Нийслэлчүүд өчигдрөөс /2020.12.14/ эхлэн өндөржүүлсэн бэлэн байдалд шилжиж хатуу хөл хорио суларснаар бүх төрлийн пиво, дарс худалдаалж эхэлсэн билээ. Тэгвэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн зөрчил огцом өсчээ. Тодруулбал, арванхоёрдугаар сарын 13-нд цагдаагийн байгууллагад нийт 760 гомдол мэдээлэл бүртгэгдсэнээс гэр бүлийн хүчирхийлэл 63, согтуугаар машин жолоодсон 13, олон нийтийн газар танхайрсан 64, эрүүлжүүлсэн 136, хүний биед халдсан 27 хэрэг бүртгэгджээ.
Харин өчигдрийн байдлаар цагдаагийн байгууллагад 1534 гомдол, мэдээлэл бүртгэгдсэнээс хулгайлах 9, гэр бүлийн хүчирхийлэл 166, согтуугаар машин жолоодсон 30, олон нийтийн газар танхайрах 92, эрүүлжүүлсэн 211, хүний биед халдсан 44 хэрэг тус, тус бүртгэгдсэн байна.
Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Л.Амармөрөн “Нийслэлд 2020 оны арваннэгдүгээр сарын 11-нээс арванхоёрдугаар сарын 14-ний өдрийг хүртэл 20779 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 28850 нэгжээр буюу 58.1 хувиар буурсан байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй 727 буюу 67.7, зөрчлийн 14234 буюу 55.5, хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй 2182 буюу 51 хувиар, согтуугийн дуудлага 4267 буюу 67.4 хувиар, эрүүлжүүлэгдсэн хүн 2717 буюу 65.5 хувиар тус тус, буурсан. Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд согтууруулах ундаа худалдсан 28 аж ахуйн нэгж байгууллагыг 41.700.000 төгрөгөөр, гар дээрээс согтууруулах ундаа худалдсан 138 хүнийг 79.700.000 төгрөгөөр тус, тус торгож, 62 хүнд 7-30 хоног баривчлах шийтгэл оногдуулаад байна. Одоо 175 зөрчилд хариуцлага тооцуулахаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж байна” гэлээ.