alim.mn | 2024.12.22
НИЙТИЙН ТЭЭВЭР 2016 ОНД ӨДӨРТ 250 САЯ ТӨГРӨГ ОЛДОГ БАЙСАН БОЛ ОДОО 90 БОЛЖ БУУРЧЭЭ

НИТХ-аас өнгөрсөн жил 2019 оны Үндсэн чиглэлд нийтийн тээврийг хөгжүүлэхтэй холбоотой 21 ажил хэрэгжүүлэхээр  тусгаснаас өнөөдөр  долоон ажил хэрэгжээгүй байна. Долоон ажил нь 40 хувьтай, мөн долоон ажил 100 хувь гэж дүгнэсэн. Гэтэл 40, 100 хувь гэж дүгнэсэн ажлууд нь ч огт хэрэгжээгүй байна. Тухайлбал Нийтийн тээврийг хөгжүүлэх мастер төлөвлөгөө боловсруулна гээд 200 сая төгрөгийг Нийслэлийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд 3 жил дараалан тусгасан. Ирэх онд мөн оруулж, дөрөв дэх жилдээ тусгасан байна. Энэ оны Үндсэн чиглэлийн хэрэгжилтийг авч үзвэл мастер төлөвлөгөө боловсруулах ажил 40 хувьтай хэрэгжсэн гэж тайлагнасан. Үнэхээр 40 хувьтай хэрэгжсэн бол эхний шатны судалгаа шинжилгээ, төсөл нь гарч танилцуулагдсан байх ёстой. Гэвч тийм зүйл алга байна. Мөн “УБ такси” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ гэх ажлын хэрэгжилт 40 хувь гэж тавьсан байна. Тайланд бүтэн нэг жилийн хугацаанд Авто тээврийн үндэсний төвийн менежер Сайнбаяртай мэдээлэл солилцон уулзалт хийлээ гэчихээд, үүнийгээ ажлын гүйцэтгэл 40 хувь гэж дүгнэсэн байжээ.

2020 ОНЫ ҮНДСЭН ЧИГЛЭЛД ТУСГАСНААР 100 ТРОЛЕЙБУС АВАХАД, 25 ТЭРБУМЫГ ЗАРЦУУЛНА

Тэрчлэн 2020 оны Үндсэн чиглэлд тусгаснаар 100 тролейбус авахад, 25 тэрбумыг зарцуулна.  Нийслэлийн төсвөөс  3.7 тэрбумыг, Хөгжлийн банкнаас 21.1 тэрбум төгрөгийг зээлээр авч санхүүжүүлэхээр төлөвлөсөн юм байна. Өнгөрсөн 3 жилийн хугацаанд нэг ч автобусаар парк шинэчлэл хийгээгүй. Тиймээс ирэх онд нийтийн тээврийн парк шинэчлэл хийхгүй бол тэг зогсолт хийхүйц хүндрэл үүснэ. Тухайлбал, одоо нийтийн тээвэрт ашиглагдаж байгаа автобусны 400-г нь 2009 онд 37 орчим тэрбум төгрөг улсын төсвөөс гарган худалдан авсан байдаг. Төсвийн хөрөнгөөр хувийн компаниудад эргэн төлөгдөх нөхцлөөр автобус авч өгсөн хэрнээ эргэн төлөх төлбөрийг авч чадаагүй байна. Хэрвээ эргэн төлөлт хийлгэсэн бол өнгөрсөн хугацаанд тэр мөнгөөр парк шинэчлэл хийх бүрэн боломжтой гэнэ.

BRT буюу тусгай замын автобус хөгжүүлэх төслийг хэрэгжүүлэх нэгж 2017 оны тавдугаар сард байгуулагдсан. Өнөөдрийг хүртэлх хугацаанд төслөөс хийсэн ажил нэг ч байхгүй.  Ажил нь огт яваагүй боловч жил бүр 150 сая төгрөг албан хаагч нарын цалинд зарцуулагддаг, зээлийн хүү нь төлөгддөг төсөл болж хувираад байна. Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр хэрэгжих, 78.4 сая ам.долларын төсөвт өртөгтэй ажил. Хөнгөлөлттэй зээлээр хэрэгжих төсөл учраас ажил хийгдэхгүй цаг хугацаа алдах тусам монголчуудад хохиролтой. Энэ төсөл хэрэгжсэн бол авто замын ачаалал 20-30 хувиар буурна гэж үзэж байсан. Анх Хотын дарга С.Амарсайхан ажлаа авахдаа энэ тухай дуугарсан ч одоо ус балгасан мэт чимээгүй боллоо. Анхны зураг төслийг нь сольж цаг алдсаар ажил нь яваагүй, цаасан дээрээ байж байх хооронд хөнгөлөлттэй зээлийн эргэн төлөлт хийх хугацаа нь болоод байна. Нийтийн тээврийн салбарын хөгжил энэ мэтээр удааширч байна.

АЛДАГДАЛГҮЙ АЖИЛЛАЖ БАЙСАН КОМПАНИ ОДОО 5 ТЭРБУМЫН АЛДАГДАЛТАЙ АЖИЛЛАЖ БАЙНА

Өмнө нь буюу 2014-2016 онд алдагдалгүй ажиллаж байсан компани өнөөдөр таван тэрбумын алдагдалтай ажилладаг болоод байна. Тухайн үед Нийслэлийн нийт төсөв 600 орчим сая төгрөг байсан. Тэр үед автобусны парк шинэчлэлт хийж чадаж байсан. Гэтэл өнөөдөр нийслэлийн төсөв нэг их наяд төгрөг давсан хэрнээ парк шинэчлэлтээ огт хийж чадаагүй.

Кондуктортой байхад хувийн хэвшилтэйгээ нийлээд өдөрт 250 сая төгрөгийн орлоготой ажилладаг байсан хэрнээ өнөөдөр 90 сая болж буурсан байна. Цаана нь 150 сая төгрөгийн орлого алдаж байна. Иргэд мөнгөө төлөөд байгаа, тэр нь хаашаа орж байна вэ гэдэгт хяналт тавьж чадахгүй болсон нь харамсалтай. Энэ бүхнээс харахад нийтийн тээвэр нэг л биш болжээ.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ