“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ийн Улаанбаатар хот дахь төлөөлөгчийн газрын бүтэц дээр орлогчийн орон тоог нэмэгдүүлэн оруулж, С.Наранжаргалыг томилжээ. Уг газар 23 орон тоотой. Хуучин бүтцээр уг төлөөлөгчийн газар нэг л орлогчтой байсан ч нэмж сэтгүүлч эмэгтэйг удирдлагын багт орууллаа.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ сайд Хэнтийн Бэрх тосгоных. Жүжигчин мөн Н.Алтаншагай Хэнтийн Бэрх тосгонд төрж өссөн. Тиймээс алтан нутгийн бэрдээ албан тушаал өглөө гэж болно. Нэг хэсэг ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат байхад “Архангайнх бол амьтан ч байсан томилдог” гэдэг. Л.Оюун-Эрдэнийн үед “Хэнтийнх бол хэн ч байсан яах вэ” гэж нүдээ аниад томилдог гэж шүүмжилдэг нь үнэний хувьтай. Мөн хошин урлагийн жүжигчин Г.Алтаншагай ам нээх бүрдээ “Урлагийн буян, урлагийн буян” гэдэг. Одоо урлагийн буянаас хальж улс төрийн тогоо руу орж “буяныг нь хүртэх” болсон хүн. Г.Алтаншагайгийн эхнэр С.Насанжаргал одоо албан тушаалд томилогдсоноос биш “Эрдэнэт үйлдвэр”-тэй 2016 оноос ойр ажиллаж, “авахаа авч, өгөхөө өгч” яваа. Жүжигчин Н.Алтаншагайгийн төрсөн дүү нь “Шижир алт” төрийн өмчит компанид ажилладаг. Нэг томилгоог цухас харахад ийм.
Ер нь “Эрдэнэт үйлдвэр”-т Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн оролцоо, хуруу хошуу дүрсэн явдал их бий...
Л.Оюун-Эрдэнэ ЗГХЭГ-ын дарга байхдаа 2019 оны 3 дугаар 06-нд "Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг худалдаж авсан явдал нь мөнгө угаалтын хэлбэр мөн тул Засгийн газар тус үйлдвэрт зургаан сарын хугацаатай онц байдал тогтоолоо. Миний бие одоо шууд Эрдэнэт рүү гарлаа” гэсэн билээ. Хэлсэн ёсоороо Эрдэнэтэд оччихсон лайв хийгээд “тусгай ажиллагаа” явуулсан. Харин 9 сард онц байдал тогтоосноос 6-хан сарын дотор “Эрдэнэт үйлдвэр” 150 сая долларын худалдан авалт, гэрээ хийсэн” гэж шүүмжлүүлсэн.
Тэр үед Л.Оюун-Эрдэнэ сайд “Онцгой дэглэмийг дахин сунгах асуудал яригдаж эхлэх энэ цаг үед 150 сая ам.долларын гэрээ хийсэн мэдээллийг гаргах нь ойлгомжтой. Би энэ мэдээллийг шалгуулахаар АТГ-т хандсан байгаа. Үнэхээр тийм зүйл болсон бол "Эрдэнэт" үйлдвэрийн захирал Х.Бадамсүрэнд хариуцлага тооцно" гэж байсан ч, одоо хүртэл Х.Бадамсүрэн нь ажилласаар, “Эрдэнэт”-ийн мөнгөөр туйлсаар яваа. Хоохорын Бадамсүрэн Өмнөговийнх ч нутгийнхан нь нэг удаа дахиж сонгоод, ахиж царай өгөөгүй. Тиймээс Өмнөговийн нутгийн зөвлөлийн тамгыг аван зугтаж явсан түүхтэй хүн. Хэнтийн жоншны уурхайн захирлаар ажиллаж явсан болохоор ажил амьдралын замнал нь Хэнтийтэй холбогддог. Тиймээс яаж ч "идсэн" "Эрдэнэт үйлдвэр"-т үлдээд байгаа гэх юм билээ.
2019 есдүгээр сарын 13-ны өдрийн УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаанаар ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ “Хэрэв онцгой дэглэмийг зургаан сараар сунгахгүй бол Захиргааны хэргийн шүүх дээр "Эрдэнэт" үйлдвэрийг төрийн өмчит үйлдвэрийн газар болгосон асуудлыг задлах нөхцөл байдал үүсэх эрсдэлтэй гэж үзсэн. Мөн УИХ-ын 23 дугаар тогтоол дээр байгаа хоёр тал хэлцэл хийх нөхцөл байдал үүсэхгүй байх магадлалтай. Сангийн яамнаас шалгалт хийхэд “Эрдэнэт” ТӨҮГ-т онцгой дэглэм тогтоохоос өмнө 100 гаруй сая ам.долларын зөрчил илэрсэн. Уг асуудлыг хуулийн байгууллагад шилжүүлсэн” хэмээн хэлж байв.
Ингээд дахин 6 сар сунгаж “Эрдэнэт үйлдвэр”-т жилийн хугацаанд онцгой дэглэм тогтоосон. Онцгой дэглэмийн хугацааг дахин сунгах боломжгүй бөгөөд Монгол Улсын Засгийн газарт эрх олгох тухай хуулинд зааснаар “Үйлдвэрийн газар, байгууллагад тогтоосон онцгой дэглэм, түүний хэрэгжилтийн явцыг сар бүр Улсын Бага Хурал, олон түмэнд мэдээлж байхыг хуульчилсан. Тэгвэл энэ хуулийн хэрэгжилтийг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ мөрдөөгүй. Үүнээс хойш тэрбээр өнөөдрийг хүртэл тус үйлдвэрийн талаар ганц үг дуугарсангүй.
УИХ-аас "Эрдэнэт үйлдвэр”-ийг шалгах ажлын хэсэг байгуулагдсан ч өнөө хэр дүгнэлт нь УИХ-аар ороогүй байгаа. Түүнчлэн “Эрдэнэт үйлдвэр” санхүүгийн холбоотой материалуудаа ажлын хэсэгт өгөхгүй байгаа гэдгийг тухайн үед УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан хэлж, Х.Бадамсүрэн захирлаас санхүүгийн материалуудаа өг гэж шаардаж байсан удаатай. Одоо "Жаст"-ын Ш.Батхүүд зээл авахад нь зуучилсан бүх хүний хөөн хэлэлцэх хугацаа дууссан, “Эрдэнэт үйлдвэр” эргээд хаалттай бүс болжээ.