Оросын эрх баригчид Хятадаас бусад хөрш орныхоо шаардлага хүсэлтийг хүлээж авч байсан тохиолдол байхгүй. Тэгвэл ерөнхийлөгч Путин Украйны ерөнхийлөгч Владимир Зеленскийн нэгэн шаардлагыг тэр дор нь биелүүлсэн нь шуугиан тариад байна. Хэдхэн хоногийн өмнө “Нормандын дөрвөл” уулзалтын хүрээнд хоёр орны удирдагчид Парисд уулзсан. Энэ уулзалтын дараа буюу энэ сарын 11-нээс Оросын томоохон ТВ суваг болох ТНТ сувгаар Украйны ерөнхийлөгч гол дүрд нь тоглосон «Слуга народа» цуврал кино гарч эхэлжээ. Уг киног “дайсан” орныхоо иргэдэд үзүүлэхийг Владимир Зеленский нь Парисийн уулзалтын угтвар нэгэн нөхцөл болгон Оросын талд тавьсаныг Кремль хүлээн авч биелүүлсэн аж. Бүр худалдаж авчээ. Украйны киног гаргаж эхэлсэн нь Оросын олон нийтийн тодорхой хэсэгт огт таалагдаагүй байна. Кремль ч зөвшөөрөл өгсөндөө харамссан хэрэг гарчээ. «Слуга народа» кинонд Путины зүүдэг цагны талаар дооглон ярилцдаг хэсэг байдгийг нь ТНТ суваг хасалгүй гаргаж “том” алджээ.