
“Таван толгой”-н ордын лицензийг монголчуудаасаа булааж авахаар улстөрчид “хөдөлж”, төрийн төмөр нүүрийг харуулан буцааж авсан. Харин түүний дараа орох асар том нэгэн ордыг хятадууд Монголын алс баруун хязгаарт авчихаад 10 гаруй жил нүүрсийг нь зөөж байгаа ч хэн ч ярьдаггүй. Коксжих нүүрснийхээ нөөц, чанараар “Таван толгой”-н дараа орох Хөшөөтийн нүүрсний ордыг аль 1971 оноос эхлэн ашиглажээ. Тухайн үед улсын төсвийн хөрөнгөөр хийсэн хайгуул судалгаагаар 24.3 сая тонн нөөцтэй хэмээн тогтоогдож... Хориод жилийн дараа буюу 2007 онд дахин хийсэн нөөцийн хайгуулаар 306.1 сая тонн нүүрс байгааг илрүүлжээ. Үүнээс 180 гаруй сая тонн нь коксжик нүүрсний баялагтай байх магадлалтай гэж гарсан. Гэхдээ энэ нөөцийг үүнээс ч хэд дахин илүү гэлцдэг.
Хувьцаа нь Хонконгийн бирж дээр 2007 оноос зарагдаж эхэлсэн Хөшөөтийн нүүрсний уурхайн танилцуулгад уг ордыг 4.4 тэрбум тонн нүүрсний нөөцтэй гэсэн байдаг. Гэвч Хөшөөтийн нүүрсний ордыг Стратегийн орд газарт оруулах нь байтугай өнөөдрийг хүртэл хэдэн хятадуудын мэдэлд зөнд нь орхисон. Энэ уурхайтай холбоотой хэл ам их дэгдсэн ч тэгсгээд нам дарагддаг.
Монголын баруун хязгаарын төв болсон Ховд нутгийн шүтээн Сутай хайрханы нэг хэсгийг химийн хортой бодисоор хордуулж буйг нутгийн иргэд эсэргүүцэж хотод ирж хэвлэлийн бага хурал хийж байлаа. 2007 оны тавдугаар сард 25 тонн, мөн оны долдугаар сарын 20-нд 74.2 тонн 12 төрлийн химийн хорт бодис нийт 99.2 тонн хорт бодис оруулж иржээ. Энэ 12 төрлийн бодисоос тав нь онц ноцтой бодис болох нь мэргэжлийн хяналт болон холбогдох байгууллагуудын шинжилгээгээр тогтоогдсон. Дээрх хураагдсан хортой бодисын 10 тонныг нь “харь гаригийнхан” аваад явчихсан аятай олдохгүй хэрэг гарсан.Энэ мэт нууцлаг явдал гарсар Хөшөөтийн уурхай хэвийн ажилласаар өдий хүрчээ.
Замын-Үүдийн боомтоор оруулж ирсэн 25 тонн бодисыг 106 цооног өрөмдөхөд ашигласнаас болж хүн малын биед тууралт үүсээд зогсохгүй, 14 толгой мал үхэж, айлын нохойны чихэнд тууралт үүссэнээс ханзарч унан, булаг шанд нь ширгэж, өвс ургамлын ургац эрс муудсан зэрэг сөрөг үр дагавар олноор илэрсэн. Энэ бол зөвхөн 25 тонн бодисыг хэрэглэснээс үүдсэн үр дагавар гэж нутгийнхан хэлж байлаа. Гэтэл Ховд аймгийн мэргэжлийн хяналтын байцаагчийн актаар “Эм эн Эр Ай Жи” компаниас албан ёсоор хураасан бодисыг аймгийн тухайн үеийн аймгийн Засаг дарга Г.Нямдаваагийн захирамжаар Хөшөөтийн уурхайг эзэмшигч “Мон Эн Ко” компани буюу эздэд нь буцаан хадгалуулахаар шийдвэрлэсэн нь энэ компаний төлөө нутгийн удирдлагууд яахаас ч буцахгүй ажиллаж, хамгаалдгийг харуулдаг. Сүүлийн үед орон нутгийн иргэд ч Хөшөөтийн эсрэг тэмцэх хүч мөхөсдөн дуугарахаа больжээ.
Манай улстөрчид гэв гэнэт л хэлд орсон аятай Стратегийн орд газар, төрийн мэдэлд авна гэдэг ч Хөшөөтийн уурхайн асуудлыг хэн ч хөнддөггүй нь хачирхалтай. Стратегийн ордод оруулахыг эрх мэдэлтнүүдээс хэн нь ч хүсдэггүй, "дархан эрхтэй" газар энэ болжээ.
“Хөшөөт”-ийн ордыг эзэмшигч “Мон-Энко” Ховдод тусгай эрхтэй
Ховд аймагт ашигт малтмалын 13 тусгай зөвшөөрөл эзэмшдэг “Мон-Энко” компанийн эзэн нь БНХАУ-ын иргэн. Энэ компани нь Ховд аймгийн газар нутгийг ихэнх хэсэгт буюу ашигт малтмалын арвин нөөцтэй хамгийн гол сумдад тус бүрт нь 3-7 лиценз эзэмшдэг гэнэ. Тухайлбал Хөшөөтөд долоо, Дарвид гурав, Ганц модны дүүрэгт гурав, нийт найман ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий 2600 гектор, 63300 гаруй гектор талбайд геологи хайгуулын үйл ажиллагаа явуулдаг гэнэ. Хятад эзэнтэй, Хятадын компани гэдгийг Ховдынхон бүгд мэддэг. Энэ компанийн цаана Монголын эрх мэдэл, нэр нөлөө бүхий улстөрчид байдгийг ч нэр ус, удам судартай нэрлэх юм билээ.
Газрын хэвлий дэх баялаг ард түмний өмч гэдэг. Гэвч ховдчуудын хувьд, Хөшөөтийн ордоос хувь хүртэнэ гэдэг ёстой “холоо хэвтэнэ” гэдэг нь харагддаг. Ховд аймгийн Дарви сумын нутаг дэвсгэр Хөшөөтийн уурхайд БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай Мо-Эн-Ко ХХК 2007 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж байгаа ч ард иргэдэд юу ч оногдсонгүй. Хаацайлсан үе үеийн албан тушаалтнууд хувь хүртдэг байж магадгүй. Коксжсон нүүрсээрээ Монгол улсдаа 2-рт орох ил уурхай Хятадын компанид худалдагдсанаар орон нутгийн иргэд нүүрс авч хэрэглэх боломжгүй, гадныхны гарыг харахаас өөр аргагүй болсон. Үүний тод жишээ болон зэргэлдээ сумдын иргэд тус уурхайн гадна талбайн хог хаягдлаас нүүрсний хог шигшин гал залгуулах болсоор уджээ.
Аймаг орон нутаг энэ уурхайгаас талоноор нүүрс авч иргэдэд зах зээлийн үнээс хямдаар худалддаг нэртэй боловч нүүрсний чанар жилээс жилд эрс муудаж, чулуу голдуу ирдэг болсон тухай иргэд шүүмжилдэг. Иймд хажуудаа байгаа уурхайгаа иргэд нь хараад суудаг, хятадууд өрмийг нь хамж яваад, нутгийнхан хусмыг нь гуйж идэж яваа нь шударга уу?. Баялгаа хүртэж чадахгүй “алтан дээр биш нүүрсэн дээр суусан” гуйлгачин улс болж байгаа нь энэ бололтой.