“Петрочайна дачин тамсаг” ХХК зөвхөн 2019 онд сар бүрийн өссөн дүнгээр 1661 хятад ажилтныг хуулиар тогтоосон хувь хэмжээнээс илүү авч ажиллуулсан ба ажлын байрны төлбөрт ногдох 5,3 тэрбум төгрөгийг төсөвт төлөөгүй байна. Энэ тооцоог Дорнод аймгийн Аудитын газар гаргажээ. Байнга хэл ам таталж явдаг, Дорнодын талд дураараа дургидаг гэдэг нь энэ жишээнээс харж болохоор...Байгаль орчинд ч тун халтай газар гэх.
Ямартаа л шувуудын “Оршуулгын газар” буюу "Петроёайна-Дачин тамсаг" гэж нэрлэх вэ?!
Дорнод аймгийн Матад сумын нутагт байх "Петрочайна- Дачин тамсаг"-ийн газрын тосны 19 дүгээр талбай бол Монгол орны хээрийн болон тус бүс нутгаар дайран өнгөрч буй нүүдлийн махчин шувуудыг зүйл зүйлээр нь хэдэн мянгаар нь хядаж байгаа газар. Энэ талбайг цахилгаан түгээх 10 болон 15кВ-ын шугам аалзны тор шиг бүрхчихсэн. Цахилгааны шугамууд нь шувуудыг хамгаалсан ямар ч хамгаалалтын тоноглолгүй. Бараг шон болгоны дор тогонд цохиулж эндсэн махчин шувууд байдаг. Үүний дийлэнх нь идлэг шонхор, шилийн сар гэх манай орны хээрийн экосистемийн гол төлөөлөгч шувууд байжээ.
Үүнийг Шувуу хамгаалах сангийнхан хоёр ч удаа шалгаж зургаар баримтжуулсан. Зөвхөн 2020 оны зун зам дагуу ердөө 339 шонг тест маягаар шалгаж үзэхэд 8 зүйлийн 161 бодгаль шувуу хүчдэлд цохиулан эндсэн байхыг бүртгэж, мөн л зургийг нь авч баталгаажуулжээ. Энэ шугамын шон хоорондын зай 50м байсан ба нийт шалгасан шонгийн урт 6.7км (N=339) болсон. Иймд 7 км хүрэхгүй зайд нийт 161 шувуу эндэж хорогдсоны дотор Олон улсын болон бүс нутгийн хэмжээнд ховордож буй 2 зүйлийн 26 шувуу байсан. Энэ талбайд нийт хэдэн км урт хичнээн тооны ийм аюултай шон байгааг мэдэхгүй, мөн тус талбайд цахилгааны шонгуудыг хэдэн жилийн өмнөөс татаж байршуулсныг мэдэхгүй. Хэрэв мэдээд хуримтлагдсан нөлөөг нь тооцож үзвэл жилд хэдэн мянган шувууд энэ талбайд ирж үхдэгийг тооцож болох юм. Энэ тухай холбогдох байгууллагууд "Петрочайна-Дачин тамсаг" компанид анхааруулж, шувууг цахилгаан гүйдлээс хамгаалах тор татахыг сануулсан. Гэвч бүтэн хоёр жил өнгөрөөд байхад ямар ч ажил хийсэнгүй, ёстой нохой хуцахын чинээ авч хэлэлцсэнгүй.
Хэдхэн хоногийн БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Э.Баттулгаар ахлуулсан баг Дорнод аймгийн байгаль орчны байгууллагуудын удирдлагуудын хамт "Петрочайна Дачин Тамсаг" ХХК-ны газрын тосны 19-р талбайд ажиллаж, судлаачид өндөр хүчдэлийн түгээх шугамд эндэж буй махчин шувуудын нөхцөл байдлыг газар дээр нь танилцуулсан. Төрийн нарийн бичгийн даргын зүгээс Дачин тамсагийг байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтээ хангаж ажиллах мөн махчин шувууд өндөр хүчдэлийн түгээх шугамд олноор эндэж буй асуудлыг менежментийн төлөвлөгөөндөө тусгаж үе шаттайгаар бууруулах талаар дорвитой арга хэмжээг яаралтай авч ажиллах үүрэг өглөө.
Иймд өндөр хүчдэлийн түгээх шугамд эндэж буй шувуудын хорогдлыг бууруулахаар 2021 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн МУ-ын Стандарт, хэмжил зүйн газраас батлагдсан хүчдэлийн агаарын шугам барьж байгуулахад тавигдах шаардлага, стандартад заасан “Цахилгаан дамжуулах агаарын шугамыг шувуудад аюулгүй болгох техникийн шаардлага”-ын дагуу гүйцэтгэхийг сануулав. Энэ батлагдсан стандартын дагуу бусад хувийн хэвшлийн байгууллагууд өөрсдийн түгээх шугамуудаа аюулгүй болгох шаардлагатай байгаа. Махчин шувуудын оршуулгын газар гэгдээд байгаа Петрочайна Дачинтамсаг ч анхааралдаа авч, ажилдаа тусгах ёстой.