alim.mn | 2024.12.27
Архи, согтууруулах ундааны худалдаа чөлөөтэй болсноос хойш өдөрт дор хаяж нэг хүн согтуурлаас үүдэн амиа алдаж байна

Улаанбаатарт тогтоогоод байсан бүх нийтийн бэлэн байдлын зэрэг нэг шатаар буурч энэ сарын 11-ний өдрөөс өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжээд байгаа. Үүнтэй холбоотойгоор архи, согтууруулах ундааны худалдаа чөлөөтэй болсон. Тэгвэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн дуудлага мэдээлэл, гэмт хэргийн тоо, хүний амь нас хохирсон болон гэр бүлийн хүчирхийллийн шинж чанартай гэмт хэргүүдийн тоо нэг дахин нэмэгдсэн байна.

Тодруулбал, нэгдүгээр сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн Хоёрдугаар хороонд оршин суух 47 настай, эрэгтэй Б нь согтуурсан үедээ өөрийн төрсөн хүү 27 настай М-ыг хутгалж, амь насыг нь хөнөөжээ. Мөн 13-ны өдөр БЗД-ийн Хоёрдугаар хороонд 62 настай П-г 52 настай Ж согтуурсан үедээ зодож, амь насыг нь хохироосон, 14-ны өдөр Налайх дүүрэгт 34 настай эрэгтэй Б-г 43 настай эрэгтэй Б мөн л согтуурсан үедээ хутгалж, амь насыг нь хохироосон байна.

Эдгээр тохиолдлууд нь согтуурсан этгээдийн гарт амь насаа алдаж байгаа тохиолдлууд юм. Харин гаднаа   ил харагдах шарх сорвигүйгээр, согтуугаар гэртээ болон гудамжинд амь насаа алдсан тохиолдлууд дээрх тоонд ороогүй болно. 

Түүнчлэн эрүүлжүүлэгдсэн хүний тоо 8, 9, 10-ны өдрүүдэд 260 орчим байсан бол 11, 12, 13-ны өдрүүдэд 460 болж даруй 200 хүнээр нэмэгджээ.  

Цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн дуудлагын тоо ч 11-нээс өмнө хоногт 700-900 байсан бол, өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэнээс хойш 1600-1800 болж өссөн байна. Гэр бүлийн хүчирхийллийн шинж чанартай дуудлага ч нэг дахин нэмэгджээ.

Дээрх тоон мэдээллээс үзвэл гэмт хэргийн дийлэнх шалтгаан нь архи, согтууруулах ундааг зүй зохисгүй хэрэглэдгээс үүдэлтэй нь харагдаж байна. Иймд иргэд та бүхэн согтууруулах ундааг зохистой, соёлтой хэрэглэж, өөрийнхөө болон бусдын эрүүл мэнд, амь насыг эрсдэлээс хамгаалах боломжтой юм. 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ