АТГ-аас Хөгжлийн банкны чанаргүй зээлийн талаар мэдээлж байна.
Хөгжлийн банкийг хүнд байдалд оруулсан ААН-үүдийн нэрс өнгөрсөн сард ил болсон. Тус банкийг 2011 онд байгуулсан ч нийт зээлийн 53 хувь нь чанаргүй актив байгааг Монголбанкнаас хийсэн хяналт шалгалтын үр дүнд тогтоожээ.
АТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Н.Тэмүүлэн дарах мэдээллийг өглөө.
-Хөгжлийн банкны чанаргүй зээлүүдийг эргэн төлүүлэхийн тулд 13 дансыг хааж, олон тооны үл хөдлөх хөрөнгө, тээврийн хэрэгсэл, үйлдвэрийн барилга зэргийг битүүмжиллээ. Чухам ямар байгууллагын дансыг хаав гэдгийг прокурорын зөвшөөрөлтэй мэдээлнэ.
Чанаргүй болон хугацаа хэтэрсэн 52 зээлийн мэдээллийг АГТ өнгөрсөн сарын 28-нд хүлээн авсан. Эдгээрт “Хөтөл”,“Бэрэн групп” зэрэг багтсан. Тэгэхээр 52 зээлийг АТГ дэлгэрэнгүй шалгана.
"Бэрэн” гурпиийн захирал Мөнхтөр, ТОСК-ийн захирал Н.Гантулга, хотын дарга асан Э.Бат-Үүл нарт холбогдох хэргийг анхан шатны шүүхээр шийдсэн. Энэ хэрэгт нийт 11 хүн холбогдсон. Хөгжлийн банкны анхны захирал асан Н.Мөнхбатын хэргийг мөн шүүх шийдсэн. Гэхдээ Н.Мөнхбатын хэргийг шүүхээс гэм буруутайд тооцсон ч хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул хэргийг хэрэгсэхгүй болгожээ. Гэхдээ түүнийг ажлаа хийх явцдаа Хөгжлийн банканд хохирол учруулсан гэж үзэн, 8 тэрбум төгрөгийг эргүүлэн төлүүлэх шийдвэр гарчээ. Энэ хохирлыг төлсөн эсэхийг та бүхэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас тодруулаарай.
Бид өргөн хүрээний мөрдөн шалгах ажиллагаа явуулах болно. Болсон үйл явдал гэмт хэргийн шинжтэй байвал шүүх шийднэ.
Хөгжлийн банкны дараагийн захирал болох Батбаярыг шалгах ажил одоо үргэлжилж байна. Дээрх 52 зээлийг хуулийн дагуу олгосон эсэх, зээл олгосон албан тушаалтнууд нь эрх мэдлээ урвуулан ашиглаж зээлдэгчид давуу байдал олгосон эсэх, хахууль авсан эсэх, улсад хохирол учруулсан эсэх зэргээр ажлын хэсэг байгуулсан.
Мөн Хөгжлийн банканд учирсан хохирлыг арилгуулахаар дараах арга хэмжээг авч хэрэгжүүлж байна:
-Зээлийн зарцуулалтыг зориулалтын бусаар ашигласан бол гэрээг цуцлах, мөн зээлийг эргэн төлүүлэх, зээлдэгч компанийн болон тухайн компанийн хувьцаа эзэмшигчдийн хувийн хөрөнгө, дансыг захиран зарцуулахад хязгаарлалт тогтоох, зээлдэгч ААН-үүдийн эцсийн өмчлөлийг тогтоох, эздийн нууцлаг хөрөнгийг илрүүлэн битүүмжлэх зэргээр төрд учирсан хохирлыг барагдуулах чиглэлээр ажиллаж байна. Улс төрд нөлөө бүхий этгээдүүд 52 зээлийн ард бий гэсэн мэдээлэл гарсан ч хууль бүх хүнд шударга үйлчлэх ёстой. Хэрэв УИХ-ын гишүүн зээл авахад нөлөөлсөн нь тогтоогдвол УИХ-д хуулийн дагуу хандан, тухайн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх ажлыг хийнэ.
Барьцаа хөрөнгийн шаардлага хангаагүй эд хөрөнгийг барьцаанд авсан зөрчил ч бий.
Мөрдөн шалгах ажиллагаа эхэлснээс хойш 8.5 тэрбум төгрөгийн зээл эргэн төлсөн гэлээ.