ОЮУ ТОЛГОЙН УУРХАЙН МОНГОЛ АЖИЛЧНААС ИЛГЭЭСЭН "ГУНИГТ ЗАХИДАЛ"
Сэтгэлд гуниг төрөх ажээ. Монгол хүн харьд бай, эх орондоо ч бай амьдралын төлөө цуцашгүй хөдөлмөрлөж амьдралын наад захын түвшинд очих гэж чадан ядан зүтгэнэ.
Эдийн засаг навс унаж ажилгүйдэл дээд утгандаа хүрсэн энэ үед Оюу Толгойн уурхай 11 мянган Монголчуудыг өндөр цалинтай ажиллуулж байгаа гэдэг.
(Риотинтогийн гаргадаг тэдний статистикаар бүх ажилчдын 94% Монголчууд).
Гэвч...Оюу Толгойн бүтээн байгуулалт гэгчид ажиллаж цалингийн системийн бүтцийг нь судлаж мэдсэн Монгол ажилчин бүрийн урам хугарч, эх орноо цөлмүүлж өөрсдөө бас хууртаж байгаадаа сэтгэл эмзэглэнэ.
Гэвч...хүн бүр ардаа амьдралтай тавьсан зорилготой, асар их өр зээлтэй, эндээс гарвал амьдрал нь бүрэн уналтад орох тул хэн ч юу ч эс ярина.
Ярьсан нь шууд халагддаг тул үлдсэн нь амаа хамхиад жаахан цалингаа бүтэн аваад мэнд явж байхыг дээрд үзнэ.
Одоо Оюу Толгойн "өндөр цалин" болоод гадаад, Монгол ажилчдын цалингийн зөрүүний талаар, хийдэг ажлых нь талаар энгийнээр тайлбарлая:
Оюу Толгойн "өндөр цалинтай" ажилчид ерөнхийдөө Уурхайн, Барилгын, Кэмпийн үйлчилгээний, Тээвэрлэлтийн, Харуулын гэж ангилагдана.
1.Уурхайн ажилчид.
Оюу Толгойн уурхайн ажилчид гүний ба гадаргуугийн гэж хоёр хуваагдана. Уурхайн ажилчид нь нийтдээ 3500 орчим болох ба Оюу Толгой үндсэн ба туслан гүйцэтгэх гэсэн 2 ялгарна. Цалин нь энэ хамаарлаасаа болоод 2,5-6 сая төгрөг болдог.
Гадаргууны ажилчид нь Ил уурхай (Open pit), Баяжуулах үйлдвэрийн цөөвтөр ажилчдыг эс тооцвол бүгд туслан гүйцэтгэгч компанийхан. Эд нар1,5-2 сая орчим төгрөгийн цалинтай.
Уурхайн хэсгийхэн дээрээс өгсөн үүрэг даалгаврын дагуу цалингаа өндөр нууцлана. Тэд эрдэс баялгийг голлон үйлдвэрлэж гаргадаг ажилчид тул ажлын талаархи мэдээллээ задруулахгүй байх үүрэгтэй.
Сайн ажиллавал тэд Оюу Толгойн үндсэнд орж магадгүй гэж горьддог тул элдвийн дүрэм журмыг нь үхэн хатан чичрэн биелүүлнэ.
2.Барилгын ажилчид.
Нийтдээ 6000 орчим хүн ажилладаг. Эд бүгд туслан гүйцэтгэгч компанийхан. Цалин нь 950,0 мянгаас 1,3сая. Эдний цалингийн бүтэц маш нууцлагдмал, будлиантай.
Үйл ажиллагаа нь пирамид хэлбэрийн мөлжигч компаниудаар дамжин явагдана.
Төслийн захиалагч Оюу Толгой ХХК-ны дор төсөл хэрэгжүүлэгч Жэкобс компани, түүний дор үндсэн гүйцэтгэгч Монаделпхаус компани (эд 2-лаа Австрали компани) эдний дор маш олон туслан гүйцэтгэгч Монгол компаниуд ажиллана.
Тэдгээр Монгол компаниуд дотроо бас нилээдгүй олон хавсран гүйцэтгэгчтэй.
Оюутолгой төслөөс нэг Монгол ажилчны сарын цалинг 4,5 сая төгрөгөөр бодож тайландаа тусгадаг ч энэ нь гар дээр авах мөнгө биш, эдгээр шат дараалсан цөлмөгчид цавчдаг (гадаадын 2, Монголын бас 1-2 компани) тул Монгол ажилчин сардаа (28 хоногтоо) 1,3 сая орчим төгрөг гар дээрээ авна.
Гэхдээ энэ нь ч бүрэн орлого биш, 3 сар ажилласны дараа цалингаа бодож үзэхэд (1 сар нь цалингүй амарсан!) 2 сарын цалингаа өнгөрсөн 3 сардаа хуваавал 1 сарын орлого нь 900 мянга болно!
Цалингаа 3 хувааж тавьдаг тул ажилчин ихэнхи ажилчид бодит орлогоо бодож үздэггүй!
Энэ жил ямар ч шаардлагагүй 1000 орчим ажилчин яаралтай нэмж авчээ. Үүнийгээ ч маш их рекламдсан.
Орон гэр нь хүрэлцээгүй байхад (Монгол ажилчид 4-5 хүн нэг гэр буюу контейнерэн байранд амьдарна), цалингийн нэмэхгүйгээр хүн маш олноор ажилд аваад байдаг нь хөрөнгө оруулалтын зардлаа л өсгөх ганцхан зорилготой
Оюу Толгой телевизээс бэлдсэн рекламыг үзвэл барилгын ажилчид Оюу Толгойн бүтээн байгуулалтын гол цөмийг хийж байгаа харагдана.
Гэвч нарийн судлаж үзвэл баяжуулах үйлдвэр, дулааны станц, гүний уурхайн цогцолбор байгууламж зэрэг үнэлгээ өндөр ажлуудыг Хятад ажилчдаар хийлгээд ангор, сэндвичэн байгууламжууд дээр Монголчуудыг бага цалингаар удаан хугацаанд уях тактикаар ажиллуулсан нэр зүүж ирсэн.
Ихэнхи барилгын ажил нь бүтээн байгуулалт мэт сэтгэгдэл төрүүлэхүйц, Хятадаас маш өндөр үнээр авчирсан их том том овор хэмжээтэй, хэрэггүй төмөр байгууламжуудыг барьж байдаг юм.
Энд 1 хүний ажлыг 10 хүн хийнэ. Учир нь Рио Тинто хөрөнгө оруулалтын үнээ дураар өсгөх, Монголчуудад юм хийгээд байгаа юм шиг харагдахад гүний уурхайн агааржуулалт гэгдэх асар олон, том хөндий төмрүүд үзүүлэн байдлаар харагдаж байх учиртай юм.
Мөн олон арван сая доллараар боссон асар олон ангорууд (цагаан майхан) ямар ч хэрэггүй бүтээмжүүд байсан тул түүнийгээ далдлахын тулд тэнд байгаа гадаад дотоодын бүх компани, туслан гүйцэтгэгч, хавсран гүйцэтгэгч нарыг оффисын олон ажилтнуудтай байх шаардлага тавьснаар 10 ажилчин бүрийн 3 нь оффисчин болжээ.
Барилгын фундамент суурь, газар шорооны ажил хийхдээ ч ёс юм шиг 4-5 удаа ухаж булах үйл ажиллагаа хийнэ. Энд ажлыг хурдан шуурхай хийхийг хориглоно. Аргалдаг бүх юмны хариулт болсон SAFETY FIRST! гэсэн ганцхан хариулттай.
Ажилчин хүн дохио зангаагаар аажуухан хөдөлж байх ёстой. Энэ нь маш алгуур мөнгө үрэгдсээр байх ёстой гэсэн үг. Үүнийг нөгөө л хөдөлмөр хамгааллаар халхавчлана.
Энэ бүх утга учиргүй тэнэглэл, зардал чирэгдэл нь Оюу толгойн хөрөнгө оруулалтын зардлыг өсгөхөд чиглэнэ.
Монгол улсын засгийн газар мөн Оюу Толгойн ТУЗ үүнийг хянаж байсангүй, хянахыг ч үл хүснэ. Учир нь бүгд хуйвалдсан хулгайч нар, Монголыг тонон дээрэмдэгчид юм.
3.Оюутолгойн кэмпийн ажилчид.
Энд кэмпийн гал тогооныхон ба цэвэрлэгч нараас бүрдэх буюу Суппорт сервис Монголиа гэх Франц компаний 2,2 мянган ажилчин хамрагдана.
Эд нарын ихэнхи нь гар дээрээ сарын 400-700 мянган төгрөгийн цалин авна.
Маш олон удаа ажил хаялт хийх боловч удирдлагууд нь дотоод тагнуулуудыхаа тусламжтайгаар гол тэмцэгчдийг нь матаасаар халж зайлуулдаг тул цалин огт нэмэгдээгүй юм.
Суппорт сервис Монголиа компанийг тэр чигт нь Өмнөговь аймгийн Ханбогд, Баян-овоо, Манлай сумдын хэдэн зуун ядуу ажилчид бүрдүүлдэг юм.
4.Харуул хамгаалалтын "Бамбай сервис" компани.
Энд 1500 орчим хүн ажилладаг. Сарын бодит цалин нь 600 мянга.
Хамгийн эмзэг ядуу амьдралтай залуусыг хөөргөн бусад Монгол ажилчдын эсрэг турхиран нохой мэт хянуулж байдаг. Оюу Толгойн ажилчин гэх тэр олон мянган ажилчдыг тэгш, хангалуун цалин биш Оюу Толгойн эмблемтэй Рио Тинто группийн улаан шар хувцас нэгтгэж байдаг юм.
Одоо Оюу Толгойн гадаад ажилчдын цалингийн талаар яръя. Энэ бол дэлхийн жишигт нийцсэн сүпер цалин юм. Нийт 33 орны 3700 орчим хүн байдаг.
Эд маш цөөхөн мэт боловч Монголчуудын нийт авч байгаа цалинг нийлүүлснээс 1000 дахин их цалинг цуслана. Гадаад ажилтнууд дунджаар сард 15-100 мянган долларын цалин авна.
Ихэнхи нь мэргэжилдээ тааруу, дульмагхан нөхөд байдаг. Хийдэг ажил нь оффист суух ба Монгол ажилчдын хянагч хийнэ.
Хэрэгцээгүй гадаад ажилчин асар их олон байгаа ч хэн ч тэднийг болиулж буцааж чадахгүй. Бараг 2/3 нь ямарч хэрэггүй ажилчид.
Гэхдээ тэнгэрт тулсан цалин авна. Жишээ нь: Барилгын гадаад компаний нярав 60 мянган долларын цалинтай.
Түүний энэ цалин нь амарсан ч ажилласан ч адил бодогдоно. Тэрээр оффист суух ба Монгол туслах нь яг боол мэт бүх ажлыг нь хийнэ (Бараа материал хүлээн авах, олгох, бүртгэл хөтлөх, агуулах цэгцлэх гэх мэт).
Мань гадаад ихэвчлэн оффист медиад цаг заваа зарцуулах, чаатлах эсвэл хуралд суух ажилтай. Үе үе Монгол туслахаа гэнэт шалгана. Монгол туслах ажлаа бүгдийг нь ганцаар хийдэг боловч гар дээрээ 1,1 сая төгрөг авна.
Ийм цалингийн зөрүүтэй ажиллаж байгаагаа мэдэж дотроо бухимдавч гаднаа үл гаргана. Яагаад гэвэл тэр эхнэр 3 хүүхэдтэй, банкны өр зээлтэй. Уул нь 2 дээд сургууль төгссөн Англи хэлтэй монгол залуу.
Гадаад ажилчдын цалин хөрөнгө оруулалтын зардалд бодитоор бичигддэггүй, урамшуулал цалин маягаар өгөгдөх юмуу эсвэл хоёр тайлан гаргах замаар олгогдож байдаг.
Оюу Толгой төсөл гэгчийн гарч байгаа бүх зардал (хөрөнгө оруулалтын зардал)-ын 34%-ийг хөрөнгө оруулалтын гэрээнд заасны дагуу Монголын засгийн газрын өр болж үлдэж байдаг. Үнэн дүр төрх нь энэ л юм.
Энэ цагаандаа гарсан луйварыг хэн ч хянахгүй хэн ч зогсоохгүй бол...хорин жилийн дараа ухсан нүх усгүй цөл, өрөнд баригдсан хойч үе үлдэнэ
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ