5 тэрбумын үнэтэй хээрийн эмнэлгийг халдварт өвчний үед ашиглах боломжгүй

Өнгөрсөн 2020 оны тавдугаар сард "Covid-19 цар тахлын үеийн харилцан ажиллагаа, хариу арга хэмжээ” дадлага сургуулилалтын хүрээнд Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Давтан сургалт, сэргээн заслын төвд хээрийн эмнэлэг байгуулсан. Энэ эмнэлгийг худалдан авахад 5-6 тэрбум төгрөг зарцуулсан. Тэр үед Ерөнхий сайд, Эрүүл мэндийн сайд очиж танилцан "Зөв ажил, цар тахлаас айх аюулгүй боллоо" гэж сайшаан сурталчилж байв.
Гэтэл одоо цар тахлын үед ашиглахад тохиромжгүй, бүс нутагт гэнэтийн гамшиг болох үед л эмнэлгийн цогц үйлчилгээ үзүүлэх зориулалттай юм байна.
Халдварт өвчний үед ашиглахад хэцүү. Тэнд тусгаарласан хүмүүсийн ариун цэврийг сахиулах, бие засах газар, угаалга, ариутгал гээд төвөгтэй зүйл олон бий гэнэ. Одоо иргэдэд ор олдохгүй байна. Коронавирэсээр халдварласан иргэд нэрээ өгч оочерлож байж, ор гарахаар хэвтэн эмчлүүлж байгаа. Өрхийн эмнэлэг ч гэртээ өөрийгөө эмчилж буй иргэдэд зөвлөгөө өгөхөд ч хэцүү болж байна. Өчигдөр гэхэд гэртээ эмчлүүлж байсан 4 хүн нас баржээ. Хэрвээ эмнэлгийн ор хүрэлцэхгүй бол хувийн аж ахуй нэгж, зочид буудал гээд ор дэлгэх боломжтой газрууд бий. Гэвч "улаан бүсэд" ажиллах эмч, ажилтнуудын нөөц хүрэхгүй. Өвчтөнүүдийг эмчлэх эмч, сувилагч хүрэлцэхгүй учраас 1000 ор, хээрийн эмнэлэг байгаад ч нэмэргүй, хэрэгцээгүй болжээ.
Өвчин хэлж ирэхгүй хийсэж ирдэг гэдэг ч манайд Ковид 19 хэлж сануулсаар ирсэн. Урд хөршийн Уханьд анх дэгдсэнээс хойш жил гаруйн дараа манай улсад халдвар анх бүртгэгдсэн. Цар тахалд зориулсан гадны зээл тусламж ч хангалттай өгсөн. Тухайлбал Азийн хөгжлийн банкнаас 100 сая ам.доллар, ОУВС-гаас буцалтгүй тусламж 99 сая ам.доллар, Европын холбооноос буцалтгүй тусламж 59.7 сая ам.доллар, Дэлхийн банкнаас 26.2 сая ам.доллар, Японоос 1.2 тэрбум иен, АНУ 1.2 сая ам.доллар, НҮБ 200 мянган ам.доллар өгсөн. Гурван сая хүн амд хангалттай мөнгө. Гэтэл одоо хаана байна, байдал ямар байгааг бид бүгдээрээ биеэрээ мэдэж байна.
Тухайн үед Эрүүл мэндийн сайд нь "Гурван сая хүнд нэг амьсгалын аппарат хангалттай" гэж "сүгсэлзэж" байлаа. Дотооддоо Ковид 19 бүртгэгдээгүй байж, 1.7 тэрбумаар маск ОБЕГ авч тарааж байлаа. Одоо өдөрт 2000-3000 бүртгэгдэж, 10-20 хүн амиа алдаж байхад тэр их мөнгө хаачив? Одоо ЭМ-ийн сайд асан Т.Мөнхсайханыг АТГ-аас шалгалаа гэнэ. Т.Мөнхсайхан богино хугацаанд ажилласан мэргэжлийн сайд. Алдаа оноо бий байх. Харин цар тахлаар шоу хийж, ард түмнээ айлгаж, үндэсний баатар болж явсан хүмүүст илүү хариуцлага тооцох нь шударга ёсонд нийцнэ биз ээ.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ