“Алтжин бөмбөгөр” худалдааны төвд Covid-19-ийн халдвартай хүн үйлчлүүлсэн байж болзошгүй учраас худалдааны төвийг түр хаасан талаарх мэдээлэл олон нийтийн сүлжээнд цацагдсан. Тус худалдааны төвөөр өчигдөр халдвартай иргэн үйлчлүүлсэн байж болзошгүй гэж үзэж, бүх худалдагчид, ажилчдаасаа шинжилгээ авч, өнөөдөр халдваргүйжүүлэлт хийж байгаа гэв.
Энэ талаар худалдааны төвийн гүйцэтгэх захирал Б.Алтангэрэлээс тодруулахад “Нийслэлийн онцгой комиссын шийдвэрээр нэгдүгээр сарын 23-наас бүх төрлийн барааны худалдаа, үсчин, гоо сайхан, хумс заслын үйлчилгээг хязгаарлалтаас гаргаж, хэвийн горимд шилжүүлэх захирамж гаргасан. Уг захирамжийн дагуу өнөөдөр хуваарийн дагуу ариутгал халдваргүйжүүлэлтийг худалдааны төв дээр хийхээр үйл ажиллагаагаа эрт хаасан. Үйл ажиллагаагаа эхлүүлэхийн өмнө 530 орчим түрээслэгчээ PCR шинжилгээнд хамруулж, бүгд сөрөг гарсан. Маргаашаас цагийн хуваарийн дагуу хэвийн ажиллана” гэв.