Дэлхий даяар коронавирусийн халдвар дэгдээд гурав дахь жилийнхээ нүүр үзэж байна. Анх БНХАУ-аас үүдэлтэй эл вирус дэлхий даяар тархаад буй бол БНХАУ дотооддоо уг вирусийг дараад буй юм. Улмаар тус улсад өвлийн олимп болох гэж буйтай холбоотойгоор дотооддоо дахин халдвар алдахгүйн тулд өнгөрсөн аравдугаар сараас хилээ хаагаад байна. Тус улс хил хааснаас болж хамгийн их хохирч, самгардаж буй нь манай улс юм. Учир нь бид үйлдвэрлэгч бус импортлогч улс учраас бараа бүтээгдэхүүн, хүнсний хомсдолд орох эрсдэл үүсээд байна. Түүнийг дагаад бараа бүтээгдэхүүний үнэ өссөн нь эцэстээ иргэдийн нуруунд дарамт болж очиж буй юм.
ИРГЭН: Т. ГЭРЭЛТУЯА:
Хил хаагдсанаар иргэдийн амьдралд маш их нөлөөлж байгаа зүйл нь барааны үний өсөлт. Ахуйн, ойр зуурын бараа, нарийн ногооны үнэ маш их өссөн. Ойр зуурын зүйл авахад л 10-20 мянга болчихдог. Ажлын бээлий гэхэд 500 байсан нь 1500 болж хоёр, гурав нугарсан. Хогны уут, тасалдаг гялгар уут 4-5 мянга гэдэг байсан бол 10 мянга гарчихсан байна билээ.
ГАДААД ХАРИЛЦААНЫ ДЭД САЙД Б.МӨНХЖИН:
Хятад улс ковидын маш хатуу дэглэмтэй байгаа. Эрээнд ковидын тохиолдол тооноосоо чухал биш. Тохиолдол гарлаа л бол 30 хоног хатуу карантилж байна. Тэгэхээр ковидтой тэмцэж байгаа стратеги, үйл ажиллагаа нь манайхаас тэс өөр. Тиймээс манайх дотооддоо вакциндаа маш сайн хамрагдаад, аль болох эрт хугацаанд энгийн горимдоо орохын төлөө явж байна. Хятадын бодлого маш хатуу учраас нэг л ковидын тохиолдол илэрвэл хатуу хөл хорьж байна. Ийм ойлголтын болон арга барилын зөрүү байна. Манайхан юу гэж байна вэ гэхээр Монголд ингээд дасан зохицоод тэмцэж байна гээд Хятад талд адил шаардлага тавих гээд байна.
НАРАНТУУЛ ЗАХЫН ХУДАЛДАГЧ З.НАРАНЧИМЭГ:
Хүмүүс бараа хайж байна. Гэтэл барааны эргэлт байхгүй. Ес, аравдугаар сараас бараа татан авалт тэг зогсолт хийчихсэн. Барааны үнэ нэмэгдээд, дээд цэгтээ хүрч байна. Хүнс, бараа бүгд олдоц багатай болж байна. Бидэнд маш хүндрэлтэй байна. Бид есдүгээр сард захиалсан бараагаа авах гэсээр байтал хил хаасан. Одоо харьцдаг хятадуудтайгаа ярихаар Монгол талаас өөрсдөө бараагаа татахгүй байна гэж байна. 12-р сард шинэ жилийн сезоны үеэр шинэ костюм татаж авч чадаагүй.