Шадар сайд С.Амарсайхан нийслэл хотыг удирдаж байхдаа усан оргилуур, дүүжин тээвэр зэрэг олон “гайхамшигт” ажил хийсний нэг нь бөөн хардлага, бульхай дүүрэн сургуулийн автобус юм. Анх “Сургуулийн автобус” төслийн хүрээнд орж ирэх 200 ширхэг автобусны эхний тавыг нийтэд үзүүлснээр энэ шуугиан эхэлсэн. Тэр дороо л сургуулийн автобусны тендерийг Б.Чулуунбаатарын компани сонгон шалгаруулалттгүй авсан нь илэрсэн. Нэг бүрийн үнэ нь тухайн үеийн ханшаар 130 мянган доллар болох тухай мэдээлэл цацагдаж олны дургүцлийг улам ч өдөөсөн. Хотын даргын ажлаа өгчихсөн сул гишүүн С.Амарсайхан “хотынхон мэднэ” хэмээн булзааруулсан бол тухайн үед нийслэлийн Зам тээврийн асуудал хариуцсан төслийн удирдагч Б.Отгонсүх гэх “бүтэлгүй” нөхөр 130 сая долларын үнэтэй нь үнэн хэмээн “булхай”-г задалж орхисон гэхэд болно.
Тэр дороо л хариуцсан эзэн нь болох “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК-ийн төслийн санхүүжилт, хөрөнгө оруулалтын газрын захирал Л.Батхуяг “Хамгийн гол нь автобус нэг бүрийн үнэ 130 мянган ам.доллар биш. Ойролцоо үнийн дүнг хэлэх боломжгүй гэдгийг ойлгоорой” гэсэн ч олон нийт “ойлгохыг” хүсээгүй. Тэгвэл хотын дарга С.Амарсайханы 2020 оны А/463 тоот захирамжаар “Хүүхдийн сургуулийн автобус” нийүүлэх 23 тэрбум төгрөгийн өртөгт ажлыг зохион байгуулах эрхийг “Улаанбаатар хотын хөгжлийн корпорац”-д шилжүүлж, захиалагчийн хяналт хэрэгжүүлэх үүргийг Нийтийн тээврийн үйлчилгээний газарт даалгажээ. Харин корпорацийнхан тендер зарлахгүйгээр шууд худалдан авалт хийхээр “Моннис Моторс” компанитай гэрээлсэн байна. Ингэхдээ төрийн нууцад хамааруулж үндэсний аюулгүй байдлыг хангахтай холбоотой харилцааны “хүрээ”-нд оруулж байгаад хийжээ. Тухайн үед тендерт оролцох боломжоо хаалгасан компаниудын төлөөлөл нэрээ нууцалж байгаад “корпорацийнхан ТЕГ-аас чиглэл ирсэн, үндэсний аюулгүй байдалд нөлөөлөхүйц худалдан авалт гэж үзсэн” гэх тайлбар хэлж байгаа мэдээлж байсан. Тэгвэл тэрхүү “үндэсний аюулгүй байдалд нөлөөлөхүйц” гэдгийн цаана их юм байжээ. 2020 оны 7-р сарын 2-нд “Моннис Моторс”-той ондоо багтаан 75 ширхэг, 2021 онд 75 ширхэг, дараа жил нь 50 ширхэг автобус нийлүүлэхээр гэрээ байгуулжээ. 2020 онд нэг ширхэгийн үнийг 307,5 сая төгрөгөөр тусгагдсан. Гүйцэтгэгч нь 2020 оны 8-р сарын 3-нд 6,9 тэрбум төгрөг буюу 23 ширхэг автобусны санхүүжилт авсан ч дөнгөж тавыг оруулж ирэн эхний санхүүжилтэнд хамаарах 18 ширхэг, ондоо нийлүүлэх хуваарьт 70 ширхэг автобус бүр сураггүй болжээ. Өнөөх “төрийн нууц”, “үндэсний аюулгүй байдалд нөлөөлөхүйц” гэх гэрээнд нь бараа нийлүүлэх тоо хугацаа, нийлүүлэлтийн хуваарь , захиалагчийн хяналт хэрэгжүүлэх байгууллагын эрх үүргийг тодорхой бус тусгасан нь одоо илэрчээ. Хамгийн ноцтой нь нэг ширхэг хүүхдийн автобусны 307,3 сая төгрөгийн үнэлгээг төлөвлөсөн тооцоолол, төсөв нотлох баримт байхгүй байжээ. Үүнээс ч бульхайтай нь нэгж автобусыг гаальд 133,1 сая төгрөгөөр мэдүүлсэн агаад зөрүү нь 174,2 сая төгрөг болжээ. Энэхүү асар их зөрүү мөнгө хаачсан нь маш ноцтой хардлагыг төрүүлж байна. Ийнхүү 2020 оны зун, намар хотын удирдлага болон бизнэсмэнүүдийн том хуйвалдаан байж магадгүй нэгэн хэрэг болж өнгөрчээ. Удалгүй дэлхий нийтийг хамарсан цар тахал дэгдэж нэг автобуснаас 174 сая төгрөг “унагасан” байж болзошгүй хэрэг замхарсан. Өдгөө “төрийн нууцад хамаарах”, “үндэсний аюулгүй байдалд нөлөөлөхүйц” гэх тэрхүү гэрээний сураг алдарчээ. Харин сургуулийн хүүхдүүдийн хичээл 2 дугаар сарын 14-нд эхэлж, зам дээр бөөн түгжрэл, хичээлээсээ хоцрохгүй тулд хүүхдүүд хар хүйтэнд өглөө эрт аргагүйн эрхэнд алхаж байна. Нөгөө үнэтэй сургуулийн автобус хаана байна вэ?