alim.mn | 2024.12.23
Рио Тинто: Оюутолгойн гүний уурхайн төслийн нийт зардал 6.75 тэрбум доллар болж нэмэгдлээ

Рио Тинто компани Оюутолгойн гүний уурхайн төслийг дуусгахад шаардлагатай нэмэлт санхүүжилтийн талаар мэдээлэл хийлээ.

Далд уурхайн санхүүжилтийн төлөвлөгөө буюу 2015 онд баталсан "Дубайн гэрээ"-нд Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын зардлыг 5.3 тэрбум ам.доллар байхаар тусгаж, 2021 оны эхний улиралд анхны олборлолтоо эхлүүлэхээр төлөвлөсөн билээ. Харамсалтай нь өнгөрөгч онд Рио Тинто гүний уурхайн бүтээн байгуулалтын ажилд хөрсний хүндрэл учирсны улмаас төлөвлөсөн төслийн нийт санхүүжилтийн зардал 1.2-1.9 тэрбум ам.доллараар нэмэгдэж, ашиглалтад орох хугацаа 16-30 сараар хойшлох нөхцөл байдал үүссэнийг мэдээлсэн. Өөрөөр хэлбэл, Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтад шаардлагатай нийт санхүүжилтийн хэмжээ 6.5-7.2 тэрбум ам.доллар болж, ашиглалтад орох хугацаа 2022 оны аравдугаар сараас 2023 оны долдугаар сар хүртэл хойшлохоор болоод байв.

Тэгвэл лхагва гаригт Рио Тинтогийн удирдлагууд Оюутолгойн гүний уурхайн төслийг дуусгахад шаардлагатай нийт зардлын хэмжээ 6.75 тэрбум ам.доллар байх бөгөөд 2022 оны аравдугаар сард анхны олборлолтоо эхлүүлэх тооцоог танилцууллаа.

Шинжээчдийн зүгээс Рио Тинтогийн мэдээлсэн нэмэлт санхүүжилтийн хэмжээ болон төслийг хэрэгжүүлж дуусгах хугацааны хувьд 2019 онд урьдчилан тооцож байснаас илүү сайн үр дүнд хүрсэн болохыг онцолсон байна.

Гэсэн ч Рио Тинтогийн удирдлагууд лхагва гаригт хийсэн мэдэгдлээ Монгол Улсын Засгийн газартай хийж буй харилцаа болон гүний уурхайн бүтээн байгуулалтыг дуусгахад шаардлагатай нэмэлт зардлыг хэрхэн санхүүжүүлэх асуудлаар Оюутолгойн 66 хувийг эзэмшигч Туркойз Хилл Ресурс компанитай үүссэн арбитрын шүүхийн маргааны талаар ямар нэгэн мэдээлэл өгөөгүй юм.

Рио Тинтогийн хувьд өмнө нь Оюутолгойн гүний уурхайн төсөлд шаардлагатай нэмэлт зардлын эх үүсвэрийг 500 сая ам.долларыг олон улсын банк, санхүүгийн байгууллагаас зээлэх, үлдсэн хэсгийг Туркойз Хилл Ресурсын хувьцааг санал болгох байдлаар шийдвэрлэх эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлсэн. Харин Канадын Торонтогийн хөрөнгийн биржэд бүртэглтэй Рио Тинтогийн охин компани болох Туркойз Хилл Ресурсын хувьд хувьцаагаа арилжихаас бусад санхүүжилтийн хувилбарыг дэмжиж буйгаа удаа дараа илэрхийлж байгаа.

Мөн “Pentwater Capital” болон “Sailingstone Capital Partners” тэргүүтэй Туркойзын жижиг хувь эзэмшигчид нэмэлт зардлыг хувьцаа арилжих замаар шийдэх Рио Тинтогийн саналыг эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн. Тэдний хувьд стрийминг хэлцэл болон бондын санхүүжилт гэх мэт хамаагүй хямд бөгөөд илүү ашигтай санхүүжилтийн хувилбаруудыг санал болгож байгаа бөгөөд Рио Тинто хувьцаа босгох замаар Туркойзын хувь эзэмшлээ өсгөх вий гэж болгоомжилж байгаа юм.

Гэхдээ Турзойз Хилл Ресурсын жижиг хувьцаа эзэмшигчдийн санал болгож буй стрийминг хэлцэл нь зөвхөн Рио Тинто төдийгүй Монгол Улсын хувьд асар алдагдалтай байж болох санхүүжилтийн хувилбар юм. Уул уурхайн төслүүдэд түгээмэл ашиглагддаг энэхүү хувилбараар ирээдүйд олборлох түүхий эдээ барьцаалж, урьдчилан зээл авдаг. Мөн энэ тохиолдолд зээл олгогч талд түүхий эдээ тодорхой хугацаанд тогтмол үнээр нийлүүлэх гэрээ байгуулах бөгөөд ихэнх тохиолдолд ханшийг зах зээлийн үнээс доогуур тогтоодог.  

Жишээ нь, Оюутолгойн хувьд стрийминг хэлцэл байгуулсан зээл олгогч талд дэлхийн зах зээл дээрх тонн зэсийн өнөөгийн ханш болох 7750 ам.доллараас доогуур үнээр тодорхой хугацаанд зэсээ нийлүүлэх юм. Гэтэл дэлхийн зах зээл дээрх зэсийн ханш 2022 онд тонн тутамд 10 мянган ам.доллар хүрэх урьдчилсан төлөвийг хөрөнгө оруулалтын “Goldman Sachs” банкны мэргэжилтнүүд танилцуулсан. Өөрөөр хэлбэл, Оюутолгойн гүний уурхайн нэмэлт санхүүжилтийн тодорхой хэсгийг стрийминг хэлцлээр шийдсэн тохиолдолд дэлхийн зах зээл дээрх зэсийн ханш 10 мянган ам.доллар хүрсэн ч өнөөгийн ханшаар худалдана гэсэн үг.

Гэхдээ гүний уурхайн нэмэлт санхүүжилтийг шийдвэрлэх эцсийн хувилбар арбитрын шүүхийн маргааны дараа нэг тийш болох хүлээлттэй байгаа юм. Тухайлбал, Туркойз Хилл Ресурсын удирдлагууд энэ сард арбитрын шүүх тэдний нэхэмжлэлийг хэлэлцэн шийдвэрлэхэд дор хаяж таван сарын хугацаа шаардлагатай бөгөөд үүний дараа оюутолгойн гүний уурхайд шаардлагатай үлдэгдэл санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэх асуудлаар тодорхой шийдэл гарна гэж мэдэгдсэн. 

Эх сурвалж: Mining.com


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ