УОК-ын нэрийг барьж утсаар ярьсан, халдвар хамгааллын дэглэмийг сахиагүй гэх шалтгаанаар "UB Comedy" клубын залууст хариуцлага тооцох болсныг УОК-ын Шуурхай штабын дарга Б.Ууганбаяр өнөөдөр болсон ЭМЯ-ны хэвлэлийн хурлын үеэр мэдэгдсэн.
Тэрбээр "Өчигдөр зургаан хүн цахим орчинд бичлэг цацсан. Тэд амны хаалтгүй зэрэгцэн суугаад, УОК-ын нэрийг барьж, бусад руу утсаар ярьж, мэргэжлийн үг хэллэгийг буруу зориулалтаар ашигласан. Хэдий хоорондоо инээдэм болгон ярьж хөгжилдөж байгаа ч өвчин, тэр тусмаа халдварт өвчин тоглоом биш. Бид бүх нийтээрээ хатуу хөл хорионы дэглэмийг мөрдөж байна. Иймд бид зохих хуулийн байгууллагад хандан, тэдгээр хүмүүсийг шалгуулна. Тэд хариуцлага хүлээх ёстой. Тоглоом тоотой нь дээр” гэсэн юм.
Тэгвэл дээрх асуудалтай холбоотойгоор комедиан Б.Идэр-Од өөрийн цахим хуудаснаа дараах тайлбарыг хийв.
Тэрбээр "Коронавирусын эсрэг тэмцэх ёстой үнэт цагийг нь алдагдуулсан хошигнол хийж Улсын онцгой комиссын ажлыг шаардлагагүй өөр зүйлд чиглүүлсэн чирэгдэл учруулсандаа уучлал хүсье. Онцгой байдалд ажиллаж буй төрийн албан хаагчид, эмч, эрүүл мэндийн ажилтнуудаа хүндэтгэж байгаагаа илэрхийлж маргаан үүсгэж буй контентын хэсгийг интернетээс татан авснаа мэдэгдэж байна.
Ideree’s Home Party, YouTube нэвтрүүлгийн 2020 оны 12 сарын 27-ны өдрийн дугаарын оролцогчид" гэжээ.