Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Хуулийн төслийн танилцуулгад “Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэгтэй тэмцэх үр дүнтэй ажлын нэг чухал арга хэмжээ нь дүрс бичлэгийн техник, хэрэгсэл буюу теле хяналтын нэгдсэн систем байдаг.
Энэ хугацаанд улсын хэмжээнд нийт 6686 ширхэг хяналтын камертай 34 төрлийн бие даасан хяналтын системийг суурилуулсан ба үүнээс нийслэл хотод 3311, орон нутагт 3375 ширхэг камер суурилуулсан байна. Өөрөөр хэлбэл өнөөдрийн байдлаар гудамж, зам, талбайн хяналтад авах шаардлагатай цэгүүдээс нийслэл хотын хэмжээнд суурьшлын бүсийн 17.8 хувь, аймгуудын төвүүдэд суурьшлын бүсийн 16.1 хувийг камерын хяналтад аваад байна.
Хяналтад авсан дээрх цэгүүдийн орчинд гэмт хэрэг, зөрчлийн тоо буурсан эерэг үр дүн байдаг боловч теле хяналтын тасралтгүй тогтмол хяналт байхгүй, теле хяналтын нэгдсэн удирдлага, зохион байгуулалт бүхий цогц систем бүрдээгүй учраас гэмт хэрэг, зөрчил буурахгүй байна. Тухайлбал, улсын хэмжээнд 6686 камер суурилуулсан бөгөөд эдгээрээс 4216 камер ажиллаж байгаа боловч үүний 1251 камер дүрсний шаардлага хангахгүй байгаа бол 2470 камер огт ажиллахгүй байна.
Камерын техникийн шаардлага хангахгүй байгаа болон огт ажиллагаагүй байгаагийн шалтгаан нь тухайн дүрс бичлэгийн техник, хэрэгсэлд арчлалт хамгаалалт хийх нутгийн захиргааны байгууллагуудын хяналт байхгүй, засвар үйлчилгээг тогтмол хийдэггүй, засвар, үйлчилгээний зардлыг төсөвт тусгадаггүй зэрэг асуудлуудаас хамаарч байна.
Нөгөөтэйгүүр теле хяналтад авагдаагүй байршил цэгүүдэд гэмт хэрэг, зөрчлийн гаралт буурахгүй, цаашид өсөх хандлагатай байна. Улсын хэмжээнд теле хяналтын нэгдсэн систем буюу камержуулалтын бүрэн хяналтад авахад нийслэлийн хэмжээнд суурьшлын бүсийн 5008 цэгт 20032 камер, аймгийн төвийн суурьшлын бүсийн 3339 цэгт 13356 камер нэмж суурилуулах шаардлагатай гэсэн тооцоо судалгаа байна. Иймд дээр дурдсан дүрс бичлэгийн техник хэрэгсэл буюу камержуулалтын нэгдсэн системийг үе шаттайгаар нэвтрүүлнэ.
Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.5-д заасан тодорхой торгох ял, зөрчилд оногдуулсан торгох шийтгэлийг биелүүлж, төсөвт төвлөрүүлсэн мөнгөн дүнгийн 20-иос доошгүй хувьтай тэнцэх хөрөнгийг эдгээр арга хэмжээнд зарцуулах, 20-иос доошгүй хувьтай тэнцэх хөрөнгийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх бусад арга хэмжээнд зарцуулдаг байхаар, түүнчлэн энэхүү хөрөнгийг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний багцад төвлөрүүлэн хуваарилж, санхүүжүүлэх агуулга бүхий нэмэлт, өөрчлөлтийг тусгасан.
Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар нутгийн захиргааны бүх шатны байгууллага болон хуулийн этгээдийн хүлээх үүрэгт харьяа нутаг дэвсгэрт орчны аюулгүй байдлыг хангах зорилгоор ашиглаж байгаа дүрс бичлэгийн техник, хэрэгслийн байнгын хяналт тавьж, арчлалт, хамгаалалтыг хийж байх агуулга бүхий зохицуулалтыг хуульчилсан” гэжээ.
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:
-Хоёр жилийн өмнө Хятадын 800 гаруй иргэнийг хууль бус ажиллагаа явуулж байхад нь илрүүллээ гээд сенсаци болсон. Энэ хэрэг юу болов. Бүр таг чиг. 10 мянга гаруй сим карт худалдсан оператор комани нь ямар хариуцлага хүлээв. С.Зориг агсны хэрэг өнөөдрийг хүртэл шийдэгдэхгүй байгаа нь мөрдөн шалгах ажиллагаа дутагдаж байна. Ер нь сүүлийн хэдэн жилүүдэд гүйцэтгэх ажиллагаанууд дампуурч байна. Энэ байдлаараа улс төрийн хэргүүд хэзээ ч илрэхгүй. С.Зориг агсныг хөнөөсөн хэргийг прокурор үнэн, Хууль зүйн сайд нь худал гэдэг. Үнэн худал нь илрэхгүй ийм хэргүүдэд УИХ онцгой бүрэн эрхийнхээ хүрээнд төрийн дээд хяналтаа тавьдаг байх ёстой. УИХ-аасаа юм нуудаг том байгууллагатай болох вий.
Тагнуулын Ерөнхий газрын ажлын хэсэг:
-Мэдээллийн аюулгүй байдлын газар кибер халдлага, зөрчилтэй тэмцэх чиглэлээр үүрэг гүйцэтгэдэг. Би энэ хэргийг хариуцсан эрх бүхий хүн биш учраас таны асуултад хариулах боломж байхгүй байна. Тиймээс удирдлагадаа уламжлаад, энэ асуудлаар танд бичгээр болон бусад хэлбэрээр хариулт өгье.
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:
-УИХ, байнгын хорооны дарга нар анхаараарай. Сүүлийн үед Тагнуулын байгууллага яг ийм хариулт өгдөг болсон. Мэдээлэл өгч чадахгүй хүнийг энд битгий суулга. Битгий энд авчир. Энэ хүнд хариуцлагыг нь хүлээлгэ. Энэ мөчөөс эхлээд УИХ, төрийг үл тоосон хүчний байгууллагын хүмүүст УИХ хариуцлага тооц. Гишүүдийн асуусан асуултад хариулт өгч чадах хүн чуулганы танхимд суух ёстой.
УИХ-ын дарга Г.Занданшатар:
-Хуулийн төсөлтэй холбоогүй асуултад холбогдох байгууллагууд хариулах шаардлагагүй. Хуультай холбоотой зүйл асуу. УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийг удахгүй хэлэлцэнэ. Тэр үеэр ярьж болно.
УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар:
-Олон улсад аудит хийдэг дөрвөн том компани Монголбанкинд аудит хийх боломжгүй болсон. Учир нь Тагнуулын байгууллага төрийн нууцын мэдээлэл гэх нэрийдлээр бүгдийг шалгадаг болсон. Тэгэхээр олон улсын аудит хийдэг компани хүртэл биднээс татгалзаж байна. “Монголбанкинд аудит хийгээд өг. Төлбөр өгье” гэж гуйгаад ч хийдэггүй. Угаасаа Тагнуулын байгууллагатай зууралдаж хамаг мэдээллээ өгдөг аудитын байгууллага гэж юу байх вэ?
Үндсэндээ Монгол Улсын харилцаа холбооны салбарт том эрсдэл авчирч байна. Та нар Монголбанкны удирдлагаас асуугаарай. Тагнуулын байгууллага бүх мэдээллийг цаасаар хадгал гэж шахдаг. Мэдээллийг дижитал хэлбэрээр хадгалбал илүү аюулгүйг ойлгодоггүй Тагнуулын байгууллагаар бид кибер аюулгүй байдлыг хамгаалуулах гээд сууж байна. Энэ нь Монгол Улсын хөгжлийг боомилно.
Тагнуулын байгууллага улстөржих болохоор олон жилийн өмнөх хэргийг гаргаж ирж байгаад хэвлэлийн хурал хийдэг. Хандлага нь маш буруу байна. Тухайн үедээ асуудлыг хөндөж ярихгүй байснаа асуудал үүссэн хойно засах гэж оролдож байхаар одоо ярьсан нь дээр.
УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар:
-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд орж байгаа өөрчлөлтөөр Тагнуулын байгууллага кибер аюулгүй байдалтай холбоотой гэмт хэргийн асуудлыг шалгаж, хэрэг бүртгэлт явуулах болж байна. Ч.Хүрэлбаатар гишүүний яриад байгаа болгоомжлолыг би ажлын хэсэгт байхдаа Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албаны хүмүүстэй бас ярьж л байсан. Тэд Ч.Хүрэлбаатар гишүүнтэй адил зүйл ярьсан. “Тагнуулын байгууллагын дэргэд байлгах нь Монгол Улсыг бүхэлд нь удирдана” гэж байсан.
Мэдээллийн аюулгүй байдал нэрийн дор бүх асуудал хамаарна. Нэг бүлэг хүмүүс ҮАБЗ-ийн дэргэд байлгах санал ч гаргасан. Энэ бас дэмий санаа. Ингээд энэ асуудал явж явж хамгийн сүүлд хүссэн хүсээгүй Ерөнхий сайд дээр очсон. Тагнуулын байгууллагыг хэт даварсан үйл ажиллагаа руу оруулж болохгүй. Гүйцэтгэх ажиллагаа бол хэрээс хэтэрсэн. Олон тэрбум төгрөгөөр Тагнуулын байгууллагад тусгай хэрэгсэл авч өгсөн ч тэр хэмжээгээр давраад л байна.