alim.mn | 2025.04.19
Тордайн Ганболд: Их сургууль төгсөөгүй гэж шүүмжлүүлээд ерөнхийлөгч Х.Баттулга байгалийн заяагдмал ухаантай хүн гэж боддог

-Би 1971 онд, одоогийн 12 дугаар хороолол тунелийн урд талын есөн давхарт төрж өссөн юм. Эмээ өвөө дээр л хүмүүжиж, тухайн үеийн бусад хүүхдийн адил өссөн. Өвөө маань Хөдөлмөрийн баатар, Саятан жолооч Самбуу гэж хүн, тухайн үед манайх АИХ-ын депутатуудад өгсөн байранд амьдарч байсан. Манайх ажилчин ангийн гаралтай гэр бүл, манай хавиар дандаа сайд дарга нар амьдардаг. Өвөө багаасаа хүнд хүчир ажил хийсэн, тээврийн жолооч. Тухайн үед дэд бүтэц хөгжөөгүй газраар сая километр ачаа тээвэр хийж, саятан жолооч болно гэдэг маш их хөдөлмөр. Бригад ахлаад олон хүмүүсийг араасаа дагуулж явдаг, хөдөлмөрч, зүтгэлтэй, арвич хямгач, мундаг хүн байсан. Энэ хүний сургаал хүмүүжил, сахилга батан дор хүн болсондоо баярладаг. Өвөө намайг Зөвлөлтийн 14 дүгээр дунд сургуульд хөөцөлдөж оруулсан. Намайг боловсролтой, хэлтэй устай, өөр шигээ хар ажилчин хүн биш болоосой гэж бодсон байх л даа. Дунд сургуулиа 1989 онд онцсайн дүнтэй төгсөн, өвөөгийнхөө хүлээлт, итгэл бүх зүйлийг хамгаалахыг хичээсэн. Бүр багадаа 10 жилийн сургуульд сургуульд орохоосоо өмнө өвөөтэйгээ хөдөө алсын тээвэрт байнга явдаг, сургуульд ороод зуны амралтаараа цуг тээвэрт явдаг байлаа. Тухайн үе өвөөгийнхөө гарын хөлийн үзүүрт зарагдаж явсан нь амьдралын сайн сургууль болсон доо.

-Таны бага насыг мэдэх хүмүүс эмээгээсээ салдаггүй байсан гэдэг юм билээ...

-Эмээ маань 10 хүүхэд төрүүлж өсгөсөн. Хүнд өвчин тусаад нүд нь хараагүй болчихсон, тийм болохоор хар багаасаа эмээгийнхээ нүд болж, хөтөч нохой шиг нь явдаг, эмнэлэгт хүргэнэ, авна, эмээгийнхээ үүрэг даалгавраар өвөөгийнхөө цалинг захиран зарцуулж, олон ам бүлтэй айлын хүнс, шаардлагатай бүх барааг авч, зохицуулах ажлыг хар багаасаа хийж байсан. Тийм болохоор мөнгөтэй багаасаа зөв харьцаад сурчихсан байж магадгүй.

-Нийгэм солигдсон 1989-90 онд их дээд сургуульд элссэн, төгссөн хүн цөөн шүү дээ. Та л дээд сургууль төгсөж, наймаа ч эрхэлж, бүгдийг амжуулж чадсан юм шиг санагдлаа.

-1989 онд Зөвлөлтийн 10 жилийн сургуулийг төгсөж байхад нийгэм солигдоод, 10 жил сурсан коммунизм, социализм бүгд худлаа болж хувираад, гэнэт үнэт зүйл капитал юм байна, нийгмийн үнэт зүйл капитал өмч хөрөнгөн дээр суурилсан байдаг гэж хагас дутуу сонсож, чөлөөт зах зээл гэх огт мэдэхгүй, ойлгохгүй тогтолцоо руу яваад орчихсон, картын бараатай үед 10 жилээ төгссөн. Дээд боловсрол үнэгүйдэж, диплом худалдаад авчихдаг, дээд боловсролтой эрдэмтэд, эмч багш нар Дэнжийн мянгын зах дээр, тохиролцооны дэлгүүрт зогсох нөхцөл байдалд орсон. Тиймээс дээд боловсрол хэрэггүй гэсэн ойлголт ихэнхи хүнд суусан байх. Харин би дээд боловсролтой болох ёстой гэсэн эцэг эх, эмээ өвөөгийн хүсэлд тулгуурлаад Гадаад хэлний дээд сургуулийн франц хэлний ангид орсон. Өмнө нь 10 жилдээ франц хэл үзэж байсан болохоор ганзагын наймаа хийхэд цаг гаргах зорилгоор мэддэг чиглэлээрээ сурсан. Тиймдээ ч илүү их зав чөлөөтэй байж, ганзагын наймаа их эрхэлсэн дээ. Арван жилийн сургуулийн сургалт сайн болохоор сайн суурь мэдлэг, боловсрол олгосон. Дэлхийн, Оросын зохиолчдын зохиол бүтээлийг уншиж, тэнд академик мэдлэг, байгалийн ухааны сууриа тавьж эзэмшсэн. Сонгодог зохиолуудыг 10 жилдээ уншсан. Дөрөвдүгээр ангидаа Ги де Мопассаны “Хонгор найз”-ыг Орос хэл дээр уншсан. Жованни Боккаччегийн “Декамерон”-ыг тавдугаар ангидаа уншиж байлаа. Толстой, Достоевский, Антон Чехов гэсэн том зохиолчдын сонгодог зохиолуудыг Зөвлөлтийн 10 жилд сурсны гавьяагаар багадаа төрөлх хэл дээр нь уншсан нь цаашид миний амьдралд их нөлөө үзүүлсэн байх.

-Ганзагын наймаа эрхэлж явсны хувьд, бригад, ерээд оны нийгмийн амьдралыг сайн мэднэ биз?

-Хүүхэд байхаасаа ганзагын наймаа хийж явсан. Олон сайхан үе тэнгийн найзуудтайгаа мөрөөдөж, зүтгэж, горьдож, зовж даарч ядарч эрсдэл хийж явсан. Ганзагын наймаа тийм л хэцүү ажил байсан юм.  Олон үе тэнгийн залуус, дээд үеийн ах нар эрсдэлтэй нүүр тулж, Оросод тухайн үед бас л ороо бусгаа цаг болчихсон, дээрэм, аллага өргөн цар хүрээтэй дэлгэрчихсэн байсан болохоор олон найз амь насаа алдсан, гэмтэж бэртсэн. Тэр үед наймаачдын дунд нэр алдартай явсан “Пан” Цогоо, түүний төрсөн дүү “Гахай” Цогоо гэдэг хочтой залуугийн бригадад ажиллаж, найз нөхдийн хүрээлэлд багтаж явсан. Өнөөдрийнх шиг компанийн хэв маяг байгаагүй, компанийн захирал биш, хагас зэрлэг, эрсдэлтэй орчинд явж байсан. “Однажды Америка”, “Загалмайлсан эцэг” шиг жанрын кино кино үзэж, мөрөөдөж, ингэж амьдрах ёстой ч юм шиг үлгэр дууриал болгож, синтиментиал романтик талдаа явсан үе л дээ. Төгсөө гэдэг найз маань бурхны орон руу явсан. Тэр хүндээ алдаа хийсэн үедээ зэмлүүлж, шийтгүүлж, зодуулж л байсан. Тэр хүн намайг миний хүмүүжлийн бас нэг цаг үед тодорхой хэмжээнд эерэг сайнаар нөлөөлсөн болов уу гэж одоо ч баярлаж явдаг.

-Компаниа хэзээ байгуулсан бэ?

-Наймаачид дараа нь компанийн хэв маяг руу шилжээд, зохион байгуулалтад орж байх үед намайг хүмүүжүүлсэн, эдийн засгийн гол суурь мэдлэг, зах зээлийг харах өнцгийг тодорхойлсон хүн бол миний нагац ах С.Дэмбэрэл. Өөрөө мундаг эдийн засагч хүн, дэлхийн том том эдийн засаг, санхүүгийн бүтээлүүдийг уншсан, одоо ч зузаан зузаан номнуудыг тэмдэглэл хийж, өдөрт нь идэх шахуу уншдаг, судалгаа хийдэг хоббитой. Энэ хүн намайг ерээд оны сүүлчээр дэмжин тусалж, намайг Германд тодорхой хэмжээний боловсрол эзэмшиж, зах зээлийн эдийн засаг, маркетинг менежментийн суурь үндсийг ойлгоход сургаж, гарыг минь ганзаганд, хөлийг минь дөрөөнд хүргэж, онолын бүх мэдлэгийг олж авахад чиглүүлж тусалсан хүн. Би сургалтаа дүүргэж ирээд 2000 онд аж ахуйн нэгж байгуулж, компанийн хэв маягаар үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Тэр үед зах зээл, Монголын дотоодын эдийн засаг, төсөв мөнгө харьцангуй өөр байсан. Ихэнхи компаний захирал бүх ажлаа өөрөө хийдэг байсан. Нярваа ч, ня-богоо ч хийнэ, ачигчаа ч хийнэ, хамаг ажлаа өөрсдөө нуруун дээрээ үүрч явдаг байсан. Сайхан машин унаад, зангиа зүүгээд явж байгаа боловч цаанаа бүх ажлыг амжуулж, өөрөө туулдаг цаг үед компани байгуулж, захирал болсон л доо. Ажлын шаардлагын дагуу СЭЗДС-д сурсан. Нэг талдаа санхүү эдийн засгийн бүрэн ойлголттой болж, мэдэхгүй, чадахгүйгээсээ болж болсон болоогүй татварын байцаагч нарт шоглуулахгүйн тулд Нягтлан бодох бүртгэлээр төгссөн. Олон бизнес хийх гэж оролдсон.

-Та хамгийн амжилттай ажилласан, том бизнесийн талаараа ярьж өгөөч. Таныг нэг үе монголчуудыг хүнсээр хангаж явсан гэж ярьдаг нь ямар учиртай юм бол?

-Амжилттай хийсэн том бизнес гэвэл 2001 оноос 2007 он хүртэл Монголын тухайн үеийн хамгийн том, одоо ч голлох тоглогч байгаа гурил үйлдвэрлэгч “Алтан тариа”, “Улаанбаатар гурил” үйлдвэрийг  МУ-д маань өнөөдрийнх шиг газар тариалан гарч өгдөггүй, ургац хурааж авч чаддаггүй, өнөөдрийн техник технологи усалгааны систем хөгжөөгүй, байгаль цаг агаарын таагүй нөхцөл байдалд байх үед хүнсний хангамжийн гол бүтээгдэхүүн болсон  гурилаар хангаж, МУ-ын нийт ард иргэдийг тэжээж байсан хоёр том үйлдвэрийн гол түүхий эд болох улаан буудайг Оросоос би голлон хангаж нийлүүлдэг байсан. Оросод тухайн үед улаан буудай боловсруулдаг, хадгалдаг, доороо 10 гаруй сангийн аж ахуйтай компанийн 50 хувийн хувьцаа эзэмшиж, нэг талаас Оросын компани, оролцогч нартай хамтарч, 50 хувийг нь эзэмших хэлбэрээр үйл ажиллагаа явуулж, тухайн хүнсний хомсдол дутагдлын үед ажиллаж ирсэн.

-Дараа нь ямар бизнес эрхлэв, Таныг бизнесийн орчинг үнэхээр сайн мэдэрдэг, бас унасан ажил босгодог сайн менежменттэй, Дарханы хар төмөрлөгийн үйлдвэр таныг удирдах үед өнгө орсон гэдэг дээ.

-Тэр бизнесийн төгсгөл үе, 2006 онд Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн захирлаар очсон. Тэр үед барилгын зах зээл уначихсан, арматур төмөр худалдан борлуулалт байхгүй, дундаж цалин 280 мянган төгрөг, 300 орчим ажилчид, албан хаагчтай, нэлээн ядрангуй өр зээлэнд баригдчихсан үйлдвэр хүлээж авсан. Гэхдээ энэ үйлдвэр маань мэргэжлийн мундаг даргатай, дараа нь “Эрдэнэт” үйлдвэрийг удирдаж байсан уул уурхайн Монголын шилдэг мэргэжилтэн, надаас нэлээн ах настай Даваацэрэнгээс ажлаа хүлээж авч байсан л даа. Тэр утгаараа үйлдвэрийг цааш нь хөгжүүлээд аваад явахад дэмтэй тустай, сайн зөвлөгөөтэй, үндэс суурь сайтай байсан.  Тиймээс үйлдвэрийн хүчин чадал суга өсөж, оргил үедээ 30-88 хувь хүртэл өссөн байдаг. Ажилчдын тоо нь 1000 гаруй болж, дундаж цалин сая төгрөг болж, өр төлбөрүүдээ бүгдийг нь төлж барагдуулж байсан.

-Таны хамгийн том гавьяа нь Төмөртэйн ордыг Монголдоо авч үлдэж чадсан юм билээ.

 -Энэ үйлдвэрийн хамгийн том амжилт нь энэ үйлдвэрт хэзээ ч урьд өмнө харъяалагдаж байгаагүй, улсын данс тооцоонд байгаагүй, Төмөртэйн ордыг ард иргэдийн дэмжлэг, тэмцэл, жагсаал цуглаан болж, олон шатны шүүхээр явж байж Хятадын хөрөнгө оруулалттай компаниас булаана ч гэх юм уу, шилжүүлнэ гэх юм уу, авч байсан. Төмөртэйн орд бол Монгол Улсын хамгийн том төмрийн хүдрийн нөөц газар. Ингэж лицензтэй болж Дарханы төмөрлөгийн үйлдвэр 100 хувь том актив хөрөнгө, Тавантолгойн дараа орох том хэмжээний суурь бүтэц болж өгч байгаа, МУ-ын ирээдүйн хөгжлийн бас нэг том баталгаа болж байгаа. Аливаа улс орны хөгжил хар төмөрлөг дээр, ган үйлдвэрлэл дээр тогтдог. Үүний үндсэн түүхий эд нь төмрийн хүдрийн орд газар. Үүнийг би хийж чадсан, үүгээрээ би бахархдаг.

Тэр үед таны энэ ажлыг хүмүүс сайн мэддэггүй, шүүмжлэх нь олон байсан даа..?

-Тухайн үед хэвлэл мэдээллээр намайг хувьдаа авч байна гээд луйварчин, хулгайч гэж хүртэл бичсэн. Одоо би энэ үйлдвэрийн нэг хувийн  хувьцаа эзэмшиж байна уу, тэр лицензийг би хувьдаа авчихаж уу гэдэг нь цаг хугацааны шалгуураар нотлогдож, харагдаж байгаа биз. Би 2009 он хүртэл гурван жил хагас энэ үйлдвэрт ажилласан. Н.Энхбаяр ерөанхийлөгч Алтангадас одонгоор, Ц.Элбэгдорж ерөнхийлөгч Хөдөлмөрийн гавьяаны удаан тугийн одонгоор шагнаж байлаа. Засгийн газрын хүндэт жуух хүртэж байлаа. Энэ үйлдвэрт нэртэй төртэй ажиллаж, хөл дээр нь босгоод хүлээлгэж өгсөн.

-Дараагийн “дайралт”, Алтан Дорнод Монгол компани байсан. Паушок гэсэн луйварчин удирддаг, саар муу имижтэй компанийг та яагаад авахаар болсон юм бэ?

-2011 онд өр төлбөрт орсон, муу нэртэй, луу данстай компанийг хөл дээр нь босгоё гэж бодож авсан. Энэ компанийг авахад монголчуудын тамын тогооны үлгэр, хоорондын өширхөл, атаархал, янз бүрийн процесстэй давхцаж, намайг Дарханы хар төмөрлөгийн үйлдвэрийг нураасан, идсэн уусан гэх хардлага сэрдлэг гарч, барьж хорьж, нийгэмд байдаг гаж буруу үзэгдлийг би бүгдийг нь дайрч, давж гарсан. Алтан Дорнод Монгол компанийг авахад бас л хараар бишгүй будсан. Цаг хугацаа хамгийн мэргэн шүүгч гэдэг. 2011 онд Алтан Дорнод Монгол компанийг авахдаа найз нөхөдтэйгөө хамтарч, миний багын хамгийн дотно найз “Рио Тинто”-д удирдах алба хашиж яваа Болд, Идэр гээд найз нөхөдтэйгөө нийлж, 300 орчим сая долларын өр төлбөрийн маргаантай, 57 шүүхийн шийдвэртэй, 17-18 шүүхийн зарлан дуудах хуудастай, гурван улсад олон улсын арбитрийн шүүхийн хариуцагчаар татагдсан, хүнд нөхцөл байдалд байсан компанийг хүлээж аваад, хөл дээр нь босгож, Монгол Улсын эрдэнэсийн санг арвижуулахад голлох үүргийг гүйцэтгэсэн. Манай компанийн бааз суурин дээр 10 гаруй Монголын үндэсний том алт олборлогч гарч ирж, ингэснээр 3000 гаруй ажлын байр бий болгож, хуучин орос эзний үед хаягдсан, сүйтгэгдсэн байсан 1500 гаруй га газрыг нөхөн сэргээсэн. Өөрийнхөө ойлгодог шүтдэг, сүсэг бишрэлийнхээ хэмжээнд байгал дэлхийгээ нөхөн сэргээж, ашиг шимийг нь хүртэж явна.  Энэ том хүнд бэрх нөхцөл байдалд, шорон оронд орон, асар их дээрэм тонуул хийлгэн, асар их хүнд нөхцөлд ажиллан, энэ компанийн бүх өр төлбөрийг даран, алтны хамгийн сайхан таатай эрх зүйн орчныг бий болгохоор зүтгэж, хамт олны санаачлага, олон алтны компанийн идэвх зүтгэлийн үр дүнд МУ-д өнөөдөр эдийн засагт 800 гаруй сая долларын хувь нэмэр оруулах хэмжээнд том салбар болгон хөгжүүлж чадаж байна.

-Хүнээр бол “Алтан Дорнод Монгол” ХХК-г хоёр дахин төрж гэж хэлж болохоор түүхтэй?

-ADM групп нь эгнээндээ “Алтан Дорнод Монгол” ХХК болон бусад хамааралтай компаниудыг багтаасан уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг томоохон хэмжээний групп компани.   ADM группын дэргэдэх “Алтан Дорнод Монгол” компани анх 1997 онд байгуулагдсан бөгөөд  өдгөөг хүртэл  алтны олборлолтын чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж буй  Монгол улсын хэмжээний  томоохон уул уурхайн компаниудын  нэг  юм.

  Анх байгуулагдах үедээ 100 хувь ОХУ-ын хөрөнгө оруулалттайгаар үйл ажиллагаагаа явуулж байсан “Алтан Дорнод Монгол” компани дунджаар 1700 орчим ажилтантай, нийт ажилчдын 80 гаруй хувь нь ОХУ-ын иргэд байв. Монгол улсад мөрдөгдөж эхэлсэн Гэнэтийн ашгийн 68 хувийн татвараас улбаалан ОХУ-ын хөрөнгө оруулагчид маргаан үүсгэснээр компанийн үйл ажиллагааг 2008 онд зогсоосон. ОХУ-ын хөрөнгө оруулагчид олон улсын арбитрын шүүхэд хандсанаар 2011 онд уг асуудлыг шийдвэрлэж, 2011 оны есдүгээр сард үндэсний  хөрөнгө оруулагчид татвар болон бусад өр зээлийн хамт “Алтан Дорнод Монгол” ХХК-ийг хамаарал бүхий бусад компаниудтай нь  худалдан авснаар 2012 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн албан ёсоор үйл ажиллагаа эхлүүлсэн юм.

Үндэсний шинэ “Алтан Дорнод Монгол” компани 100 хувь монголчууддаа ажлын байр гаргалаа. Монгол хүн өөрийнхөө нутагт өөриймсгөөр хандаж, улс эх орныхоо бүтээн байгуулалт, хөгжил цэцэглэлтэд хувь нэмрээ оруулаад ажиллаж байна. Нийгмийн хариуцлагаа ухамсарлан ажиллана гэдэг бол орчин үеийн компанийн ёс зүйн хэм хэмжээний илэрхийлэл болдог. Тийм ч учраас бид нийгмийн хариуцлагыг эн тэргүүнд тавьж хариуцлагатай уул уурхайг хөгжүүлж, дэлхийд өрсөлдөхүйц уул уурхайн компани болох зорилготой ажиллаж байна. Алтан Дорнод Монгол компани Үндэсний хөрөнгө оруулагчдын гарт шилжсэнээр эх орноо өөриймсгөөр хайрлан хуучин удирдлагуудын үед эвдрэлд орсон 1000 гаруй га талбайд өөрсдийн хүч хөдөлмөрөөр унаган төрхөнд нь оруулж, нөхөн сэргээх ажлыг богино хугацаанд хийж, 150 га газарт биологийн болон техникийн нөхөн сэргээлтийг хийлээ. Энэ ажилд компанийн зүгээс 4 тэрбум төгрөг зарцуулаад байна.  Нийгмийн асар их ачааллыг авдаг, энэ сайн дурын ажил. Заамар суманд 200 хүүхдийн цэцэрлэг барин хүлээлгэж өгсөн, зам харгуй засах, тухайн орон нутгийн тохижилт, хөгжилд нь хувь нэмэр болох, байгалийн гамшиг болоход ард иргэдэд туслалцаа дэмжлэг үзүүлэх, өвс хадлан авч өгөх гэх мэтчлэн олон ажил хийдэг. Тэр болгоныг дурдахад хэцүү. Энэ ажлаа хэн нэгэнд гайхуулах ч зохисгүй.

-Алт үйлдвэрлэгчдийн холбоог та тэргүүлдэг үү?

-Би Алт үйлдвэрлэгчдийн холбооны УЗ-ийн дарга.  

-Та Тордай гэсэн содон овогтой. Энэ ямар учиртай нэр юм бол?

-Манай аав Архангай аймгийн Эрдэнэмандал сумын харъяат хүн. Ринченгийн Шаравын Тордайн Ганболд л доо. Аав маань сонин нэртэй. Энэ нэр Монголд ганцхан болов уу гэж боддог байсан. Гэтэл  байдаг юм билээ. “Мера” компанийн захирал Гантөмөр бас Архангайн Эрдэнэмандал сумынх, бас Тордай гэдэг овогтой юм билээ. Бодвол санскрит үг байх, утга учиртай үг байх гэж боддог. Манай аавын өвөө буюу миний өндөр өвөг Ринчен лам хүн байсан юм билээ. Ачдаа утга учиртай нэр өгсөн байх. Өндөр өвөг, өвөө Ринчен, Шарав гээд түгээмэл нэртэй, аавын төрсөн ах дүү нар ч, нийтлэг монгол нэртэй, аав л содон нэртэй.

-Таны нагац ах УИХ-ын гишүүн асан С.Дэмбэрэл “Аав намайг машинд ойртуулдаггүй байсан, удмаа дагаад унаа машин сонирхоод жолооч болчихно гэж болгоомжилдог байсан байх” гэж ярилцлагандаа хэлсэн удаатай.

-Самбуу өвөө маань ээжийн аав, өвөөтэйгөө төрөх үеэсээ авахуулаад 27 нас хүртлээ цуг амьдарсан. Эмээ маань намайг 12 настай байхад бурхан болсон. Хөдөлмөрч, сайн сайхны төлөө зүтгэж байсан Хөдөлмөрийн баатар цолтой, гурван Сүхбаатарын одонтой, өөрийнхөө биеэ үл хайхарч, аймаг орон нутгийн хооронд бараа бүтээгдэхүүн хүргэж, МУ-ын уудам  талыг хэрэн зүтгэж, олон хүнийг хүмүүжүүлж, гарыг нь ганзаганд, хөлийг нь дөрөөнд хүргэж, маш олон шавь нар, баатруудыг төрүүлсэн. Миний ур ухаан, сэргэлэн, гайгүй хөдөлмөрч, сэтгэлгээ сайтай хүмүүсийн хажууд хүмүүжсэндээ гайгүй ажиллаж, цөөнгүй ажлын байр бий болгож, олон хүний амьдралыг нь залгуулаад тэжээгээд, улс орондоо хувь нэмэр болохуйц бүтээн байгуулаад явж байгаа юм болов уу гэж боддог.

-Өвөөгийн нэг хүүхдээс бусад нь бүгд дээд боловсрол эзэмшсэн, хүүхдүүдээ бүгдийг нь сэхээтэн, номын хүн болгоно гэсэн мөрөөдлөөр өвөө хандаж байсан юм билээ. Дэмбэрэл ах хүү нь, хүүгээ арай өөр өсгөн хүмүүжүүлж, зээ хүүгээ ч арай өөр маягаар хүмүүжүүлсэн байх. Би багаасаа хар ажил хийж байсан, одоо ч хар ажил хийнэ. Компанийн захирал гэдэг боловч өнөөдөр төдийлөн барууны мундаг төгс менежментийг мэдэж байгаа юм алга. Дээрээс нь нийгэм, зах зээл нь “төгсөрч” төлөвшсөн юм алга. Эргэн тойронд ажиллаж байгаа залуус хэдий мэргэжил боловсрол эзэмшсэн боловч тэр болгон мэргэшсэн, хариуцлагатай биш, туршлагажаагүй байдаг. Тийм болохоор бүх л ажил руугаа өөрөө ордог. Одоо ч агуулахдаа орж ажиллаад л явдаг. Тэрнээс контороос компьютерээр ажлаа удирдана гэдэг, миний хувьд тийм хэмжээнд менежментийн төгс чадварт хүрээгүй байж магадгүй. Бизнес өнөөдрийн Монголын зах зээлд маш харьцангуй. Нэг хэсэг нь төр засгийн асар их дэмжлэг, ар өврийн хаалга, нам улс төрийн асар том лоббигоор бизнесээ явуулдаг. Нэг хэсэг нь ярианы хэлээр мөнчгөрөөрөө явдаг. Би мөнчгөрөөрөө явдаг бизнесмэнүүдийн тэр хэсэг нь. Түүнээс надад төр засгийн, ар өврийн хаалганы, туслалцаа дэмжлэгийн, бондын, тендерийн, Хөгжлийн банкны дэмжлэг надад байхгүй. Огт, бүр хэзээ ч байж үзээгүй.

-Гурил, барилга, алт зочид буудлын бизнес эрхэлж үзлээ. Хамгийн ашиггүй гэдэг салбарт орж, Монголд байхгүй сайхан концертын танхим барилаа. Танд хэр ашиг өгдөг вэ?

-Аль болохоор шинэлэг, нийгмийнхээ чирэгч локомотив нь байдаг хүмүүсийн тоонд орохыг хичээж явдаг. Тийм болохоор шинэлэг, тэргүүлэгч зүйлийг хийх гэж оролддог. Тэр утгаараа концертийн зал байгуулсан. Өнөөдөр үүнийг дагаад маш олон хүмүүс, хөрөнгө оруулагчид, бизнесмэнүүд ийм сайхан юм хийж болдог юм байна, хийх юмсан гэсэн бодол дараа дараагийн хүнд эхнээсээ төрж байх шиг байна. Булган сүүл нь болохыг хичээж бий болгосон. Соёл урлагийн салбар Монголд ямар билээ. Урлагийнхан ёстой дур сонирхлоороо, мөнчгөрөөрөө явдаг. Урлагийнхан ашиг орлого гэхээсээ илүү нийгмээ соён гэгээрүүлж байгаа улс шүү дээ. Сонгодог урлаг, хошин урлагийн салбар нь ч бай, аливаа нийгмийг хөгжүүлж, соён гэгээрүүлж байдаг. Урлагийн дэд бүтэц суурь нь болдог тайз, танхимыг хамгийн орчин үеийн шаардлага, дуу авиа, дүрс гэрэл гээд хамгийн сайхнаар хийчих юмсан гэж бодож мөнгө хайрлахгүйгээр хийсэн. Энэ нь урлагийнханд, үзэгчдэд зориулж хийсэн том бэлэг. Би өнөөдөр урлагийнхны дууг найруулаад, шүлгийг нь бичээд өгөх авъяас, ур байхгүй. Гэхдээ ийм хэмжээний дэмжлэг туслалцаа үзүүлсэн. Аливаа театрын тайз аль ч улс оронд хотынх нь төсвөөр, татвар төлөгчдийн мөнгөөр хувийн компани хийж байгуулдаг. Түүнээс биш нэг ганзагын наймаачин хөөрхий өөрөө эрсдэл хийж, өөрөө өр ширэнд орж ийм ажил хийнэ гэж байхгүй л дээ. Манай улсын тогтолцоо, бодлого ямар гажуудалтай, буруу явж байгаагийн бас нэг жишээ л дээГэхдээ бид хийж чадсан.

-Төгөлдөр хуураасаа эхлээд мөнгө зарсан нь харагддаг?

-Манай тайзан дээр Монголын хамгийн том, хамгийн сайн төгөлдөр хуур байгаа. Лондон Арианагийн том арга хэмжээнд зориулан захиалсан, үйлдвэрлэгдээд гарсан төгөлдөр хуурынх нь нэгийг гуйж хөөцөлдөж байж олж авсан. Японы “Кавай” гээд төгөлдөр хуурын номер нэг брэнд үйлдвэр бий. Өөрийн гэсэн инноваци, технологиороо дэлхийд гайхагддаг, дэлхийн том одод төгөлдөр хуур захиалдаг. Ийм тайзан дээр, ийм төгөлдөр хуур байх ёстой шүү гэж “Kawai”-г төлөөлдөг Монголын авъяаслаг төгөлдөр хуурч Бат-Өлзий тайлбарлаж, ярьж, тэр төгөлдөр хуурыг 250 орчим мянган доллароор худалдаж авсан юм. Манай урлагийнхан ийм сайн хөгжмөөр тоглож байгаасай гэсэндээ авсан. Түүнээс биш төгөлдөр хуур тоглож чадах биш.

-Та нэг удаа малын хулгайд ч сэрдэгдэх шахаж байна гэж байсан. Хотын төвд төрж өссөн, нийслэл хүүгийн хувьд их цөхөрсөндөө тэгж хэлсэн байх даа...

-Манай нийгэм, улс төрийн өнөөгийн байдал ийм. Би Монгол Улсын гурван мөрдөнд хоригдлоо, эсэн бусын хэрэг тохож, гуйвуулж хэлэхэд малын хулгайд хүртэл сэрдэгдэх шахаж, бүх л юмыг хүн дээр овоолж, хэрэгжүүлэх гэж оролдож байсан. Цаанаа өөр ашиг сонирхол, далд зорилго санаатай, дарж авах, номхотгох, “байранд нь тавих” гэсэн ойлголтоор манай хууль эрх зүйн салбарын хэсэг хүмүүс ажилладаг байсан. Одоо ч ийм үзэгдэл байдаг байх. Харамсалтай, өөрийнхөө ашиг хонжооны төлөө хуулийн эрх мэдлийг ашигладаг, ийм гаж тогтолцоог бид дайраад өнгөрч байсан. Дан ялангуяа би өөрийнхөө махан биеэр дайраад өнгөрсөн. Эхний удаа хоёр сар хоригдсон, дараа нь сар ч болсон. Шууд барьж аваачаад хорино, хүчтний өмнө хүчгүй нь буруутан болдог жам ёсоор л явна шүү дээ. Цаана нь шал өөр атгаг санаа агуулсан бодлогын золиос болдог байсан. Над шиг ийм тохиолдол битгий өөр хүмүүс дээр гараасай, тэглээ гээд тэрийг хийсэн хүмүүсийг шийтгэх гэж байна гэж дахиж битгий үнэн шударгыг тогтоогчид битгий үүсэж гарч ирээсэй гэж боддог. Түүхээ яривал 24 сая квадрат метр нутаг дэвсгэртэй Их Монгол Улсыг Чингис хаан байгуулсан. Өнөөдөр бид тэрний дөнгөж 1,5 сая км газартай үлдсэн, дэлхий дээр байдаг 140-150 улс орноос хөгжлөөрөө сүүл мушгидаг, хүн ам цөөтэй, дорой буурай зах зээлийн эдийн засагтай, тогтворгүй улс төрийн орчинтой, ийм өчүүхэн улс болж хувирсан. Эзэн Чингисийн үед дэлхийн номер нэг гүрэн, өнөөдрийн АНУ, ОХУ, БНХАУ, Энэтхэгийг нийлүүлсэн мэт хүчирхэг улс орон байлаа. Тэрнээс хойш дандаа үнэнч шударгын төлөө гэж амаараа ярьдаг тэмцэгчид энэ улс орныг ийм болтол нь доройтууллаа. Ярьдаг зүйл нь, хууль, үнэнч шударга, сайн сайхан гэж ярьдаг, үр дүнд нь доройтсоор байгаад ийм байдалд хүрлээ. Энэ байдал эцэс төгсгөл болж хүмүүс хоорондоо зодолдох биш, эвлэлдэн нийлж, нэг бодлоготой, нэгийгээ хүндэлдэг, хүлээцтэй ханддаг, улс төр, нийгэм эдийн засгийнхаа бүх салбартаа нэг нэгэндээ хүндлэл үзүүлж чаддаг, өнгөрөөж чаддаг, өширхөж гомддоггүй, ажил хэрэгч ийм нийгэм бий болоосой гэж дотроо залбирч, мөрөөдөж явдаг. Эргэн тойронд намайг сонсдог бүх хүнд ингэж ярьж хэлдэг. Өөрөө ингэх юмсан гэж үлгэр дууриал нь болох гэж явдаг.

-Та хувийн амьдралынхаа тухай ярьж, хань ижил, гэр бүлээ танилцуулаач. Таны ажлын ширээн дээр гурван хүүхдийн зураг байна.

-Би гурван хүүхэдтэй. Том нь есөн настай, удаах нь хүү найман настай, бага хүү зургаан настай. Ийм хөөрхөн гурван хүүхэдтэй. Миний найдвартай ар тал, тус дэм болдог, миний хайр сэтгэл, амьдрал минь болсон сайхан эхнэр бий. Би түүнийгээ маш их хүндэлдэг, хайрладаг. Тэр маань их ухаантай, бодлоготой, маш даруухан эмэгтэй. Олны танил, хөдөлгөөнтэй гэх юм уу, тийм хүн биш л дээ.

-Багаасаа үерхэж явсаар гэрлэсэн үү.

-Үгүй, надаас арав гаруй дүү. Би 48 настай. Би бараг 40 хүрч байхдаа эхнэртэйгээ гэрлэсэн. Монголдоо бол хожуу гэрлэсэнд тооцогдоно байх. Би ухаан гаргасандаа хожуу гэрлээгүй. Ажил хийж байхад гэр бүлийн амьдрал цаг заваас их хороох болов уу, сэтгэл хоёрдуулж, ажилдаа анхаарал хандуулж чадахгүй, ар гэртээ хайр халамж тавьж чадахгүй, шөнө орой, цаг наргүй ажиллаж байхад төвөгтэй болов уу гэж бодсон үүднээс яаран эхнэр авахыг бодоогүй. Магадгүй ганц бие 40 нас хүртэл шахуу явсан болохоор бизнесийн амжилтад хүрэхэд нэг том нөхцөл байдал болсон байх. Орчин үеийн залуус дөнгөж 20 хүрээд, ид хийж бүтээх, суралцах насандаа учир зүггүй гэр бүл болоод, аав ээж болоод суухын эсрэг, шүүмжлэлтэй ханддаг. Эр хүн ялангуяа их дээд сургуулиа төгчихөөд 30, 35 нас хүртлээ ажил, бизнес хийж,  нийгэмд байр сууриа олж, гэр орноо цогцлоож тохижуулж, бүрэн төлөвшиж, хайр дурлал, амьдралын утга учраа бүрэн ойлгочихоод, эхнэрээ эрхлүүлэх, гэр бүлээ тэжээх, үр хүүхдээ хангалуун байлгах хэмжээнд хүрээд, эдийн засаг, санхүүгийн эрх чөлөөнд хүрсний дараа хүнтэй суугаасай гэж боддог.  

-Унаган орос хэлтэй, францгерман хэлээр ярьдаг, ер нь олон хэл мэддэг гэдэг. Өөр ямар хэлээр ярьдаг вэ?

-Орос хэлийг багаасаа гайгүй эзэмшсэн болохоор амар байсан юм болов уу, гадаад хэлийг төвөггүйхэн сурчихдаг. Франц, герман хэлтэй, англи хэлийг бие дааж сурсан. Одоо хятад хэл сурч байна. Би 1991-92 онд ажлын шаардлагаар ганзагын наймаа хийж явахдаа тухайн үеийн Югаслав улсад нэг хэсэг байсан. Тэгэхэд серб хэл сурчихсан, чөлөөтэй ярьдаг байсан. Одоо том хөршийнхөө хэлийг сурах ёстой гэж бодоод, хятад хэлний сурах бичиг аваад, зав чөлөөгөөрөө судалж үзэж байна.  Хятад хэлийг бичгийн өндөр хэмжээнд биш юм аа гэхэд чөлөөтэй ярих, 2000 ханзны хэмжээнд сурах төлөвлөгөөтэй байна. Монголын ганзагын наймаачид Бээжин рүү их аялдаг байхад өвөрмонгол залуус орчуулга хийж тусалдаг. Хэлмэрчтэй болохоор залхуураад тэднийг зарсаар байгаад хятад хэл сураагүй. Уг нь хамгийн их явсан, хамгийн их харьцсан улс хятад байдаг. Би ажлаар бараг 1000 удаа хятад явсан байх. Уг нь хятадаар чөлөөтэй ярьдаг байх ёстой. Харамсалтай нь хүн хэлмэрчлүүлж зарсаар байгаад сурсангүй. Одоо ухамсраараа уураг тархиараа ойлгож, өөрөө өөрийгөө шийтгэж, хятад хэл сураад, уншиж судалж байна.    

-Монгол шиг хүн ам цөөн, том газар нутагтай, 50-60 сая малтай, уул уурхайн баялагтай улсыг хөл дээр нь босгох амархан гэдэг. Тан шиг Дарханы төмөрлөгийн үйлдвэр, “Алтан дорнод Монгол” гээд томоохон компанийг сайн удирдаж, ашигтай ажиллуулсан хүнд, Монголын эдийн засгийг сэргээх боломж харагддаг байх?

-Хүн болгон янз бүр. Хүнд ухаан, боловсрол, хүмүүжил гэсэн  тус тусдаа ойлголтууд, тус тусдаа байдаг. Ихэнх хүмүүс өндөр боловсролтой болохоор ухаантай болчихно гэж өндөр боловсрол эзэмшүүлэхийг зорьдог. Боловсрол гэдэг ухаанаас тусдаа асуудал. Ухаан заяагдмал, олдмол хоёр төрөл байдаг. Би заяагдмал, байгалийн гэх ангилалд орж магадгүй. Монголд заяагдмал ухаантай бизнесмэн, аж ахуй эрхэлж байгаа олон хүн байдаг. Их дээд сургууль төгсөөгүй гэж шүүмжлүүлээд байдаг Ерөнхийлөгч Х.Баттулгыг байгалийн заяагдмал ухаантай хүн гэж ойлгодог.  Бусадтай харьцуулахад өндөр боловсролгүй. Би хэдий төр засагт ажиллаж үзээгүй, төрийн хууль тогтоох дээд байгууллагад өрсөлдөж үзээгүй, гишүүн болж үзээгүй  ч надад улс орны эдийн засгийн өөрчилье, өөрчилж чадах бодол санаа, ухаан зөндөө байдаг. Тэрийг хүмүүстэй хуваалцахад юм ойлгож мэддэг улсууд маш их дэмждэг. Тэгэхээр миний бодлоор 10,5 тэрбум долларын эдийн засагтай Монгол Улсыг менежмент буюу удирдлагыг чадвар муутай улс авч яваад унагаад байх юм даа гэж хардаг. Улс төрөөр, намаар дамжиж гарч ирдэг... Чадварлаг хүмүүс цаашаа ажлаа хийгээд явж байхад улс төрийн тогтворгүй байдал үүсдэг. Ихэнхдээ чадваргүй, улс төрийн наймаа, шахаасны улсуудын үр гай зовлонгоор, онцгой буруу үйлдлээс болж, улс орны эдийн засаг доройтож байгаа. Эмчийн мэргэжилгүй та бид хоёрыг мэс заслын өрөөнд оруулаад хүний бөөр солиодох гэж байгаатай адилхан үйлдлүүд өнөөдрийн төр засгийн маш хариуцлагатай байх ёстой салбаруудад харагдаж, эдийн засгийн том том салбарууд дээр буруу улс томилогдож байна. Та бид хоёр мэс заслын тасагт ороод юу ч хийж чадахгүй. Яг тэрэнтэй адилхан мэргэжлийн биш, салбарын биш, ойлголт муутай, ур чадвар муутай хүмүүсийг удирдах салбарт тавьж, тэр салбаруудыг дандаа унагаадаг. Үүний гайгаар өнөөдөр улс орон доройтоод явж байна. Иргэн хүний хувьд сайн сайхнаар, өөдрөгөөр харж, улс орон хөгжөөсэй, ард олны ахуй амьдрал сайжраасай, Азидаа тэргүүлэх эдийн засагтай, гадны хөрөнгө оруулагчид ирж ажиллах их сонирхолтой, хөгжсөн, ард түмэн нь  чинээлэг, Улаанбаатар хот нь цэвэрхэн, хөдөө орон нутаг хөгжиж, ХАА, газар тариалан дээр суурилсан эдийн засагтай, уул уурхайн үнийн өсөлт бууралтаас хамаарал багатай, эдийн засаг, бодлоготой болчихсон, байгаль дэлхийгээ хайрласан ийм улс орон болоосой гэж мөрөөддөг. Алсдаа тийм болох болов уу гэж боддог.                                                       

 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ЗОЧИН
5 жилийн өмнө
103.57.95.11
ЗАЛУУ МИНЬ ХАА ХАМААГҮЙ ГАЗАР ШОРОО СИЙЧЫЖ ЯВЖ БАЙЖ БАЯЛАГИЙН ХАРААЛ ХҮРТЭВ, . .
Зочин
5 жилийн өмнө
103.26.194.59
сэтгүүлч гүай энэ тоонуудаа зөв бичээрэй 24сая кв. м. ч гэх шиг
Төстэй мэдээ