Ж.ЭНХБАЯР: ЯМАР Ч БҮТЭЭЛ УХААНД УРГАЖ, ГАРТ БОЙЖИЖ, НҮДЭНД ДЭЛБЭЭЛДЭГ
Монгол улсын гавьяат багш, Аймгийн Ахмадын холбооны дарга, Баянбулаг сумын уугуул, Жамсрангийн Энхбаяртай ярилцсанаа уншигч танд толилуулж байна.
-Хоёулаа энэ удаагийн ярилцлагаа таны унасан газар угаасан уснаас тань эхэлье. Хонгор нутгийнхан Баянбулагчуудыг еврэйчүүдтэй зүйрлэх нь олонтаа энэ талаарх таны бодлыг сонсвол?
-Манай нутаг сайхаан. Хангай ханы халзан хүрэн уулс, үүл мөрлөн дүнхийх нь эрдэм сайтай ламын тэргүүн лугаа санагддаг юм. Уулсын сүрлэг тэргүүн шигээ ухааны цараатай ард түмэн гэж бивээр биширч явдаг. Олны үг ортой ч биз. Эс зөвшөөрвөл алдас болно.Соц нийгмийн үед аймаг, сумдын нам захиргааны удирдлагын 70-80 хувь нь энэ нутгийнхан байсан үед дээрх яриа гарсан хэрэг. Өнөө ч гэсэн сайн л ажиллацгааж байна. Ковидын хорионы үед ч харагдаж л байсан.
Жамсран гэж таны аав. Хүн ер нь аав, ээжийнхээ талаар их зүйлийг эргэцүүлэн бодохдоо тэгчихгүй, ингэчихгүй яав даа гэж хармасах үе олон. Танд ийм зүйл байх юм уу?
Аав ээжийн амин үр болж, арван сар тээлгэж, ангир уураг амтлан хүмүүн заяанд төрнө гэдэг, хичнээн ч төрөлдөө зөв явсан сайн төрөлтний зөв үйлийн үр байх гэж залбирдаг. Тийм учраас үр хойчоо бодож зөв явахыг хичээдэг. Энэ насандаа гийгүүлж чадахгүй ч гэсэн ирээдүй хойчдоо гай тарихгүй шиг явмаар санагддаг юм. Би аав, ээжийгээ өсөх насандаа зөндөө зовоосон биз. Арай хожим нь сэтгэл дундуур байлгахгүй юмсан гэж хичээдэг байлаа.Удам ургийнхаа үүх түүхийг л эмээгээсээ, ээжээсээ, ааваасаа асууж тодруулж тэмдэглэж үлдэхгүй яавдаа гэж харамсдаг юм.
Хүний амьдралд ханилсан ханиасаа салах ялангуяа эр хүнд хамгийн хүнд хэцүү үе байдаг юм гэсэн. Яг энэ мөчид бурханы оронд заларсан ханийнхаа тухай дурсвал. Мэдээж танд ярих олон олон дурсамж үлдээгээд буцсан байх?
Миний хань Сандагийн Нарантуяа гэж аав ээжийн арваад хүүхдийн том нь, олонтойгоо бужигнасан, орсон гарсанд ундтай устай, цагаан цайлган сэтгэлтэй ил үгтэй, инээд цацруулсан бүсгүй байлаа. Дөрвөн сайхан үрсийн эцэг эх болж дөрөө даахуйц болсон насандаа бурханы оронд морилсон доо хөөрхий. Хамтран ажиллаж байсан олон олон хүний амнаас ханийн минь тухай эерэг сайн үгс унаж байхыг сонсоод ханиараа бахархдаг юм. Дөчөөд жил ханилахдаа дурсамж дүүрэн л амьдарсан даа бид.
Таны эзэмшсэн мэргэжил багш. Нөгөө талаараа таны амьдралын ихээхэн хэсэг нь хүүхэд шуугисан их өргөөнд өнгөрсөн. Тэгэхээр багш хүнийг, багш мэргэжлийг би бодохдоо мөнхийн гавьяатай юмдаа гэж боддог. Та багшийн мэргэжлийг яагаад сонгосон юм бэ?
Тарз актладаг малын эмч бол гэхэд нь Тас зөрөөд багш болсон минь учиртай гэж манай нутгийн билэг танхай найрагч Т.Галсан багш бичиж байсан гэдэг. Миний хувьд хөдөөний хүүхэд. Нүдийг минь нээж өгсөн, эрдэм ном амтлуулсан багш минь оройн дээд шүтээн байв. Эртнээс бодсон эргэлт буцалтгүй сонголт минь ч багш. Харин 10 дугаар ангид байхдаа. Монгол хэлний багш уу , зургийн багш уу гэж эргэлзэж, ангийнхаа нэгэн охины сонголтыг хүндэтгэж, зургийн ангид конкурс өгсөн юм. Нөгөө найзад минь ч өөр сонголт байхгүй байсан байх. Зураг хөдөлмөрийн багш бэлтгэх ангид орсон хойноо ямар азаар энэ ангид ороо вэ гэж баярласан. Маш олон сонирхолтой хичээлүүд орж ёстой л загатнасан газар маажих шиг болсон. Хар өнгөт зураг,дархан мужаан, шугам зураг, технологи материал судлал, дүрслэх геометр, пластик анатоми гээд л явж өгсөн. Сонирхолтой байсан болохоор амжилттай ч сурсан, төгсч гараад гайгүй ч багш гэгдсэн. Одоо энэ хайртай мэргэжил минь намайг завгүй байлгаж, бас нэмэгдэл орлогын эх үүсвэр, эрүүл мэндийн нөхөн сэргээлт болж байна. Хүн мэргэжлээ зөв сонгож, мэргэжилдээ хайртай байж, мэргэжлээ байнгын хэрэглээ байлгах ёстой юм шиг байна билээ.
Та бид хоёр бараг л үе тэнгийнхэн. Би нэг хоёр ах байж мэднэ. (инээв). Эрхэм нөхөр Ч.Отгонбат багш агснаас таны тухай нэг сайхан үг сонсож байсан минь одоо хүртэл санаанаас гардаггүй юм. Ж.Энхбаяр багш ёстой эр хүний хуйх юм шүү. Чи сайхан танилцаарай гэж жаахан халамцуухан үедээ хэлж билээ. Бидэн хоёрыг танилцуулсан хүн бол тэр минь юм шүү? Та тэгэхэд залуу зохион бүтээгчдийн дарга байл уу. Бид тэр үед их л залуухан байждээ хө. Хорвоо гэж..?
Найз нь Баянбулагтаа багшилж байгаад,1986 онд чиний яриад байгаа Залуу техникчдийн станцид нисэх загварын дугуйлангийн багшаар томилогдож ирсэн. Дарга энтэр байгаагүй.
Отгоо бид хоёр 10 жилийн нэг ангийн хоёр, дээд сургуульд нэг сургуулийнх. Бас л гүдэсхэн эр хүн байлаа. Хөөрхий эрт бурханд таалагдсан даа. Би үерхэл нөхөрлөлдөө үнэнч байхыг хичээдэг, нөхрийн төлөө голчигонуур зантай л даа. Тэр нь таалагддаг байсан юмсан уу. Чиний Архангайн багшийн сургуульд байхдаа Тамирын голд загасчилж байгаа нэг зураг фээсбүкд яваад байсан, залуу насны сэтгэлийн уянга хөндөж байсан шүү. Ямар ч ганган байсийм. Залуу насаа гэж... Агуу Чойномын хэлснээр шувууны сүүдэр шиг дайраад өнгөрсөн Шунхан улаан залуу нас минь гэж уулга алдмаар.
Та бидэн хоёрыг баярлах, гомдохын хий нь гарчихсан хүмүүс гэж болно. Гэхдээ зарим хүмүүс нас ахиад ирэхлээр баярлах, гомдох нь амархан гэж ярьдаг. Монгол улсынхаа ерөнхийлөгчөөр гавьяатын тэмдэг энгэртээ зүүлгэж байх тэр торгон мөчид хэр их баярласан бэ?
Баярлалгүй яахав хө. Маш ихээр баярласан. Хүмүүн заяаг олж төрөөд төр түмэндээ зүтгэсэн нэгэн насны минь зүтгэлийг төр минь үнэлж байхад. Гэхдээ надтай хамт шагнуулсан хүмүүс дотор энэ эрхэм хүнийг одоо л шагнаж байгаа юм байх даа гэмээр хүмүүс байсан шүү. Манай Тү багш Луумаа багш нар ч гэсэн арай л хожуу юм даа. Танагтай дээр нь шагнамаар юм билээ. Баярлах гомдохын тухайд нас дараад ирэхийн цагт хийж бүтээх санаа байгаад сачий дутахын бухимдал, хүмүүст тоогдохоо больсон мэт мэдрэмж төрүүлдэг нь гомдохын эх, алтнаас үнэтэй үг сургамжийг нь анхааран сонсвол, ажил амьдралдаа хэрэгжүүлбэл баярлахын үүд болдог юм шигээ. Үүнийг залуу үеийнхэн анхаарахад гэмгүй.
Та бол зохион бүтээгч хүн. Тийм ч учраас таныг залуу зохион бүтээгчдийн даргаар томилж байсан биз. Энэ үеэ нэг сайхан дурсаач?
Найз нь дарга байгаагүй нисэх онгоц автомашин,усан онгоцны загвар зохион бүтээлгэх дугуйлангийн багш байлаа. Өгөгдсөн ажлын байрны шаардлагаар зохион бүтээх ажлын арга зүй, тэр ажлыг гүйцэтгүүлэх технологийг судлах шаардлага гарсан. Залуу ч байж, зүтгэлтэй ч байж, энэ ажилдаа дур сонирхолтой ч байж, цаг наргүй л ажилладаг байлаа. Хүүхдийн хийсэн бүтээл амжилттай туршигдаж найдвартай ажиллаж байхыг харах багш хүний нэг жаргал байдгийм. Тэр үед зөвхөн зохиолгоод зогсохгүй нисэх онгоц авто машин усан загвар, радио хийц, радио пеленгац төрлөөр улсын аварга шалгаруулах тэмцээн жил бүр болдог, тэнд л зорьж бид ажилладаг байлаа. Манай Залуу техникчдийн станцын даргаар Бөмбөгөр сумын уугуул, бүтээлч сэтгэлгээтэй авьяаслаг удирдагч А.Даваасүрэн, хамтран зүтгэгчээр бүтээлч сэтгэлгээтэй шилдэг багш Д.Магсаржалам, Б.Ганхуяг, Б.Гунгаа,Жанчив, Ц.Ганбаатар, нар ажиллаж улсын хэмжээнд ёстой л үзэж тардаг, Залуу Техникчдийн ордны багийг айлгадаг байлаа. Улсын хэмжээнд 13 жил эхний гурван байрнаас салаагүй 1990 онд Ордны багийг ялж улсын аварга баг болсон ганц аймаг манайх юм шүү. Тамирчин хүүхдүүдийн хувийн амжилтаар улсад медальт байрт орсон хүүхдүүд 80 гаруй болсон.
Уг нь би хөдөө сумдаа ажиллаж байхдаа зурагтаа тун гайгүй.ялагуяа хөрөг зурагт их сайжирч байсийм. Тэр үед ЗХУ-ын Агит плошадка-ийн загвараар сум бүрт Ухуулгын нээлттэй талбай байгуулан, хангайн сумдын тэр талбайг найз С.Лхагвасүрэнтэй хамт хийдэг байлаа. Нам төрийн удирдагчид тухайн сумын тэргүүний хүмүүсийг алдаршуулан төмөр самбарууд дээр зуруулдаг байв. Энэ халтуурын ажил мөнгө олохоос гадна зурах ур чадварыг их сайжруулж байсан юм.
Зохион бүтээх төвд ирснээр энэ ажил шууд зогсч одоо олигтой зурж чадахаа больсон байна лээ. Онгоцны загвар луу эргэлт буцалтгүй орсон доо.Хүсэл мөрөөдлөө “нисгэх” гэдэг өөрөө ниссэнээс нэг ч их дутахгүй шүү. Бас тэгээд аюулгүй. (инээв) Одоо ч “ниссээр” л байна. Залуу насандаа ажиллаж байсан энэ үе миний амьдралын хамгийн дурсамжтай үе юм даа
-Ж.Энхбаярын хийж бүтээхийн, бичиж туурвихын их хүслэн ид үедээ байна уу гэж би хардаг. Сүүлийн үед даацтай нийтлэлүүд зэрэг нэлээдгүй бичиж нийтлэх талдаа байна уу. Энэ талаар хууч дэлгээч ( инээв)?
-Би их саваагүй талдаа юм юм оролдох хоббитой, нэг тийм заваан-нямбай хүн юм шиг байна лээ. Монгол хэлний хичээлдээ дур сонирхолтой сурагч байж,1974 онд “Соёл Эрдэнэ” хамтлаг хөдөө ирж тоглоход маш их сэтгэл хөдөлж, нэг нийтлэл маягийн юм бичээд “Лениний зам” сонинд явуулж байсан юм. Гараагүй л санагдана. Түүнээс хойш бараг сонинд юм бичиж байсангүй. Саяханаас ажлын шаардлагаар ганц нэг юм бичиж байна. Чи л хөөргөөд байгаа болохоос юу л шалиа аждээ. Гэхдээ нас ахиад ч тэрүү залуу хойч үед ганц нэг юм хэлмээр санагдаад байдаг болчихож. Ялангуяа мэдээллийн техник технологи их хөгжөөд, бүх юм бэлэн зэлэн болоод нүүдлийн соёл иргэншил дээр суурилсан монгол ахуй зан заншил, түүх соёлын үнэт зүйл үрэгдэж мартагдаж тасарч алга болж байгаа нь үндэсний тусгаар тогтнолд аюул занал учруулж байгаа өнөө үед.
-Та бас уран бүтээлч хүн. Таны арван хуруунд авьяас заяагдсан гэж хэлж болохоор. Ухаанаар хийгээд гараар урласан бүтээлүүдээсээ нэрлээч?
-Огт “мухар” хүнийг бодвол хуруундаа юмтай л даа. Аль ч бүтээл ухаанд ургаад гарт бойжиж нүдэнд дэлбээлдэг гэж боддог. Уран сайхны болоод гүйцэтгэлийн түвшинд нь үзэгч хэрэглэгч л үнэлгээ өгөхөөр мод металаар урласан олон л юм байдгийм. Түүнээс гадна онгоцны загвар гэхэд нислэгийн чанараар, шагайн харвааны хавчаахай нум гэхэд оноч найдвартай байдал, гольфийн цохиур гэхэд хэрэглээ хангах чадвар гэх мэт тухайн бүтээлийн хэрэглээ шаардлага хангах гэж нэг чухал юм байна. Мэдээж ямар ч бүтээл өнгө үзэмж төгс шийдэлтэй л байвал эрэлттэй. Өнөөдөр ч тэгээд алив бүтээлийг үнэгүйдүүлж хямдхан үнэлэх авах сонирхолтой болсон гунигт үе юм даа.
Ер нь Энхбаяр гэж хэн бэ? Би л байхгүй юу (инээв) Намайг гадарлах нэг нь аа нэг тийм нөхөр байдаг гэж ургуулан бодох,танихгүй нэг нь чөтгөр бүү мэд ямар ч юм байдгийн гээд л өнгөрнө биз дээ. Мод чулуу байгаль дээр байдгаараа оршч, хүмүүс түүнийг судалж танин мэддэг шиг л. Би тэр талдаа. Хүмүүс талархлын бичиг авсан ч түүнээ фб-д тавьж миний тэр тэрийг үнэлэсэн тэр тэрэндээ баярлалаа гээд бичдэгийг би буруутгахгүй. Би тэгж чаддаггүй юмаа. Зав болдоггүй гэх нь хаашаа юм. Арчаагүй юм болуу даа.
-Хүний мөн чанар, хүн чанарын талаар ямар бодолтой явдаг вэ. Зарим нэг нь хүн чанар гээч зүйл ёстой түй ч үгүй болоо гэж халаглах нь олширлоо. Таны бодол?
-Залуу техникчдийн станцид ажиллаж байхад манай нэг ажилчин хурал болгон дээр хачин хачин юм ярьдаг болчихлоо. Урд нь зүгээр л байдаг байсан Чи чинь яачхаад байгаа юм гэж байгууллагын дарга асуухад ардчилал зах зээл л намайг эвдээд байна гэж хэлээд бөөн инээдэм болж байсан. Тухайн үед инээдэм байсан ч хүн чанарын ханиадны вирус байж гэж одоо бодогдох. Түүн шиг хөрөнгө мөнгө шунал, үгээгүй байдал л хүмүүсийг эвдээд байх шиг, түүнээс биш монгол хүний мүс чанарыг би төрмөл гэж итгэдэг. Дээр нь төр барьж байгаа нөхдүүд дэндүү овилгогүй, увайгүй юм даа. Ухаангүй ноёнд урагшгүй албат гэдэг. Дээдэс нь үлгэртэй,ард түмэн нь амьдрал түвшин бол “улайхдаа тулж улаан малгайгаа өмсөхгүй л байх л даа
Бидний үеийнхэн гэж хэн юм бэ. Одоо үеийнхний биднээс ялгагдах мөн чанарын талаар...?
Бидний үеийнхэн даруулгатай өсч, даруухан амьдарсан хүмүүс. Бурхан багшийн сургаалиар бол зовлонгийн шалтгаан болсон шуналаас ангид өссөн гэж болно. Панзчин дамчингуудыг нийгмээрээ үздэггүй байсан гэхэд болно. Ардчилал зах зээл эхлээд өмч хөрөнгө эзэндээ очсон гэж гайхуулах боловч, үнэн чанартаа 70 жил хөгжсөн улсын өнгөтэй өөдтэй бүхнийг үрэн таран хийж, хэдхэн луйварчин хөлжөөд өнөөгийн энэ монголын эмгэнэлийн үр үндсийг тавьсанд харамсаад багадна. Хулгай луйвраа өөгшүүлсэн хамгаалсан хууль батлана. Одоо нэртэйгээр нь улсын их хурлын гишүүн-луйварчинд зориулсан хууль, энгийн ардад зориулсан хууль гэж гаргахнээ. Хэдэн тэрбумаар нь завшаад 40 саяаар торгуулаад, хялбаршуулан шийдүүлээд явах Хаянхярваа нарын цуваа эхэллээ. Энэ бол төрийн гутамшиг.
1997 оноос сургуулийн захирлаар ажиллаж байхад гайгүй шиг сурлагатай хүүхдүүд бүгд л санхүү нягтлан бодох чиглэлээр сурах гэж улайрдаг байв. Алдарт өмч хувьчлалд энэ мэргэжил хамгийн ойр ашигтай байснаас тэр гэж бодогдсон шүү. Бидний залууд ажилчин хүний нэр хүнд өндөр, тэд нийгмийн баялгийг бүтээдэг байв. Өнөөгийн залуус ажлыг хар бор гэж ялгах, цэвэрхэн амархан ажил хийх гэдэг болчихвуу даа. Уг нь улс шиг улс байхын тулд хүний эрх, хүүхдийн тэвчишгүй хөдөлмөр гэж элийрэлгүй залуучуудаа хөдөлмөрт сургах хэрэгтэй гэж би мунхагладаг хүн. Японд тэгдэг англид ингэдэг гэж ярих дуртай цэцэд японд хүүхдүүд анги танхим байтугай жорлонгоо цэвэрлэдэг тухай ярьдаггүй л юм.
Эцэст нь Таван жилийн гавшгайч гэх цаасан малгай өмсцгөөж
Тансаг баян амьдраагүй ч сэтгэл дүүрэн жаргасан
Наяад оны залуучууд намба төгөлдөр найзууддаа шинэ оны мэнд хүргэе дээ
Олон дамжлага гэдэг шиг чи ер нь хэд хэдэн албан тушаал хашсан нөхөр шүү. Би бол ганц л газар насыг илээж байна. Чи жаахан албан тушаалын сонирхолтой байсан юм уу?. (инээв)
Төр засагтаа ажил хийж байгаа хүн бүр л карераа өсгөх гэдэг биздээ.Тэр дагуу л Боловсролын удирдах байгууллагад томилогдон ажилласан юм.1995 онд Боловсролын төвийн даргаар томилогдоод ажиллаж байтал 1996 оны сонгууль болоод 1997 оноос ажлаас халагдаж Номун далайн захирлаар томилогдсон тэнд хичээнгүйлэн ажилласан.2008 онд дахин дэвшиж Боловсрол соёлын газрын дарга болсон 2012 онд сонгуууль болж дахин халагдсан. Гаргасан алдаа байхгүй. Зарим хүмүүс шиг тэнд наалдаад төрцөн аятай шүүхээр заргалдаад байх сонирхолгүй.Үзэл нийлэхгүй хүмүүстэй үйлс нийлэхгүй учир дуртай нь аргагүй өгдөг нэгэн. Тэгэхээр албан тушаалын сонирхолтой байна уу?.Одоо чи Ахмадын дарга биз дээ гэх гэж байна уу (инээв). Энэ чинь томилогдоогүй сонгуульт ажил. Итгэл хүлээлгээд найзууд сонгож байхад их зан гаргаад нэрээ татаж чадаагүй л юм л даа.
Нэгэнт сонгогдсон юм чинь нэр хичээх л хэрэгтэй болдог биз дээ. Зүтгэж л байна.
Энэ удаа ардчилагчид арай халчихгүй байхаа. Би уг нь улстөрждөггүй нэгэн. Чи улс төр сонирхохгүй бол улс төр чамайг сонирхоно гэж үнэн л юм билээ
-Боловсролд ажилласан бодлын хэлхээс танд олон бий байх. Боловсролын 100 жилтэй таширлан таны энгэрт гавьяатын тэмдэг гялалзсан баярт мөч тохиосон. Боловсролд ажилласан он жилүүдийнхээ дурсамжаас хуваалцаач?
-Боловсролын даргаар хоёр удаа сонгогдоход хоёр ууланд нь ардчилагчид-шинэчлэгчид таарч боловсролын салбарыг бужигнуулахын гэрч болсон доо. Уг нь манай боловсролын тогтолцоо орос европын сонгодог тогтолцоо л доо. Энэ нь 70-80 жилийн туршлагатай. Тэдний ч буруу биш байх, нэгэнт нийгмийг шинэчлэх гэж гарч ирсэн, өмнөх үеэ шүүмжилж гарч ирсэн улсын хувьд. ”Шинэчлэх” хэрэгтэй байсан биз. Гэвч нэмэгдхүүний байрыг солиход нийлбэрийн чанар хувирахгүй гэдэг шиг хэвээр үлдсэн. Тэд ялангуяа Лу. Гантөмөр сайдын үед хаанахын ч мэдэхгүй нэг солиотой нөхрийн онолын концепцыг шууд орчуулаад ковидын вакцинаас ч долоон дор юмыг монголын боловсролд шахсан даа.Одоо тэндээс юу ч үлдээгүй. Багш нарын оюун ухаанд юу ч үлдээгүй гэж мөрийцөхөд ч бэлэн шүү. Зүгээр багш нарын хариуцлага идэвх зүтгэлийг сайжруулах, цалин хангамжийг нэмэгдүүлэх, ажилдаа зүтгэх амьдралын хангамжийг сайжруулах л болохоос ямар нэг туршилтын шинэчлэл хэрэггүйг өнөөдөр ойлгож байх шиг. Сүүлийн үед ажилласан Боловсролын сайд нар Ё.Баатарбилэг, Л Энх-Амгалан нарыг сайн ажиллаж байна гэж боддог.
-Олон асуултад хариулсан танд баярлалаа. Гэхдээ энэ сүүлийн асуулт шүү. Ахмадын холбооны даргын хувьд ахмадуудын талаар дорвитойхон юу хийхээр ирж буй он жилүүдэд төлөвлөж байна вэ?
Ахмад настны тухай хууль уг нь их сайн хууль батлагдсан юм. XXI зуун насжилтын эрин гэдгийг мэдэрсэн хууль гэж хардаг. Хэрэгжүүлэх тал дээр нь аль ч шатандаа учир дутагдал оршч байна. Ирж буй он жилүүдэд ахмад настны тухай хуулийн хэрэгжилтийг хангуулахын төлөө анхан дунд шатны засаглалыг хэрэгжүүлэгч нарыг шахаж ажиллана. Анхан шатанд буй ахмадын байгууллагад үйл ажиллагаа явуулах санхүүгийн эх үүсвэрийг олгохгүй байна. Аймаг ч гэсэн сүүлийн хоёр жил энэ асуудлыг орхигдууллаа. Ахмадын ордны тогтмол зардал,сумдын ахмадын хорооны дарга нарын урамшууллыг бол өгч байгаа нь сайн хэрэг л дээ. Гагцхүү үйл ажиллагааны зардал өгөхөөр хуульчлагдсан байдгийг хэрэгжүүлмээр байна. Мөнгөтэй бол ахмадын ажил мундахгүй их шүү дээ.
П.Санаадагва
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ