Ш.МАГВАН: ОУОХ-ны гишүүн иргэнтэй байна гэдэг улс болгонд олддоггүй ховорхон завшаан

ОУОХ-ны гишүүн иргэнтэй байна гэдэг улс болгонд олддоггүй ховорхон завшаан
-ОУОХ-ны Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Хуан Антонио Самаранч ингэж хэлжээ-
Нэгэн цагт НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан У Тан "Дэлхийд ганцхан албан тушаал" хэмээх ном бичсэн билээ. Ихэд оносон нэр шиг санагдаж байсансан. Тэгвэл Шагдаржавын Магван гуай Олон улсын олимпийн хороо (ОУОХ)-ны гишүүн гэдэг эрхэм хүндтэй үүрэг гүйцэтгэсэн цорын ганц монгол хүн юм. Түүнийг “олимпийн өвөө" гэж нэрлэдгийн учир ч чухам энэ биз ээ. Афин хотноо болсон олимпийн XXVIII тоглолтоос ирснийх нь дараахан түүнтэй ярилцлаа.
-Өнөөгийн өндөрлөгөөс бага насаа дурсвал сонин байх даа?
-Би айлын ганц хүү. 1927 оны намар Завхан аймгийн Алдархаан сумын Улаан чулуут гэдэг газар хүний заяа олж төрсөн. Миний өвөө Т.Шагдаржав зээр гөрөөс намнадаг, морь сайхан уургалдаг, халамцахаараа “Өвгөн шувуу”-г аялдаг хүн байлаа. Залуудаа Жанчхүү, Цонж хүртэл жин тээж байсан гэж хуучилдагсан. Ээжийг минь Шагдаржавын Должин гэх. 20 настайдаа намайг төрүүлээд 22-хон насандаа бурхан болсон доо, зайлуул. Үзэсгэлэн гоо, үйлэнд уран хүн байсан гэцгээдэг юм. Ингээд өвөө, эмээ хоёрынхоо гар дээр хүн болох учиртай байж. Хурга, тугал хариулж, аргал, хомоол түүгээд л.
-Тэр үед сургууль соёлын газар ховор, харин хүрээ хийд цөөнгүй байсан биз. Бяцхан хүү Магван сурагч болов уу, лам болов уу?
-Эхлээд лам болсоон. Найман настайдаа Яруугийн хүрээнд шавилан суулаа. Дамба гавжийн шавь болж, түвд ном үзэж цогчин дуганд хэнгэрэг цохисон шиг явлаа. Төд удалгүй тэндээсээ гарчихсан юм.
Мэгмид зээвий дэрчин жанрайсиг Дэмид чимбуу бамбуу жинбий ян гээд одоо ч цээжинд байна.
-Сайн лам болох ирээдүй хүлээж байсан юм биш үү. Юунаас болоод хүрээ хийдээ орхив?
-Хувраг болсны хойтон хавар эмэг эх маань өөд болов. Хоёр дахь удаагаа өнчрөл хагацал үзэж буй нь тэр. Би чинь намын гишүүн хоёр ахтай, бас хоёр гавж ахтай байлаа. Тэд маань миний цаашдын хувь заяаг шийдэх юм боллоо. Гавж нар нь хүрээнд, намын гишүүд нь сургуульд суулгах гэж зүтгэдэг байгаа. 1937 оны намар юмсан. Нагац ах Гомбо намайг дагуулаад Улиастай ордог юм. Сургуульд оруулах гэж байгаа нь тэр. Тэгээд л лам дээлтэй сурагч болсон доо.
-Ойр дотнын хүмүүсээсээ хол, сургуульд сурна гэдэг амаргүй байдаг шүү дээ?
-Сахиусыг минь огтлоод пийшин дээр чулуудахад уйлж л байлаа. Улсаас өгсөн хувцас өмсчихнө. Анхны багш маань Цэрэнбат гэж хүн байлаа. Жавхлант сумын бага сургуульд дөрвөн жил сураад дунд сургуульд дэвшсэн юм. Гэтэл тавдугаар ангид байхад бас нэг явдал боллоо.
-Ямар явдал болов. Бас л өнчрөл хагацал тохиолдов уу?
-Бөмбөгөр (одоогийн Баянхонгор) аймаг шинээр бий болж, Гомбо ах тэндхийн хоршоодын холбоонд ажиллах болсон юм. Бэргэнтэйгээ гурвуулаа морин өртөөгөөр явж, Бөмбөгөрт очлоо. Ахад нэг гэр өгсөн нь зуухгүй, гурван чулуу тулаад л галлаж байсан санагдана. Бөмбөгөрт дунд сургууль байхгүй. Тэгээд арга буюу аймгийн яаманд бичээч боллоо. Шинэ, хуучин үсгийн хоёр бичгийн машинтай. Удсангүй ахын бие муудаж хэвтэрт ороод. Хойтон жил нь нутаг буцсан.
-Ингээд сургууль ч үгүй, ажил ч үгүй болов уу?
-Урьд нэг ангид сурч байсан нөхөд долдугаар ангид орох гэж байдаг. Би гэж нэг жил завсардсан амьтан. Улаанбаатар орж Холбооны техникумд орох санаатай ачааны машины тэвшин дээр нууцаар гараад сууж байлаа. Тэгтэл манай сургуулийн захирал Ренчин багш таарч дагуулаад явав. Зургадугаар ангийн хичээлээ сайн нөхөөрэй гээд долдугаар ангид оруулсан даа. Дайны үе байсан болохоор дэвтэр ном, ер нь юм юм их ховор байсан цаг.
-Тэр үед ихэнхдээ долдугаар анги төгсөөд л мэргэжил олгох
сургуульд явдаг байсан. Өнөөх холбооныхоо сургуульд явсан уу?
-Улаанбаатарын Багш нарыг бэлтгэх сургуулийн хэл бичиг, түүхийн ангид орсон. Зургадугаар ангид суугаагүй учраас тооны хичээлд маруухан байсан хэрэг. Тэгээд л тооноос зугтаж буй ухаантай. Энд сурч байхдаа хожим нь Батлан хамгаалах яамны сайл болсон улсын баатар, армийн генерал Батын Доржийнд хоёр жил суусан юм. Бид холын хамаатан улс л даа. Генерал Б.Дорж, түүний гэргий Цэрэндолгор хоёр насан туршдаа миний хуурай аав, ээж байсан даа. Хоёр жил суралцаж, дунд сургуульд хэл бичиг, уран зохиол заах эрхтэй болтол Жавхлант шарга (одоогийн Сүхбаатар)
аймагт хуваарилдаг юм байна.
-Хаа байсан Завханы хүү бүр зүүн хязгаарт очих болж дээ?
-Яваагүй ээ. Нутагтаа л очно гээд гэдийчихсэн. Гэгээрлийн яамны орлогч сайд Шаравнямбуу, боловсон хүчин Долгорсүрэн хоёр яамны томилолтыг тоосонгүй гээд л загнах. Удалгүй арга нь барагдсан биз, Говь-Алтайд явуулах боллоо. Нутагт нь ойртуулж буй хэрэг байж л дээ. Харин би Говь- Алтай руу биш, нутаг руугаа явчихсан. Нутагтаа очмоор санагдахгүй юу. Даалимбаар хийсэн өргөн шалбуур өмдтэй, ах дүү нартаа өгөх гэж баахан еэвэн хоршооноос авч өвөртлөөд л замын машинд дайгдчихсан даа. Цагаан олом дээр очвол Завхан гол үерлээд улаанаараа эргэлдэж байна. Аймгийн наадам хаяанд тулчихсан цаг байж. Хотоос яваа нутгийн бөхчүүдийг дагаж үхэр тэрэг, дөрөөгүй янгиа тохсон морь ээлжилсээр аймгийн төв орсон билээ. Тэгээд аймгийн гэгээрлийн хэлтсийн дарга Мягмаржаваас аймагтаа суулгаж өгөөч гэж гуйсаар нутагтаа үлдсэн хүн дээ.
-Яамны шийдвэрийг үл тоосон шийртэй эр байж дээ. Нутагтаа олон жил багшилсан уу?
-Есөн жил болсон. Багш, хичээлийн эрхлэгч, захирал хүртэл хийж явлаа. Тэр үеийн багш нар мундаг байж. Шаравын Сүрэнжав найрагчийн хэлсэнчлэн багт гарвал ухуулагч, клубт бол жүжигчин гээд оролцохгүй ажил, хийхгүй зүйл байсангүй. Отгонтэнгэрийн рашаан, Тосонцэнгэл орчмоор шашны эсрэг ухуулга ч хийж явлаа. Жүжиг найруулж, гол дүрд нь тоглож байлаа. 100 хүний концерт хүртэл найруулж байв. 1947 онд юм байна. Тэгэхэд Улаанбаатараас хөгжмийн зохиолч Билэгийн Дамдинсүрэн (хожим нь төрийн хошой шагналт болсон) яруу найрагч Чойжилжавын Лхамсүрэн (төрийн шагналт), төв театрын бүжгийн багш Романовский нар очиж байсан санагдана. Тэгж байтал хэрэг мандлаа.
-Ямар хэрэг тарьж орхих нь тэр вэ?
-Аймгийн эвлэлийн хорооны дарга айлын гэр бүл үймүүлдгийг шинэ жилээр шог гараа маягаар үзүүлсэн юм. Эвлэлийн дарга маань түүнд өсөрхөөд явж л дээ. Дараа нь анхдугаар таван жилийн төлөвлөгөөг хүлээн авах цуглаан боллоо. Хүн бүр үүрэг авч байна. Би ч бас үүрэг авсан. Аймгийн дарга Дондов үүрэг амлалтаа нэм гэж шахаад болдоггүй. Би “Хэрвээ биелүүлж чадахгүй үүрэг авбал бардам ам, шалдан гуя болно шүү дээ" гэлээ. Гэтэл миний хэлсэн тэр үгийг анхдугаар таван жилийн төлөвлөгөөг эсэргүүцсэн хэмээн мушгидаг байгаа. Аймгийн даргатайгаа ч ам муруйлаа.
-Хэрэг ч бишидлээ дээ?
-Бишдэхээр барах уу. Эвлэлийн хорооны товчооны хурлаар оруулж, эвлэлийн эгнээнээс хөөхийг сануулав. Зохиолчдын анхдугаар их хуралд төлөөлөгчөөр сонгогдсон ч эвлэлийн шийтгэлтэй гээд явуулсангүй. Ингээд над шиг хэрэггүй хүн үгүй боллоо. Удалгүй аймгийн бага хурал боллоо. Хурал дээр дуудаж байна гэнэ. “За шоронд хийх нь дээ” гэж бодогдоод дулаан хувцсаа өмсөөд очлоо. Гэтэл тэгсэнгүй. Харин улсын есдүгээр их хуралд төлөөлөгчөөр сонгох нь тэр. Аймгийн удирдлага намайг хилсдүүлснээ үүгээр цагаатгасан хэрэг л дээ.
-Есдүгээр их хурлын сонин хачин юу байв?
-Маршал Х.Чойбалсан, Ю.Цэдэнбал хоёр илтгэл тавьсан санагдана. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах болон сонгуулийн шинэ системийн талаар хэлэлцсэн юм. Тэр их хурал дээр би үг хэллээ. Депутатын тоо, хуралдааныг чуулган гэж нэрлэе, түүх, соёлоо хамгаалъя энэ тэр гээд л ярив. Миний хэлсэн үгээс чуулган гэдэг нэр томьёог Үндсэн хуульд оруулсан нь одоо ч хэвээрээ л байна. Тэр хэлсэн үгийн ноорог нь одоо хүртэл надад байдаг юм. (Үзүүлэв) Нутагтаа буцаж очиж намд элсээд 10 жилийн дунд сургуулийн захирал болов. Тэгээд хоёр жил хэртэй ажиллаад МУИС-д суралцах болсон. Дөрвөн жил суралцаад онц дүнтэй төгслөө. Ц.Дамдинсүрэн,
Ш.Лувсанвандан, Ш.Гаадамба, Т.Пагваа, Т.Машлай гээд дандаа мундагчууд хичээл зааж байлаа. Их сургуулиа дүүргээд дахиад захирлын албандаа очсон. Тэр үеийн сургуулийнхан хамаг юмаа өөрсдөө хийдэг. Ногоогоо тарьж, хураана. Түлшний модоо бэлтгэж, хөрөөдөж сажилна. Хайнагийн 40 шартай, “Зис-5" машинтай, хоёр морин тэрэгтэй лут сургууль байлаа. Улаанбаатар хотноо болж байсан захирлуудын семинарт сууж байтал нэг өдөр Улс төрийн товчоон дээр дууджээ.
-Дарга болгох нь дээ?
-Тэгж. Завхан аймгийн намын хорооны хоёрдугаар нарийн бичгийн даргаар баталчихлаа. 1949 онд юм байна. “Би багш л хүн, банк, тээвэр, худалдаа, холбооны ажил мэдэхгүй” гэж цааргалсан ч Ю.Цэдэнбал дарга “хийж байж сурна” гэж хэлээд гаргалаа. Тэр ажил надад их юм сургасан. Нэгдэлжих хөдөлгөөн, мал нийгэмчлэх ажлыг эхлүүлж явлаа. Нэгдэл дундын зах гээчийг улсад анх удаа байгуулж байлаа. Тэгж байгаад 1966 онд Төв хороонд ирсэн дээ.
-Ю.Цэдэнбал даргын талаар Та юу хэлэх вэ?
-1963 оны өвөл би автын осолд орсон юм. Хоёр сар шахам эмчлүүлээд алтан гартай эмч нарын буянаар хөл дээрээ боссон. Тэгэхэд Ю.Цэдэнбал дарга хүн явуулж эргүүлж байв. “Арай тахир дутуу болчихгүй байгаа” гэж эмч нараас асууж байсан гэнэ билээ. Хүнлэг л хүн байж дээ.
-Төв хороонд олон жил ажиллав уу. Ямар салбар, асуудал хариуцаж байв?
-Эхлээд Төв хороонд зохион байгуулагч болсон юм. Дундговь, Өмнөговь аймгийг хариуцна. Хөдөө их явдагсан. Өмнөговьд Нямбуу, Дундговьд Балган гуай гээд их шуурхай, туршлагатай улс дарга байжээ. Удсан ч үгүй соёлын хэлтсийн орлогч эрхлэгч болов. Соёлын довтолгооны мэргэжилтэн гэгдэж явлаа. Төв хороонд таван жил ажилласан юм. Б.Лхамсүрэн, Д.Төмөр- Очир, Э.Оюун, Ц.Пунцагноров, Ц.Дагвасүрэн нарын удирдлага дор ажиллаж, багагүй зүйл сурсан. Дараа нь соёлын хэлтсийг үзэл суртлын хэлтэс болгож өргөтгөхөд соёл, урлаг хариуцаж байгаад хойтон хавар нь МҮЭ-ийн төв зөвлөлийн нарийн бичгийн дарга боллоо. МҮЭ-д бас таван жил ажиллажээ.
-Соёлын довтолгооныг элдвээр шүүмжилдэг хүн цөөнгүй байдаг шүү дээ?
-Соёлын довтолгоон бол монгол түмний ахуйн соёлыг өөд татахад үнэхээр их тус нэмэр болсон юм шүү дээ. Үүнтэй хэн ч маргахгүй. Адаглаад л оо, сойз, орны цагаан давуутай болж, хэрэглэж сурсан. Энэ сэдвээр эрдмийн ажил хийх гэж баахан материал цуглуулж байсан ч амжсангүй дээ.
-Та олон жил өндөр алба хашиж, тусгай хангамж эдэлж байжээ?
-20 шахам жил удирдах ажил хийжээ. Тэр үед нам, төрөөс хүнийг ажиллуулахдаа халамжаар дутаадаггүй байсан. Тусгай дэлгүүр, эмнэлгээр үйлчилнэ. Долоо хоногт нэг удаа кино үзүүлнэ. Хоёр жил тутамд гадаадад амруулж, нүд тайлна. Унах унаа, явах км, зарцуулах шатахуун нормтой. Тусгай хангамж гэж сүржин нэрлэсэн болохоос биш, хүний ердийн л хэрэглээ байж дээ. Тэр тусгай хангамж чинь одоо л жинхэнэ утгаараа байдаг байх.
-Хэдийнээс “Биеийн тамир, спортын хүн” болсон юм бэ?
-1969 онд. Биеийн тамир, спортын эвлэлийн төв зөвлөлийн дарга бөгөөд МҮОХ-ны дарга болсон. 1978 он хүртэл энэ албыг хашсан.
-Таныг БТСЭТЗ-ийн даргаас халаад Шаазангийн үйлдвэр рүү хөөчихсөн. НТХ-ны тогтоол ч гарсан санагдана. Тэгэх ямар шалтгаан байсан юм бол?
-Нэг нөхрийн матаасын мөрөөр НХШХ-ны дарга Н.Лувсанравдангийн даалгавраар шалгасан юм. Тэгээд л “Биеийн тамир спортод үндсэрхэг нутгархах үзлийг таслан зогсоож чадаагүй, Монгол-Зөвлөлтийн найрамдалд харш үзлийн эсрэг тэмцээгүй” гээд намаас хөөхийг сануулан донгодож, хувийн хэрэгт тэмдэглэлээ гэсэн. Ажлаас халж, улсын прокурорт шилжүүлсэн. НТХ-ны УТТ-ны 184 дүгээр тогтоол гэгч тэгж гарсан түүхтэй. Шаазангийн үйлдвэрт очиж 13 жил ажилласан. 1991 онд тэтгэвэрт гарсан юм.
-Тэр дурдсан шалтгаанууд нь юунаас эхтэй байсан бол?
-Хоёр Мөнх ид байлаа. Наадмаар хэн хэнээ унагаж чадалгүй хоёул хасагдаж ч байв. Үндсэрхэг нутгархах үзэл гэдгийг тэндээс гаргаж ирсэн байх. Ч.Машбат, С.Магсар нар ЗХУ-ын тамирчидтай айлгүй хүч үзэхийг шавь нартаа захидаг байсан. Энэ нь Зөвлөлтийн эсрэг үзэл болж хувирсан хэрэг.
-184 дугээр тогтоол Таны амьдралд бараан сүүдрээ тусгажээ дээ?
-Ганц миний амьдралд биш, олон хүний ажил, амьдралыг хохироосон юм. БТСЭТЗ-ийн хэлтэс, тасгийн дарга, мэргэжилтэн, дасгалжуулагч олон хүнийг ажлаас хоморголон халж, одон, медалийг нь хүртэл зарлиггүйгээр хурааж авсан. Хэвлэл, мэдээллээр бидний нэр төрийг гутаан доромжилж байлаа. Миний нэгдүгээр орлогч Д.Цэрэндаш, дасгалжуулагч С.Магсар нарыг нутаг зааж цөлсөн юм.
-Та тэр үед ОУОХ-ны гишүүн болчихсон байсан. Тэр талаар юм яриагүй юу?
-Ярихаар барах уу, миний оронд Г.Дамдин, Д.Дашдовдон хоёрын нэгийг сонгуулахаар намын болон дипломат шугамаар бусад оронд хандаж байсан юм билээ. Тэр ч байтугай ОУОХ-ны гишүүнээс гарах өргөдлөө бич гэж НТХ-ны хэлтсийн эрхлэгч Ч.Сэрээтэр, Г.Дашзэвэг нар тулгаж байсан. Ш.Магваны биеийн эрүүл мэндийн байдал муу гэсэн худал мэдээллийг ОУОХ-нд бичиж байсан тухай Х.А.Самаранч Ерөнхийлөгч хожим нь надад ярьж байсан. Би Монголын холбогдох байгууллагын хараат биш, ОУОХ-г Монголд төлөөлж байгаа болохоор миний гишүүнчлэлд халдах хууль эрхийн үндэс байгаагүй. Гэрийн утсыг байнга чагнана, гадаадад албан ажлаар явахад НТХ-
ноос заавал зөвшөөрөл авч байж ГЯЯ-наас паспортоо авдаг байв. Сүүлд хотын шүүхэд очиж “Бүгд найрамдах уншуулаад" албан хариуцлага алдсан учир гэж нэг сарын цалинтай тэнцэх мөнгөн төлөөс ногдуулснаар нөгөө их сүр дуулиантай “хэрэг” дуусгавар болсон юм даа.
-Албанаасаа халагдаад гомдож байв уу?
-Дандаа сайшаал дуулж, шагнуулж явсан бопохоор ингэж “хүнд дэлсүүлэхээр" бас хэцүү юм билээ. Гэхдээ даргын суудалдаа хоргодоогүй. Юм үнэнээрээ шийдэгдээгүйд л гомдсон доо. Харин би МАХН-д гомдоогүй. Энэ намын буянаар ертөнцийг харах болж, өөдөлж дэвжиж өдий хүрсэн.
-184 дүгээр тогтоолыг хожим хүчингүй болгож, Таны шийтгэлийг арилгасан байх аа?
-Тэгсэн. 1990 оны сүүлчээр тэрхүү хар мөртэй тогтоолыг хүчингүй болгосон юм. Бас улс төрийн шалтгаанаар хэлмэгдсэнд тооцож, 2000 онд шүүхээс цагаатгасан.
-Хэдэн онд ОУОХ-ны гишүүн болсон бэ. Яагаад заавал Таныг сонгосон юм бол?
-1977 онд ОУОХ-ны гишүүнээр сонгосон. 1960 оноос НТХ-нд биеийн тамир, спорт хариуцаж байсан. Хожим нь тэр байгууллагыг удирдаж байлаа. Энэ бүхнийг харгалзан үзсэн хэрэг байх. Монгол хүн ОУОХ-ны гишүүн болсон нь нэг талаар Монголын баг, тамирчдын спортын амжилтыг үнэлсэн хэрэг. Нөгөө талаар Монгол Улсын нэр хүндийг олон улсын хэмжээнд өргөсөн чухал үйл явдал болсон гэж үздэг. Бас Монголын биеийн тамир, спортын байгууллага олон улсын байгууллагад байр сууриа эзэлсний гэрч.
-Түүнээс хойш бараг 30 шахам жил өнгөрчээ?
-Бага хугацаа биш ээ. Олимпийн үзэл санааг Монголд хэрэгжүүлэхэд хүчин зүтгэж ирлээ. МҮОХ-ны музей, номын сан, үндэсний академи байгуулахад идэвхийлэн оролцлоо.
-Гэр бүлийнхнээ танилцуулна уу?
-Хөгшин бид хоёр 1948 онд гэр бүл болсон юм. Тэр минь гурван жилийн өмнө бурхан болсон, хөөрхий. Жаргах, зовох цагт хань минь бүхнийг зохицуулж, түшиг болж явав. 16 наснаасаа эхлэн 40-өөд жил улсад хөдөлмөрлөсөн хүн дээ. Аймгийн клубын хөгжимчнөөс ажлын гараагаа эхэлж, хожим нь "Хөдөлмөр" сонинд бичээчээр ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан юм. Бид хоёр хагас зуун жил илүү цугтаа ханилж, сайхан амьдарсан. Алтан хуримаа ч хийж байлаа. Бид хоёр
есөн хүүхэд төрүүлж өсгөсөн улс. Цөм дээд боловсрол эзэмшээд төр, аж ахуй, олон нийтийн байгууллагад ажиллаж байна. Ач, зээ нар нийлээд гуч гарлаа. Ерөнхийдөө ясли, цэцэрлэгийн цогцолборын эрхлэгч болчихоод сууж байна. Тэднийгээ хараад л баясч суух юм даа.
-Таны бичсэн нэг номыг уншиж байсан санагдана. Өөр ном бичиж байна уу?
-Олимпийн хөдөлгөөний тухай “Мөнхийн гал”, “Орчлонг мэдрүүлсэн олимпийн харгуй” ном бичсэн. Монголын спортын түүхийг хураангуйлсан номоо хэвлэлд бэлтгэчихээд байгаа. Гарын авлага, товхимол гэвэл олон бий.
-Та улс орондоо олон жил үр бүтээлтэй хөдөлмөрлөжээ. Тэр, засгаас үүнийг тань хэрхэн үнэлж байв даа?
-Зарлиг, тушаалаар 20 гаруй удаа шагнуулжээ. Эвлэл, үйлдвэрчин, биеийн тамир спортын салбарын бүх шагналыг хүртсэн байна. Нам, биеийн тамир, спортын байгууллагад сайн ажиллаад хоёр ч “Алтан гадас”, үйлдвэрчинд байхдаа Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, 2003 онд Соёлын гавьяат зүтгэлтэн цолоор шагнуулсандаа баярлаж явдаг даа.
-ОУОХ-ны гишүүнийг ямар журмаар сонгодог вэ?
-Намайг сонгогдоход тэдэн жил гишүүн байна гэсэн заалт байгаагүй. Харин насны хязгаар 80 байсан үе. Сүүлд дүрэмд өөрчлөлт оруулаад насны хязгаарыг 70, гишүүн байх хугацааг найман жилээр тогтоосон юм. Хэрвээ ОУОХ намайг олимпийн хөдөлгөөнд хувь нэмрээ оруулсан гэж үзвэл 80 нас хүрсний дараа хүндэт гишүүн болгох байх.
-ОУОХ-ны гишүүн хэдэн хүн байдаг вэ, зэрэг дэв байдаг уу?
-Одоо 125 хүн бий. Би зиндаагаараа долоод бичигддэг юм. ОУОХ-нд 202 орон байдаг. Үүний 81 орноос нь ОУОХ-ны гишүүнээр сонгогдсон.
-Та ОУОХ-ноос цалин авдаг уу?
-Авдаггүй. Харин олимп болон элдэв хурал, зөвлөлгөөнд оролцох бүхий л зардлыг ОУОХ хариуцдаг журамтай.
-Та хэдэн олимп үзэв?
-1972 оноос эхлээд бүх олимпод оролцсон. Өвөл, зуны нийлээд 20 орчим байх.
-Зуны олимпийн XXVIII наадам дөнгөж сая өндөрлөлөө. Монголчууд зурагтаар үзлээ. Их сайхан наадам болох шив дээ?
- XXVIII олимпийн наадам орчин үеийн олимпийн түүхэнд хүндтэй байр эзлэх нь дамжиггүй. Энэ олимп МЭӨ 776 оны эртний болон 1896 оны орчин үеийн олимп анх болсон оронд болж буйгаараа онцлог. Орчин үеийн анхны олимпийн тоглолт болсноос хойш яг 108 жилийн дараа тохиож байгаа. Грек мэтийн жижиг оронд ийм том арга хэмжээг маш богино хугацаанд сайтар бэлтгэн явуулсан нь гайхамшигтай. Энэ бол олимпийн түүхэнд давтагдахгүй биз дээ. Тэр чанараараа Грект хөгжил дэвшлийг авчирсан. Жишээ нь, Грекийн зам, тээврийн сүлжээг шинэчлэхэд 8.6 тэрбум ам.доллар зарцуулжээ. Олимпийн тосгонд 2.3 мянган орон сууц барьсан байна.
Бүхэл бүтэн хот, байгууламж бий болов. Хамарсан хүрээ, оролцсон орны тоогоороо олимпийн түүхэнд дээд амжилт тогтоов. 202 орны 10.5 мянган тамирчин, 5.5 мянган албаны хүн, сэтгүүлч, дасгалжуулагч оролцлоо. Спортын 28 төрлөөр 301 багц медалийн төлөө уралдлаа.
-Олимпийн тоглолт болохоос өмнө дэлбэрэлт болж магадгүй гэж сэрэмжилж байсан. Хамгаалалт мундаг байсан байх аа даа?
-Хамгаалалт лут байлаа. Арван мянга гаруй сайн дурынхан 24 цагаар үйлчилгээний салбарт ажиллаж байсан. Урьд нь элдвийн яриа таамаглал гарч байсан ч муу юм болсонгүй ээ.
-Олимпод оролцож буй тамирчдын хүйсийн харьцаа ер нь ямар байдаг вэ?
-Саяын олимпод оролцсон тамирчдын 40.6 хувь нь эмэгтэйчүүд
байлаа. Сиднейн олимпод энэ үзүүлэлт 38.2 байсан.
-Олимпийн нээлт, хаалт их л өвөрмөц боллоо?
-Энэ бүхэнд орчин үеийн шинэ технологи өргөн ашиглах болжээ. Нээлтийн ёслолд олимпийн хөдөлгөөний түүхэн замналаас харуулсан бол хаалтын үеэр Грек орны түүхийг үзүүлж байх жишээтэй. Марафон гүйлтийн бариа болон байт сурын тэмцээнийг орчин үеийн анхны олимп болсон тэр л цэнгэлдэх хүрээлэнд зохион байгууллаа.
-Олимпийн амжилтыг тоогоор илэрхийлбэл сонирхолтой биш үү?
-Олимпод оролцсон 202 орноос 75 нь медальтай буцлаа. Тэдний 57 нь олимпийн аваргатай болсон. Ази тивээс 44 орон оролцсоноос 16 нь медаль авлаа. 11 нь олимпийн аварга цолтон төрүүллээ. Энэ бол Азийн тамирчдын ур чадвар, амжилт дэлхийн төвшинд хүрсний илэрхийлэл юм.
-XXVIII олимпод оролцсон Монголынхоо баг, тамирчдын амжилтыг Та хэрхэн үнэлж байна вэ?
-Бид урьд нь ганцхан жил бэлтгээд л олимпод оролцдог байлаа. Энэ удаа дөрвөн жил бэлтгэсэн. Үр дүн ч гарлаа.Сиднейгээс ганзага хоосон ирсэн медалийн тасалдлыг арилгаж, хүрэл медальтай буцаж ирэв. Монгол Улс олимпийн наадамд оролцсон 40 жилийн хугацаанд арван олимпоос 15 медаль хүртжээ. Энэ бол муугүй амжилт.
-Олимпийн аваргатай болъё гэвэл цаашид яавал дээр вэ?
-Монгол Улс хүн ам цөөтэй ч олимпод харьцангуй өндөр амжилт үзүүлж байна гэж ОУОХ үздэг юм. Улам сайжруулахын тулд юуны өмнө сургалтын системийг үндсээр нь өөрчлөх учиртай. Спортын материаллаг баазыг бэхжүүлэх, нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх явдал чухал зорилт болж байна. Монгол хүн өндөр амжилт үзүүлж болох спортын арваад төрөл бий. Тэдгээр төрөлд тамирчдыг дөрвөн жилээр биш, дөрвөн олимпийн давтамжаар /12 жил гэсэн үг/ бэлтгэж
чадвал олимпийн аварга төрөх магадлал бий.
-ОУОХ-ны гишүүд медаль хүртсэн тамирчдад шагнал гардуулдаг. Ингэхдээ ямар төрөлд гардуулахаа өөрөө сонгодог гэл үү. Та сая ямар төрөлд шагнал гардуулав?
-ОУОХ-ны нэг гишүүн гурав хүртэл төрлийн тэргүүлсэн тамирчдад медаль гардуулдаг. Ямар төрлийнх вэ гэдгээ өөрөө сонгож, урьдчилан саналаа өгдөг. Би сая буудлага, жүдо, чөлөөт бөхийн төрөлд тэргүүлсэн тамирчдад медаль гардуулъя гэж санал өгсөн. Монгол Улсынхаа медаль авах горьдлоготой гэсэн гурван төрлийг л сонгосон хэрэг.
-ОУОХ-ны бүтэц, зохион байгуулалтын талаар товч танилцуулна уу?
-Их хурал найман жилд нэг удаа болдог. Чуулган жилд нэгээс
доошгүй удаа хуралдана. Зарим жил гурван ч удаа хуралдах нь бий. Гүйцэтгэх зөвлөлд ерөнхийлөгч, дөрвөн дэд ерөнхийлөгч, арван гишүүн ордог юм. Жилд хоёр гурван удаа хуралддаг.
-ОУОХ-ны гишүүн болсоор хэдэн Ерөнхийлөгчийн нүүр үзэв?
-Гурав юм байна. Лорд Киланин, Хуан Антонио Самаранч, тэгээд Жак Рогге.
-ОУОХ-ны Ерөнхийлөгчдөөс Монголд айлчилж байсан уу?
-Х.А.Самаранч хоёр удаа ирсэн юм. ОУОХ-ны Ерөнхийлөгчийн айлчлалд тухайн оронд суугаа гишүүн нь төлөөлөгчийн
бүрэлдэхүүнд ордог журамтай л даа. Х.А.Самаранч 1987 онд ирээд Ж.Батмөнх даргад бараалхах болоод би хамт очлоо. Тэгтэл намайг үүдэнд үлдээгээд ганц Х.А.Самаранчийг урьдаг юм. Тэрээр их эвгүй байдалд орсон билээ. (Дараа нь сэтгүүлчдэд зориулж хийсэн хэвлэлийн бага хурал дээр тэрээр “Монгол Улсын иргэн Ш.Магван ОУОХ-ны гишүүн бөгөөд манай байгууллага түүнийг ихэд хүндэтгэдэг юм. ОУОХ-нд өөрийн хүнтэй байж, түүгээрээ бахархана гэдэг улс болгонд олддоггүй аз завшаан” гэж хэлсэн нь эдүгээ сонины шарласан хуудаснаа үлджээ. Б.Б)
-ОУОХ-ны гишүүн болсноос хойш дэлхийн олон оронд зочлов уу?
-80-аад орноор явжээ.
-Дараагийн олимп Бээжинд болно. Харин 2012 оны олимпийг зохион байгуулах хотын сураг байна уу?
-Есөн хот нэрээ дэвшүүлснээс тав нь буюу Москва, Мадрид, Лондон, Нью-Йорк, Парис шалгарч үлдээд байна. Ирэх жилийн долдугаар сард Сингапурт болох чуулганаас 2012 оны олимпийн наадам болох хотын нэр тодорхой болно.
-ОУОХ-ны албан ёсны хэл ямар хэл байдаг вэ?
-Албан ёсны хэл нь франц, англи, ажлынх нь орос, герман, испани, араб.
-Та тэмдэг их цуглуулдаг юм аа даа?
-Уг нь тэмдэг, марк цуглуулдаг байлаа. МҮОХ-ы музей энэ тэрд цувуулж өгсөөр бас цөөрчихөөд байгаа нь энэ.
-Энд тэндхийн томчуултай аль хэр нүүр тулж уулзаж байв?
-Бишгүйдээ олон хүнтэй уулзжээ. Ким Дэ Жун, Билл Клинтон, II Иоанн Павел, Жон Мейжор, Зян Зэминь, Шведийн эзэн хаан Густав XVI, Николае Чаушеску, Японы Эзэн хаан, Алексей Николаевич Косыгин, Жимми Картер, Арнольд Шварценеггер гээд.
ЖИЧ: Ш.Магван гуай манай Завхан аймгаас төрсөн алдартнуудын нэг бөгөөд миний нагац үеэлийн ээжийн талын хамаатан юм. Үеэл Дугарсүрэнгийн Энхтүвшингийнхээ хүсэлтээр 2004 онд "Зууны мэдээ" сонины хариуцлагатай нарийн бичгийн дарга гэх гал тогооны албатай байхдаа нутгийн алдар хүндтэй эрхэм хүнтэй ярилцсанаа ийнхүү хүргэж байна.
Б.БАТБИЛИГ
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ