Хойд хөршийн банкирууд сүүлийн 10 жид 100 тэрбум доллартай тэнцэх хэмжээний мөнгө аван гадагшаа зугтаасан тухай Төв банкнаас нь гаргасан тайланд дурджээ. Эдгээрээ “Межпромбанк”-ын Сергей Пугачев, “Банк Москва”-гийн Андрей Бородин, “Глобекс” банкны ерөнхийлөгч Анатолий Мотылев нарын хулгайлсан мөнгө гэхэд л 20 тэрбум долларт хүрч байна. Хадгаламж эзэмшигчдийн хадгаламж, төрийн сангийн мөнгийг хуурайлагчдын дунд “Глобекс” банкны ерөнхийлөгч Анатолий Мотылев дээгүүрт бичигджээ. Тэрээр өөрийн банкнаас гадна зургаан банкыг дампууруулсан агаад үүнээс тавд нь тэтгэвэрийн сангийн зургаан том данс байжээ. Уг дансанд доод тал нь хэдэн зуун сая доллартай тэнцэх рубль байсан гэнэ. 360 тэрбум рубль аваад зугтаасан “Банк Москва”-гийн Андрей Бородин өдгөө Лондонгийн Парк-Плейс дүүрэгт тансаг пэнтхаусд амьдарч байгаа гэнэ. 200 тэрбум рубль гувчуулсан “Внешпромбанк”-ийн Георгий Бежамов Монакод амьдарч байна. 114 тэрбум рубль аваад зугтаасан “Траст” банкны хувьцаа эзэмшигчид болох Илья Юров, Николай Фетисов, Сергей Беляев нар Америкт байгаа аж. 92 тэрбум рублийн хэрэгтэй “Межпромбанк”-ны ТУЗ-ийн дарга Сергей Пугачёв Францад амьдарч байгаа гэх зэргээр жагсаалт цаашаа үргэлжилжээ. Орос банкирууд мөнгө аван зугтаахаасаа өмнө тодорхой хувийн шагналтайгаар шинэ хувьцаа эзэмшигч болон удирдлагуудыг оруулж ирдэг аж. Тэдний шагналд нийт хулгайлах мөнгөнийхөө 5-10 хувийг зарцуулдаг. Мөн банк тодорхой хугацаанд ажиллаад байхад хүрэлцэхүйц хэмжээний мөнгө үлдээдэг. Энэ хооронд банкны эзэн үндсэн мөнгөө аван гадагшаа гардаг аж. Ингээд банк дампуурахад хамаг хэрэг үндсэндээ шинэ эздэд тохогдоод үлддэг гэнэ.
https://www.kp.ru/daily/26582.4/3597271/