
“60 тэрбум”-ын хэрэгт холбогдсон НИТХ-ын дарга асан Ц.Сандуй, "Шинэ Монгол Хаад" группийн ерөнхийлөгч А.Ганбаатарт холбогдох анхан шатны шүүх хурал өнгөрсөн сарын 31-нд болж, шүүхээс тэдэнд дөрвөн жилийн ял оноогоод буй юм. Ц.Сандуйгийн өмгөөлөгч “Mon law” хуулийн фирмийн захирал Т.Дэлгэрбаяртай ярилцлаа.
-“60 тэрбум”-ын гэгддэг хэрэг анх удаа шүүхийн шатанд ирж, холбогдсон хүмүүс ял сонслоо. Шүүх хурлын процесс ээдрээтэй байсан тухай мэдээлэл байна. Үүнээс ярилцлагаа эхлэх үү?
-Миний хувьд Ц.Сандуйгийн өмгөөлөгчөөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд болон шүүх хуралд оролцсон. Би хэргийн талаар ярих боломжгүй. Гэхдээ хууль хэрэглээний асуудал дээр шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэж, хүнд ял өглөө гэж бодож байна. Учир нь прокурорын зүгээс энэ гэмт хэргийг 2014 оны долдугаар сараас есдүгээр сарын хооронд үйлдэгдсэн. Энэ үед хуучин Эрүүгийн хууль үйлчилж байсан. Өөрөөр хэлбэл, 2002 оны Эрүүгийн хууль гэсэн үг. Тус хуулийн 82.1-д заасан төрийн эрх мэдлийг хууль бусаар авах, хуйвалдаан зохион байгуулах гэдгээр буруутгаж, ялласан. Энэ зүйл анги нь 16-20 жилийн хорих ялтай. Энэ хэрэг бол гурав дөрвөн жил үргэлжилж шалгагдсан. Бид прокурорын шатанд холбогдох хэргийг хуучин хуулийн зүйл ангиар зүйлчилж болохгүй гэсэн санал, гомдол гаргаад хэрэгсээгүй, хуучин хуулиар яллах дүгнэлт үйлдээд шүүх рүү оруулж ирсэн.
-2002 оны Эрүүгийн хуулиар зүйлчлэх ёсгүй гэж үзэж байгаа шалтгаан юу вэ?
-Хуучин Эрүүгийн хуулийн 82.1 заасан дээрх гэмт хэрэг нь 16-20 жилийн хорих ялтай, харин шинэ хуулийн 19.2-д хуучин хуулийн 82.1-д заасан гэмт хэргийг төрийн эрх барих дээд байгууллагын эрх мэдлийг хүчирхийллийн аргаар авах гэж нарийвчлан, санкцыг 12-20 жилийн хорих ялтай байхаар хуульчилсан нь Ц.Сандуй болон А.Ганбаатар нарын үйлдэл шинэ Эрүүгийн хуулиар гэмт хэрэгт тооцогдохгүй болсон гэсэн үг. Өөрөөр хэлбэл, гэмт хэргийн үйлдлийн шинж чанарыг нарийвчлан зохицуулснаас үзэхэд Ц.Сандуй нарын үйлдэл гэх эвлүүлэг нь Эрүүгийн шинэ хуулийн гэмт хэргийн шинжид хамаарахгүй юм. Нөгөөтэйгүүр мөрдөгч, прокурор нь яллагдагчийн эрх зүйн байдлыг нь дээрдүүлсэн хуулийн зүйл ангиар хэргийг зүйлчилж ёстой. Гэвч хуучин хуулиар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн, шүүхэд шилжин шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хийгдэж гэм буруугийн хурал болсон.
Шүүх хурлын дараа шүүхээс дээрх гэмт хэргийн зүйлчлэлийг буруу байна гэдгийг тогтоосон атлаа өөр зүйл ангиар буюу шинэ Эрүүгийн хуулийн 14.9 д заасан заалтаар ял оноосон. Энэ шийдвэрийг бид шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байгаа.
-Энэ зүйл ангид сонгуулийг хууль бусаар явуулах тухай заасан байдаг байх аа?
-Тийм. Эрүүгийн хуулийн 14.9-д сонгуулийг хууль бусаар явуулах, хуйвалдаан зохион байгуулах гэж байгаа. Энэ зүйл анги дотроо 14.5, 14.6, 14.7-д зааснаар гэмт хэрэгт үйлдэхэд бэлтгэсэн гэж оруулж ирсэн байсан. 14.5 нь иргэн сонгуулийн эрхээ эдлэх, сонгуулийн хорооны ажилд саад хийх, 14.6 нь сонгууль, ард нийтийн санал асуулгад илүү санал өгөх, 14.7 сонгууль, ард нийтийн санал асуулгад хууль бусаар нөлөөлөх, санал хураалтын дүнг буруу гаргах гэж байгаа. Гэтэл энэ хоёр хүнд ямар ч хамааралгүй зүйл анги. Энэ хоёр хүний асуудал чинь сонгуулиас өмнө бүх юм нь задарчихсан. Гэхдээ шүүх 12 жилийн ялтай зүйл ангид хамаарах гэмт үйлдлийн зүйлчлэл тохирохгүй байна гэж үзээд санкцыг бууруулсан. Дөрвөн жилийн хорих ялын санкцтай зүйл ангид хамаарах ял оноох эрх бол шүүхийн өөрийнх нь асуудал. Шинэ Эрүүгийн хуулийн 14.9-д дээрх гэмт хэргүүдийг үйлдэхийг бэлтгэсэн, зохион байгуулсан бол 10.000-40.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсвэл 2-8 жилийн хорих ял шийтгэнэ гэж заасан байдаг.
Энэ ял шийтгэлийн тухайд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10.2-т зааснаар хорих ялын доод хэмжээг нэгээс дээш жил, дээд хэмжээг найман жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсвэл зорчих эрхийг хязгаарласан ялын доод хэмжээг нэг жилээс дээш хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш таван жил өнгөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэхээр байсан. Нэг ёсондоо Ц.Сандуйд холбогдох хэрэг хэрэгсэхгүй болох ёстой байсан. Үүнийг прокурор ч хүлээн зөвшөөрсөн.
-Хэргийн хөөн хэлэлцэх хугацаа нь 2021 онд дуусна гэсэн үү?
-Уг нь бичлэгтэй хамаарах хэрэг 2014 оны 7-9 дүгээр сард гарсан байдаг. Прокурор ч гэмт хэргийн хугацааг дээрх хугацаанд хамааруулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн. Ингэснээр Ц.Сандуй нарт хамаарах үйлдлийг гэмт хэрэг гэвэл 2019 оны есдүгээр сард хөөн хэлэлцэх хугацаа дууссанаар гэмт хэрэг хэрэгсэхгүй болох ёстой. Гэтэл шүүх бүрэлдэхүүн Эрүүгийн хуулийн 1.8.3-аар тэдний үйлдлийг тодорхой хугацаанд үргэлжилсэн, гэмт хэрэг үйлдэж дууссан, эсвэл таслан зогсоосон үеийг гэмт хэргийн хугацаанд хамааруулна гэдэг заалтаар тайлбарлаж хорих ялаар шийтгэсэн нь тэдний гэмт үйлдлийг 2014 оны 7-9 дүгээр сард үйлдэгдсэн биш, харин 2016 оны зургадугаар сарын 24-нд буюу нийтэд тэр бичлэг ил болсон, бичлэгийн талаар цагдаагийн байгууллагад мэдэгдсэн үеэс хөөн хэлэлцэх хугацааг тогтооно гэж үзсэнтэй холбоотой юм. Ингэхээр шүүгдэгчдэд холбогдох үйлдлийн хөөн хэлэлцэх хугацаа 2021 оны зургадугаар сарын 24 дуусахаар байгаа тул дөрвөн жилийн ялаар шийтгэгдсэн.
Шүүхийн энэ шийдвэрийг бид хүлээн зөвшөөрөх хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байгаа. Тиймээс бид давж заалдана. Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тодорхой заасан заалт эрүүгийн хуулийн 1.10-ын 1.2-т тодорхой байгаа. Энэ заалтаас үзэхэд хэргийн хөөн хэлэлцэх хугацаа 2019 оны есдүгээр сард дууссан тул хэрэг хэрэгсэхгүй болох ёстой байсан.
-Ц.Сандуй шүүхийн шийдвэрт ямар байр суурьтай байна вэ?
-Хийгээгүй үйлдлийнхээ төлөө яллагдаад шоронд орсондоо маш их харамсаж байгаа. Шүүх хурлын үеэр энэ талаараа сайн ярьсан.
Эх сурвалж: Өдрийн сонин