Г.Алтан түрээслэгчдээсээ барааг нь хадгалсны төлбөр гэж түрээснийхээ талыг нэхэж, дарамталжээ
Г.Алтан нь түрээслэгчдээсээ барааг нь хадгалсны төлбөр гэж түрээснийхээ талыг нэхэж, дарамталжээ. Зарим эсэргүүцсэн худалдаачдад барааг нь өгөхгүй гүрийж байгаа гэх гомдол ч байна.
“Алтжин бөмбөгөр”-ийн хувьд эгнээ байрлалаасаа хамаараад 1 ам метр талбайг 110-125 мянган төгрөгөөр түрээслэдэг. Худалдаачид түрээсийн төлбөр дээрээ ашиглалтын төлбөр тусдаа төлдөг. Тухайлбал, 4 ам.метр талбайн түрээс хамгийн багадаа 492 мянга. Хэрэв ам.долларын ханш өсвөл энэ түрээс нь нэмэгддэг.
Өөрөөр хэлбэл, валютын ханшийн зөрүү түрээслэгчдийн төлбөр дээр мөн л нэмж бодогддог гэсэн үг. Гэтэл хоёр сарын турш ганц ч төгрөгийн орлогогүй байсан түрээслэгчдээсээ бараа хадгалсны төлбөр гэх нэрээр ийнхүү түрээс нэхэж, дарамталжээ.
Уг шийдвэрийг хүлээн зөвшөөрөөгүй худалдаачид худалдааны төвийнхөө удирдлагуудад хандсан ч тусыг эс олжээ. Угаас “Алтжин бөмбөгөр”-ийн удирдлагууд түрээслэгчдийнхээ эрх ашгийг зөрчдөгөөрөө алдартай. Шаардлага тавиад ороход гэрээгээ цуцал, лангуугаа хураалга, дараа дараагийн хүмүүс нь бэлэн байна гэж дарамтлах нь энгийн үзэгдэл. Энэ мэт дарамт, шахалт өндөр хэрнээ ариун цэвэр, агааржуулалт, халаалт дулаан “нойл”.
Г.Алтангийн хувьд хэвлэлээр гарч байгаа мэдээллээр бол хэдэн тэрбумаар үнэлэгдэх хөрөнгөтэйн дээр нөөц ихтэй орд газартай. Хөрөнгөөрөө улсдаа тэргүүлдэг. Гэтэл тэрбээр цар тахлын улмаас үйл ажиллагаа нь зогсож, сохор зоосны орлогогүй байсан худалдаачдаа энэ мэтээр элдэвлэж, шүүсийг нь шахсаар байна. Хуулинд захирагддаггүй, хүний амьдралаар тоглосон түүний шуналыг хэн дарах вэ...
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ