж үргэлжилбэл Монголд ажил эрхлэх сонирхолтой хүн байхгүй болно.

Дотоодод Covid-19 цар тахал дэгдсэн ч энэ үеийг халамж хүртэгчид асуудалгүй давна, харин халамж авдаггүй, ажлын байраа алдсан иргэддээ төр яаж хөдөлмөр эрхлэх боломж олгож, бизнес эрхлэгчдийг энэ хүнд байдлаас яаж аврах вэ гэдэг шийдэл л хамгийн чухал байна.

 

Эх сурвалж: News.MN


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ