М.Эрдэнэцэцэг: Баярласандаа уйтгар гунигаа мартан чин сэтгэлээсээ инээсэн хүний нүд оч шиг гялалзаж байдаг

Хүн бүхэн хүний хорвоод зочлоод буцахдаа нэг, нэг сайн үйл бүтээдэг бол ямар гоё вэ. Харамсалтай маш цөөхөн хүнд л ийм хувь тохиодог. Хоёр он солигдохоос хоёрхон хоногийн өмнө гэр нь шатаж, өмссөн хувцастайгаа үлдсэн нэгэн айлд тусламжийн гараа сунган тэр өдөрт нь багтаж өргөө цагаан гэр хайрласан эрхэм бол М.Эрдэнэцэцэг хэмээх хөдөлмөрч бүсгүй.Ядарч зүдэрсэн олон айлд тус болж, сэтгэлээ шингээж оёсон гэрийн хөшиг, гадуур дотуур цагаан бүрээс цаваг, өрх зэргийг өгөөд явуулдаг түүний нинжин сэтгэлийг Нарантуул захынхан ам уралдан ярих. Сэтгэл сайхантай байж, аливаа зүйлд чин сэтгэлээсээ зүтгэвээс юунд ч хүрч болдгийн тод жишээг бодит амьдралаараа харуулж яваа түүний хайрласан буянаас хүртсэн бүхэн өөрийнх нь амьдрал шиг өөдөлж дэвждэг биз ээ.
- Галд өртөж орон гэргүй болсон эмэгтэйд тусалсан танд юун түрүүнд уншигч олны өмнөөс талархаж байгааг минь хүлээн авна уу.
- Баярлалаа. Энэ залуу гэр бүлийн эзэгтэйн ээж Г.Болор-Эрдэнэ бид хоёр нэг гудамжных, хоёр хаалганы наана цаана. Дундаа нэг айлтай гэсэн үг. Гамбир, боорцгоо хувааж идэн резиндэж, чиртаа тоглож өссөн багын найзууд. Аав, ээжүүд маань найзууд. Тэд лав тавь, жаран жил үерхэж буй. Манай гудамжныхан охид, хөвгүүдгүй их дотно. Зуны орой, сэрүүн ормоц гудамжиндаа гарч шөнө дөл болтол тоглодогсон. Арван наснаас өмнө нуугдаж тоглодог байснаа томроод ирэхээрээ хөл бөмбөг,гүйдэг матик, сагс, гар бөмбөг “нүдсээр” одод түгсэн хойно сая нэг юм гэр гэртээ орцгооно. Г.Болороо маань олон дүүтэй учраас тэр бүр тоглож чадахгүй. Хамт тоглохын тулд бидний хоёр, гурван охин гэрт нь очин дүү нарыг нь саатуулж, нөгөө нь гэрийг нь цэвэрлэцэж өгнө шүү дээ. Манай Чука бага дүүгийнх нь нүд рүү үлээх эсвэл нар дагуулж барьсаар унтуулчихдагсан. Бидний хүүхэд нас дэндүү жаргалтай байж дээ.
Хорвоогийн жамаар өсч торнин, ажил амьдралын мөр хөөн одоцгоосон ч сэтгэлийнхээ гүнд алдрай бага насандаа үерхэж нөхөрлөсөн найзуудаа үгүйлэн санагалздаг л юм билээ. Сураг тавьж, сайн сайхан яваа бол баярлаж, зовж зүдрэх үед дэргэд нь байхыг хичээдэг. Тиймээс найзынхаа гэр бүлд тохиолдсон зовлонг хуваалцах нь миний үүрэг, хүн чанарын асуудал шүү дээ. Үүрээр гал гарч гэр нь юу ч үгүй болтлоо шатсан гэдгийг найзаасаа сонсоод л юун түрүүнд гэртэй болгохыг хичээсэн. Манайх 1997 онд зуслангийнхаа байшинг галд өртүүлж байсан. Хашаа харж үлдсэн айл маань цогтой үнсээ байшингийн нөмөрт тавьснаас салхинд гал авалцсан хэрэг. Гал усны аюул гэж юу байдгийг амьдралаараа туулсан болохоор сэтгэлд айдас үлдчихсэн. Ялангуяа гэр хорооллын айлууд цахилгааны утсаа хянаж байхгүй бол салхи шуургатай өдөр шууд л гал гарна, түүний хор хохирол хэцүү шүү дээ. Тэр үед би найз шигээ л нялх хүүхдүүдтэйгээ өмссөн хувцастайгаа үлдэж байлаа. Оёдлынхоо материалыг бөөндөж аваад хураасан байсан, тэр маань шатаж, бид өрөнд орсон. Тэгэхээр энэ айлд хамгийн түрүүнд орох орон хэрэгтэй гэх бодол толгойд орсон. Ээж маань ч дэмжсэн. Ингээд захаас гэрийн мод, эсгий давхарга аваад өөрийнхөө үйлдвэрийн бүтээгдэхүүнээ нэмээд ачиж аваачаад хашаанд нь гэрээ барьж өгсөн. Гэрийн модны чанар муудсан энэ үед аз болж сайн мод таарч их амархан боссон. Ажил маань ч санаснаар сайхан бүтсэн. Балчир үрсийнх нь заяа түшсэн байх. Миний хоёр ах гэрийг нь барьж өгсөн. Найзаа гэсэн миний сэтгэл энэ юм. Манай үйлдвэр гэрийн гадуур, дотуур цагаан бүрээс, цаваг, хөшиг, өрх оёдог. Монгол Улс зах зээлд шилжин бужигнаж эхэлсэн тэр он жилүүдэд ээжийнхээ оёдлын машинаар гэрийн бүрээс, хөшиг, оёж эхэлсэн. Түүгээрээ л үр хүүхдээ өсгөж, гарыг нь ганзаганд хүргэлээ. Сэтгэл зөв бол заяа зөв гэдэг дээ. Одоо хүүхдүүдтэйгээ хамтран үйлдвэрлэлээ явуулж буй. Хүргэн маань “Нарантуул” зах дээр борлуулдаг.
- Өөрийг тань ер нь их тусч гэлцдэг юм билээ...?
- Хүний амьдрал дардан байдаггүй юм аа. Надад ч ядарч явсан үе бий шүү дээ. Чадал минь хүрч л байвал ядарсан нэгэнд тус болохыг хичээдэг. Хүн ядарч явахад нь тус болсон нэгнийг насан туршдаа мартдаггүй юм. “Нарантуул” зах дээр бараагаа борлуулж байхад бас л гэр орон нь шатсан хүмүүс ирдэг. Ах дүү сайтай нь бэлэн мөнгө гаргаж ирээд л худалдаг авалт хийдэг. Аргагүй заримд нь оёсон бүтээгдэхүүнээ үнэгүй өгөөд явулна шүү дээ. Манай хорооны Засаг дарга дөрвөн хүүхэдтэй ганц бие хүүхэнд хуучин гэр оллоо, та туслалцаа үзүүлээч гэхэд нь мөн л байгаа нь энэ гээд гэрийн бүрээс, хөшиг өгөөд явуулсан. Бага дүнтэй хандивыг байнга л өгдөг дөө. Буян нь үр хүүхдүүдэд минь ирэх болтугай гэж залбирдаг. Баярласандаа чин сэтгэлээсээ инээж зогсох хүний харц ер мартдаггүй. Ер нь хүнд тусалж явахад өөрийн хэрэг аандаа л бүтэх нь бий.
-Найзын тань аав, ээжийг нутгийн олон түмний хайрыг хүлээсэн сайхан буурлууд гэх юм билээ. Тэдний буян их, үр хүүхдээ тэнгэрийн орноос харж л байгаа байх даа?
-Тэгэлгүй яах вэ. Найзын маань аавыг Гонгор, ээжийг нь Цэцгээ гэдэг. Зүүн хараагийнхан бүгд танина. Аав нь нэр хүндтэй, алтан гартай бариач хүн байлаа. Энэ хүний буян дуусч дундаршгүй. Маш олон хүн тэр хүний буянаар өвчин зовлонгоосоо салсан. Би гэхэд мөн ч олон удаа тархиа бариулсан. Хүүхэд юм хойно гүйж харайж яваад тархиа хөдөлгөнө ,хөлөө гэмтээнэ. Тэр болгонд Гонгор ах маань барьж эдгээнэ. Олон жил ханилаад ирэхээр алтны дэргэдэх гууль шарлана гэгчээр Цэцгээ эгч хүртэл барьдаг болсон байна лээ. Ах эзгүй, ажилтай бол эгчээр бариулаад л зүгээр болчихдогсон. Тэгэхээр найздаа туслахаас аргагүй.
-Та олон жил, олон айлын өргөө цагаан гэрийг чимж өнгөлжээ. Энэ ажлын буян ч их шүү дээ?
- Би1993 онд ээжийнхээ заавраар гэрийн бүрээс оёж сурсан. Ээж маань эгчийнхээ хүүхдүүдээс сурч надад өвлүүлснээр гэр бүлийн бизнес маань эхэлсэн. Анх мөнгө төгрөг муутай, хоёрхон гэрийн бүрээсний материалтайгаар бизнесээ эхлүүлж байлаа. Одоо есөн ажилчин, нэг борлуулагчтай. Манайх жижигхэн үйлдвэр. Монгол гэрийн эсгий туурганаас бусдыг оёдог. Хорин жил оёдлын машины ард суужээ. Өглөөний нарнаас үдшийн бүрий тасартал бөгтийж суух ч амар биш шүү. Дээр нь даавууны тоос гэж юм бий. Нэгэнт л амьдралаа босгоно, бүтээнэ гээд барьж авсан учраас зорьсондоо хүрэх л ёстой. Нөгөө талаар айлын гэрийг гоёж байгаа гэдгээрээ сэтгэл хангалуун явдаг.
-Дэлгүүрийн лангуун дээр давснаас өөр зүйлгүй байсан тэр үед даавуу материалын олдоц муу байсан биз?
-Үнэхээр тийм. Ээж маань хоёр гэрийн бүрээсний материал авч өгнө, түүнийгээ шөнөдөө л оёж дуусгана. Маргааш нь материал хаанаас яаж олох вэ гээд эрэлд гарна. Азтай ч гэх юм уу,хуучнаар “Од” кино театрын ур талд орос барааны дэлгүүр байсан. Тэндээс орос барааны сүүлч болох ямбуу худалдаж авна. Сүүлдээ шаргал даавуугаар оёдог болсон. Хоёр бүрээсний материал худалдаж аваад шөнөжин оёод маргааш өглөө нь Дэнжийн 1000-ын зах дээр зарна. Дахиад л хоёр бүрээс оёх материал худалдаж аваад үлдсэнээр нь мах, гурилаа авна. Удалгүй материал ч олдохоо больсон. Аргагүйн эрхэнд хүнсний дэлгүүрүүдээр явж, Японоос ирдэг байсан гурилын уутыг цуглуулж эхэлсэн. Гөвж, ханзалж урагдсан газрыг нь нөхөж залгаад метрийн ямбуу шиг болгоод бүрээс болгодог байлаа шүү дээ. Удалгүй урдаас орж ирдэг болсон. Эхний үед мөнгөндөө тааруулан нэг, хоёр боодол ямбуу авдаг байснаа 1999, 2000 оноос их хэмжээгээр авдаг болсон. Дашрамд өгүүлэхэд, надад энэ ажлыг хийх эх үүсвэрийг тавьж өгч, өнөөгийн сайхан амьдралыг бий болгоход хамгийн их нөлөөлсөн ээжийнхээ дүү нарт үргэлж баярлаж явдгаа хэлэхийг хүсч байна. Тэд маань анх ах дүү арвуулаа Дэнжийн 1000-ын зах дээр бүрээс, хөшиг оёдог байсан юм. Ганц манайх биш ах дүү, төрөл садныг минь хоёр үеэр нь тэжээсэн, буянтай ажлынхаа үр шимийг олон жил хүртсэн бид ч азтай. Одоогоор манай өрхийн орлого гэвэл хүүхдийн халамж, бусад нь гэрийн цагаан бүрээсний үйлдвэр, үйлчилгээ байна даа.
-Та бүтээгдэхүүнээ хаана борлуулж байна вэ?
- Хос багана аа тэнгэрт өргөсөн шинэхэн өргөө гэрийг гоёж чимэглэн , өнгө үзэмжийг нь сайжруулж дэлхийд таниулах үйлсэд оролцож яваа минь үнэхээр бахархал. Бас буянтай ажил. Одоогийн байдлаар Чех улсад амьдардаг Даш гэх залуу зэргэлдээх орнууддаа монгол гэрийг борлуулж буй. Энэ залуу надаас 100 гаруй гэрийн цагаан бүрээс, брезент, дотуур цаваг, бороо уснаас хамгаалсан дөрвөн хос материал авсан. Мөн арав гаруй жилийн өмнө Францад аж төрдөг монгол залуу франц хүнтэй хамтран 2000 гэр борлуулсан. Хичээнгүй, гүйлгээ ухаантай залуугийн захиалгаар цагаан брезэнт дээр монгол хээ, угалз оёсон 108 ширхэг гэрийн бүрээс гаргаж байлаа. Мөн Канад, Япон, Герман, Орос зэрэг орнуудад аж төрж байгаа монголчууд, ЭСЯ-ныхан монгол хээ, хуар болсон гэрийн бүрээс их авдаг. Монгол гэрээ дэлхийд сурталчилж байгаа Даш гэж залуугаар бахархаж явдгаа дашрамд хэлэх байна.
- Ингэхэд танд монгол гэрийг сайжруулмаар санагддаг уу. Монгол гэрийн чанар муудсан гэх яриа байдаг?
-Монгол гэрийн бүтээгдэхүүн оёдог олон хүн бий. Стандартад тааруулах, тааруулахгүй гээд янз бүр л байдаг. Миний хувьд монгол гэрийн стандартад нийцүүлэн хүний хэрэгцээг хангасан бүтээгдэхүүн үйлдвэрлэх юмсан гэж хичээдэг. Оёсон бүрээс маань гологдвол тэр нутаг усныхан дахиж хэзээ ч манайхаас худалдан авалт хийхгүй шүү дээ. Чанартай, санаа сэтгэлд нь нийцсэн байх аваас сураглаж байгаад л ирдэг. Гэрийн стандартын тухайд хүмүүс тэр бүр ярьж хөнддөггүй учраас би ганцаараа өөрчлөх гэж зүтгээд яах ч юм билээ. Үнэндээ монгол гэрийн чанар жилээс жилд муудаж байгаад харамсдаг. Нэг их л хээ хуар. Чанар нь дөрвөн удаагийн нүүдэл даахгүй байх нь бий. Тиймээс хүмүүсийг шинэ гэр авах шаардлагагүй, хуучныг худалдаж аваад будаж өнгөлөөд бүрээс цаваг, хөшгөө сольчихвол чанартай болно гэж зөвлөх дуртай. Яагаад монгол гэрийн стандарт сайжрахгүй байна вэ гэвэл манайх үйлдвэрлэгч орон биш учраас тэр. Монголчууд нэг см даавуу ч нэхэж чадахгүй, бүгдийг нь хятадаас оруулж ирдэг. Дээр үеийн орос ямбуу байхгүй, олдохоо больсон. Том гүрнүүдэд хоёр, гурван төрлийн ямбуу байдаг ч түүнийгээ тэр бүр зах зээлд нийлүүлдэггүй, технологоо хадгалж үлдэх сонирхолтой байдаг юм билээ. Бидэнд гэхэд л хэдхэн хүн нийлүүлдэг. Эрээнээр дамжуулан. Зарим ямбуугаар бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд харагдах байдал нь сайхан ч гэрт бариад удаан хэрэглэх боломжгүй, чанарын шаардлага хангадаггүй байх жишээний. Уг нь бид чинь монгол гэрийн чанарыг сайжруулж, дэлхий дахинд гайхуулж, бахархаж явах ёстой байхгүй юу.
- Ажлынхаа сайхнаар бахархах тохиолдол олон биз?
- Хүний хүсэл мөрөөдөл хязгааргүйн адил чин сэтгэлээсээ хийсэн ямар ч ажил үр өгөөжөө өгөх нь дамжиггүй. Өнөөдрийн тухайд ажилчдынхаа ахуй нөхцөл, ажиллаж амьдрах орчныг нь дээшлүүлье гэсэн зорилгодоо бага багаар л хүрч байна. Би өөрөө хоёр охинтой, тэднийгээ байртай болгоно гэж зүтгэсэн, санасандаа хүрсэн шүү. Гэвч надад мөрөөдсөн зүйлүүд бий бий.
-Ажлын анхны ашиг юу байв?
-Зах зээлийн хүнд үеийг давсны дараа 2003,2004 онд 600 метртэй ямбуунаас тухайн үеийнхээ ханшаар 7500 төгрөгийн ашиг олдог байсан гээд төсөөл дөө. Хүнд хэцүү өдрүүд олон байсныг нуугаад яах вэ. Гэсэн ч манай гэр бүл, ээж маань шантраагүй, үүнээс өөр хийж чадах ажил ч байхгүй. Мэргэжлийнхээ дагуу Дарханы мах комбинатын үйлдвэрт ажиллая гэхэд манай үйлдвэр бүгд хаагдчихсан. Аргагүйн эрхэнд энэ ажлыг сонгосон. Нарантуул зах дээр энэ төрлийн бизнес эрхэлдэг олон хүн байгаа.
Юутай ч бусдын хүнд хэцүү үед өмөг түшиг болж явдаг энэ сайхан бүсгүйн бусдад өгөхсөн туслахсан гэсэн сайхан сэтгэл, ажил амьдралын замнал, амжилт руу мацаж яваа түүхийг сонсоход таатай байлаа.
Ч.Чулуунцэцэг

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ