alim.mn | 2024.12.13
Хөгжмийн зохиолч Х.Билэгжаргалын төрсөн дүү, Морин хуурч Х.Алтантуг: Аав маань Билгээ ахыг Багшийн сургуульд ороход үхрээ зараад төгөлдөр хуур авч өгсөн

Монголын хөгжмийн урлагт Төрийн шагналт, хөгжмийн зохиолч Халтарын Билэгжаргал агсны үлдээсэн олон бүтээлүүд үнэтэй байр суурь эзэлдэг. Билэгжаргал агсны ээж нь 10 сайхан хүү төрүүлж өсгөсөн алдарт эх, ард олондоо хүндлэгдсэн бариач байсан гэдгийг хүмүүс андахгүй. Бид нэрт хөгжмийн зохиолч Х.Билэгжаргал агсны төрсөн дүү, морин хуурч Х.Алтантугтай уулзаж ярилцлаа. Тэрээр 2007 оноос хойш Өвөрмонголд багшилж байгаа манай авьяаслаг хөгжимчдийн нэг аж. 

-Урд хөршид манай уран бүтээлчид очиж ажилладаг. Цалин мөнгө, ахуй хангамж нь энд ажилласанаас илүү сайн болохоор явдаг байх. Амьдрал ахуй хэр байна даа. -Нутаг ойр болохоор жилдээ нэг удаа ирчихдэг юм. Энэ удаа нутагтаа ирээд хориод хоног сайхан амраад буцах гэж байна. Хэдий ойр ч гэсэн ажил ихтэй болохоор тэр болгон ирж чадахгүй юм. Тэнд гэр бүлээрээ амьдардаг болохоор сэтгэл амар ажлаа хийдэг. Ахуй амьдралын хувьд боломжийн сайхан амьдарч байна. Орон байр гэж санаа зовох зүйлгүй, монгол ах дүүстээ морин хуураа заагаад л явж байна. Жамъян багш маань шавь нартаа морин хуураа дэлгэрүүлээрэй гэж захисаныг нь ёсоор болгож байгаадаа сэтгэл хангалуун явдаг. Хамгийн гол нь хүүхдийнхээ боловсролд анхаарч урд хөршийг зорьсон. Монголд уран бүтээлчидийн нийгмийн асуудал их орхигдсон гэхэд хилсдэхгүй байх. Яаж хичээж сайн ажилласан ч цалин, хангамж муу байгаа гэдэгтэй манай уран бүтээлчид санал нийлнэ. Хүн хаана ажиллах нь хамаагүй ажил мэргэжилдээ, хөгжимдээ үнэнч байх нь чухал. Сайн бүтээл хийхийн тулд бүх юмаа зориулдаг байх хэрэгтэй гэж боддог. Урд хөршид манай гадаадад төгссөн концертмейстрүүд их ажилладаг. Бас дуулаачийн багш нар ажиллаж байна. Хөх хотод байдаг урлагийн сургуулиудад морин хуурын багшаар бол хоёр хүн л ажиллаж байгаа. Морин хуурын чуулгын хөгжимчин байсан Хосбаяр маань Хөх хотын их сургуульд багшилж байна. Ер нь ирж очоод солигдоод л явдаг юм. 

-Танайх 10 хүүтэй өнөр гэр бүл байсан. Одоо өсөж үржээд олон болсон байх. Та хэд дэх хүү нь билээ. 

-Миний ээж 10 сайхан хүү төрүүлсэн жинхэнэ “дархан бэр” болсон сайхан хүн байлаа. Билгээ ах маань 3 дахь, би 9 дэх хүү нь байгаа юм. Найман хүү нь нутагтаа байхад төрж хоёр нь хотод ирсэн хойно нь гарсан юм. Би хотод төрж өссөн ч ах нараа дагаад Завханых гэж сайрхдаг хүн дээ. Ханагар сайхан 8 ахтай хүн ч ховор доо гэж омогшдог юм. Бурханаас аав ээж хоёрт маань 10 сайхан хүү заяасан ч ганц сайхан охинтой болсонгүй дээ гэж хоёр хөгшин маань харамсаж байгаагүй. Одоо би яг тоог нь хэлж чадахгүй байна. Аавын голомтоос салбарласан 10 өрх айлаас салаалсан айл олон болсон. Бидний хамгийн том ах, Билгээ ах хоёр маань бурханы оронд одсон. Би сая ирээд зарим ахтайгаа золгож чадаагүй л байна. Хөдөө гадаа явчихсан болохоор заримтай уулзаж чадсангүй. Ах нартайгаа бүтэн уулзаж чадаагүй буцлаа гээд жаахан гомдолтой л байна. -Уучлаарай, танай нэг ахыг гадны бүсгүйтэй гэр бүл болсон. Одоо холбоогүй болсон гэж сонссон юм. Үнэн үү? 

-Бидний нэг ах Найдансүрэн Багшийн сургууль төгсөөд Алма-Ата хотын хөгжмийн дээд сургуулийн хөгжмийн зохиолчийн ангид суралцаж байхдаа тува бүсгүйтэй танилцаж дотносоод гэр бүл болсон юм. Тэгээд олон жил тэнд амьдарсан. Монгол Тувагийн хооронд жил болгон ирж очоод л явдаг байсан. Билгээ ахын ажил явдлын үеэр ирээд буцахад нь хамгийн сүүлд уулзсан. Сүүлийн жилүүдэд сураггүй болоод байгаа. Гэр бүлтэйгээ хамт наймаа хийдэг байсан юм. Эхнэр хүүхэдтэй нь байнга холбоотой байгаа. Яасан нь мэдэгдэхгүй олдохгүй байгаа юм билээ. Бид эндээс чадлынхаа хэрээр сураг ажиг тавьдаг. Уг нь хүнтэй эвтэй, их зөөлхөн хүн байгаа юм. Хаа нэг тийшээ явсан бол өдийд сураг гарах л ёстой. Осолдсон юм болов уу даа гэж таамаглаж байгаа. Ах нар , бэрүүд маань эхнэр хүүхэдтэй нь утсаар холбогдож асууж сураглаж л байна. Манайхаас урлагийн мэргэжилтэй болсон гурван хүний нэг байлаа. Билгээ ахаас дутахгүй авьяастай хүн байгаа юм. Би энэ хоёр ахынхаа нөлөөгөөр л урлагт хөл тавьж морин хуурч болсон хүн. - Мэдээж урлагт ороход ах нар чинь их нөлөөлсөн байх. 

-Тэгэлгүй яахав. Намайг мэдээ орох үеэс л манай гэрт төгөлдөр хуур байнга эгшиглэдэг байсан. Манай аав ээж хоёр хоёулаа их сайхан дуулдаг, урлагт дуртай хүмүүс байсан. Нутагтаа болдог найр хурим аав ээж хоёргүйгээр болдоггүй байсан гэж мэдэх хүмүүс нь ярьдаг юм байна лээ. Аав маань Билгээ ахыг багшийн сургуульд ороход үхрээ зараад төгөлдөр хуур авч өгсөн гэдэг. -Өөрийг чинь сайн морин хуурчаас гадна олон сайхан дууны ая зохиосныг мэднэ. -Би 5-р ангиа төгсөөд ХБДС-д шалгуулж тэнцээд Батбаяр багшийн шавь болсон. Багш маань “Гавьяат багш” цолтой, олон сайн морин хуурч бэлдсэн сайхан хүн бий. “Камертон” хамтлагийн Эбагийн аав гэхээр хүмүүс андахгүй дээ. Сургуулиа төгсөөд томилолтоор Архангай аймгийн театрт очиж хөгжмийн удирдаач, морин хуурчаар 3 жил ажилласан. Тэр үед чинь Соёлын яам шууд хөдөө томилдог байлаа шүү дээ. Тэгээд 1990 онд хотод ирээд СУИС-д орж Ардын жүжигчин Жамъян багш дээр суралцсан. Багшийн маань хараа нь муудаж бид гэрт нь очиж хичээл ордог байлаа. Хоёр жил суралцаад “Хар чоно” хамтлагтай уран бүтээл хийхээр сургуулиа орхичихсон юм. Монголд анх удаа цахилгаан хөгжимтэй морин хуурыг хослуулж уран бүтээл хийж гадны үзэгчдээс өндөр үнэлэлт авсан. Одоо ид хөгжиж байгаа рок поп хөгжмийг үндэсний хөгжимтэй зохицуулж уран бүтээл хийх эхлэлийг бид тавьсан гэж боддог. Тэр үед цахилгаан хөгжимтэй хамтарч үндэсний хөгжим тоглоно гэхэд зарим хүмүүс гайхдаг байсан. Тэгээд 1992 онд Японд болсон олон улсын тэмцээнд оролцож “Гран при” шагнал авч 5000 доллараар шагнуулсан. Тэр үедээ маш их мөнгө байсан. Монголчууд болсон хойно мөнгөнөөсөө болж муудалцаж хамтлаг маань тарсан. Мөнгөө хэлтэй, амтай хувааж аваад тус тусын мөрөө хөөсөн дөө. Манай хамтлаг Японд болсон тэмцээнд оролцохын тулд “Харанга” гээд олон сайн хамтлагтай өрсөлдөж явсан юм. Биднийг тэр үед одоо энэ балгас болсон “Хангай” зочид буудлыг хувьчилж авч байсан Шийтэр гэж хүн ивээн тэтгэдэг байсан. Урлагт элэгтэй сайхан хүн байсан. Хамтлагаасаа гараад би нэг хэсэг “Сарны чулуу” чуулгын уран сайхны удирдаачаар ажиллаж байгаад, хуучнаар ҮДБЭЧ-д хөгжимчнөөр ажилласан. Тэгээд цалин мөнгө нь ахиу болохоор 2007 оноос хойш Хөх хотод хөгжмийн сургуульд багшилж байна . Ая тухтай, тайван орчинд амьдарч байгаа ч гэсэн нутгаа их санадаг. Охиноо дээд сургульд оруулчихаад буцаж ирнэ гэж бодож байгаа. Хамгийн гол нь дэлхийд эдийн засгаараа тэргүүлдэг том гүрний хэлийг охиндоо эзэмшүүлж, оюуны том хөрөнгө оруулалт хийж байгаа болохоор сэтгэл хангалуун ажилладаг. -Өвөрмонголд ажиллаж байгаа уран бүтээлчид хоорондоо хэр холбоотой байдаг вэ? Европын орнуудад байдаг монголчууд шиг хоорондоо уулзалдаж ямар нэгэн арга хэмжээ зохион байгуулдаг уу? -Харьцангуй ойр ойрхон нутагтаа ирж очоод явдаг болохоор тэр юм уу зохион байгуулалттай ямар нэгэн арга хэмжээ болдоггүй ш тээ. Харин 2011 оны шинэ жилээр Хөх хотод байгаа манай консул зохион байгуулж тэнд ажиллаж байгаа уран бүтээлчдээ бүгдийг урьж, оюутнуудын төлөөллийг оролцуулж маш сайхан арга хэмжээ зохион байгуулж олон хүнийг шагнаж урамшуулсан. Монголын урлагийнхнаас бараг хамгийн түрүүнд УГЖ Баадайжав гуай тэнд очиж алдарт дуучин Дэдмаа гуайн хувийн урлагийн сургуульд очиж багшилсан байх шүү. УГЖ Чаминчулуун, СУИС-ийн хөөмийн багш СТА Одсүрэн гээд мундаг багш нар зуныхаа амралтаар Хөх хотод очиж багшилдаг юм байна лээ. Өвөрмонголчууд манай урлагийнхнийг их шүтэж, хүндэлж урьж багшлуулдаг.

-Ардын жүжигчин А.Долгор танай бэр байсан. Одоо та нартай хэр холбоотой явдаг вэ? Ахын чинь хүүхдүүд нь “Ламбугайн нулимс” дуурийн бүх хувцасыг шинэчилж дахиж тоглуулсан... 

-Ах маань хувь тавилангийн эрхээр гурван сайхан бүсгүйтэй ханилж явсан хүн. Өнгөрөхөд нь гурвуулаа л хамт ажил явдалд нь оролцсон. Долгор эгчтэй хойно сурч байхдаа дотносож оюутан байхдаа гэр бүл болж, охиноо төрүүлээд амралтаараа манай ээж дээр орхиод явж байлаа. Хулангаа бид үүрч л өсгөлцсөн. Тэр үед Долгор эгчийн аав ээж хоёр нь ч нутагтаа байсан болохоор хоёр гэрийн дунд л ирж очоод явдаг байсан. Ахын маань охин, хүү хоёр “Билэгжаргал” сан байгуулж уран бүтээлийг нь дэмжиж байгааг дуулаад их баярладаг. Тэр үеэр нь энд байгаагүй болохоор би оролцож чадаагүй. Би ахынхаа ажил явдлаас хойш бэрүүдтэйгээ тааралдаагүй л байна. Сураг ажиг сонсож л суудаг. Ах маань 2 сайхан хүү, нэг охинтой. Том хүү нь аав ээжийнхээ голомт дээр амьдарч байгаа. Долгор эгчийг хүн сайтай, сайн уран бүтээлч гэж хүндэлж явдаг. Ахаас салсан хойноо ч Сайнцог гуайтай хамт ээж дээр цагаан сараар ирж золгодог, холбоотой явсан. Муу ээж минь явсан нь ч, ирсэн нь ч бүгд миний хайртай бэрүүд гэдэг байсан. Бидний ээж үр хүүхдүүдийнхээ хувийн амьдралд тэр болгон оролцоод байдаггүй их тайван уужуу сэтгэлтэй хүн байлаа. Долгор эгч анх манайхыг Баянхошуунд байхад нэг зун ирж байлаа. Аягүй гоё эгч ирээд чихэр, бохь зөндөө ихийг авчирч өгч байсныг би их тод санадаг юм. 

-АЖ Н.Жанцанноров гуай нэг удаа хэрвээ Билэгжаргал Долгороос салаагүй бол ийм эрт хорвоогоос явахгүй ч байсан магад, олон сайхан уран бүтээл хийх байсан даа гэж харамсан ярьж байсан. Ах чинь Долгороос салсаныхаа дараа яруу найрагч З.Түмэнжаргалын шүлгээр “ Дуулж л явахаас даа” дууг зохиож Долгороор дуулсан нь үзэгч сонсогчдод их хүрсэн. Билэгжаргал гуай энэ дууг Долгорт хүрч дуулах дуучин байхгүй гэж өөрөө ярьж байхыг сонссон. Энэ дууг дараа нь дуучин Баясгалан, Эрдэнэтунгалаг хоёр дуулсан. Мэргэжлийн хүний хувьд хэн нь илүү дуулсан гэж боддог вэ? 

-Ах минь энэ дууг зүрх сэтгэлээсээ зохиосон болохоор олонд онцгой хүрсэн байх. “Усны шувууд шиг буцахыг чинь мэдсэнгүй, уулсынхаа дунд уйлж л явахаас даа” гэдэг дууг би одоо ч сонсохдоо аньсага минь чийгтдэг. Зохиосон эзэн нь хамгийн үнэн зөв үнэлэлтийг өгөх нь мэдээж. Дууг анх дуулсан дуучин нь хүмүүсийн сэтгэлд хоногшуулдаг. Ямарч хүн бурхны заасан хувь ерөөлөөр амьдардаг болохоор тэдний салалтанд би хэнийг нь ч буруутгадаггүй. Гэхдээ би ахыгаа тийм ч муу хань байсан гэж боддоггүй. Би 1986 онд ахынхаа зохиосон “Ламбугайн нулимс” дуурийн нээлтийг дуурийн театрт аав, ээж хоёртойгоо үзсэн нь их сайхан дурсамжтай санагддаг юм. Тэгэхэд би жаахан байсан ч ахаараа их бахархаж байсан.

-Таны зохиосон хэд хэдэн дуу олонд хүрсэн бүтээл болсон. Урд очоод ямар уран бүтээл хийв. 

-Дуу бол хувь хүний өмч гэхээсээ ард түмний өмч гэж би боддог. Би ах шигээ мундаг хөгжмийн зохиолч биш хэдий ч хэд хэдэн дууны ая хийсэн нь одоо ч дуулагдаж байна. Хамгийн анх “Хайрын дуу”-ны их наадамд “Зам нийлье хоёулаа” дуугаар оролцож тэргүүн байр эзэлж байлаа. Энэ дууг УГЖ Ганчимэг, СТА Баттогтох хоёр дуулж олонд хүргэсэн. Дараа нь “Арын буурал даваа” гэдэг дуугаа Баттогтохоор дуулуулсан нь ард түмэнд их хүрсэн. Сая нутагтаа ирээд нэрт дуучин П.Адарсүрэнгийн шүлгээр “Ажиггүй явсан нас” гэдэг шүлгэнд ая хийж Үнэнхүү гавьяатын шавиар дуулуулахаар өглөө. Удахгүй сонсогчдод хүрэх байх. 

-Ярилцсанд баярлалаа. Н.УДВАЛ.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Tseba
1 жилийн өмнө
124.158.65.218
Дуучин А. Долгор монголын хамгийн сайхан бүсгүй.
Tseba
1 жилийн өмнө
124.158.65.218
Дуучин А. Долгор монголын хамгийн сайхан бүсгүй.
Tseba
1 жилийн өмнө
124.158.65.218
Дуучин А. Долгор монголын хамгийн сайхан бүсгүй.
Tseba
1 жилийн өмнө
124.158.65.218
Дуучин А. Долгор монголын хамгийн сайхан бүсгүй.
Төстэй мэдээ