alim.mn | 2024.12.22
ЭЭЖ ХҮҮ 2 ХАМТДАА ХОЛБООДЫН НЭГДСЭН УАШТ-Д АМЖИЛТ ҮЗҮҮЛЛЭЭ
"ЭЭЖ ХҮҮ 2 ХАМТДАА ХОЛБООДЫН НЭГДСЭН УАШТ-Д АМЖИЛТ ҮЗҮҮЛЛЭЭ"
Тэргэнцэртэй сэлэмний тамирчин Б.Мөнгөнцэцэг энэ жилийн Холбоодын нэгдсэн УАШТ-ий тэргэнцэртэй сэлэмний анхдугаар УАШТ-д оролцож шигшээ 8-д шалгарсан бол түүний хүү М.Чингүүн Байт харвааны УАШТ-д багаараа мөнгөн медалийн эзэн болсон билээ. Энэхүү спортоор амьсгалсан гайхалтай гэр бүлтэй та бүхнийг танилцуулж байна.
 
- Та хэдэн оноос эхэлж туялзуур сэлмээр хичээллэсэн бэ? Юу танд урам зориг өгсөн бэ?
Ээж Б.Мөнгөнцэцэг: Монголд 2018 онд анх хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан спортоор хичээллэх боломж гарсан нь Тэргэнцэртэй Сэлэмний спорт байсан юм. Өмнө нь ямар нэг спортоор хичээллэх боломж гарч байгаагүй ч тэр л үед боломж гарсан. Гэмтсэнээсээ хойш ямар нэг спортоор хичээллэх юмсан гээд боддог боловч Монгол улсад хараахан хөгжөөгүй байсан л даа. Миний гэмтэл хүзүү, нуруу нугасны гэмтэл учир бусад хүмүүстэй харьцуулбал гарын хүч арай муу байдаг. Олимп үзэхэд надад туялзуур сэлэмнээс өөр таарахаар спорт харагдаагүй л дээ. Тиймдээ ч оролдож үзэх хүсэлдээ хөтлөгддөг байж. Олимп болохоор л хэсэгхэн энэ бодлоо зоригжуулахаас өөр зүйлгүй өнгөрдөг байсан. 2018 онд манай холбоогоор дамжуулж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан туялзуур сэлэмний зар тавьсныг хараад хамгийн түрүүнд бүртгүүлээд маш ихээр баярлаж байж билээ. Сонирхоод үзье, надад тохирох спорт мөн үү? Гээд л олон бодол төрөөд эргэлзэж байсан ч олон жил бодсон болоод ч тэр үү? туршиж үзэхээр шийдсэн.
Гадаадын ийм тэмцээнүүдийг үзээд бусад хүмүүст чаддаг зүйл байхад би ч мөн адил чадна! хэмээн өөртөө урам зориг өгсөөр хичээллэж эхэлсэндээ.
Хамгийн анх бэлтгэл хийж үзэхэд их хэцүү байсан. Сэлэм нь хүнд, дааж өргөхөд хэцүү баысан. Олон удаа сэлмээ унагааж байсан ч дахиад л атган үргэлжлүүлсээр нэг л мэдэхэд сэлмэндээ дасаад улам хүчтэй болж байгаагаа ч мэдэрч байлаа. Одоо энэ спортоор хичээллэх хүмүүс өдөр ирэх тусам нэмэгдсээр өнөөдөр анхны УАШТ-ээ хүртэл зохион байгуулж байгаа нь бахадмаар санагдаж байна. Анх бэлтгэлд очсон цагаас хойш надад хором бүрээр өөрчлөлт ороод өөртөө илүү итгэлтэй болж хэд хэдэн тэмцээнүүдэд хүртэл ороод амжсан байна.
- Та тэмцээнд орохдоо сэтгэлзүйн хувьд ямар бэлтгэлтэй байдаг вэ?
Тэмцээнд сэтгэлзүй маш чухал санагддаг. Сандарч сатаарах юм бол ямар ч амжилт гарахгүй. Миний хувьд тэмцээнд медаль чухал биш. Өнгөрсөн онд болсон тэмцээнд оролцох тухай бодож байсан ч тэмцээн болохоос сарын өмнө өвдөөд эдгэсэн учраас бэлтгэл хангалтгүй гээд оролгүйгээр бусдыгаа дэмжих зорилгоор очсон юм л даа. Гэхдээ очиход спортынхоо тулааны гоё мэдрэмжээр цангасан байсан учир нэгэнт ирснийх ороод үзье гээд орсон л доо. Орохдоо өөртөө тун итгэлгүй “бие өвдчихсөн дөө, бэлтгэлгүй байгаа даа”, “ороод ч хурдан л хатгуулаад ялагдах байх даа” гээд олон л зүйл бодогдсон. Ямар ч өөртөө итгэх итгэл байгаагүй мөн тэр бодлоо дагаад ч тэр үү? ялагдаад дууссан. Сая хүүгийнхээ тэмцээн дээр л их зүйл ойлголоо. Сэтгэлзүйгээ тайван байлгах маш чухал гэдгийг ухаарлаа. Ямар их тэсвэр тэвчээр хүнд байдгийг олж харсан. Жаахан анхаарал сарнихад л тэгээд амжилтгүй болно. Тийм жаахан хүүхдүүд нэг ч удаа гомдоллохгүйгээр дуртай зүйлээ нүд нь гэрэлтээд л хийж байхыг харсан чинь дуртай юмаа хийнэ гэдэг хүнийг тийм л болгодог юм байна даа гэж бодож суулаа.
- Баярлалаа! Танай хүү Байт Харваа спортоор хичээллээд сая УАШТ-дээ тос амжилт гаргасан. Яагаад анх энэ спортыг сонгон хичээллэх болсон бэ?
Хүү М.Чингүүн: Хамгийн анх гэр бүлийнхэнтэйгээ цэцэрлэгт хүрээлэн ороход тэнд байт харвааны үзүүлэн гарсан байсан. Тэгээд намайг харваж үзэх үү? гэхэд нь туршиж үзсэн л дээ. Тэгсэн тэнд байсан багш намайг энэ хүүхдийг клубдээ авмаар байна гэж хэлсэн. Тэр өдрөөс хойш олон хоног эргэцүүлж бодоод туршаад үзвэл амжилт гаргах юм шиг санагдаад клуб дээр нь очсон.
Анх клуб дээр харвахад их сандраад, дотроо сэтгэл зүйгээ тайвшруулах биш тэр байны голыг л онох ёстой гэж бодсон. Энэ спортоор хичээллэхэд сэтгэл зүйгээ бэлдэх нь их чухал байдаг. Тэсвэр тэвчээр их шаардагддаг спорт л доо.
Ээж Б.Мөнгөнцэцэг: Хүүгээ хараад байхад энэ спортоор хичээллэж эхэлснээс хойш цагаа зөв зохицуулж, илүү хариуцлагатай болсон нь анзаарагддаг. Спорт ер нь хүүхдийг төлөвшүүлдэг санагддаг шүү.
“Бодол жаахан сатаарахад л сум бас хазайдаг.” гэж хүүгийн багш хэлж байсан. Энэ үг санаанаас гардаггүй их үнэн үг.
- Ярилцсанд баярлалаа. Бас танай гэр бүлд спортын өндөр амжилтыг хүсье! Wheelchair Fencing Mongolia

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ