alim.mn | 2025.04.19
ҮЛ МЭДЭГ ИНЭЭМСЭГЛЭЛТ МИНЬ
          Бужгарын Гантигмаа: Анхдагчдын өлгийн Булганы бүсгүй гэхээр бахархдаг \МҮОНТ-ийн нэвтрүүлэгч\
-Сайхан намаржиж байна уу. Гантигмаа. Саяхан Булганы хойд сумдаар яваад ирлээ.Мөн ч сайхан намар болж байна даа. Аав ээжийн тань тухай яриагаар эхлэе дээ хоёулаа.
- Миний аав Монгол улсын гавъяат жүжигчин Санжаагийн Бужгар 1939 онд Одоогийн Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хантай багийн нутагт “Хатагчийн энгэр” гэдэг газар төрсөн . Аавын минь ээж Дарьсүрэн гэж эршүүд эрэмгийг эмэгтэй байж гэж боддог юм. Тэр үед Эгийн голоор сал урсгаж хүн мал зөөдөг усчин хүн байсан гэнэ лээ. Бүсгүй хүн усчин байна гэдэг бас л ховор шүү. Бүүр сүүлд аав ээж хоёр Эгийн голын хөвөөнөө очиход салаа оосорлож тогтоодог байсан чулуу нь хүртэл хэвээрээ байсан гэдэг. Аав минь нагац ахаараа овоглодог юм. Монголчууд миний аавыг “Нүгэл буян” киноны Найдан гэлэн, “Нийслэл хүү”-гийн Мэндээ эмч зэрэг дүрээр нь андахгүй. Аав маань их нутаг амьтай хүн байсан. Өсөж төрсөн Булган нутгийнхаа тухай дууны шүлэг,урт ерөөл магтаал бичсэн байдаг нь одоо надад хадгалагдаж байдаг юм.
Ээж Ш.Дэлгэржаргал маань Архангайн Тамирын голын хүн. Монголчуудын сэтгэлд “Тунгалаг тамир”-ын Дулмаагийн дүрээрээ хоногшсон Монгол улсын гавъяат жүжигчин. Ижий минь одоо ч уран бүтээлээ орхиогүй. Кино жүжгийн дүрд уригдсаар байдаг юм. Нээрээ ээжтэйгээ нэг тайзан дээр гарах сүрдмээр юм билээ. Энэ жил “Утгын чимэг” наадамд шалгарсан өгүүллэгүүдийг уншихад ээжтэйгээ хамт орсон. Нэг л сүрдээд сонин мэдрэмж төрөөд байж билээ.
Би чинь хэзээнээсээ аавын амь охин байлаа. Жаахандаа аавыгаа санаад кино зурганд явсан байхад нь “Та хурдан ирэхгүй бол бид орой болгон хаалгаа түгжээд бутанд хярсан туулай шиг бүлтэлзэн айж сууна...” гэж захиа бичээд , аавыгаа уйлуулж байсан хүүхэд дээ.
-Сайхан аав ээжийн тань тухай яриад яриад дуусахгүй арвин их бүтээлтэй намтартай хүмүүс билээ. Дараа хоёулаа аавын тань тухай сайхан дурсамж хөрөг хийж уншигчиддаа баринаа. Энэ удаагийн дугаарын зочиноор Булган нутгийн бүсгүй гэж өөрийг чинь онцлон урьсан юм. Та өөрийгөө манай уншигчдад танилцуулаарай. Өдөр бүр МҮОНТ-ээр таныг хардаг ч Бужгарын Гантигмаа гэх хувь бүсгүй ямархан хүн юм бол оо.
-Би өөрөө бол Улаанбаатар хотод төрөөд Дархан хотод өссөн хүн. Дарханд дунд сургуулиа төгссөн..Аав ээж хоёр маань Дарханы Залуучууд театрын жүжигчид байлаа. Урлаг соёлын замд бараг эхийнхээ гэдсэнд байхад орсон гэж бодмоор. “Тунгалаг Тамир”киноны 3-р анийн зураг авалтанд орохдоо ээж минь намайг тээж байсан гэдэг. Анх 4-5 настай цэцэрлэгт байхдаа л ээжээрээ заалгаад “Тагтаа “шүлэг уншаад л урлагийн замд орж дээ .Тэгээд” Гарын таван хуруу” киноны Хорлоогийн ганц охин болж тоглосон. Одоо телевизийн нэвтрүүлэгчээр 29 дэх жилээ ажиллаж байна. Миний багш нар бол МУСГЗ Б.Цэенханд, Б. Рагчаа нар билээ.Тэднээсээ мөн ч их зүйл сурсан даа. Сурагчийн ширээнээс л нэвтрүүлэгч болсон азтай,ховорхон хувь заяатай хүн шүү дээ. Тэр үед нэвтрүүлэгчийн босго өндөр байлаа. Цаг хугацаа ямар хурдан юм бэ гэж заримдаа гайхах юм Хэвлэл- мэдээллийн салбарт яг 30 жил болсон байна шүү дээ. Соёл Урлагийн их сургуулийн кино драмын анги,Театр-кино урлагийн “Бэрс” дээд сургууль гээд хоёр сургууль төгссөн юм.
- Булган нутаг,Булганыхантай хэр холбоотой байдаг вэ. Нутаг орноор явж байхад аль сум хамгийн сайхан байгальтай санагдав даа.. Өнгөрсөн жил Булганы 80 жилийн ойн баярын арга хэмжээг хөтөлж байсан.
Холбоотой байлгүй яах вэ.Би чинь Булганы бүсгүй гэж өөрийгөө тооцох, тэгж хэлүүлэх дуртай.Аав минь тэнд төрсөн хүн ааваараа овоглодог юм чинь. Булганы айрагт хачин их дуртай болсон . Анх 2002 онд Булганд очсоноос хойш Хутагийхантай, Булганчуудтайгаа холбоо тасраагүй ээ. Булган аймгийн наадмын нээлтийг хоёр ч удаа хөтлөсөн. Хутаг- Өндөр болон өөр олон сумаар сайхан хүмүүстэй хамт аялж гайхалтай үзэсгэлэнт байгаль, сайхан зантай хүн ардыг нь харан бахдаж явлаа. Хамгийн их сэтгэл хөддөлгөсөн,санаанд уяатай нутаг бол мэдээж Хутаг-Өндөр,Эг сэлэнгийн бэлчир, Хантайн үзэсгэлэнт уулс юм даа. Энэ жилийн намар 8-р сарын 24нд аавынхаа 80 насны төрсөн өдрөөр нь зүгээр л хэн нэгэнд хэлээгүй би өөрөө Эгийн голын хөвөөнд аавынхаа яг төрсөн буурин дээр нь очиж,уул усанд нь идээ будаа, сүүн тахил өргөж ,хайрт ааваа дурсан санасан. Яг тэр үед Хантайн уулсын тэргүүн дээгүүр тэнгэр бөртийх ч үүлгүй атал хэсэгхэн хөвөн цагаан үүл хуралдан үүсээд хажуулдан хэвтээ өтгөн сахалтай өтгөсийн дүрсийг үзүүлэх ши г санагдсан.Би бүүр бэлэгшээж гар утсандаа хадгалан үлдсэн.
-Монголын үндэсний телевиз, радиогийн үе үеийн нэвтрүүлэгч сайхан хүүхнүүдэд зориулсан алдартай зохиолч найрагчдын дуу шүлэг олон бий . МУСГЗ Батсүрэн гуайд зориулсан “Миний алаг нүдэн сайн сууж байна уу” дуунаас эхлээд... Сүүлхэндээ чамд зориулж нэрийн тань үсгээр мэтгэж бичсэн нэрт яруу найрагч Арлааны Эрдэнэ-Очир агсаны “Голын тохой дээр “ гэдэг алдартай шүлгийг бүгд мэднэ. Мөн их уянгатай ,сэтгэлээс урсан гарсан гайхамшигт шүлэг, 21-р зууны уянгын шүлгийн манлай болж одоо үеийхний амны уншлага болсон сайхан найраг.
“...Амьдрал мөнхийн зүүд минь тэнгэрийн зурсан зураг минь
Алдааг нь цуглуулахад ч жаргал амтагдмаар хонгор минь
Алсаас над руу урссан цаг хугацааны зэрэглээн дундаас
Амжиж миний олж харсан үл мэдэг инээмсгэлэлт минь ..”гэдэг мөрүүд миний цээжинд байдаг. А.Эрдэнэ – Очир найрагч та хоёр намрын нэг их цэлмэг гоё өдөр Сэлэнгийн эрэгт сууж байгаад бичсэн шиг санагддаг. Ер нь олон хүн миний мэт боддог байж магадгүй. Найрагчийн хамгийн хамгийн гоё шүлгүүдийн нэг нь энэ таньд зориулсан шүлэг мөн шүү. Хэзээ зохиосон байдаг билээ.
-Анх 2002 онд Хутаг-Өндөрийн нутгийн зөвлөлийхэн уран бүтээлчдийг урьж нутаг орноороо аялуулан хүмүүстэй уулзуулж явахад бид олон хүмүүс явсан даа. Тэр багт найрагчдаас А.Эрдэнэ-Очир хамт явсан юм. Тэр үед л танилцаж тэр хавар олуулаа бужигнаад, инээж хөхрөөд л,байгалийн сайханд хөглөгдөөд шүлгээ уншаад явж байсан. Харин намар нь яруу найрагчид бас ахиад тэр газар Сэлэнгийн салаа тохойд очиход хаврын тэр өдрүүдийг дурсан бичээ биз ээ. Зөндөө олуулаа баг хамт олон явсан. Би ч бас Булганд л зохиогдсон шүлэг байх гэж боддог. Энэ талаар өөрөөс нь асууж байсангүй ээ. “Болор цом” болон бусад урлаг соёлын олон арга хэмжээнд хамтдаа орж байлаа. Одоо эргээд үзэхэд хамт авахуулсан ганц ч зураггүй юм билээ. Сайхан найрагч сайн хүн байсан даа. Өнгөрсөн өвөл хүүгийн нь зохион байгуулсан Улаанбадрах суманд ном хүргэх тэмээн жингийн цуваанд нь багтаж олон уран бүтээлчидтэй төрсөн нутаг ижий хоёрт нь очоод ирсэн дээ. Үртэй хүн гэдэг сайхан юм даа. Аавынхаа хүслийг гүйцээгээд .. гэж уяран бахдан явлаа бид
- Нэвтрүүлэгч Гантигмаа гадаадын олон кинонд дуу оруулсан байдаг Миний хамгийн сайн санаж байгаа нь Халтар царайтын Стерлита юу .
Тийм ээ, МҮОНТ түүхэндээ анх удаагаа 1990 ээд оны эхэнд албан ёсны зөвшөөрөлтэй гадаадын олон ангит сериал үзүүлсэн юм. Бидний үеийн олон залуус дуу оруулж байлаа. Мигельд Баямбацогт, Стерлитад би гээд л. Ер нь би энэ өнгөрсөн он жилүүдэд маш олон барагцаалбал 6000 гаруй анги кино жүжигт дуу оруулсан байдаг юм. Анхных болохоор хүмүүсийн ой санамжинд тэр Халтар царайтын дуу хоногшжээ.
-Булганы бүсгүй минь одоо олон хөвгүүд өсгөж байгаа гэж сонссон. Хүний амьдралын хувь зохиол гэж хэцүү шүү. Гэхдээ чи бол ээждээ их халамжтай, ахан дүүсийнхээ түшиг болсон ачлалтай бүсгүй дээ. Хүүхдүүд нь өсөж уул шиг том эр болоод ээжийгээ улам л хайрлана даа.”Хүүтэй хүн хүзүү дээгүүр” гэж эртний үг бий. Гэр бүл болон хүүхдүүдийнхээ тухай товч танилцуулах уу. Бас хүмүүнлэгийн салбарт сэтгэл зүтгэл гарган ажилладаг юм билээ.
Би таван хүү өсгөж байнаа. Бурхан болсон эгч дүү хоёрын минь хөвгүүд, миний өөрийн хоёр хүү хамтдаа өсөж байна. Хараахан би өөрөө эмээ болоогүй ч эгчийн маань том хүү хөөрхөн зээтэй болгоод ээж маань гучаа би зээгээ хараад баясаж байгаа. Миний хань Монгол телевизэд бас л олон жил ажилласан түшигтэй сайхан хүн байдаг.Монгол улсад хорт хавдраар хэн нэгэн элгэн саднаа алдаагүй айл өрх гэж байхгүй болжээ. Миний ээж, манай гэр бүл ч гэсэн энэ аймшигт өвчний өмнө толгой гудайн хайртай дотно хүмүүсээ алдсан. Тэгээд сэтгүүлч Мөнхбаясгалангийн үүсгэн байгуулсан “Элэг нэгт Монголчууд” сангийн удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдоод үйл ажиллагаанд нь байнга оролцож явдаг. Сая өнгөрсөн сарын дундуур манай сан бүх нийтэд уриалга гаргаж Хавдарын өвчин анагаах шинэ цогцолбор эмнэлэг байгуулах төсөвийг батлуулахаар ард олны дэмжлэг хүссэн. Энхийн цагт нэг жилд 4000 хүн хавдраар хорвоог орхиж байна гэдэг Халх голын дайнд амь үрэгдсэн хүмүүсээс ч их тоо юм. Үүнд эмзэглэхгүй байхын аргагүй. Монгол хүн амьд явах эрхтэй. Үүний төлөө, хүн зоны тусын тулд энэ сангийнхаа үйлсэд идэвхтэй оролцдог оо. Булганчууд та бүхэн минь урдчилан сэргийлэх үзлэгт тогтмол хамрагдаж эрүүл мэнддээ онцгой анхаарч байгаарай гэж захия. “Эрүүл явбал хойтон жилийн наадам үзнэ” гэж их Нацагдоржийн үг бий.
-За эрхэм бүсгүй минь баярлалаа. Ажилд чинь амжилт, амьдралд чинь сайн сайхныг хүсье. Хүмүүнлэгийн ариун гэгээн үйлсийн тань зам мөр дардан байх болтугай гээд өөрийн чинь саяхан Хантайд тэрлэсэн дөрвөн мөртөөр ярилцлагаа өндөрлөе.
Хээрийн цэцгэс зулсан энэ зам аавын минь нутаг руу хөтлөнө
Хүсч зорьсоор хүйн нутагт тань хүрээд ирлээ аав аа!
Уулс хүртэл амгалан нойрсож угтлаа охиныг тань
Үүлэн хүртэл зөөлөн шивэрч үнсэн үнсэн баярлажээ аав аа! Булган .Хутаг –Өндөр Хантай баг Хатагчийн энгэр- Эгийн гол 2019-8-24 гэжээ
2019 ОНД "БУЛГАНХАНГАЙ ТАЙМС" сонин эрхлэн гаргаж байхдаа хийсэн ярилцлагаа та бүхний таалалд өргөв. Зохиолч, сэтгүүлч Даржаагийн Цэрэнннадмид

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ