Кувейтийн сангийн мөнгөөр парламентын ордон барих үлгэрийг дуусгасан нь...
Кувейтийн сангийн мөнгөөр парламентын ордон барих үлгэрийг дуусгасан нь:
1991 оны 8 сард АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жеймс Бэйкэр Монголд айлчилж байх шөнө Иракийн цэрэг хөрш зэргэлдээ Кувейтийг эзэлснээс Ж. Бэйкэр айлчлалаа эрт дуусгаж яаран буцсан билээ. Буцахаасаа өмнө дагаж ирсэн америкийн сэтгүүлчдэд зориулан хийсэн хэвлэлийн бага хуралд хамт оррлцсон тухайн үеийн Гадаад харилцааны сайд Ц.Гомбосүрэн Иракын тал хөрш зэргэлдээ улсаа цэргийн хүчээр түрэмгийлэн эзлэснийг Монгол Улс буруушааж буйг мэдэгдсэнээр Монгол Улс уг түрэмгийллийг албан ёсоор буруушаасан эхний улсуудын нэг болж, хожим Кувейтийн тал үүнд ихээхэн хүндэтгэлтэй хандан, арабын бүсэд зориулан олгодог хөгжлийн тусламжийн хөтөлбөртөө Монгол Улсыг багтааж, Тайширын усан цахилгаан станц, Эрдэнэт-Дарханы зам зэрэг олон чухал төслүүдийг санжүүжүүлсэн билээ.
2006-2007 оноос эхлээд Кувейтийн сангийн тусламжаар Туул голын эрэг дээр Парламентын ордон барихаар болсон тухай зарим яриа гарч, удаа дараагийн Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нарын айлчлалын үеэр ярьдаг гол сэдэв болсон. Ялангуяа Их Хурлын удирдлага, гишүүд уг асуудлыг шийдүүлж ирнэ гээд Кувейт их явдаг болов оо.
2016 оны 3 сард Гадаад хэргийн сайдын хувьд булангийн орнууд, түүний дотор Кувейтэд айлчлав. Айлчлалын үеэр ярих зүйлийн дотор энэ асуудал мөн л багтсан байв.
Кувейтийн Гадаад хэргийн сайд, Кувейтийн сангийн захиралтай уулзаж ярилцав.
Үнэн байдал нь 2008,2009 он хавиас л манай Их Хурлын гишүүд алба, амины байдлаар очиж, Кувейтийн сангаас дэд бүтэц, нийгмийн асуудлыг шийдэх зориулалтаар олгодог хөгжлийн тусламжийн зорилтод үл нийцэх Парламентын ордон барихад тусламжийн мөнгийг зарцуулах асуудлыг удаа дараа ярьж, дотооддоо мөн Засгийн газрыг шахаж, кувейтийн талын тайлбар, байр суурийг үр харгалзан, бүтэх мэт, бүтээгээд ирсэн мэтээр дотооддоо ам уралдан ярьдаг байжээ.
Кувейтийн талаас олгоод байсан 12 орчим сая ам.долларын тусламжийн мөнгийг өөр төсөлд зарцуулах санал ЗГ-аас тавьж чаддаггүй, бүр сүүлдээ парламентын ордон барихад хүрэлцэхгүй байгаа тул нэмэгдүүлж 40-50 сая болгож өг гэж ч Кувейтийн талыг шахаж үзжээ. Кувейтийн талаас хөгжлийн тусламжийн санхүүжилтийг Парламентын ордон барихад зарцуулах боломжгүйг удаа дараа хэлсэн ч Их Хурлын гишүүд голдуу нөхөд дахин дахин тавьсаар асуудал гацжээ.
Өмнө олгосон тусламжийн мөнгийг (pipe line) ашиглаж дуусаагүй бол дараагийн санхүүжилт олгодоггүй олон улсын зарчмын дагуу Кувейтийн сангийн дараа дараагийн санхүүжилт явахгүй хэдэн жил гацсан байв!
Кувейтийн хөгжлийн тусламжийн санхүүжилтийн зорилт, нөхцөл, Парламентын ордон барина гэж зүтгүүлснээс үүссэн нөхцөл байдлыг айлчлалын дүнгээр Засгийн газрын хуралдаан, ҮАБЗ-д танилцуулж, улмаар "Кувейтийн тусламжаар Парламентын ордон барих" олон жил ярьсан үлгэрийг дуусгаж, Кувейтийн санхүүжилтийн гацсан мөнгийг санхүүжилт хэрэгтэй өөр салбарууд, түүний дотор эмнэлэг барихад авахаар санал оруулж шийдвэрлэн, кувейтын талд хэлж хөдөлгөж билээ.
Хөнгөлөлттэй зээлийг хүүхдийн эмнэлэг барих эсвэл түлэнхийн эмнэлгийн санхүүжилтэд ашиглахаар Их Хуралд оруулсан санал УИХ-ын 2016 оны хаврын чуулганаар орж танилцуулагдаж, зөвшөөрөгдөн гарч ирэхдээ сонгуульд чиглэсэн олон талын лоббид орж, их эзэн хааны төрсөн нутагт эмнэлэг барих, өөр юу ч билээ хэд хэд газарт хувааж хэрэглэхээр болж үнэндээ амд ч үгүй, хамарт ч үгүй гэдэг шиг юм болж бсан. Сонгуулийн дараа дахиад л өөрчилсөн байх. Юунд зарцуулсаныг нь санахгүй байна.
Нөгөө талын хуулиар тогтоосон дүрэм, журмыг үл хайхарч, зөвхөн өөрсдийн санаа, бодлыг тусгаснаас үүдэн гацсан гадаад харилцааны асуудлуудын нэг жишээ энэ!
Гадаад хэргийн сайд асан Л.Пүрэвсүрэн
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ