Говьсүмбэр аймгийн ГСА буюу гурван сумтай аймаг гэлцдэг. Харин сүүлийн үед "хөшөөт" гэх нь холгүй болжээ. Эртний түүхтэй алдарт Чойрын дарга нар юм л бол хөшөө босгох "хоббитой" болсон гэлцэнэ. Өнгөрсөн 2019 оны өвөл “Орос цэргийн алдар” хөшөө цогцолбор босгосо. Тус цогцолборыг 2017 оноос хойш үе шаттайгаар сэргээн засварлаж ирсэн бөгөөд 13 метр өндөр нэргүй баатрын хөшөө, Монгол-Зөвлөлтийн морьт механикжуулсан бүлэгт зориулсан, хурандаа З.Аюушийн нэрэмжит танкийн хөшөө, “Дайны бурхан” гэж нэрлэгддэг их бууг суурилуулсан бөгөөд одоогоор усан оргилуур, авто болон дугуйн замын ажил хийжээ. За яах вэ, Монгол, Оросын найрамдал, хамтын ажиллагаа, эв нэгдэл, ахан дүүгийн найрсаг харилцааны тод илэрхийлэл нь 1975 онд Агуу их эх орны дайны ялалтын 30 жилийн ойд зориулан босгосон гэж бодъё.
Гэтэл Чойрын Богд уулын хаяанд хүн амьтан бараг очдоггүй зэлүүд газар долоон тэмээний хөшөө босгожээ. Эртний Торгоны замын түүхийг өгүүлсэн эх уран барималч "морины" хэмээн алдаршсан Цогмагнай барьжээ. Хэнтий аймгийн алдарт уяач Сүрэнхорын хээр азарга тэргүүтэй олон хөшөө барьсан уран барималч. Мэргэжлийн уран барималч барьсан болохоор ур хийц, чанарын хувьд гологдохгүй. Гэхдээ л одоо эзгүй хээр хөшөө босгох цаг мөн үү.
Монголд 2018 оны байдлаар морины 1032, үхэр тэмээний 756, хонь ямааны 1652 хөшөө бий гэх тооцоо гарсан байдаг. Үүн дээр энэ 7 тэмээний хөшөө тоо толгой нэмэгдэх л байх даа.
Говьсүмбэр аймагт зөвхөн 2019 онд “Үдэлт, угталтын хаалга”-ыг улсын төсвийн 81.8 сая төгрөгөөр хийсэн. Мөн Цэргийн алдар хөшөөний тохижилтийн ажлыг үргэлжлүүлэн хийх бөгөөд Орон нутгийн хөгжлийн сангийн 112.4 сая төгрөгийг зарцуулсан байдаг. Үүнээс гадна улсын төсвийн 106.0 сая төгрөгөөр Сүмбэр сумын 2-р баг Боржигин чуулгын урд гадна талбайн тохижилт, улсын төсвийн 389.9 сая төгрөгөөр Найрамдал хотхоноос төмөр замын вокзал хүрэх дугуйн замыг хийсэн гэнэ.