alim.mn | 2025.01.08
Б.Оюутболд: Баянхонгорын цагдаагийн газрын 22 дахь, төрсөн аймагтаа томилогдсон долоо дахь даргаар ажиллаж байна

Монгол улсад Хууль зүй, дотоод хэргийн алба үүсэн байгуулагдсаны 110, Монголын цагдаагийн байгууллага үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ой, Баянхонгор аймгийн Цагдаагийн газрын 79 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлсэн болон аймгийн цагдаагийн газрт ойрын жилүүдэд хийж хэрэгжүүлсэн ажлууд, цаашдын чиг хандлага, өөрчлөлт шинэчлэлүүд хийгээд гадаад, дотоодын байгууллагуудын сайн туршлагуудыг нэвтүүлэн хэрэгжүүлж байгаа талаар аймгийн Цагдаагийн газрын дарга хурандаа Б.Оюутболдтой ярилцлаа.

-Монголын цагдаа эх орон, ард түмнийхээ төлөө өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэсээр 100 жилийн ойтойгоо золголоо. Тэгвэл таны амьдралын хэдэн жил нь Цагдаагийн байгууллагатай холбогдсон бэ?
 -Миний хувьд анх 1997 онд Цагдаагийн Академид элсэн орж, 2001 онд сургуулиа төгсөөд төрөлх Баянхонгор аймаг дахь Цагдаагийн хэлтэст мөрдөн байцаагчаар томилогдон ажлын гараагаа эхэлж байлаа. 2007 онд Улсын мөрдөн байцааах газрын Эдийн засгийн гэмт хэрэг мөрдөх хэлтэст зургаан жилийн хугацаанд томилогдон ажиллаж байгаад, Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газарт Мөрдөн байцаах тасгийн дарга болон хэлтэс, газрын даргаар томилогдон, түүхэн уламжлалтай тус газрынхаа 22 дахь, төрсөн аймагтаа томилогдсон долоо дахь даргаар үр бүтээл үйлс зорилго дор амжилттай ажиллаж байна. Мөн Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн даргаар томилогдож, нийслэлийн ажлын ачаалал ихтэй нутаг дэвсгэрт шинэ хамт олонтой хамтран ажиллаж байсан бөгөөд нийт 20 гаруй жилийг Цагдаа хэмээх энэ их айлын ам бүлд багтан өнгөрүүлж байгаадаа ямагт бахархаж явдаг.
Монголын цагдаагийн түүх цадиг арвантавны цагдаагаас улбаалж ирсэн түүхэн замналтай. Монгол төрийн ууган байгууллагуудын нэг Цагдаагийн байгууллага үүсэн хөгжиж, үйл ажиллагаагаа явуулж ирснээс хойш эдүгээ 100 жилийн ой, бидний хувьд бахархам амжилт, хөгжил дэвшлээр дүүрэн 79 жилийн ойтойгоо золгож байгаараа онцлог юм.

-Цагдаа гэх том айлын хүндтэй босгоор алхан орж ирсэн тэр он жилүүд мэдээж таны ажил албатай холбоотой амжилт ололт, алдаа оноо олныг дагуулсан байх дүгнэж цэгнэж үзэв үү ?

-Тийм ээ, анх 2012 онд Цагдаагийн хэлтсийн даргаар томилогдон ирээд байгууллагынхаа /Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газар/-ын ойрын ирээдүйн болон хэтдээ хийхээр төлөвлөж буй бодлогын ажлуудыг хийхээр “Үйл ажиллагааны хэт /бизнесс/-ийн төлөвлөгөө” 2013-2016 он, “Хөгжлийн стратеги хөтөлбөр” 2013-2021 он-ыг ажлын хамт олон, ахмад ажилтнуудын санал санаачилга, дэмжлэгээр боловсруулж байсан. Өнөөдөр эдгээр ажлаа дүгнээд үзэхэд ойрын ирээдүйд болон хэтдээ хийхээр төлөвлөсөн ажлууд биелэлээ олж, хэрэгжилт 90 гаруй хувьтай байгаа нь бидний амжилт юм. Миний хувьд нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын даргаар 10 жил орчим хугацаанд ажиллах хугацаандаа алба хаагчдын ажиллах урам зоригийг сэргээх, ажиллаж, амьдрах нөхцөлийг сайжруулах, гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажилд гадаад орны туршилга, иноваци нэвтрүүлэх, иргэдэд үйлчилэх үйлчилгээний сэтгэл ханамжийг нэмэгдүүлэхэд чин сэтгэлээсээ анхаарч, ажлын хамт олон, бусад байгууллагатай хамтарч ажилласны үр дүнд бодит амжилтууд гарсан гэж бодож явдаг.
Цагдаагийн байгууллагад ажилласан 20 гаруй жилийн ихэнх хугацааг өөрийн төрж өссөн нутагтаа томилогдон ажиллаж, хууль сахиулах ажлыг гүйцэтгэж, хэрэгжүүлэх, төрийн “төмөр нүүр”-ийг харуулна гэхэд үнэхээр амаргүй бөгөөд хүнд хэцүү, асар их хариуцлага шаардсан ажил байсан. Намайг анх төрсөн нутагтаа байгууллагын удирдлагаар томилогдоход Цагдаагийн үе үеийн удирдлага, ах нараас энэ талаар хэлж, сануулж, сургамж хэлж байсан. Үүний ч илрэл нь энэ олон жилийн хугацаанд аливаа хардлага, гүтгэлэг намайг тойроогүй, дайран өнгөрч байсан ч би тухайн асуудлыг байх ёстой асуудал гэж үзэн өөрийн ажлаараа бодит байдлыг харуулсаар ирсэндээ олзуурхаж явдаг.

-2013 оны долдугаар сард Цагдаагийн албаны тухай хууль шинэчлэгдэн батлагдсанаар Цагдаагийн албаны шинэчлэл эхэлсэн гэж ойлгодог. Орон нутагт, тухайлбал танай байгууллагад энэхүү хууль хэрхэн хэрэгжиж, үйл ажиллагаагаа хэр шинэчлэгдсэн гэж та үзэж байна?
Нийгмийн хэрэгцээ шаардлагаар анх 1994 онд батлагдаж байсан Цагдаагийн байгууллагын тухай хуулийг өөрчлөн найруулж, Цагдаагийн албаны тухай хууль шинэчлэн батлагдснаараа Цагдаагийн байгууллагын бүтэц, орон тоонд өөрчлөлт орж, Цагдаагийн үйл ажиллагааг иргэдэд хүртээмжтэй хүргэхээс гадна, алба хаагчдын тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлийг хангах, эдийн засаг, нийгмийн баталгааг хангах асуудлыг хэрхэн шийдвэрлэх, иргэд цагдаагийн байгууллагын хамтын ажиллагааг бэхжүүлэх гэх мэт томоохон өөрчлөлтүүд орсон.
Тухайлбал Цагдаагийн алба хаагч хөдөө орон нутагт, ер нь хаана ч томилогдсон ар гэрийнхэн нь дагаад л явдаг. Тиймээс тэдний ар гэрийг ажлын байраар хангах, хөдөө сумдад тасралтгүй таван жил ажилласан алба хаагчдад 30 сарын цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшуулал олгох гэх мэт олон зүйлийг хуульчилж өгснөөрөө онцлогтой.
Мөн өмнө нь Цагдаагийн алба хаагчийн албан үүргээ гүйцэтгэх, тодорхой үйл ажиллагаа эрх хэмжээ нь хуулийн хүрээнд зохицуулагдаагүй байсан учир зарим алба хаагчид албан үүргээ гүйцэтгэхдээ тусгай хэрэгсэл, мэх хэрэглэснийхээ төлөө бурууддаг, хуулийн хариуцлага хүлээдэг асуудал цөөнгүй байсан бол энэ хуулиар тодорхой зохицуулж өгсөн гэх зэрэг маш олон асуудлыг зохицуулж өгсөн. Цаашид ч шинэчлэгдэн батлагдсан дээрх хуулинд тодорхой асуудлуудыг зохицуулсан нэмэлт өөрчлөлтүүдийг хууль тогтоогчдоос оруулж байгаад бид талархалтай хүлээн авч байгаа.

-Та бол жирийн нэг мөрдөн байцаагчаас өдий зэрэгтэй дэвшиж ажилласан өнөөгийн Баянхонгор аймгийн Цагдаагийн газрын дарга хүн. ажилтнуудтайгаа яаж ажиллавал амжилтад хүрч болохыг илүүтэй мэдэрчихсэн яваа байхдаа...
Мөрдөгчийн ширээнээс удирдах ажилтан хүртэл дэвшин ажиллах цаг хугацаанд миний гол судлагдахуун нь хүн хэмээх бодгаль хэвээр байлаа. Яагаад энэ хүн гэмт хэрэг үйлдэх болов гэдэг асуулт эргэцүүлэл маань яавал алба хаагчдаа илүү урам зоригтой, бүтээлчээр ажиллуулах вэ? гэдэг асуултаар л солигдсоноороо ялгаатай гэж хэлж болохоор. Энэ л асуулт байнга дотроос минь урган гарч ирж байсан тул “Цагдаагийн алба хаагчдын сэтгэл ханамжид нөлөөлөх хүчин зүйлсийн судалгаа” сэдвээр судалгааны ажил хийж, төрийн удирдлагын магистрийн зэрэг хамгаалж, судалгаандаа түшиглэн ажлаа төлөвлөн хийсээр ирсэн. Цаг хором бүрд хувьсан өөрчлөгдөж байгаа нийгэм, шинэ зууны залуу үе тэдний нас, сэтгэл зүйн онцлог, хэрэгцээ, хандлагад тохирсон удирдах шинэ арга барил, шийдэлд суралцсаар байна. Гэвч өөрчлөлтийг удирдана гэдэг нь тийм ч амар биш. /инээв/
- "Цагдаагийн алба хаагчдын сэтгэл ханамжид нөлөөлөх хүчин зүйлсийн судалгаа" сэдвээр магистрын зэрэг хамгаалсан талаараа тодруулж яриач?
-Судалгааны ажлаа Америкийн эрдэмтэн судлаач А.Маслоугийн “Хэрэгцээний гурвалжин”-гийн онолд үндэслэн хийсэн. Дээрх эрдэмтэн хүний хэрэгцээг таван ангилалд хуваан, доод шатны хэрэгцээ хангагдаж байж хамгийн дээд шатны хэрэгцээ буюу өөрийгөө илэрхийлэх, хөгжүүлэх хэрэгцээ хангагдана гэж үзсэн байдаг. Хүний анхдагч хэрэгцээ хооллож ундлах, унтаж амрах, хувцас өмсөх, орон байртай байх хэрэгцээ юм. Иймд алба хаагчдын амьжиргааны түвшинг ахиулах, аюулгүй байдлын хэрэгцээг хангах зорилгоор алба хаагчдад өмчлөлийн газар олгуулах, хөнгөлөлттэй үнээр орон сууцжуулах, шинэ албаны конторын барилга, “Албаны бэлтгэлийн танхим” Цагдаагийн албан хаагчдын амьдрах 40 айлын хоёр орон сууцны барилга зэрэг алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр түлхүү анхааран ажиллаж байна. Хэрэгцээний гурвалжингийн хоёр дахь шатлал болох “Аюулгүй байдлыг хэрэгцээ”-г хангах зорилгоор “Цагдаагийн алба хаагчийн сэтгэцийн эрүүл мэндийг дэмжих хөтөлбөр”-ийг аймгийн Засаг даргын захирамжаар хэрэгжүүлэн ажиллаж байна. Энэ онолын гуравдахь хэрэгцээ болох “Нийгмийн хэрэгцээ”-г хангахын тулд алба хаагчдыг ажлын байранд сурч боловсрох орчин нөхцөлийг бүрдүүлж, “Дотоод хэргийн их сургууль”, ”Орхон их сургууль”, “Улаанбаатар эрдэм”, Глобал удирдагч” сургуулиудад алба хаагчдыг үе шаттайгаар сургаж байна. Мөн алба хаагчдаас авсан судалгаа, тэдний хэрэгцээнд үндэслэн цагдаагийн алба хаагчийг хөгжүүлэх “Хөгжлийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж байна. Байгууллагын хөгжил хувь хүнээс хамааралтай тул хувь хүний хөгжил дээр их анхаар ч байгаа.
-Хонгор нутгийн цагдаагийн байгууллага шинэчлэгдэхийн зэрэгцээ эрс залуужижээ. Энэ хэрээрээ үнэ цэнэ, үзэл хандлага өөрчлөгдөх байхдаа. Алдаанаас суралцаж амжилтад хүрдэг ч гэж ярьдаг эл байдал танд хэр мэдрэгдэж байх юм?
-Манай алба хаагчдын 50-иас дээш хувийг 20-25 насны залуучууд эзэлж байна. Эдгээр залуус нь өнөөдрийн байдлаар дэлхийн нийт хүн амын гуравны нэгийг эзэлдэг. Барууны орнууд залуучуудын сэтгэлгээ, шийдвэр гаргалт, аливаа чухал асуудалд хандах байдал, улс төрийн оролцоо, идэвх, сэтгэл зүй зэргийг нь нухацтай судалж, ойлгох чиглэлд маш ихээр анхаарах болсон. Бид босоо удирдлагатай, төр, иргэдийнхээ өмнө өргөсөн тангарагтай тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллага хэдий ч байгууллагын дийлэнх массыг бүрдүүлж байгаа залуу үеийн үнэт зүйл, үзэл хандлагад нийцүүлэн цагдаагийн байгууллагад мөрдөгдөж буй журамласан эрхийн актуудад өөрчлөлт оруулах шаардлага урган гарч, тэдний зан байдал, хөгжил, сонирхол, нийгмийн онцлогт нь нийцсэн удирдлагын арга барилыг хэрэгжүүлэхэд анхаарч байгаа.
-Шинэ зууны шижигнэсэн залуустай ажиллах өөрийн гэсэн арга барил бий биз. Тангараг өргөсөн залуусын ажлыг ахмад үеийнхтэй харьцуулж үзвэл...?
-Хүний нөөцийн үндсэн зарчим өөрчлөгдөж байгаа тухай би дээр дурдсан. Өмнө нь алба хаагчдын бүтээмжийг өсгөх хөшүүрэг нь цалин, урамшууллын бодлого гэх мэт зүйлүүд байлаа. Харин эсрэгээрээ орчин цагт бол хүн дуртай зүйлээ хийсэн үед л бүтээмж өндөр байгаа нь батлагдсаар байна. Иймд бидний зүгээс улирал бүр алба хаагчид болон тэдний гэр бүлийн гишүүдийн санал хүсэлтийг сонсож тодорхой төрлийн ажил арга хэмжээнүүдийг зохион байгуулж хэвшсэн. Мөн цагдаагийн байгууллагад орох хүсэлт гаргасан иргэдийн мэргэжлийн мэдлэг ур чадвараас гадна, сэтгэл зүйн тогтвортой байдал, хүсэл эрмэлзлэлийг онцгой анхаарч байна.
Бид бүхэн үйл ажиллагаандаа шинэчлэлийг нэвтрүүлэхээс гадна түүхэн уламжлалаа гээгдүүлж болохгүй. Туршлага гэдэг бол маш том зүйл тул ахмад, дунд, залуу үеийн залгамж холбоог хөгжүүлэх бодлогыг барьж ажилладаг.
-Орчин цагийн тэр дундаа орон нутгийн Цагдаагийн байгууллагын шинэчлэл, цаашдын чиг хандлагын талаар...?
-Цаашдаа орон нутгийн удирдлагууд болон иргэдийн дэмжлэгтэйгээр бид бүхэн түүхэн уламжлал, хуримтлуулсан туршлагаа улам бататгаж, шударга ёс, хүний эрх, эрх чөлөөг дээдлэн, гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах хуулиар хүлээсэн үндсэн чиг үүргээ нэр төртэй биелүүлэхийн төлөө бүхий л боломж нөхцөлөө дайчлан ажиллахыг тэргүүн зорилгоо болгож байгаа.
Мөн манай байгууллагын тухайд “Хувь хүний хөгжлөөс байгууллагын хөгжил” уриан дор “Алба хаагчдын хөгжлийн хөтөлбөр”-ийг энэ онд батлан хэрэгжүүлж эхлээд байгаа, энэ ажлыг үр дүнд хүргэх, алба хаагчдын “Сэтгэцийн эрүүл мэндийг дэмжих хөтөлбөр”-ийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх,
Хүний нөөцийг оновчтой зөв байршуулах, алба хаагчдын ажлын ачааллыг тэнцвэржүүлэх, иргэдэд цагдаагийн байгууллагаас үзүүлэх үйлчилгээг шуурхай, хүртээмжтэй хүргэх, гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах ажилд ахиц гаргахад удирдлагын зүгээс ихээхэн анхаарал хандуулж байна.
Ер нь нутаг дэвсгэр хариуцсан Цагдаагийн байгуулагын шинэчлэл, цаашдын чиг хандлага нь нэн тэргүүнд байгууллагын үнэт зүйл болсон алба хаагчдын хөгжил, үүрэг гүйцэтгэх чадвар, чадамж, мэргэжсэн боловсон хүчин, дараагийн дугаарт цагдаагийн ажил үйлчилгээнд нийгмийн өөрчлөлт шинэчлэлт, хэрэгцээнд нийцсэн иноваци, гадаад орны сайн туршлага нэвтрүүлж, үйл ажиллагаандаа хэвшил болгохоор ажиллаж байгаа нь бидний шинэчлэлийн томоохон хэсэг гэж ойлгож байна.

-Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хэрхэн үр дүнд хүрч ажиллаж байна?
-Анх Цагдаагийн албаны тухай хууль шинэчлэн батлагдсан даруйд бид бүхэн “Иргэдээ сонсоё” уулзалтыг 19 сум, аймгийн есөн багт зохион байгуулж байсан. Тэр уулзалтаар иргэдийн санал хүсэлтийг сонсож, хийж хэрэгжүүлсэн ажлаа тайлагнаж байсан. Тухайн үед иргэдээс гаргасан санал хүсэлтийг хүлээн авч, үйл ажиллагаандаа хэрэгжүүлэн, урьдчилан сэргийлэх ажилд ашиглаж байна.
Мөн гадаад орны Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаандаа ашигладаг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын туршлагыг судалж, орон нутгийн хэмжээнд хэрэгжүүлэн ажиллаж байна. Тухайлбал бусад улс орнуудад ашигладаг нээлттэй шүүх хурал, хөршийн холбоо, олон нийтийн эргүүл, сайн дурын цагдаа, бага насны хүүхэд рүү чиглэсэн урьдчилан сэргийлэх ажил арга хэмжээг түлхүү зохион байгуулж байна.
Өсвөр насны хүүхдийг урлаг, спорт, сургалт, соён гэгээрүүлэх ажлаар дамжуулан урьдчилан сэргийлэх нь хорт зуршилгүй, зөв төлөвшсөн, суурь хүмүүжилтэй хүн болох үндэс суурийг бий болгоно. Иймээс нэгэнт зан төлөв нь тогтож төлөвшсөн иргэдээс илүү бага насны хүүхдийг зөв зан үйлд суралцуулах нь гэмт хэргээс урьдчилан сэргийлж буй том алхам гэж бодож байна.
Гэмт хэрэг, зөрчлийн шалтгаан нөхцөлийг судалж, түүнд тохирсон урьдчилан сэргийлэх, таслан зогсоох үйл ажиллагааг хэрэгжүүлснээр бодит үр дүнд хүрэх ач холбогдолтой байдаг. Иймээс иргэдийг гэмт хэрэг, халдлагаас хамгаалах аюулгүй, эрүүл таатай орчин нөхцөлийг хангахад чиглэсэн цогц бодлого боловсруулах зорилгоор криминологи судалгаануудыг хийлгэж үйл ажиллагаанд ашигласнаар зарим томоохон ажил арга хэмжээний эхлэлийг тавьсан. Тухайлбал архины хамаарал бүхий донтсон иргэдэд нийгэм, сэтгэл зүйн сэргээн засах туслалцаа үзүүлэх зорилго бүхий “Жаргалтай амьдрал” төвийг бий болгож ашигласнаар архинд донтох эмгэгтэй, хамаарал бүхий иргэдийг өөрсдийнх нь сайн дурын үндсэн дээр орон нутагтаа эмчилж, архинаас татгалзах эерэг зан үйлийг бий болгож, дахин шинэ амьдрал бэлэглэж, тэдний ард байгаа гэр бүл, найз нөхөд, ажлын хамт олны талархал хүлээсэн чухал ажил болсон.
-Аливаа гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх тал дээр Хонгорын цагдаагийн газрын бусдаас ялгагдах онцлог гэж байна уу?
-Манай алба хаагчдын хувьд нийтэч, нөхөрсөг, аливаа урлаг, спорт, соён гэгээрүүлэх ажилд бусад байгууллагыг түүчээлж оролцохыг эрмэлздэг. Үүний адилаар гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд мөн шинэ санал, санаачилга гаргаж, техник технологийн дэвшилтэт талыг ашиглан бусад аймаг, дүүргийн цагдаагийн газар хэлтсүүдэд үлгэр дууриалал болохуйц шинэлэг олон ажлуудыг хийж хэрэгжүүлсэн. Үүний нэг тод илэрхийлэл бол бусад орон нутагт хараахан хийгдээгүй архины хамаарал бүхий иргэдийг тэдний сайн дурын үндсэн дээр орон нутагтаа эмчлэх нийгэм, сэтгэл зүйн “Жаргалтай амьдрал төв”, мөн хамтран ажиллаж хохирогчийн эрх, аюулгүй байдыг хамгаалж буй Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн харьяа Баянхонгор аймаг дахь салбар Нэг цэгийн үйлчилгээний төв бол 21 аймагтаа тэргүүн туршлага болохуйц Жендэрт суурилсан хүчирхийллийн хохирогчдод үйлчилгээ үзүүлэх төвд тооцогддог. Улсын болон орон нутагт зохион байгуулагдаж буй урьдчилан сэргийлэх аян, нөлөөллийн арга хэмжээнүүдэд идэвх санаачилгатай оролцож, орон нутгийн хэмжээнд үр дүнтэй ажиллаж шагналт байранд удаа дараа шалгарч байлаа.
Үүнээс гадна Гадаад орны тухайлбал АНУ, Австрали, Герман, БНХАУ, Япон, Филифин зэрэг улсуудын тэргүүн туршлагыг орон нутгийн онцлогт тохируулан үйл ажиллагаандаа хэрэгжүүлэн ажиллаж байгаагаараа мөн онцлогтой.
-Гэмт хэргийн илрүүлэлтэд гарсан ахиц дэвшил байна уу?
-Цагдаагийн байгууллагын үндсэн чиг үүрэг нь гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нэгэнт үйлдэгдсэн гэмт хэргийг халуун мөрөөр нь илрүүлэх бөгөөд бид энэ асуудалд онцгой анхаарч, гэмт хэргийн илрүүлэлтийг 70 хувьд хүртэл нэмэгдүүлж байсан. Хуулийн өөрчлөлт, гэмт хэргийн илрүүлэлтийг тооцох аргачилалд өөрлөлт орсонтой холбоотой, мөн тухайн цаг үеийн нөхцөл байдал, нийгмийн бусад байдлаас шалтгаалж гэмт хэргийн гаралт харилцан адилгүй, үүнийг дагаад хэргийн илрүүлэлт өсөлт бууралттай байдаг. Бид хэргийн илрүүлэлтийг нэмэгдүүлэхэд орчин үеийн техник, тоног төхөөрөмжийг ашиглах, иргэд, байгууллагын туслалцаа дэмжлэгийг авахад онцгой анхаарч ажилласны үр дүнд гэмт хэргийн гаралт, илрүүлэлт ажлын сайн үр дүн гарч байгааг манай байгууллагын статистик тоон мэдээнээс харж болно.
-Оюутболд дарга орон нутгийн цагдаагийн нийгмийн асуудлыг онцгойлж авч үзээд байх шиг байгаа юм. Энэ талаар тодруулна уу?
-Сүүлийн жилүүдэд Монгол Улсын Засгийн газар, Хууль зүй, дотоод хэргийн яам, орон нутгийн удирдлагуудаас цагдаагийн алба хаагчдын ажиллах орчин нөхцөл, нийгмийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр ихээхэн анхаарал хандуулж байгаад бид бүхэн талархалтай байна.
Тухайлбал: Орон нутгийн дэмжлэгээр хувийн аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулан 40 айлын хоёр, 30 айлын нэг орон сууцны барилгыг ашиглалтад оруулж, зах зээлийн ханшнаас хямд үнээр алба хаагчдыг орон сууцжуулах ажлыг үе шаттайгаар зохион байгуулж байна.
Алба хаагч, ахмадуудад хүйтний улиралд нүүрс олгох, өрх толгойлсон болон олон хүүхэдтэй алба хаагчдад хүнсний тусламжийг жил бүр олгох ажлыг хэвшил болголоо. Өлзийт сумын “Бумбат” хэмээх газарт алба хаагчдын хэрэгцээнд 2 га талбайд хүнсний ногоо тариалах, туслах аж ахуйн малын тоо толгойг жил бүр нэмэгдүүлж, алба хаагчдад хүнсний тусламж олгодог. Мөн өмчлөлийн газаргүй алба хаагч, ахмад ажилтнуудад 0.7 га газрыг олгуулах ажлыг жил бүрийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгуулан олгуулах ажлуудыг хийсээр ирсэн. Дээрх бүх асуудлыг шийдвэрлэх эрх зүйн орчин нь Цагдаагийн албаны тухай хууль болон Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журмаар баталгаажсан байдаг.
Хийгдсэн онцлог ажлуудаас дурдвал Цагдаагийн хэлтсийг “Газар” болгон өргөжүүлэх, алба хаагчдын ажиллах нөхцөлийг сайжруулах чиглэлээр конторын шинэ барилга, 20 сумдад цагдаагийн хэсгийн бичил байр /кабон/ бариулах, автомашинжуулах, Цагдаагийн газрын бүтэц, орон тоог нэмэгдүүлэх, Богд, Жаргалант, Бууцагаан сумдад цагдаагийн тасаг шинээр байгуулж, тухайн тасгуудад тасгийн алба хаагчдын ажиллаж, амьдрах нөхцөл бүхий барилга, мөн төрийн алба хаагчдын Сургалтын нэгдсэн төвийг байгуулах ажлуудыг эхлүүлээд байна.
Алба хаагчдын амьдрах, ажиллах орчин нөхцөлийг сайжруулах дээрх ажил арга хэмжээнүүдийг зохион байгуулдагаас гадна тэдний биеийн болон сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалахад онцгойлон ач холбогдол өгч байна. Учир нь биеийн болон сэтгэл зүйн хувьд эрүүл байж, цагдаагийн алба хаагчид хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэйгээр биелүүлэх боломжтой гэж бид үздэг.
Алба хаагчдын сэтгэцийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх зорилгоор “Цагдаагийн алба хаагчийн сэтгэцийн эрүүл мэндийг дэмжих хөтөлбөр”-ийг аймгийн Засаг даргын захирамжаар хэрэгжүүлэн ажиллаж, ганцаарчилсан болон бүлгийн сэтгэл заслын өрөөг тохижуулсан. Мөн алба хаагчдыг стресс бухимдлаас сэргийлэх, алжаал ядаргааг тайлах, сэтгэцийн эрүүл мэндийг дэмжсэн орчин нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор массажны сандал, био энергийн аппаратыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэн ашиглаж байна. Дээрх хөтөлбөрийн хүрээнд жижүүрийн шуурхай алба, Эрүүлжүүлэх саатуулах байр, сэтгэл зүйн өрөөнд “Aroma therapy”-ийн төхөөрөмжөөр үнэр эмчилгээг үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн. Мөн Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвтэй хамтран ажиллах гэрээ байгуулж, алба хаагчдыг сэтгэцийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулж, сэтгэл зүйн байдал тогтоох судалгаагаар нойрны хямрал, түгшүүр, стрессийн түвшин өндөр гарсан алба хаагчдыг массажны сандал, био энергийн барианд хамруулж байна. Амралт болон эмчилгээ шаардлагатай байгаа алба хаагчдыг ЦЕГ-ын “Сүүж уул” сэргээн засах сувилал, Шаргалжуут, Хужирт рашаан сувилалуудад тус тус амраах ажлыг жил бүр зохион байгуулж байна.
Мөн ирэх онд цагдаагийн газрын 80 жилийн ой тохиож байгаа бөгөөд ойдоо зориулж, 80 бүтээлч ажлыг хийж хэрэгжүүлэх зэрэг төлөвлөсөн ажлууд нилээдгүй байна. Танд баярлалаа.
Ярилцсан сэтгүүлч П.Санаадагва


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ