УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэгийн даргаар Жигжиднямаа ажилладаг. Энэ эрхэм Төмөр замыг удирдах үед 1000 ширхэг актлагдсан вагон, гуравдагч этгээдээр дамжуулан авсан зам засварын вагон, Хятад улсад засварлуулсан 16 суудлын вагоны засвар үйлчилгээ, шинээр баригдаж байгаа 27 км төмөр замын доод бүтэц барих ажлыг гүйцэтгэж байгаа компаниудаас хээл хахууль нэхсэн гэх асуудал гардаг. Ямар ч асуудал гарсан албан тушаалаа хадгалж үлддэг болохоор “Живдэггүй” Жигжиднямаа гэлцдэг.
Нийслэлийн Прокурорын газрын 2019 оны 03-р сарын 29-ны өдрийн дугаар 1012 тоот зөвшөөрөлтэйгээр УБТЗ-ын удирдах газар дээр үзлэг нэгжлэг хийж, баримт материал авахаар очиход нь Ерөнхий хороо хуралдаж байна гэсэн нэрийн дор үзлэг нэгжлэг хийх саад учруулан байж, зарим баримт материалуудыг нь гаргаж өгчээ. “Улаанбаатар төмөр зам” Хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Удирдах зөвлөлийн даргаар очсоноос Д.Жигжиднямаа тус газрын чихийг мөн чих халууцуулж байна даа. Нэг вагоны ашиглалтын хугацаа 30 жил байдаг. Гэтэл ашиглалтын хугацаа нь дууссан, ОХУ-д тээвэрлэлт хийгээд 25 жил болсон 1000 вагон оруулж ирсэн. Энэ даргы үед төмөр замын салбарт хоёр ч удаа ноцтой осол гарлаа. Дэр мод нь муудсаны улмаас ОХУ-аас ачаа тээвэрлэж байсан ачааны вагон осолдсон хэрэг гарахад өртөөний ажилтанд хариуцлага тооцоод чимээгүй дарж өнгөрсөн гэдэг. Дорноговь аймгийн Цомог-Айраг өртөөнд Улаанбаатар-Сайншанд чиглэлийн суудлын 286 дугаар галт тэрэг осолдлоо. Нийт 328 зорчигчтой явж байсан суудлын вагоны дөрөв нь осолдсон шалтгаан үерийн ус орж, зам эвдэрснээс болсон гэнэ. Яагаад гэвэл, дэлхийн хамгийн хоцрогдсон төмөр зам ганцхан Монголд л байна. 1120 км замын гол зам нь болох 481 км нь насжилт муудсан, модон дэртэй байсаар байхад эрхэм дарга хугацаа нь дуусах шахсан вагон их хэмжээгээр авч, түүндээ нэг тонн нь 10 сая төгрөгийн өртөг бүхий өндөр үнэтэй тос хэрэглэдэг байжээ. Өмнө нь энэ тосыг нэг тонныг нь 6-7 сая төгрөгөөр авдаг байж. Зам засварын машин БНХАУ-аас хоёрыг оруулж ирсэн байна. Нэг бүр нь 20 мянган ам.долларын үнэтэй хоёр зам засварын машиныг нэг ч удаа ашиглаагүй. Үндсэндээ 40 мянган ам.доллар тоосонд дарагдаж, хог болоод хэвтэж байна.
Энэ хошууны бузар булайг уудалбал далай далай гэдэг үг Төмөр замд л таарна. 2007 онд БНХАУ-аас 16 вагон оруулж ирсэн. 16-уулаа нэг багц болж ажилладаг вагоныг тухайн үед 15.7 тэрбум төгрөгөөр худалдан авч байжээ. 11 жилийн дараа тэдгээр вагонууд их завсарт орохоор болоход, Хятадад 18 орчим тэрбум төгрөгөөр засуулсан. Эдгээр 16 вагоноос нэг нь буюу инженерийн вагон нь маш чухал. Тэндээс цахилгаан, дулаан, ус зэргээ авдаг. Үнэ өртөг нь ч бусдаасаа илүү өндөр. Тэгвэл инженерийн вагоныг л зөвхөн урд хөшид засуулж, үлдсэн 15 вагоны дотоод засал, өнгө будаг, хөшиг, рестораны засварыг төмөр замын инженерүүд засах бүрэн чадамжтай. Үүнд хамгийн ихдээ нэг тэрбум төгрөгт багтаагаад засна гэж учир мэдэх улс хэлж байлаа. Ингэвэл нийтдээ гурван тэрбум төгрөгөөр л засвар хийх бүрэн боломжтой. Гэвч 18 тэрбум төгрөгөөр их засварт орсон 16 вагон буцах замдаа чиргүүл вагоны генератор шатсан нь гэдэг. Иймэрхүү дуулиан тасрахгүй ч “Живдэггүй” Жигжиднямаа дарга жишимгүй ажлаа хийсээр явна.