Гадаадад суугаа дипломат төлөөлөгчдийн газруудаас санхүүгийн хамгийн их зөрчил гаргасан нь Сингапурт суугаа ЭСЯ гэнэ. Энэ бүх зөрчилд элчин сайдтан бус харин нягтлан бодогч буруутай байж болох юм. Гэсэн ч шаварт унасан шарын эзэн хүчтэй гэж Элчин сайдыг нь буруутгах хандлага гарч байна.
Сингапурт шижигнэсэн залуу элчин сайд Т.Лхагвадорж ажилладаг. Элчин сайд Т.Лхагвадоржийг Ерөнхийлөгч Х.Баттулгын төрсөн эгч Х.Цэндсүрэнгийн хүргэн гэлцдэг. Тэрээр өмнө нь уул уурхайн салбарт ажиллаж “Хүннү Коул” компанийг амжилттай удирдаж байсан сайн менежер. Харин төрийн албанд очсон биш улсын мөнгө уйлдаггүй гэгчээр ЭСЯ-наас санхүүгийн зөрчил илэрчээ. Тухайлбал Сингапур долларыг ам. долларт шилжүүлэхдээ Сингапур улсын арилжааны банкны ханшаар хөрвүүлж, санхүүгийн тайландаа тусгажээ. Үнэт цаасыг бараа материалын дансандаа бүртгээгүй байж. Тэрчлэн санхүүгийн тайлангууд нь хоорондоо маш их зөрүүтэй гарчээ. 2017 оны санхүүгийн байдлын тайлангийн эхний үлдэгдэл нь 2016 оны санхүүгийн тайлангийн эцсийн үлдэгдлээс 23,9 мянган доллароор зөрсөн гэнэ. Үндсэн хөрөнгийн эхний үлдэгдэл нь үндсэн хөрөнгийн дэлгэрэнгүй бүртгэлээс 182,8 мянган доллар, эцсийн үлдэгдэл нь 186,7 мянган доллароор зөрсөн бол үндсэн хөрөнгийн тооллогын бүртгэлээс бүр 358,6 мянган доллароор дутжээ. Санхүүгийн тайлан нь ийм маапаантай байхад нягтлан бодогч нь 2016-2018 оны хооронд нийт 11,5 мянган долларын илүү цалин авчээ. Элчин сайдын 2016 оны А/02 дугаар тушаалаар нягтлан бодогч ажилд томилохдоо цалинг нь сард 1024 доллароор тогтоожээ. Энэ нь дипломат төлөөлөгчийн газрын үйлчилгээ-техникийн ажилтны цалинг 40 хүртэл хувиар тогтоохоор заасан Засгийн газрын тогтоолыг зөрчжээ. Нягтлан бодогч нь 1024 долларын цалин авсанаар 64 хувиар буюу 384 доллар сар бүр илүү авч иржээ. Ийнхүү илүү авсан цалинг нь тооцоход 2018 оны 8-р сарын байдлаар нийт 11,5 мянган доллар болсон байна. Тус ЭСЯ нь батлагдсан төсвийг 71,4 мянган доллароор хэтрүүлснээс гадна 2017 оны зарцуулагдаагүй үлдэгдэл болох 18,5 мянган долларыг улсын төсөвт төвлөрүүлээгүй байжээ. Урьд оны санхүүгийн тайлангийн аудитаар өгсөн 211,2 мянган долларын зөвлөмжийг нохой хуцахын дайны тоосонгүй, дараа онд алдаагаа давтсан гэнэ. Энэ бүх зөрчилд элчин сайдтан буруутай бус, харин данс тооцоо барьж байгаа нягтлан бодогч, ажилтнууд нь буруутай байж болох юм. Дээрхи санхүүгийн зөрчил хувийн компанид гарсан бол аль хэдийн асуудал үүссэн. Харин жил болгон санхүүжилт авдаг төрийн алба тулдаа л тэсэж байна.