alim.mn | 2024.12.26
Монголын говиос Каспийн тэнгис хүртэлх зэлүүд нутгийг тэмээгээр аялжээ

Шведийн адал явдалт аяллын мастер гэгддэг Кристиан Бодегрен Монголын говиос Каспийн тэнгис хүртэлх зэлүүд нутгийг тэмээгээр туулжээ. Тэрбээр 2012 онд сэлүүрт завиар Амазон мөрний урсгалыг сөрөн гэтэлж, адал явдалд дурлагчдыг гайхашируулсан удаатай. Харин 2016-2017 онд Евразийг тэмээгээр туулсан нь аяллын түүхэнд шинэ үзэгдэл болсон юм. Түүний Монгол Улсын Баян-Өнжүүл сумаас эхэлсэн аялал Казахстаны Занбая тосгонд өндөрлөжээ. Бодегрен аяллынхаа тухай баримтат киног вебсайтдаа байрлуулж “ХХ зууны эхэн үеийн Шведийн алдартай судлаачид шиг түүхэнд үлдэх экспедиц удирдахыг мөрөөддөг байлаа. Олон шинэ санааг туршиж үзсэн. Тэр дундаа Монгол, Казахстаны уудам талыг тэмээгээр ганцаараа туулсандаа бахархдаг. Энэ бол орчин үеийн түүхэн дэх хамгийн урт тэмээн аялал болсон. Монголоос худалдаж авсан тэмээгээрээ аяллаа өндөрлүүлэхийг хүссэн ч Казахстаны хилийн албаныхан зөвшөөрөөгүй. Олон хоног хамт аялсан тэмээнээсээ салахад хэцүү байсан. Арга буюу Казахстанаас худалдаж авсан тэмээтэй аяллаа үргэлжлүүлсэн. Би 5095 километр зам туулж 2017 оны зургадугаар сард Каспийн тэнгисийн хөвөөнд аяллаа өндөрлүүлсэн. Энэ хугацаанд Евразийн эрс тэс дөрвөн улирлыг үзсэн.

 

 

Монгол орон миний сэтгэлийг хөдөлгөсөн. Монгол Улс бахархах зүйл арвинтай, сайхан бас уудам газар нутагтай орон. Би ой мод ихтэй улсад төрж өссөн учраас Монголын задгай хээр талыг биширсэн. Тал нутаг улирал даган өөрчлөгдөхийг харахад сайхан байлаа. Хэдийгээр эзгүй зэлүүд ч Монголын тал нутаг Казахстаны хээр хөдөөгөөс илүү нөмөртэй байсан.

 

 

 

Агаарын хэм хасах 30 хэм хүртэл буурч, зөвхөн өмссөн хувцастайгаа хүйтэн майханд байхад минь тусалсан Нурлан Болысбековт талархал илэрхийлье. Миний уулзсан монголчууд гайхалтай найрсаг, тусархуу хүмүүс байсан. Монгол бол тэмээгээр чөлөөтэй туулах боломжтой цорын ганц улс болов уу. Би урт зам туулахаас илүүтэй нүүдэлчин амьдралын хэв маягийг мэдрэхийг хүссэн. Мөн Торгоны замтай түүхэн̆ орчинд нь танилцахыг зорьсон. Хэдийгээр нүүдэлчид ч гэсэн Монгол, Казахстаны ялгааг харах сонирхолтой байсан. Тэдний сэтгэлгээ асар ялгаатай. Казахстанд уламжлалт нүүдэлчин амьдралын хэв маягаар амьдардаг хүн ховор. Казахстан бол шинэлэг зүйлийг санал болгодог залуу улс. Харин Монгол Улс нүүдлийн агуу соёлтой орон” гэсэн байна. К.Бодегрен Нью-Йорк хотын нэр хүндтэй “Explorers” клубийн гишүүн бөгөөд түүний тэмээний экспедиц нь адал явдалд дурлагчдын сонирхлыг татсан юм.

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ